Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тамирдаж буй бизнесийн орчин

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 21
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Нэрийг нь хэлээд яахав. Нэгэн компанийн захирал танилтайгаа саяхан санаандгүй таарав. Хэдэн баримт, сэлт баглаж, цаасан хайрцагт хийгээд өмнөө барьчихаж. Үүнээсээ ичсэн үү, яасан анзаараагүй юм шиг хажуугаар өнгөрөх гэснээ нэгэнт халуун нүүр тулсныг мэдсэн бололтой, мэнд мэдэв. Бидний таарсан энэ оффист эднийх төвхнөөд цөөнгүй жил болж байгаа. Харин энэ удаа албан байраа суллаж буй бололтой. Миний таамаг ч зөв байв. Тэрбээр бууриа сэлгэж байлаа. “За хаана төвхнөх үү” хэмээн намайг асуутал тэрбээр “гэр” хэмээн хариулав.

Гэр. Чухам энэ үг тэр даруйд миний амыг таглаж, олон асуултын тайлал болж орхисон. Магадгүй, компанийнх үйл ажиллагаа зогсож буйг хэлэх хамгийн товч бөгөөд тодорхой хариулт ч энэ байж мэднэ. Хэн, хэн маань хэсэг дуугүй зогслоо. Энэ залуугийн таван жилийн өмнөх төрх одоо ч санаанд тодхон байна. 

Зам, барилгын бизнес эрхэлж, орон нутгийн цөөнгүй тендер авчихсан. Их хэмжээний зээл авч, дэлхийн дэвшилтэт технологи, хүчирхэг техникийг тив ялгалгүй түүж, эх орондоо авчирчихсан. Ажил нь буцалж, утас нь завсаргүй дуугарч байв. Ёстой л мандаж явлаа, мань эр. Ер нь тэр үед зөвхөн энэ залуу биш Монголын эдийн засаг бүхэлдээ бадарч явсан. Мань эр ч, манай эдийн засаг ч дэвжиж байв.

Өдгөө тэг рүү тэмүүлж буй эдийн засгийн өсөлт тэр үед хэд байсныг эргэн дурсахад зүүд мэт санагдана. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний хагасын макро эдийн засгийн үзүүлэлтийг өнөө, маргаашгүй танилцуулах гэж байна.

Олон улсын шинжээчдийн тооцоогоор ДНБ-ий өсөлт энэ онд нэгээс доош, тэг дотор хэлбэлзэх төлөвтэй. Үүнийг өмнөх зүүдтэй харьцуулбал, эдийн засгийн өсөлт бараг 20 дахин ухрах нь.

Монголын эдийн засгийг тэтгэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний таван сарын байдлаар 400.6 ам.долларт хүрчээ. 

Мөн Монголын эдийн засгийг тэтгэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний таван сарын байдлаар 400.6 ам.долларт хүрчээ.

Энэ үзүүлэлтийг оргилдоо тулж байсан 2012 оны эхэн үеийнхтэй жишвэл даруй 20 дахин хумигджээ. Тоон дүнгүүд ийн таамаглаагүйгээр дордож, макро эдийн засгийн хүндрэл манай улсыг бүрхэж байна. 

Эдийн засаг ч элгээрээ хэвтэж, танил захирал ч тэр гэртээ хэвтэхэд хүрч байна. Бас түүний ард байсан ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Бас дэлхийгээр тэнэн байж авчирсан тоног төхөөрөмж нь төмөр төдий хөсөр хаягдаж, сул зогсоно. Зай бөглөхөөс шидгүй эдгээр техник, төхөөрөмжид зарцуулсан зээл нь хүүгийн хамт хоног, хоногоор өснө. Ийм нэгэн эмгэнэлт тавилан хүлээж буйг ч танил захирал маань нуусангүй.

Сүүлийн 2-3 жил үргэлжилсэн макро эдийн засгийн хүндрэл хувийн хэвшлийн хүчийг 20-30 хувиар барьчихаад байна. Одоо үлдсэн багахан тамирыг нь бармааргүй байна” гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав ярилаа. “Жилийн 7.5 тэрбум төгрөгийн орлоготой компани өдгөө 700 сая төгрөг олж чадахгүй байна” гэж барилгын төмөр хийцийн үйлдвэрлэл эрхэлдэг нэгэн бизнес эрхлэгч учирлаж байсан.

Монголын эдийн засгийн 80, ажлын байрны 75 хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн нөхцөл байдал ямар байна вэ, энэ ээдрээт цагт. Бизнес регистрийн санг онгичвол, нүдээ аниад өнгөрч боломгүй үзүүлэлт даанч олон. 2015 оны эцсийн байдлаар Монгол Улсад 126 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй. Харамсалтай нь, эдгээр аж ахуйн нэгжийн тал нь идэвхгүй. Үйл ажиллагаа эрхлээгүй, түр болон бүрэн зогсжээ.

Энэ дүнг шинэ Ерөнхий сайд ажлаа хүлээн авсан даруйдаа УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ ч онцолсон.

“Бизнесийн орчин бүхэлдээ уналттай, зогсонги байна. 62 мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, тэр хэрээр иргэдийн орлого буурлаа” хэмээн Засгийн газрын шинэ тэргүүн чуулганы индрээс мэдэгдэв. Тэгвэл шинэ Ерөнхий сайдын шинэ мэдээлэлд шинжилгээ хийцгээе.

Нийт аж ахуйн нэгжийн 25, үүдээ барьсан аж ахуйн нэгжийн тал нь түр хугацаанд нам зогсчээ. Өөрөөр хэлбэл, 36,650 компани түр хугацаанд үүдээ барьж, “ичээндээ” байна. Мөн өнгөрсөн оны байдлаар 1,626 компани бүрэн зогсож, бүхэлдээ “хөлдсөн”. Харин үлдсэн буюу 26 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлээгүй байна. Эдгээр халагламаар тоо бизнесийн орчин бүхэлдээ зогслоо гэсэн Ерөнхий сайдын үгийг баталж байна.

