2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
10°
11:00
S40
11°
12:00
S40
11°
13:00
S40
12°
14:00
S40
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбаатар: “Рио Тинто”-той харилцан ашигтай хамтрахын тулд Монголын тал нэг баг болж ажиллах хэрэгтэй

ikon.mn
2016 оны 11 сарын 10
iKon.MN

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатартай ярилцлаа. 

-Ажлаа аваад хоёр сар болчихлоо. Ийм чиг шугамаар ингэж л ажиллавал болох нь гэсэн төсөөлөл, төлөвлөгөө бол гарчихсан байх. Эхний ээлжинд юу хийж амжуулъя гэж бодож байна?

-Төслийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн гэрээ хэлэлцээр, өнгөрсөн хугацаанд хийгдсэн болон цаашдаа хийх ажлуудын хүрээнд гээд ярихаар шат шатандаа л цаг хугацаа тулсан асуудлууд гарч ирж байна. Манай компани "Оюу Толгой" ХХК-ийн 34 хувийг төлөөлдгийн хувьд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж таарна.

Монголын хүртэх  ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг бүх талаар судалъя гэж бодож байна. Гаднын хөрөнгө оруулалтуудыг татах, байгааг нь үр ашигтай ажиллуулах чиглэлээр үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлж ирсэн бодлогыг үргэлжлүүлнэ. Манай улсын тухайд  цаашдаа дэлхийн зах зээлийн сонирхолд орж,  гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд гаднын хөрөнгө оруулалт, гаднынхантай ажиллах талаар тогтвортой, судалгаанд тулгуурласан, ул суурьтай, алдаа оноогоо дэнсэлж ажиллах хэрэгтэй. 

-Оюу Толгой ашигтай, ашиггүй гэсэн өчнөөн маргаан шүүмж бий. Наад зах нь хэвлэлийнхэн ногдол ашгаа маш хожуу авах нь гэж ирээд мэдээлдэг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-"Оюу Толгой" ХХК 2010-2016 оны хооронд улсад ойролцоогоор 1.6 их наяд төгрөг, 2016 онд өнөөгийн байдлаар 280 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 

Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийхийн тулд тус компани их хэмжээний зээл авсан нь Монгол Улсад ноогдох ашгийг хойшлуулж байна. 

-Далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай 4.4 тэрбумыг нь босгочихсон. Үлдсэн мөнгө нь хэрэгцээтэй үедээ яригдаж таарна. Далд уурхайн хөрөнгө оруулалт өмнөх шиг зогсохгүй гэх баталгаа бий юу? 

-Оюутолгой төслийн хувьд ил уурхайн төсөл хэрэгжээд далд уурхайн бүтээн байгуулалт руугаа орсон байгаа. Ил уурхай нь нийт ордын 20 хувь, далд уурхай нь 80 хувийн үнэ цэнийг агуулж байгаа. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай дуусгаж байж Оюу Толгойгоос хүртэх өгөөж маань нэмэгдэнэ гэсэн үг.

Далд уурхайн хувьд Монголд хийгдэж байгаа маш том бүтээн байгуулалт. 1.5 км-ын доор бүтээн байгуулалт өрнөж байна. Зүйрлэж хэлэхэд талбайн урдах “Блю скай” барилгыг хорь дахин давхарласантай тэнцэх хэмжээний гүнд гээд төсөөлөхөөр хэр аварга бүтээн байгуулалт гэдэг нь харагдах байх.

Тийм гүнд цооног ухаад 15 км-ын хонгил сүлжээ хийчихсэн байна. Хонгил нь  5-7 метрийн өндөртэй. 200 км буюу Улаанбаатараас Дархан орох дайны урттай хонгил сүлжээнүүд хийгдэнэ. Хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаа энэ үед бидний зүгээс хөрөнгө оруулалтаа тогтвортой байлгах нь чухал гэж ойлгож байгаа.

