Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхэд төлбөр төлөхгүй

Ж.Отгонмягмар
2013 оны 10 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Шинээр төрсөн хүүхдээ улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх талаар Сүхбаатар дүүргийн Хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэгээс тодрууллаа.

-Иргэд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлж ирэх шаардлагатай вэ?

-Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд шинээр төрсөн хүүхдийг бүртгэх тухай заалтууд орсон байдаг. ЭМЯ-наас баталсан иргэний эрүүл мэндийн дэвтэр буюу төрснийг батлах баримтыг, эцэг, эхийн цахим үнэмлэх, гэрлэлтийн баталгаа зэрэг материалыг бүрдүүлээд харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ. Ямар нэгэн төлбөр төлөхгүй. 

Л.Энхцэцэг: Шинээр төрсөн хүүхдийг төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, баг хороонд 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.

-Эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй тохиол­долд хүүхдээ эцгээр нь овоглож болох уу?

-Гэрлэлтээ батлуулаагүй эцэг эхийн дундаас төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож болно. Тодруулбал, эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийн дагуу эцгээр нь овоглож болдог. Гэхдээ эцэг, эх нь харьяа дүүргийнхээ улсын бүрт­гэлийн газар өөрийн биеэр очих шаардлагатай. Хэрэв ямар нэгэн хүндэтгэх шалт­гаа­наар хэн нэгэн нь ирэх боломж­гүй тохиолдолд тухайн хүний өргөдлийг нотариатаар бат­луу­лаад ирж болно. Ихэнхдээ эх нь хүндрэлтэй төрсөн тохиол­долд ирж чадахгүй байдал үүсдэг. 

-Шинээр төрсөн хүүхдийг хэд хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай вэ?

-Шинээр төрсөн хүүхдийн бүртгэл бол Монгол Улсын иргэн болсоноос хойш анхны бүртгэл нь юм. Уг бүртгэлийг төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, баг хороонд 30 хоногийн дотор бүртгүүлэх хуулийн заалттай байдаг. Үүнийг иргэд мэдэхгүйгээсээ болоод их хугацаа алдаж бүртгүүлдэг. Гэтэл тухайн хүүхдийн нийгмийн үйлчил­гээнд хамрагдах боломжийг тэр хэмжээгээр алдаж байна гэдгийг ойлгодоггүй.

Тухайлбал, хүүхдэд олгож байгаа мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг суурь үйлчилгээнүүд нь хойшлогдоод явчихдаг. Тиймээс шинээр төрсөн хүүхдээ цаг алдалгүй бүртгүүлдэг байх хэрэгтэй. Тэр бүү хэл олдмол хүүхдийг ч улсын бүртгэлд олдмол гэдгээр нь бүртгэлжүүлдэг.

Тодруулбал, хүүхдийг олсон хүн нь олсоноосоо хойш хоёр хоногийн дотор харьяа дүүргийнхээ цаг­даа­гийн байгууллагад бүрт­гүүлэх шаардлагатай. Үүний дараа тухайн хүүхдийг олд­мол хүүхэд гэдгийг нотлох хөнд­лөн­гийн гэрчийн мэдүүлгээр тогтооно. Өөрөөр хэлбэл, гэрч болон, цагдаагийн бай­гууллагын тодорхойлт зэргийг үндэслэн шинээр төрсөн тухайн хүүхдийн олдмол гэдгээр улсын бүртгэлд бүртгэж болдог.

-Хуульд заасан хуга­цаанаас хоцорч бүртгүүлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Иргэний бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болохоор Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага ногдуулдаг. Тодруулбал, иргэнд 40 хүртэл мянга, албан тушаалтанг 60 хүртэл мянган төгрөгөөр торгодог. 

-Ямар нэг шалтгаанаар шинэ төрсөн хүүхдээ эхээр нь овоглочихсон байж байгаад дараа нь төрсөн эцгээр нь овоглож болно биз дээ?

-Хэрэв эхний удаад ямар нэгэн шалтгаанаар шинэ төрсөн хүүхдээ ээжээр нь овоглосон болоод дараа нь эцгээр нь овоглох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд төрөлт бүртгүүлсэн тухай архивын лав­лагаа авна.

Эцэг, эх нь гэр­лэл­тээ батлуулсан бөгөөд тухайн хүүхэд нь гэрлэлтээс хойш төрсөн нь батлагдаж бай­вал тухайн хүүхдийг төрсөн эц­гээр нь овоглох боломжтой. Харин эцэг, эх нь гэрлэлтээ бат­луу­лаагүй байгаа бол хам­тар­сан өргөдөл гаргах хэрэг­тэй. Өргөдлөөр овоглож бай­гаа тохиолдолд эцэг тог­тоо­сон бүртгэл хийж байгаа учир Тэмдэгтийн хуулиар тэм­дэг­тийн хураамжийг авдаг. Тодруулбал, тэмдэгтийн хураамж, бүртгэлийн үйлчил­гээний хураамж нийлээд 2500 төгрөг төлдөг.

-Хэрэв эх нь эмнэлэгт биш гэртээ төрсөн бол төрөлт бүртгүүлсэн тухай архивын лавлагааг хаанаас авах вэ?

-Энэ тохиолдолд тухайн эхийг гэртээ төрсөн гэдгийг батлах хөндлөнгийн гурван хүний гэрчийн мэдүүлгээр бүртгүүлж болдог. 

-Насанд хүрээгүй хүүхдээ хойд эцгээр нь буюу өөр хөндлөнгийн хүнээр овоглох бол улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Насанд хүрээгүй хүүхдийг хойд эцгээр нь овоглох бол үрчлэлтийн бүртгэл хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, хойд эцэгт төрсөн эцгийн эрх үүргийг хүлээлгэнэ гэсэн үг. Тиймээс хойд эцэг нь эхтэй нь гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн батал­гаа, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, төрсөн эцгийн эрхийн зөвшөөрөл байх ёстой. Харин үрчилж авч байгаа хүн нь цагдаагийн газрын тодорхойлолт авна. Учир хуульд ял шийтгэл удаа дараа эдлээгүй байх ёстой гэж заасан байдаг.

Түүнчлэн тухайн хүн тодорхой хэмжээний орлоготой байх ёстой. Тиймээс орлогоо тодорхойлсон баримт­тай байна. Хүүхэд өсгөх гэж байгаа учир сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байх нь чухал учир эрүүл мэндийн тодорхойлолт хийлгэх хэрэг­тэй. Эдгээр материалыг үндэс­лэн үрчлэлтийн бүртгэл хийнэ. Уг бүртгэлд оролцогчид өөрийн биеэр байлцах шаардлагатай. Харин хүүхэд нь долоогоос дээш настай бол тухайн хүүхдийн өөрийн бичгээр гаргасан зөвшөөрлийг шаарддаг. Төрсөн эцгээр нь овоглодог хүүхдийг эхээр нь овоглох болсон ч мөн л эцгийн зөвшөөрөл хэрэгтэй байдаг.

Зураг