Индэр    
2020 оны 1 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хамран сургах тойргийг үгүйсгэсэн сургуулийн автобус

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс ерөнхий боловсролын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчид сургуулийн автобусаар үйлчлүүлж эхэлсэн.

Сургуулийн автобусны 33 чиглэлд 40 автобус үйлчилгээнд гардаг. Түгжрэлийг багасгах зорилгоор хэрэгжүүлж буй энэ үйлчилгээнд иргэд ам сайтай байгаа ч хамран сургах тойргийн журам Улаанбаатар хотод мөрдөгддөггүй болохыг "Сургуулийн автобусны чиглэл" батлав.

Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар жил бүр шинэчлэгддэг хамран сургах тойргийн дагуу бол 2019 онд 1 дүгээр сургуульд л гэхэд ойр орчмынх нь дөрвөн гудамжны 30 орчим орон сууц, 6 дугаар сургуульд Төмөр зам орчмын мөн л 30 гаруй орон сууцны оршин суугчдыг хамруулан заасан байна.

Ийнхүү жил бүр шинэчилдэг хамран сургах тойрог тогтоох тухай тушаал нь “ЕБС-уудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг тэгш хамруулах зорилготой”-г тушаалд  тодорхой бичсэн бий. Бас нэг чухал зүйл нь хүүхэд хамгийн бага замыг туулж, сургуульдаа очдог байхаар зохицуулалт хийсэн гэж дээрх хоёр жишээнээс ойлгож болохоор. 

Гэтэл бодит байдал дээр энэ зорилго огт хэрэгждэггүй гэдгийг сургуулийн автобусны чиглэл зурагдсан байдал илтгэх аж. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тухайлбал, сургуулийн 40 автобусны 27 нь 5 шар, Ботаник, 7 буудал, Нисэх гэсэн дөрвөн цэгээс хотын төвийн сургуулиуд руу явдаг. Дээрх дөрвөн байршилд оршин суудаг бол 1, 5, 6, 15, 18, 21, 23, 24, 45, 50, 52, 84, 111 гэх сургуулиудын хамран сургах тойрогт багтахгүй нь тодорхой.

Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа "Давхардсан тоогоор өдөрт 5,000 хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлдэг. Өглөөд 1,800, өдөр 2,000, оройд 1,200 орчим хүүхэд сургуулийн автобусанд сууж байна. Хотын төвийн 1, 45, 5, 6, 31, 35 гэх мэт том сургуулиудын орчимд замын хөдөлгөөн сийрэг болсон эерэг үр дүн гарч байгаа” гэдгийг хэлж байв.

Энэ нь дээрх дөрвөн чиглэлээс эцэг, эхчүүд хүүхдээ төвийн сургууль руу хувийн автомашинаараа зөөдөг байсныг харуулж байна.

Тэгвэл үлдсэн 13 автобус нь хотын захын алслагдсан хороодоос Баянхошуу, Баянбүрд, Офицеруудын ордон, 7 буудал, Сэлбэ гэх мэт чиглэлд явдаг. Эдгээр чиглэлд бол хамран сургах тойргийн хүрээнд үйлчилж байх боломжтой. Нийтийн тээврийн автобус ч хүрдэггүй алслагдсан цэгээс хүүхдүүд сургуульдаа явж байгаа тохиолдолд сургуулийн автобус зайлшгүй хэрэгтэй.

Хотын төв рүү болон алслагдсан хороодоос хотын захын сургуулиуд руу гэж хоёр ангилж болох эдгээр чиглэлүүдийн аль нь хамгийн ачаалалтай болохыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад “Чиглэл бүр ижил хэмжээний ачаалалтай байгаа. Сургуулийн автобусаар өдөрт 3,200 хүүхэд үйлчлүүлдэг” гэх мэдээллийг өгсөн юм.

Чиглэл бүр ижил ачаалалтай гэж үзвэл 40 автобусны 27 нь хамран сургах тойргийн бус сургууль руу 2,100 гаруй хүүхдийг тээвэрлэж байна гэсэн үг.

Харин иргэд хамран сургах тойргийн журмыг зөрчиж, хол гэлтгүй хүүхдээ төвийн сургуульд өгч буйн шалтгаан нь сургалтын чанартай шууд холбоотой ажээ.

Таван шар, Ботаник, 7 буудал, Нисэхээс хотын төв рүү явдаг сургуулийн автобусны чиглэлийг харвал элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор нийслэлдээ тэргүүлэгч(2018 оны байдлаар) Сүхбаатар дүүргийн 1, 3, 6, 31, 45 гэсэн таван сургууль багтсан байна. Хотын төвд байрлалтай, гадаад хэлний, эсвэл аль нэг хичээлийн гүнзгийрүүлсэн сургалттай, лаборатори сургуулиудын сургалтын чанар өөр өөр байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно. Түүнчлэн хувийн сургуулийн сурагчдын ЭЕШ-ын оноо төрийн өмчийн сургуулийнхаас өндөр байдаг.

Ингээд хувийн, өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгч чадахгүй бол дээр дурдсанчлан сургалтын чанар арай илүү гэж дүгнэж буй сургуульдаа хүүхдээ сургахыг эцэг, эхчүүд эрмэлздэг. Гэтэл хаана амьдарч байгаагаасаа үл хамааран адил чанартай боловсролыг тэгш боломжтойгоор авах эрхийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой УИХ-ын гишүүдийн 95 хувь нь өөрсдөө хүүхдүүдээ улсын биш, хувийн, гадаад хэлийг бага ангиас нь эх хэлтэй нь зэрэгцэн үздэг хичээлийн хөтөлбөрийг сонгож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ийм учраас л эцэг, эхчүүд хаа байсан хотын захаас төв рүү тэмүүлж, хүүхдүүдээ зөөдөг ажээ. Харин энэ байдлыг шийдэж, хүүхэд гэрийнхээ ойролцоо суралцах ёстой хэмээн "Хамран сургах тойрог" гэх журам гаргасан эрхмүүд үүнийгээ үгүйсгэсэн автобусны чиглэлийг баталсныг бид дээр нотоллоо.

Түүнчлэн хамран сургах тойргийнхоо бус сургуульд хүүхдээ оруулахын тулд авилга өгөх нөхцөл үүсдгийг хэн бүхэн мэднэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Бум-Эрдэнэ хахууль авсан хэргээр шүүхээс ял сонссон. Хүүхдэдээ чанартай боловсрол олгох шаардлагаас үүдэн гарч байгаа авилгын хэрэгтэй гарсных нь дараа тэмцэх бус шалтгааныг нь арилгахад хэзээнээс анхаарч эхлэх вэ?.

Хүүхдүүд хэзээнээс хамран сургах тойргийнхоо дагуу хамгийн ойр сургуульдаа сураад хотын төвийн сургуулийнхтай ижил чанартай боловсрол авч эхлэх бол.  Боловсролын газрын даргын жил бүрийн тушаалд дурдагддаг ЕБС-иудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг тэгш хамруулах зорилгоо хэзээ биелүүлэх вэ?