“Оюу Толгой”-той өмнө нь байгуулсан гурван хэлэлцээр бий. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна  өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, бас Дубайн гэрээ юм. Дубайн гэрээ байгуулснаар далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэн. Ер нь бидний зүгээс энэ төслийг аль болох үр ашигтай ажиллуулж Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийг барина. 

-Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд  Өмнөговьд ажиллахдаа Оюу Толгой компанид үүрэг ч гэж хэлж болохоор хэдэн санал тавьсан. Засгийн зүгээс “Оюу Толгой”-той хамтрах зарчмаа ярьчихав уу даа гэсэн бодол төрсөн шүү...?

-Ерөнхий сайд хэдэн зарчим л ярьсан. Анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа өгөөжийн хувь 53:47 гэсэн зарчим барьсан даа. Энэ зарчмаа барьж ажиллая гэж хэллээ. Өгөөжийн асуудлыг тодорхой болгож, эхнээсээ тохирсон зарчмаа барья гэсэн. Хоёрдугаарт харилцан ашигтай байя гэж мэдэгдсэн.

Үүнийг хамгийн гол зарчим гэж бодож байгаа. Харилцан ашигтай гэсэн зарчмыг барьж ажиллах уг суурь нь итгэлцэл. Хэчнээн мөнгө босгов, тэрийгээ юунд яаж хэдий хэрийн өртгөөр зарав гэсэн эргэлзээ үүсч, мэдээлэл нь нуугдмал, ил тод биш байдалтай байвал бизнес явахад хэцүү л дээ. Тийм учраас итгэлцэл дээр үндэслэн ил тод, харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. 

Мөн түүнчлэн ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголын талаас ажилладаг. Ерөнхий сайдыг Өмнөговьд ажиллах үеэр ТУЗ-д төдийгүй Оюу Толгойн гүйцэтгэх удирдлагад Монголын төрийн талаас боловсон хүчин оруулъя гэсэн асуудлыг хөндөж тавьсан.

-Яагаад ийм санал оруулах болсон юм бэ?

-Дунд нь орж ажиллаж байж тодорхой бодитой мэдээлэл авч байх нь зөв болов уу.  Далд уурхайн бүтээн байгуулалт яаж өрнөдгийг мэдэх хүн Монголд төдийлөн байхгүй. Хэн ямар тоног төхөөрөмжийг хаанаас яаж хэдэн төгрөгөөр авдгийг бид мэдэхгүй. Оюу Толгойн гүйцэтгэх удирдлагад эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр оролцож хамтарч ажиллая, мэдээллээ ил болгоё л гэж байгаа юм. Тэгээд алдаа оноо байвал хяналтаа тавья. Ерөнхий сайдын тавьсан энэ асуудлыг цаашдаа зарчим болгоод ажиллана гэж бодож байна. 

-Цаашид анхаарах өөр ямар асуудлууд байна?

- Мэдээж Оюутолгой төсөл хэрэгжсэнээр Монголд бий болсон бодитой давуу тал олон бий. Аль аль талаас анхаарах асуудлууд бий. Оюутолгой төсөлд 2,500 хүн ажиллаж байна. Далд уурхай ажиллаад ирэхээр ажилтнуудын тоо 7,000-д хүрнэ. Энэ хүмүүс нэг саяас долоон сая төгрөгийн цалин авч байгаа. Бүгд ардаа амьдралтай.

Хямралын үед ажлын байр олноор бий болгож, цаашдаа өсгөнө гэдэг бол тодорхой нэг үзүүлэлт. Мөн өнөөдрийн байдлаар 600 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын компаниуд Оюу Толгойд нийлүүлж байна. Жар гаруй хувийг нь ил уурхайд, 40 орчим хувийг нь далд уурхайд нийлүүлдэг гэсэн статистик бий.

Цаашдаа Оюутолгой төслийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтад Монгол компаниудыг илүү оруулах чиглэл барьж ажиллана. Гэхдээ энэ асуудал хоёр талтай. Далд уурхайн ийм том бүтээн байгуулалтын ажил руу орохын тулд манай компаниудад чадавхжих шаардлага бий. Тэр боломжийг нь өсгөх чиглэлд бидний зүгээс анхаарч ажиллах учиртай. Оюу Толгой компанийн хувьд энэ тал дээр хандлага нь маш нааштайгаар өөрчлөгдөж байгаад талархдаг. 

