Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөвлөлдөх санал асуулгад ард түмэн яг л өөрсдийн зовлон, жаргалтай хүрэлцэн ирсэн"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Амралтын өдрүүдээр болсон Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт хот, хөдөөгийн нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгч ирж, идэвхтэй оролцжээ.

"Тавдугаар сарын 6-ны дотор Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д санал зөвлөмж хүргүүлнэ"

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулга амжилттай явагдаж дууслаа. Үр дүнг тодорхойлох тал дээр Статистикийн байгууллагаас 90 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Тавдугаар сарын 6-ны дотор Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д санал зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Өөрөөр хэлбэл, зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжийг ажил хэрэг болгон, асуудлыг анхааралтай авч үзэж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах шатад шилжих юм. Үүн дээр Үндэсний зөвшилцлийн комисс ажиллаж, УИХ-д өргөн барих асуудлыг ярилцах болно.

Үүний дараа УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж, хуулийн дагуу гуравны хоёр саналыг авсан зүйлүүд үлдэж, бүх нийтийн санал асуулга явуулах шатад шилжих юм.

Бид Үндсэн хуулийг аль болох бүхлээр нь өөрчлөхгүйгээр тодорхой хүрээнд нь өөрчлөлт оруулахаар эрмэлзэж, ажиллана” гэв.

Амралтын өдрүүдээр болсон Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт 18-88 насны нийт 669 хүн ирж, оролцсон бөгөөд 314 нь эрэгтэй, 355 нь эмэгтэй байжээ.

Хэлэлцүүлэгт 30-39 насныхан хамгийн их буюу 184 иргэн оролцсон байна. Насны ангилалаар дэлгэрэнгүй тоон мэдээллийг дараах графикаар харууллаа.

"Онолын үүднээс бүх нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө явуулж амжих бүрэн бололцоотой"

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Зөвлөлдөх санал асуулгад ард түмэн яг л өөрсдийн зовлон, жаргалтай хүрэлцэн ирсэн. Хөхүүл хүүхэдтэй хүн хүртэл ирээд оролцож байх жишээтэй. 

Боловсролын бүх түвшний, амьдралын бүх түвшний төлөөлөл ямар нэг хувийн сонирхолгүйгээр чин сэтгэлээсээ төрийн хэрэгт идэвхтэй ороцлсон.

Ямар нэг нам эвсэл, анги давхарга, үзэл бодол ялгалгүйгээр улсынхаа ирээдүйн төлөө ард иргэд ярилцаж, нээлттэй санал бодлоо илэрхийлсэн нь хоёр өдрийн гол үр дүн байлаа.

Зарим хүн Үндсэн хуулийг судалдаг, мэдлэг боловсролтой хүмүүсийг цуглуулах байсан гэж яриад байгаа. Боловсролтой хүмүүс энэ асуудлыг 20 жил яриад шийдэж чадаагүй байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Зөвлөмж гарган хэлэлцэж, бүх нийтийн санал асуулга явуулах тал дээр эрдэмтэн судлаачид, намууд оролцсон Үндэсний зөвшилцлийн комисс байгуулж, ажиллана. Үүнийг УИХ-аар хэлэлцэх учиртай.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Монголбанк гэсэн зургаан газраас санал авах ёстой. Энэ процесс сарын дотор явагдах хуультай.

Үүний дараа УИХ-аар хоёр долоо хоногоос доошгүй хугацаанд дангаар нь хэлэлцэх ёстой.

Онолын үүднээс хугацааг нь харвал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжих бүрэн бололцоотой. Амжиж хийвэл улс орны ирээдүйд тустай гэж үзэж байгаа судлаачид олон бий.

Гэхдээ ямар саад бэрхшээл учрахыг мэдэхгүй учраас зургаадугаар сардаа үүнийг хийж чадах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байна” хэмээн тайлбарлалаа.