Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзлээ
Sara, ikon.mn - text to speech

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Харин Ч.Мөнхбатыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг хахууль өгсөн, Г.Мөнхбаяр, О.Оюунтунгалаг нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Харин бусад шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ.

 

 

Эх сурвалж: Улсын дээд шүүх