Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тээврийн хэрэгслээс гарч буй АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛАА хаана шингээх вэ?

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн жил манай улсад 10 мянга орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарсан гэсэн албан бус судалгаа байдаг тухай ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт нормативын хэлтсийн дарга Ж.Сэрээтэр хэлсэн юм.

Эдэлгээнийх нь хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй эвдрэл гэмтэлтэй, эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон тээврийн хэрэгслүүдээ дэлхий нийтээрээ ашиглалтаас хасдаг ч ихэнх хөгжингүй орнууд эд ангиудыг нь дахин боловсруулж, парк шинэчлэлт хийдэг.

Харин Монгол Улс ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл, түүнээс үүсэх хог хаягдлыг хаанаа шингээж байна вэ ?

Магадгүй ихэнх хүнд ойлгомжтой мэт санагдаж болох ч хариулт нь тодорхой энэхүү асуудлыг өнөөг хүртэл төр, засаг анхаарч, дорвитой ажил хийж хэрэгжүүлээгүй байгаа нь харамсалтай.

Иймд бид уг асуудлыг сөхөн сурвалжилсан юм.

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр өнгөрсөн оны байдлаар манай улсад 970.8 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 

Тэдгээрээс 80 орчим хувь буюу 749,081 нь 10-аас дээш жилийн насжилттай байгааг та доорх графикаас харж болно.

Манай улсад аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй дөрөвхөн үйлдвэр бий

Монголчууд өөртөө буй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулдаггүй. Өөрөөр хэлбэл, ашиглалтаас аль хэдийн гарсан ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь улсад бүртгэлтэй байсаар байдаг учраас жилд хэчнээн машин ашиглалтаас гарч байгааг нарийн хэлэхэд төвөгтэй аж.

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар "Эс Ай Си Эй" компанийн 2018-2019 онд хийсэн судалгаанд жилд авто тээврийн хэрэгслээс 8.7 мянган тонн шингэн, 57.3 мянган тонн хатуу буюу нийт 66.1 мянган тонн хаягдал гарч байна гэжээ.

Автомашины ихэнх эд анги аюултай хог хаягдлын тоонд ордог. 1993 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашины доторлогоонд л гэхэд дэлхийн хэмжээнд хориглосон, байгальд удаан задардаг органик бохирдуулагч бодис (дулааныг тусгаарлах онцгой шинж чанартайг нь үндэслээд автомашины доторлогоог хийсэн байдаг) орсон байдаг аж.

Харин өнөөдрийн байдлаар манай улсад аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ердөө дөрвөн үйлдвэр л бий.

Үүнээс "Алтан оршихуй", "Хайби ойл" гэсэн хоёр компани нь ажилласан тос маслыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.

Мөн "Иннахис" гэх компани суудлын автомашины дугуйг дахин боловсруулж, резинэн хавтан үйлдвэрлэдэг. Харин хүнд даацын тээврийн хэрэгслийн дугуй, автомашины салон буюу хатуу хуванцар болон аккумулятор дахин боловсруулах үйлдвэр одоогоор манай улсад алга. 

Жилийн өмнө “Заламт гол” гэх компани автомашины аккумуляторыг дахин боловсруулах замаар хүхрийн хүчлийн шингэн болон хар тугалгыг ялган авч, экспортолдог байсан боловч зориулалтын бус байранд, шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байсан учир үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

Харин аюултай хог хаягдлын тоонд орохгүй буюу автомашинаас гарах төмрийг боловсруулах үйлдвэр гурав, хөнгөн цагаан, хайлш зэргийг дахин боловсруулах үйлдвэр 10 орчим байдаг аж.

Бага гэлтгүй энэ мэт хувийн хэвшлийн дахин боловсруулах үйлдвэрүүд байгаа нь сайн хэрэг. Гэвч эдгээр үйлдвэрийн хүчин чадал нь автомашинаас жилд гарч буй нийт хаягдлын 30 хувийг ч дахин боловсруулахад хүрэлцэхгүй.

