- Засгийн газрын өчигдрийн /2016.07.27/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1,490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1,381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.
Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан яамдын Бодлого, төлөвлөлтийн газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн яамдын газар, хэлтэс нь орлогч даргагүй байна.
Татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтлоо.