Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхболд: Хөрөнгө оруулагчид Засгийн газрын үйл хэргийг сонирхож байна

Г.Идэр
2016 оны 9 сарын 1
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт  есдүгээр сарын 8-9-нд зохион байгуулагдана. Энэ талаар МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболдоос тодрууллаа.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын жил бүр уулздаг гол арга хэмжээ бол   "Дисковер Монголиа". Энэ жилийн чуулганы гол онцлог юу вэ?

-“Дисковер Монголиа 2016”  олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын  чуулга уулзалт энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн гол онцлог гэвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа зохион байгуулагдаж байна. Мөн  хөрөнгө оруулагчид болон чуулга уулзалтад оролцогчид шинэ засгийн газрын дунд, урт хугацааны хөтөлбөр, уул уурхайн салбарт чиглэсэн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонирхож байна. 

Тэд Монголын уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд ихээхэн хүлээлттэй хандаж байгаагаа бидэнд илэрхийлээд байгаа. 

Чуулга уулзалтад Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцохоос гадна  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  Казакстаны хөрөнгө оруулалт, хөгжлийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн.

-Чуулганд шинээр ирэх хөрөнгө оруулагчид хэр байна вэ. Гол илтгэлүүдийн талаар товч дурдвал?

-Сүүлийн жилүүдэд буураад байсан хөрөнгө оруулагчдын сонирхол энэ жилээс сэргэх хандлага ажиглагдсан.

Гэвч дээр хэлсэнчлэн хөрөнгө оруулагчдын  анхаарал хандуулж байгаа гол  сэдэв нь  уул уурхайн салбарын хууль эрхзүйн тогтвортой байдал, цаашлаад шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл.

“Эрдэнэс Монгол”, “Энержи Ресурс”, “Оюу Толгой”,  “Голомт банк”, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корп” зэрэг Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон байгууллагуудын төлөөлөгчид голлох илтгэлүүдийг тавина.

-"Дисковер Монголиа" чуулганы энэ жилийн гол уриа юу вэ?

-"Тогтвортой байдлын төлөө" гэсэн уриатай. Бидний хамгийн их хүлээлттэй, дутагдаж байгаа гол зүйл бол эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн орчны тогтвортой байдал тул үүнийг чуулганы голлох уриагаа болгосон.

-Энэ жил чуулганыг ивээн тэтгэх сонирхол хэр байна вэ. Ямар компаниуд ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа вэ?

-Энэ жил чуулга уулзалтын албан ёсны дэмжигчээр Уул уурхайн яам, хамтран зохион байгуулагчаар "Эрдэнэс Монгол" ХХК ажиллаж байгаа.  

Мөн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Энержи Ресурс” ХХК, алтан ивээн тэтгэгчээр  “Эрдэнэ Ресурс Девелопмент Корп” болон “Занаду Майнз”, чуулга уулзалтын банкаар  Голомт банк, бусад ивээн тэтгэгчээр  “Геологийн төв лаборатор”, “Корпорейт Конвеншн Центр” болон “Би Ар Би” компани”, “Мобинет IT”, медиа партнераар  “Блумберг ТВ Монголиа” оролцож байна.

Чуулга уулзалтын дэмжигч байгууллагаар Mongolian Mining Journal, Монголын Бизнесийн Зөвлөл,Oxford Business Group, Cover Mongolia ажиллаж байгаа. 

-Засгийн газрын зүгээс чуулганд хэр ач холбогдол өгч байна вэ?

-Чуулга уулзалтын онцлох хуралдаанд ордог "Засгийн газрын цаг" хэлэлцүүлэг ихээхэн хүлээлттэй байна. Энэ хэлэлцүүлэгээр чуулга уулзалтад оролцогчид, хөрөнгө оруулагчид болон салбарын байгууллагууд шинэ засгийн газрын төлөөлөлтэй харилцах, байр сууриа илэрхийлэх, мэдээлэл солилцох боломж олддог тул засгийн газар, хөрөнгө оруулагчид, оролцогчид ихээхэн ач холбогдол өгч байна.

 

Зураг