Өөрөөр хэлбэл, авто машинаас гарч буй аюултай хаягдлыг дахин боловсруулах хоёрхон төрлийн үйлдвэрийн нэг болох "Хайби ойл" компани сард 1,000 тонн орчим ажилласан тос дахин боловсруулах чадалтай бол "Иннахис" ХХК нь цагт 150 дугуй дахин боловсруулдаг байна.

Мөн өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан "Заламт гол" гэх компани жилд 75.6 мянган ширхэг буюу 650 тонн аккуммулятор дахин боловсруулах хүчин чадалтай байсан аж.

Харин одоогоор манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс жилд нэг сая гаруй дугуй, 300 мянга орчим буюу 2,000 гаруй тонн аккумулятор, өдөрт 25 тонн ажилласан тос масло хаягдаж байгааг "Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Содбуян хэлсэн юм.
"Яамд нь салбараас гарч байгаа хог хаягдлыг устгах, тээвэрлэх, дахин боловсруулах журмаа одоо хүртэл батлаагүй"

МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг энэ талаар ярихдаа "Авто машины хэрэгцээтэй эд анги болох, төмөр, хөнгөн цагаан, никель гэх мэт эд ангиудыг дахин боловсруулах хоёрдогч түүхий эдэд орж дамжуулан худалдаалагдаад явдаг. Харин аюултай шинж чанартай эд ангиуд нь ашиглагдахгүйгээр ахуйн хаягдалтай хамт ил задгай, хөрсөн дээр хаягдаж байгаа нь асуудал тарьж байна.

Уг нь салбараас үүсэх хог хаягдлыг тухайн салбарын яам нь хариуцаж, хэрхэх ёстой талаар журам боловсруулж, батлах хэрэгтэй гэж бодож байна. Журмын дагуу автомашины тухайн хаягдлыг устгах, ангилан ялгах цогц менежмент хийгдэх ёстой. 

Гэтэл Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдээд хоёр жил болж байхад яамд нь салбараас гарч байгаа хог хаягдлыг устгах, тээвэрлэх, дахин боловсруулах журмаа одоо хүртэл батлаагүй" гэж байв.

Салбар яамны зүгээс “Ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын форум манай улсад зохион байгуулаад удаагүй. Ашиглалтаас хасагдсан автомашиныг хэрхэх тухай журамд санал аваад байгаа аж.

Мөн "Аюултай хог хаягдлын асуудал өөрөө ганц нэг яамны асуудал биш бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон салбар дундын уялдаа холбоо чухал" гэдгийг Ж.Сэрээтэр онцолж байв.

Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Содбуян "Гаднаас орж ирж буй хуучин тээврийн хэрэгслүүд энд ирээд л дуусдаг. Түүнээс үүссэн хог хаягдал нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр ил оршиж байна.

Өөрөөр хэлбэл, манай улсад тээврийн хэрэгслээс гарч буй хог хаягдлыг дахин боловсруулах нэгдсэн үйлдвэр, устгах, цуглуулах газар байхгүй учир аккумлятороос нь эхлээд л айлын хашаа, гарааш, эсвэл авто засварын газруудын агуулахад овоорсоор байгаа нь нууц биш" гэсэн юм.

Харин "НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага манай улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл үйлчилгээний талаар судалгаа хийжээ. 

Судалгааны үр дүнд ашиглалтаас гарсан машины хог хаягдал айлын хашаа, автомашины томоохон захууд болон гуу жалга гэх мэт газар замбараагүй байна. Гэхдээ Монголд албан бус, хууль эрх зүйн дагуу биш ч ашиглалтаас хасагдсан автомашиныг дахин боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ явдаг гэсэн дүгнэлт гаргасан" хэмээн ЗТХЯ-ны Стандарт нормативын хэлтсийн дарга Ж.Сэрээтэр хэлсэн юм.

Мөн тухайн байгууллагаас манай улсад энэ үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатай гэсэн зөвлөмж өгчээ.