-Далд уурхайн бүтээн байгуулалтын шатанд Оюу Толгойтой  гэрээ байгуулан ажиллаж буй компаниудын хувьд дэлхийн хэмжээний чадавх, чадамж эзэмшиж байгаа нь бас нэг үнэ цэн гэж харагддаг шүү...?

-Санал нэг байна. Миний хувьд өмнө нь хотын бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан туршлагатай. Тэр үед хамтран ажиллаж байсан барилгын зарим компанийн хүмүүс “Хоттой ажиллах, Оюу Толгойн тендерийг аваад ажиллах тэс өөр юм. Үнэхээр шахаж ажиллуулж чаддаг юм байна. Маш их зүйл сурч байгаа” гэж ярьж байна.

Тэгэхээр шууд үнэ цэнэ нь тухайн компанийн олж буй орлого, ашиг, төлж байгаа татвар юм. Үнэлэгдэхгүй буюу шууд бус үнэ цэнэ нь дээр хэлсэнчлэн Монгол компаниуд чадавхжиж байгаа явдал юм. Оюу Толгойд ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь Монголчууд. Газрын гүний бүтээн байгуулалтыг Монгол залуус өрнүүлж байна.

Баяжуулах үйл ажиллагаанд хяналт тавиад, удирдан зохион байгуулж буй хүмүүс нь Монгол инженерүүд байна. Ихэнх нь залуус. Монголын хувьд хөдөлмөрийн насны цонх үе ирчихсэн учраас ийм давуу талууд анзаарагдаж байна л даа. Энэ олон хүнийг ажлын байраар хангаж, чадавхжуулна гэдэг Монголын ирээдүйд оруулж  буй маш том хөрөнгө оруулалт. 

-Экспортод илэрхий жин дардаг зэсийн баяжмал, коксжих нүүрс гарч байгаа учраас Гашуунсухайтын боомтыг олон улсын статустай болгомоор байна гэсэн саналыг уул уурхайнхан тавьдаг. Ерөнхий сайд Өмнөговьд ажиллахдаа Гашуунсухайттай танилцсан. Тодорхой гарц шийдлүүд яригдав уу?

-Цаг алдалгүй шийдэх учиртай эхний асуудал бол яах аргагүй Гашуун сухайтын боомт. Ерөнхий сайдыг боомттой танилцах үеэр тэнд нүүрс ачсан машины цуваа 15-20 км үргэлжилсэн байсан. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд засгаас анхаарах хэрэгтэй юм байна гэж харсан. Тэнд гааль, иргэн харьяат, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг гэсэн дөрвөн байгууллагын  хүмүүс ажилладаг.

Тэдний орон тоог нэмж байж боомтын хүчин чадал өснө. Ажиллах хүмүүсийн орон тоог нэмнэ гэхээр амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх гэсэн том асуудал гарч ирж байна л даа. Боомтын нөхцөлийг сайжруулах асуудал яригдаж байгаа. 

-“Оюу Толгой”-той холбоотой, гэхдээ биднээс хамаарсан сургамж гэвэл та юуг онцлох вэ?

- Олон жил ярьсан Таван Толгойн цахилгаан станцын асуудал байна. Анх хөрөнгө оруулалтын гэрээ яригдахад л тав, зургаан жилийн дотор станцаа барина гэсэн үүргийг Монголын тал хүлээж байсан. Гэтэл өнөөг хүртэл ахисан юмгүй байгаа. Тэр хооронд Оюу Толгой Хятад руу 200 км цахилгааны шугам татчихсан.

Эрчим хүчээ өндөр үнээр худалдан авч хэрэглэдэг. Сард цахилгааны төлбөр нь гэхэд л 7-8 сая ам.доллар. Урд хөршид төлж байгаа мөнгө ийм том тоогоор яригддаг. Ингээд бодохоор маш их мөнгийг гадагшаа урсгаж байна. 