Дахин нэг харьцуулалт хийе. Эдгээр дүнг дэлхийн эдийн засгийг хөмрөх дөхсөн 2009 оны хямралын үеийнхтэй харьцуулахад ч хавьгүй өндөр. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас танилцуулдаг Бизнес регистрийн сангийн мэдээлэл ийм байна.

Тэгвэл татварын дүнд анхаарлаа хандуулъя. Энэ оноос эхлэн санхүү, бүртгэлийн шинэ хуулиуд шил шилээ даран хэрэгжсэн. Бизнесийн орчныг цэгцлэх, ил тод болгох зорилготой эдгээр хуулийн үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) төвлөрөл тэлжээ. Харин татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо буурсан байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар 729 аж ахуйн нэгж татвар төлөгчийн жагсаалтаас хасагджээ. Ингэснээр 83 мянган компани ААНОАТ төлж байна.

Гааль, татварын ерөнхий газрын цахим хуудас дахь мэдээлэлд нарийн задаргаа хийе. Жилийн 10-100 сая хүртэлх төгрөгийн орлоготой татвар төлөгчдийн тоо түлхүү буурчээ. Тухайлбал, 20-50, 50-100 сая төгрөгийн орлоготой татвар төлөгчид хоёр дахин цөөрсөн. Харин нэг сая хүртэлх болон 1-2 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд өсчээ. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн марафонд жижиг, дунд аж ахуйн нэгжүүд түлхүү тамирдаж, туйлдаж буйг харж болохоор байна. Энэ ч үнэн гэдгийг бизнес эрхлэгчид баталж байна.

Энэ сарын 13, 14-нд Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулган Улаанбаатар хотод болсон. Хоёр тивийн төлөөлөгчид энэ үеэр Монголын бизнесийн орчныг орхисонгүй. Эдийн засгийн хүндрэл жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөлдөө чирч, хаалгаа барихад хүргэж байна гэж чуулганд оролцогчид учирлав. Хөлөө олж, зах зээлээ эзэлсэн том компаниуд сорилт, саадыг давах хүч чадалтай байна. Гэтэл дөнгөж дэнжигнэж буй бизнес эрхлэгчид зах зээлийн шуурганы өмнө хүчин мөхөсдөж байна. Том компаниудад ухрах зам алга.

Асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, ард нь олон хүн ажиллаж байгаа тул зогсооно гэдэг хэцүү. Харин жижиг, дунд бизнес эрхлэгчид маш хурдан маневр хийх боломжтой тул хэт тамирдахаасаа өмнө түр зогсох боломжтой. Ийм дүгнэлт, байр суурийг хоёр тивийн бизнесийн чуулганы үеэр олон улсын байгууллагын шинжээчид, эдийн засагчид хэлж байв. Энэ нийтлэлийг бичигчид ч үүнийг баталсан нэгэн явдал тохиов. Зээл авч өнгөрсөн намраас зоогийн газар ажиллуулж байсан найз маань саяхан ажлын байр сураглан, утас цохиж байна.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа “Манай бизнес эрхлэгчдэд төр болон уул уурхайн томоохон компани гэсэн хоёр гол худалдан авагчтай. Төр худалдан авалтаа хумьж буйг бид мэднэ. Мөн уул уурхайн томоохон төслүүд ч хэмнэлтийн горимд байгаа тул бараг л худалдан авагчгүй болж байна” гэв. Тус танхимаас бизнес эрхлэгчдийн дунд ойрын хугацаанд бизнесээ өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх, эсэх талаар судалгаа явуулахад оролцогчдын 72 хувь нь үгүй гэсэн хариулт өгчээ.

Зөвхөн Монголыг бус дэлхийг нөмөрч буй макро эдийн засгийн хүндрэлийг түр орхиё. Үүнээс өөр бизнес эрхлэгчдэд ямар сорилт тулгарч байна вэ? Ази, Европын бизнесийн чуулганы үеэр хувийн хэвшлийнхэн хүндрэл, бэрхшээлээ хэлсэн. Тэдний өчлийг тоймлон хүргэе.

Засгийн газраас сүүлийн жилүүдэд бага хүүтэй санхүүжилт олгосон.

Нэгдүгээрт, бизнест зориулсан хямд мөнгө үгүйлэгдэж байгааг хувийн хэвшил, эдийн засагчид ч хүлээн зөвшөөрч байна. Засгийн газраас сүүлийн жилүүдэд бага хүүтэй санхүүжилт олгосон.

Гэвч энэ санхүүжилтийн шалгуур өндөр тул жижиг, дунд бизнес эрхлэгчдэд давж чадалгүй, үлдсэн гэдгээ ч учирлаж байв. Нөгөө талаас, манайд хөрөнгө оруулалтын сан зэрэг хямд мөнгөний эх үүсвэрүүд үүсээгүй байгааг ч МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун хэлж байлаа.

Мөн 2013-2014 оны хооронд компанийн 12,000 захирал, нягтлан бодогч хууль, хяналтын байгууллагад байцаагджээ. Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагаанд төрийн дарамт, шахалт, хяналт өнөөг хүртэл их байгаа аж.

Иймд татварын шинэчлэл, холбогдох эрүүгийн хуульд өөрчлөх оруулах, эрчимжүүлэхийг хүсэж байна. Үүнтэй зэрэгцээд компанийн засаглалыг сайжруулах, институцийн хэлбэрт шилжүүлэх шаардлага ч зүй ёсоор тавигдаж байгаа ажээ.

Зураг