Зураг
Зураг
Индэр    
2020 оны 9 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэг дээрээ, тэр ч байтугай эмнэлэгт хорт бодисоор амьсгалж байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нийт 33 барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлүүдийн агууламжид хэмжилт хийжээ.

Ингэхэд хүлцэх хэмжээ нь 50 мкг/м3 байх ёстой формальдигед гэх органик дэгдэмхий бодис зарим барилгын дотоод орчинд 129.90 мкг/м3 хүртэл хэмжээтэй агуулагдаж байна. 33 барилгын 13-ынх нь дотоод орчноос формальдигед илрээгүй. Харин формальдигед илэрсэн үлдсэн 20 барилгын 10-ынх/зургаан сургууль, гурван цэцэрлэг, нэг эмнэлэг/ нь дотоод орчин дахь формальдигедын хэмжээ хүлцэх хэмжээнээс ӨНДӨР байна.

Түүнээс гадна хүлцэх хэмжээ нь 1 мкг/м3 байхаар заасан бензол 33 барилгын наймынх нь дотоод орчинд илэрсэн бөгөөд агаарт хүлцэх хэмжээнээс 3-26 ДАХИН ИХ агуулагдаж байгааг тогтоожээ.

Хавдарт үүсгэгч дэгдэмхий органик хортой бодис болох формальдигед, бензол нь амьсгалын замаар бие махбодод орж, эсийн гэмтэл удаан хугацаанд анзаарагдахгүйгээр явагдан, хавдрын эс үүсэж бий болох суурийг тавьдаг байна.

"Будаг нь ханхалсан байшин" гэхээр бидэнд эерэг утгаар буюу цоо шинэ, засварласан, сайхан болгосон хэмээх төсөөлөл буудаг. Тэгвэл будаг нь ханхална гэдэг нь органик дэгдэмхий бодис  тухайн орчинд ялгарч байгааг илтгэх бөгөөд ямар аюул дагуулдаг талаар мэдээллийг цувралаар хүргэж байсан билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд гаргасан зөвлөмжид барилгын материалаас үүдэлтэй бензол, формальдегид, радон болон трихлорэтилен, тетрахлорэтилен, азбест, нарийн ширхэгт тоосонцор, угаарын хий, азотын давхар исэл зэрэг бодисуудыг бууруулах, хяналт тавих талаар зөвлөсөн. Эдгээр бодисууд нь чанаргүй, хямд үнэтэй, хурц үнэртэй будаг, барилгын материалд агуулагддаг.

Дэлхий дахинаа шинэ болон засвар хийсэн барилгаас хүний эрүүл мэндэд үзүүлэх хор аюулын нэр томьёог “SICK BUILDING SYNDROME” хэмээн нэрлэх болсныг монгол хэлнээ “ШИНЭ БАРИЛГЫН ӨВЧИН” хэмээн буулгажээ.

Бага насны хүүхэд “ШИНЭ БАРИЛГЫН ӨВЧИН”-д өртөх эрсдэл илүү их
Гэрэл зургийг mpa.mn

Дотоод орчны агаар дахь хорт бодисуудын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их байвал хурц болон архаг хордлого үүсгэдэг.

Өндөр тунтай хорт бодист богино хугацаанд өртсөн тохиолдолд хурц хордлого буюу толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах, нүд хорсох гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ илрэх шинж тэмдэг нь химийн бодис бүрээс шалтгаалаад харилцан адилгүй.

Харин бага зэрэг үнэртэй, бараг үнэргүй ч гэж хэлж болох зарим химийн бодист урт хугацаанд өртөж байсан хүмүүс 5, 10, 20 жилийн дараа архаг хордлого буюу хавдраар өвчлөх, үр удамд нь нөлөөлж ургийн гажиг үүсгэх, мутацид орох /ДНХ-ийн гинжин хэлхээг гэмтээх/ гэсэн гурван хэлбэрээр өвчлөл үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Хүний биед нэвтэрсэн хорт бодисыг хоргүйжүүлэх үүрэгтэй гол эрхтэн бол элэг. Тэгвэл хүүхдийн элэг насанд хүрсэн хүнийх шиг бүрэн хөгжөөгүй, хорт бодисыг задлах, хоргүйжүүлэх үйл явц нь сул байдаг. Гэтэл сургууль, цэцэрлэгүүд жил бүр засвар хийж, будаг ханхлуулаад хүүхдүүдээ хүлээж авдаг. Будагны үнэр ханхална гэдэг нь тэр орчинд толуол, бензол, ксилол гэх мэт дэгдэмхий органик нэгдэл ялгарч буйг илтгэж байдаг.