-Таван Толгойн станцаа барьчихсан бол энэ мөнгө дотоодод үлдэх байсан. Биднээс зуун хувь хамаарсан асуудал гэдэгтэй санал нийлж байна. Ер нь Таван Толгойн цахилгаан станцын төсөл ямархуу шатандаа явааг судалж, сонирхож үзэв үү?

-Бид нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой л доо. Аливаа  асуудал дээр хүнийг буруутгаж, шүүмжилж ярихаасаа өмнө өөрсдөдөө анализ хийж, алдаагаа ухамсарлаж хандвал маш олон зүйл эергээр шийдэгдэнэ гэж боддог. Тэгэхээр энэ засгийн үед зайлшгүй хийх ёстой ажил бол Таван Толгойн цахилгаан станц.

Станцын төсөл дээр тодорхой шатандаа ажлууд хийгдээд явж байгаа гэж ойлгосон. Өмнөх Засгийн газрын үед М.Энхсайхан сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарагдаж байгаад одоо Эрчим хүчний яамны хүрээнд яригдаж байна. Ерөнхий сайдаас чиг өгч ажиллаж байгаа юм билээ. 

-Зэс хайлуулах үйлдвэрийн тухайд таны байр суурийг сонирхъё?

-Оюу Толгой жилд 780 мянган тонн баяжмалыг урагш нь экспортолж байгаа. Оюу Толгойн орд алт, мөнгө, зэсийн агууламж ихтэй гэдгээрээ Эрдэнэтээс ялгаатай. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголд зэс хайлуулах үйлдвэр барих боломжтой эсэхийг судална гэсэн утгатай заалт бий. Оюу Толгойн хувьд судалгаа хийгээд дүгнэлтээ хэлчихсэн.

Зэс хайлуулах үйлдвэрийг ямар ч технологиор боловсруулсан хүхрийн хүчил ялгарна, химийн үйлдвэрүүд ажиллаж байж үйлдвэрээс ялгарсан хүхрийн хүчлийг ашигтай бүтээгдэхүүн болгодог. Монголд тийм үйлдвэргүй учраас алдагдалтай гэсэн дүгнэлтийг аль эрт гаргаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өгсөн байна лээ.

Гэхдээ бидний зүгээс өөрсдөө судлах ёстой. Дэд сайд Бадамсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаад эхэлчихсэн. Газар байршил нь тодорхой болоод ийм үйлдвэр барьчихвал “Оюу Толгойн алт Монголд орж ирэхгүй байна” гэж шүүмжлэх шаардлагагүй болно. 

-Зэс хайлуулах үйлдвэр алдагдалтай байлаа ч төр засаг бодлогынхоо хүрээнд барих ёстой, наад зах нь Оюу Толгойн баяжмал дахь алтыг эндээ ялгаад үлдэнэ гэж хэлэх гээд байна аа даа?

-Хайлуулах үйлдвэр алдагдалтай байж болох ч тодорхой хэмжээний хүчин чадалтай үйлдвэр барьчихвал гадагшлах урсгалыг бага ч болтугай шийдэх бололцоотой. Таны асуусанчлан Монголд зэс хайлуулбал алтыг нь ялгаад авчихна. Ялгасан алтыг нь Монгол банкинд байршуулж, валютын эх үүсвэрээ өргөтгөх, арвижуулах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

Өнөөдрийн хувьд баяжмалаар нь урагшаа гаргачихаар Хятадад хайлуулсан алт тэр улсынх болоод явчихаж байна. Зэс хайлуулах үйлдвэр барилаа гэж бодоход мэдээж өрсөлдөх чадварыг нь тооцох хэрэгтэй. Хятадын тухайд зэс хайлуулах үйлдвэрлэлийнх нь өртөг маш хямд. Тэгэхээр үйлдвэр байгуулахын тулд тэр зүгийн туршлагыг судлах ёстой болж таарна.