Энэ тухай тэрбээр "Дэлхийн улс орнууд ашиглалтаас хасагдсан автомашиныг 95 хувь хүртэл нь дахин боловсруулах боломжтой гэж үздэг. Манай улсад автомашинаас гарах хог хаягдлыг дахин боловсруулах албан ёсны үйлдвэрлэл хөгжөөгүй байна.

Гэсэн ч манайхан ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслээ задлаад зарим эд ангийг нь өөр машинд сэлгэн тавих байдлаар ашигладаг. Энэ нь дахин боловсруулахтай холбоотой бас л нэг үйл ажиллагаа" хэмээн тайлбарласан юм.

"Нуbrid машины аккумуляторыг Япон улс буцаан авах сонирхолтой байдаг ч хөрш орнуудын нутаг дэвсгэрээр тээвэрлэж, буцаан илгээх боломжгүй"
Олон улсад хог хаягдлыг эх үүсвэр нь хариуцна гэсэн зарчим баримталдаг. Тийм ч учраас өөрсдөө автомашин үйлдвэрлэгч хөгжингүй улс орны хувьд тухайн автомашиныхаа хог хаягдлыг буцаан татаж аваад, дахин боловсруулдаг аж.

Мөн цахилгаан эх үүсвэртэй Нуbrid машинуудын аккумуляторыг дахин боловсруулж, олон зүйлд ашигладаг учраас Япон улс буцаан авах сонирхолтой байдаг боловч манай улс Япон руу буцаан илгээх боломжгүй.

Учир нь хөрш орнууд Базелийн конвенцод нэгдсэн учраас өөрийн нутаг дэвсгэр дээр аюултай хог хаягдлыг дамжуулан тээвэрлэхийг хориглодог. Тиймээс Монгол Улс эдгээрийг дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй байгуулах хэрэгтэй гэдгийг Ж.Сэрээтэр онцолж байв.

Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо 2019 оны долдугаар сарын 22-ны өдөр "Авторесайкпинг парк”-ийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан аж.

Гэхдээ энэ төслийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд одоогоор төсөлд хамтран оролцох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай холбогдож байгаа гэнэ.

Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны А/45 дугаар захирамжаар Зам, тээврийн хөгжлийн яаманд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 га газрыг үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар олгосон тухай Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Содбуян дуулгасан юм.

Тэрбээр "Хог хаягдал бол дахин боловсруулах боломжтой байгалийн түүхий эд. Тэднийг байгальд ил задгай хаяж, эсвэл газрын хөрсөнд булснаас дахин боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв устгалын арга" гэсэн.

Уг нь манай улс 2017 онд Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа "Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах" тухай бүтэн бүлэг заалт оруулсан байдаг.

Хуулийг дагаж, аюултай хог хаягдлын жагсаалт, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, зөвшөөрөл олгох журмууд ч батлагдсан. Өөрөөр хэлбэл, аюултай хог хаягдлыг зохицуулах олон улсын жишигт нийцсэн хууль, эрх зүйн орчин манай улсад сайн бүрдсэн гэж хэлж болохуйц гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлдэг.

Гэвч тэр хууль зарим нэг хуулийн адилаар зөвхөн цаасан дээр л "хэрэгжиж" буй.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхангуай ч манай сайтад өгсөн ярилцлагадаа "Монгол Улсад энгийн хог хаягдлын ландфилл гэхэд л Нарангийн энгэрээс өөр байхгүй. Дээрээс нь аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байгуулъя гэхээр газар ч олддоггүй" тухай дурдаж байсан юм.

Мөн Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ аюултай хог хаягдлын тухай хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ "Манай улсын шийдвэр гаргагчид хог, хаягдалтай холбоотой шинжлэх ухааны мэдлэгээр дутмаг. Тиймээс өдийд шийдвэрлэгдчихсэн байх ёстой ажлууд нь зогсонги хэвээр байна" гэж байв.

Хог хаягдлын тухай хуулийн 10.2.5-д "Үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгнө" гэсэн байдаг.

Гэвч хуульд заасан аюултай хог хаягдлын тусгай цэг хаа сайгүй үүссээр байгааг эрх баригчид анхаарах цаг хэдийн болжээ.