Хүүхдүүд бие физиологийн хувьд эмзэг байдаг, жил бүр тодорхой хугацаагаар хортой дэгдэмхий нэгдэлд өртдөг нь томчуудаас илүү хордох, хорт бодисын нөлөөгөөр эрт хавдраар өвчлөх эрсдлийг бий болгож буйг эрүүл ахуйч Д.Нарансүх онцолж байв.

Хордохгүйн тулд юу хийх ёстой вэ?
Гэрэл зургийг mpa.mn

Өндөр хөгжилтэй орнууд барилгын материалын чанар, түүний эрүүл ахуйн үзүүлэлтэд маш өндөр шалгуур тавьдаг болсон. Тухайлбал, Япон, Солонгос, Европын холбоо барилгын материалын чиглэлээр судалгааны байгууллагууд байгуулан ажиллаж, маш олон үзүүлэлтээр шалгуур тавин хянаж байна.

Европын холбоо 

Дотоод орчинд ашиглаж болох будаг болон гадаргуу хучих материалд хүний эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй гэсэн Эко шошго /ECOLABEL/ тавих шалгуурыг 2008 онд баталж, нийт 70 орчим будаг үйлдвэрлэгч компани Ecolabel аваад байгаа аж.

Түүнчлэн Барилгын материалын /EU No 305/2011/ журмаар будаг үйлдвэрлэгч, импортлогчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, дотоод орчны агаарын чанарт хамгийн бага нөлөөлөх буюу хортой аюултай бодисуудыг хэрэглэхийг хязгаарласан стандартуудыг мөрддөг байна.

БНСУ-д

Дотоод орчны агаарын бохирдолд хяналт тавих зохицуулалт 1986 онд анх гарсан байдаг. Тус улсын KICT /Korean institute of Civil engineering and Building technology/ барилгын материал, барилгын дотоод орчны агаар, эрүүл ахуйтай холбоотой судалгаа хийж, бодлого боловсруулагчдад зөвлөмж өгдөг.

Япон улсад

Шинээр ашиглалтад орсон барилгын чанар эрүүл ахуйн талаас нь хяналт тавих зорилготой HOUSING QUALITY ASSURANCE ACT буюу Барилгын чанарыг шалгах хууль хэрэгждэг байна. Энэ хуулиар шинэ барилгын дотоод орчинд барилгын материалаас ялгаруулж болох хортой бодисын хяналтыг стандартын дагуу хийх талаар тусгасан байдаг аж.

Манай улсын хувьд

Барилгын материалаас ялгардаг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй дэгдэмхий органик бодисуудын дотоод орчин дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан анхны бичиг баримт 2018 оны нэгдүгээр сард батлагдсан. Энэ хүрээнд нийт 98 хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж өгөөд байна. Гэсэн ч одоогийн байдлаар дотоод орчны агаарын чанартай холбоотой мөрдөж хэрэгжүүлж байгаа стандарт байхгүй. Мөн цөөнгүй стандарт, техникийн зохицуулалтуудыг батлуулж, хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлсээр байгаа юм.

Олон стандартыг батлахаас гадна хэрэгжилтийг хангах чиглэлд хэн, хэрхэн ажиллах вэ?, Органик дэгдэмхий бодис ихээр агуулдаг будаг, барилгын материалын импортод хязгаарлалт тавих боломж бий юу?, Төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгын материалын чанарт хэн хяналт тавих вэ? гээд олон асуулт хариултгүй үлдэж байна.

Эдгээр асуултын хариулт тодорхой болох хүртэл дотоод орчны бохирдлоос эрүүл мэндээ тэр дундаа өртөмтгий бүлэг болох хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд бидний хийж чадах зүйл бол ШААРДЛАГА ТАВИХ юм. Шинэ байр худалдан авахдаа дотоод орчны агаарыг шинжлүүлэх, гэртээ засвар хийхдээ чанартай будаг, барилгын материал сонгох, сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг зун аль болох эрт, чанартай материалаар хийлгэх чиглэлд анхаарлаа хандуулъя, шаардлага тавья!!!

Чанартай будгийг хэрхэн таньж мэдэх вэ?

Будаг гэдэг бол органик уусгагч, пигмент, барьцалдуулагч гурвын нэгдэл бөгөөд шингэн хэлбэрээс хатуу хэлбэрт орж хатталаа дэгдэмхий нэгдлүүдийг ялгаруулж байдаг. Будганд орж буй эдгээр нэгдэл хямд, хуучны технологиор хийгдсэн бол удаан хатдаг байна.

Европын холбоо формальдегидийн хэмжээг EN 120, EN 717 стандартын шалгуур үзүүлэлтээр ангилж байгаа нь хамгийн хор багатайд тооцогдож байгааг мэргэжлийнхэн хэлж байв.


Хариултгүй үлдсэн дээрх асуултуудын талаар холбогдох байгууллагуудаас тодруулан, мэдээлэл бэлтгэх болно.