Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ханшин дээрх “мөрийтэй тоглоом” улсаар нь ингэж аюулд оруулдаг байж болох уу?

ikon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж 15 хувь болгосон талаар эдийн засагчид, санхүүчид, аналистууд янз бүрийн тайлбар хийсээр байна. 

Бид энэ бүгдээс та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна. Энэ удаад санхүүгийн салбарт ажилладаг, аналист Б.Түмэнцэнгэлийн бодлогын хүүгийн өсөлт, түүний шалтгаан, үр дагаврын талаарх тайлбарыг хүргэж байна. 


Төгрөг наймдугаар сард 140 орны валют дунд хамгийн хурдан үнэ цэнээ алдсан валют болсон гэдэг мэдээ цацагдаж шуугиан дэгдээсэн. Ханшин дээр банкууд ч, мөнгөтэй хувь хүмүүс ч эрчимтэй тоглолт хийсний үр дүнд доллар зургаадугаар сарын эцсээс 15%, долоодугаар сарын эцсээс 8% өсчихсөн нь үүний шалтгаан байв.

Тэгвэл өнөөдрөөс эхлээд тренд эргэж доллар унаад төгрөг чангарах нөхцөл бүрдлээ. 

Монголбанк бодлогын хүүгээ 10.5%-аас огцом чангалж 15% болгосноор төв банк ханшийн савалгааны эсрэг ямар нэг шийдвэртэй алхам ойрын хугацаанд хийнэ гэсэн хүлээлт ёсоор боллоо. 

  •  Нэгт, импортын эдийн засагтай Монголын хувьд ханш амьдралд хамгийн хурдан мэдрэгддэг болохоор доллар огцом чангарах нь сонгогчдыг уурлуулж, улстөрчдийг айлгадаг. Улстөр болохоор Монголбанканд мэдээж нөлөөлнө.
     
  •  Хоёрт, богино хугацаанд өрнөх ийм савалгаа иргэд болон компаниуд, хэргийн эзэд болох банкууддаа ч муу учир нийт эдийн засагтаа муу. Харин тогвортой байдлыг хангах нь Монголбанкны гол зорилго. Монголбанк ажлаа хийх ёстой.

Тэгэхээр Монголбанкны мөнгөний бодлогын энэ алхам яагаад доллар унах шатгаан болох вэ гэхээр:

1. Төгрөг ховор болно

Бодлогын хүү өссөнөөр зах зээл дээрээс их хэмжээний мөнгө төв банк руу сорогдоно. Банкуудын эргэлдүүлж буй 23 их наяд төгрөгийн 30% орчим нь зээлд гаралгүй, богино хугацаанд бэлэн мөнгө болж хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулагддаг. Тэдгээр хэрэгслүүдийн нэг нь төв банкны үнэт цаас. Өгөөж нь 15% (үүнийг бодлогын хүү гэж буй) хүрчихээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын хувилбар болж хувирлаа. 

Төвбанкны үнэт цаас авсан мөнгө зах зээл дээрээс “алга болдог” онцлогтой бөгөөд одоо дор хаяж 100 төгрөг бүрийн 85 нь Монголбанк руу ороод түгжигдэнэ гэсэн үг. (Үүнтэй харьцуулахад жишээ нь 100 төгрөгөөр засгийн газрын үнэт цаас авлаа гэхэд сангийн яамаар дамжаад төсвийн зарлага хэлбэрээр эргээд зах зээлд нийлүүлэгдэнэ). Тэгэхээр цаашид төгрөг ховор бараа болно гэсэн үг.

2. Банкууд дарсан доллараа зарж эхэлнэ

Банкууд зээлд гаргаагүй сул төгрөгөөсөө багагүй хэсгийг доллар болгож хөрвүүлээд ханшийн өсөлтөөс ашиг олно гээд хав дарцгаагаад сууж байсан. Нэг хүнд зарах хэмжээндээ хүртэл хязгаар тогтоогоод. Тэр доллар нь цааш зээл болж гараад хүү олохгүй ч, ханш нь сардаа 8% чангарч байхад зүгээр хэвтэж байсан ч ашигтай хөрөнгө оруулалт гэсэн үг. Гэтэл ханшийн өсөлтийг байнга дэмжиж өгөх хүчтэй эрэлтийг үүсгэж байсан сул төгрөг нь одоо төвбанкинд түгжигдчихнэ. 

Доллар авъя ч гэсэн сольж авах төгрөг нь байхгүй учраас долларын эрэлт буурч, ханш тогтворжино. Ханш өсөөгүй үед банкууд сул доллар байлгах нь ашиггүй. Учир нь цаанаа эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал байнга төлж буй. Тэгэхээр яах вэ—зар!

Ингээд эрэлт талд төгрөг ховор, нийлүүлэлт талд доллар элбэг болоход долларын ханш унана.

Санхүүгийн жил дуусахаас өмнө банкууд ханшаас олсон ашгаа баталгаажуулах (зарах) хэрэгтэй. Харин спекуляци хийж өссөн 1 доллар болгоноос 200 орчим төгрөг хийх шанс нь яг одоо гэсэн үг (2000 хавьцаа аваад 2200 хавьцаа зарна гэж үзвэл). 1 сая доллар дээр тоглолт хийсэн хувь хүмүүс ч ханшийн зөрүүн дээрээс 200 орчим сая төгрөгтэй болчих момент нь одоо.

Хэн энд хохирох вэ?

Гэхдээ нэг ийм асуудал үлдэж байна. Хэн энд хохирох вэ?

Ханшин дээрх энэхүү тоглолтыг зогсоохын тулд нөөц багатай төвбанк сүүлийн сумаараа буудан бодлогын хүүг чангалснаар эдийн засаг удаашралтай энэ үед хумих бодлого явуулж зах зээл дээрээс төгрөг татаж авах нь. 

Арилжааны банкуудын хувьд, төвбанкны үнэт цааснаас 15% хүү олж болж байхад эргэж төлөгдөх эсэх нь тодорхойгүй зээл олгох нь утгагүй. Яахав “маш өндөр хүүгээр зээл авъя” гэх иргэд, компани байвал “за яахав өгье” гэдэг яриа байж болно.

Зах зээл дээр эргэлдэж эдийн засагт өсөлт бий болгох ёстой санхүүжилтийн мөнгийг одоо төвбанк нь ингэж “хурааж аваад хав дарснаар” тэртэй тэргүй царцанги байдалд орж буй эдийн засаг цаашид бүр хөлдөж зогсох аюултай...

Гэхдээ мөнгөний бодлогын энэхүү нөлөөлөл дор хаяж 6 сарын дараа мэдрэгдэнэ. Иймд Монголбанк ханшийн спекуляцийг ингэж шууд буудаж зогсоогоод, хурдан эргээд эдийн засгаа дэмжих мөнгөний зөөлөн бодлогод шилжих төлөвлөгөөтэй байна уу даа гэж харж байна. Энэ нь ч ажиллах магадлалтай.

Харин мөнгөтэй хүмүүс болон том банкуудын ханшин дээрх “мөрийтэй тоглоом” улсаар нь ингэж аюулд оруулдаг байж болох уу?

 

Санхүүгийн аналист Б.Түмэнцэнгэл