-“Рио” бол дэлхийн компани. Энэ компанитай харилцан ашигтай, өөрсдөдөө өгөөжтэй хамтарч ажиллахын тулд мэдээж дэлхийн хэмжээнд сэтгэдэг, ажилладаг бүтэц хэрэгтэй. Та түрүүн энэ тал дээр нэлээд бодитой санаа хэлж байсан...?

-Миний хувьд Оюу Толгойтой үүсгэх түншлэлээ алсын ирээдүйд, дунд хугацаанд, богино хугацаанд  гэж тодорхойлох ёстой гэж харж байгаа. Таны асуусан, миний бодож байгаа санааны тухайд  урт хугацаанд гэж харж одооноос цаг алдалгүйгээр  хэрэгжүүлэхээс аргагүй ажил. “Оюу Толгой” компани дэлхийд аль л  шилдэг гэсэн  санхүүгийн болон  хуулийн компанийг хөлсөлж  гэрээ контракт, санхүүгийн тайлан тооцоогоо хийлгэдэг.

Нөгөө талд нь хамтарч ажиллаж буй хувь эзэмшигч нь хэн бэ гээд өнгийхөөр их хэцүү зураг харагддаг. Дөрвөн жилийн хугацаагаар солигддог засагтай, зарим үед бүр сонгуулийн дөрвөн жилд хэдэн ч засгийн нүүр үздэг маань бидний сул тал. Оюу Толгойтой харилцан ажиллаж байгаа хүний нөөц маань ч сайн биш.

Төгссөн сургууль, ажилласан орчныхоо хувьд дэлхийн шилдэг бүтэцтэй ажиллах хүний нөөц үнэхээр дутмаг. Тэгэхээр Монгол Улс бодлогоор хуулийн, санхүүгийн дэлхийн түвшний хүмүүс бэлдэх хэрэгтэй. Эхний үеийнхэн төгсч гарч ирсэн ч дэлхийн шилдэг сургууль төгссөнөөрөө бүхнийг мэднэ гэж үгүй.

“Рио” шиг том компанид ажиллаж, мэргэшиж, туршлагажиж байж тэр зиндааны компаниудтай яриа хэлэлцээ, гэрээ контракт хийх чадал сууна. Тиймээс Оюу Толгойтой хийсэн гэрээнүүддээ анализ хийж суудаг, хаанаа юун дээр алдав, цаашдаа яах ёстой юм гэдгийг харж чаддаг судалгааны бүтцийн институцуудыг бий болгох хэрэгтэй.

Монголд Оюу Толгойгоос гадна олон том стратегийн  орд бий. Тэдгээр ордуудад төсөл хэрэгжүүлэхийн тулд “Рио” шиг дэлхийн хэмжээний том хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийж таарна. Миний яриад байгаа судалгааны бүтэц бий болчихвол бид ахин дахин алдахгүйгээр урагшилж чадна. 

Оюу Толгойг удирдаж залж байгаа “Рио” дэлхийн уул уурхайн хоёр томын нэг. Олон улсад төсөл хэрэгжүүлсэн, олон жилийн түүхтэй компанийн арга барил, менежмэнттэй бид харилцан ашигтай хамтран ажиллахын тулд тэр хэмжээнд  сэтгэх ёстой. Тэгж байж улсдаа өгөөж бий болгоно. Уул уурхайд түшиглэж явна л гэж байгаа бол тэр хэмжээний санхүү, хууль эрх зүйн бүтцийг бий болгохоос өөр арга байхгүй.

-Гэхдээ дэлхийн хэмжээнд боловсорч, туршлагажсан залууст хэр хэмжээний мөнгө, цалин амлаж байж ажиллуулж таарна. Уг нь зоригтойхон хөрөнгө зараад байгуулчихвал болохгүй юмгүй л санагдаж байна...?

-Мэдээж чадалтай боловсролтой залуус төсвийн цалингаар ажиллана гэж хэцүү. Алсыг харсан, хэтдээ өгөөжөө өгөх нь тодорхой ийм ажилд хөрөнгө мөнгийг харамгүйгээр зарах ёстой л доо. 

-Та түрүүн Оюу Толгойтой богино, дунд, урт хугацаанд яаж харилцахаа харах ёстой гэж ярьсан. Ойрдоо болон алсдаа яаж хамтрах талаар цухас ч гэсэн ярилаа. Дунд хугацаанд юуг анхаарах ёстой вэ?

-“Оюу Толгой” гэдэг компанитай Монгол Улсын  Засгийн газар л ажиллаж байгаа учраас нэг цонхны бодлогоор явах учиртай. Засгийн газарт хамаарах яамд, агентлаг, компаниуд нэг бодлогоор дуугардаг байх хэрэгтэй гэсэн үг. Хэлэхэд амархан ч хийхэд хамгийн хэцүү ажил нь энэ. Ер нь ямар нэг ажлыг явуулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш чухал гэдгийг би туршлагаараа мэднэ. Угтаа  бол засаглалын чадавхын асуудал л даа. Товчхондоо “Рио тинто” компанитай харилцан ашигтай хамтрахын тулд Монголын тал нэг баг болж ажиллах хэрэгтэй. 

-Ерөнхий сайд Оюу толгойд ажиллаж байгаа хүмүүсийг ар гэрээс нь хол байлгах биш, Ханбогдод суурьшихад нь анхаарах ёстой гэсэн утгатай санал тавьсан. Өмнөговьд, Ханбогдод тийм боломж бий юу?

-Хангалттай боломж бий. Ханбогд суманд Оюу Толгой найман тэрбум төгрөгөөр цэвэр, бохир усны систем, цэвэрлэх байгууламжийг нь бариад өгчихсөн. Энэ сум төвийн цахилгаан шугам сүлжээтэй холбогдчихсон. Оюу Толгой Ханбогд хоёрын хооронд 40 гаруй км засмал зам тавигдаж байна.

Бид сүүлийн дөч, тавиад жил  өөрсдөө хот бариагүй. Барихдаа оросуудын ерөнхий төлөвлөлтөөр барьж байсан туршлагатай. Хамгийн сүүлд барьсан нь бараг Эрдэнэт байх. Оюу Толгойд  Эрдэнэт шиг хот барих ёстой  гэж ихэнх хүмүүс хэлдэг. Эрдэнэтийг Оюу Толгойтой зүйрлэх боломжгүй л дээ. Хоёр системийн асар том ялгаа бий.

Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олохыг бодох нь тодорхой. Гэхдээ харилцан ашигтай, ухаалгаар хамтран ажиллах эсэх нь биднээс хамаарах асуудал бас байна. Жишээ нь хөрөнгө оруулагчдын Ханбогдод бариад өгчихсөн дэд бүтцийг бид ашиглах хэрэгтэй.

Найман тэрбумаар барьсан системийг ажиллуулах хүн тэр суманд байхгүй. Тэгсгээд эзгүйрээд эвдрээд дуусна. Тэр хүрээндээ төрөөс хот төлөвлөлтийн бодлогыг нь хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь орон сууц барих дэд бүтэц нь бий болчихсон. Ханбогд сумын ерөнхий төлөвлөгөөг БХБЯ-наас  хоёр жилийн өмнө баталсан юм билээ.

Үүнийгээ сумын хэмжээнд гэж явцуу харалгүйгээр Монголын бүтээн байгуулалт говь руу чиглэж байгаа гэдэг утгаар нь хандаж ажиллахад болохгүй юмгүй. Бодлоготойгоор, өөрсдөө санаачилж барьсан орон сууцандаа онгоцоор ирж буцаж байгаа Оюу Толгойн ажилтнуудыг гэр бүлтэй нь түрээсээр амьдруулахаас эхлээд олон гарц бий.

Хариуцлагатай уул уурхай гэдэг бол Оюу Толгой компанийн маш том соёл. Хариуцлагатай компани аюулгүй ажиллах ёстой, аюулгүй ажиллахын нэг үндэс нь гэр бүлдээ санаа зовохгүй байх явдал юм. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

x