Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сөрөг хүчний есөн дайчин

О.Наранхүү, Өглөөний сонин
2016 оны 7 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ удаагийн парламентад хүчний харьцаа эсрэгээрээ эргэж МАН үнэмлэхүй олонх болж чадсан бол АН-ын зүгээс есөн гишүүн намаа төлөөлөн Их хуралд суухаар болсон.

МАН-аас тус тусын тойрогтоо ялалт байгуулсан 65 нэр дэвшигчээс ихэнх нь шинэ хүмүүс, тэгээд ч тэдний тухай хэвлэлүүд бичиж байна. Харин АН-ын хувьд намынхаа нэрийг гаргаж ирэх дөрвөн жилд төр түшилцэн, парламент дахь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх болсон есөн эрхмийн тухай товч танилцуулан өмнө нь хашиж байсан ажил албыг дурдаж байна.

Ж.Батзандан

 
Гэрэл зургийг MPA.mn

Ж.Батзандан монголчуудын анхааралд УИХ-ын гишүүн гэхээс Иргэний хөдөлгөөний тэмцэгч, гудамжны жагсагч байсан гэдгээрээ илүү танигдаж байсан юм. О.Магнайтай хамт байнга нэр нь дурдагдаж явсаар долоодугаар сарын 01-ний дуулианы дараахан АН-д элсэж байв.

Улмаар 2012 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж парламентын гишүүн болсон бөгөөд өнгөрсөн сонгуульд тойргоо солилгүй дахин нэр дэвшиж ялалт байгуулснаар ийнхүү хоёр дахь удаагаа Ардчилсан намын нэр дээр хууль тогтоох байгууллагад ажиллахаар болоод байна.

Л.Болд 

 

Лу.Болд хэмээн олноо танигдсан улстөрч дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна. Тэрбээр дөрвөнтөө сонгуульд ялалт байгуулахдаа тухай бүрт нь тойргоос гарч Их хуралд сонгогдож байлаа. Мөн түүнийг 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг гэдгээр нь монголчууд сайн мэдэх бөгөөд тэр жилдээ байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож 1992 онд Үндсэн хуулийг батлалцаж байв.

Хоёр ч удаа Засгийн газрын гишүүнээр ажиллахдаа Монгол Улсын тусгаар тогтнолыг тээж явдаг Батлан хамгаалахын болон Гадаад харилцааны яамыг толгойлж байсан юм. Түүний удирдаж ажилласан он жилүүдэд дээрх хоёр яамд үндсэн чиг үүргийн хүрээнд томоохон даацтай бодлогуудыг хэрэгжүүлж ажиллаж байсныг улстөрчид хүлээн зөвшөөрдөг. 

Д.Мурат

“Эрчимбаян-Өлгий” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд аймгийнхаа ДЦС-ын даргаар олон жил ажиллаж аймгийнхнаасаа “зуухны Мурат” хэмээх нэрийг авч байсан түүнийг намын дарга нь нэр дэвшигчдийн жагсаалтад оруулж танилцуулахад ҮЗХ-ныхон нь ч төдийлөн танихгүй байсан гэдэг. Тиймээс түүнийг Баян-Өлгийд зөөлөн боорцог болно хэмээн тооцож байсан ч намаа төлөөлөн ялалт байгуулж чадсан юм.

З.Нарантуяа 

 

Намын даргын хүн гэгддэг З.Нарантуяа нь 1992-2006 онд Монголбанкинд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар ажиллаж байгаад 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллажээ. 2008 онд АН-аас Завхан аймагт нэр дэвшсэн ч ялагдсан.

2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтын 19-т эрэмбэлэгдсэн ч парламентад орж чадаагүй. Гэсэн ч АН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанд томилогдсон. 2015 оны сүүлээр УИХ-д гурав дахь удаагаа зүтгэхийн тулд СЗХ-ны даргын ажлаа хүлээлгэн өгсөн ч сонгууль мажоритари тогтолцоогоор явуулах болсноор жагсаалт горьдсон хөнгөхөн нэр дэвшигчдийн тоонд нэрлэгдэж байв. Гэсэн хэдий ч эртнээс онилж байсан Завхан аймагтаа ялалт байгуулж ирэх дөрвөн жилд сөрөг хүчний цорын ганц эмэгтэй гишүүнээр сонгогдож чадлаа. 

Б.Наранхүү 

 

УИХ-ын хамгийн дуугүй, хэлд ордоггүй гишүүдийн нэг гэгдэх Б.Наранхүүг монголчууд “Мон Ураны” Наранхүү хэмээн дууддаг. Аймагтаа тооны хичээлээр толгой цохидог байсан тэрбээр Р.Гончигдоржийн шавь байсан гэж дурсдаг ч намтартаа “Их сургууль төгсөөгүй” болохоо ил мэдүүлдэг цөөхөн гишүүдийн нэг.

Моринд хорхойтой улстөрчдийг ч Б.Наранхүү түүчээлдэг ба харин эсрэгээрээ хууль санаачилж, өргөн мэдүүлж байсан нь ховор хэмээдэг. Гэсэн хэдий ч Б.Наранхүү Дундговьдоо босоо явсаар салхи эргэсэн энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж, намдаа гавьяа байгууллаа. 

Б.Пүрэвдорж

“Ховддоо сайхан амьдарцгаая” ТББ-ын тэргүүн гэх Б.Пүрэвдоржийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Харин Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байхдаа “Би хүнд суртал гаргаж ажиллана” хэмээн хэвлэлд яриад олны анхааралд өртөж, улмаар тухайн үеийн хэвлэлүүдийн бичиж байснаар АТГ-т шалгагдаж байсан гэх нэгэн.

Төрийн албыг хүнд суртлаас чөлөөлөх тухай бүгд ярьдаг ч бас түүний хариуцаж байсан үйлчилгээ зарим талаар “хүнд суртал”-тай байх нь зөв ч байсан биз. Төрийн албан хаагчийн ажлаа өгч сонгуульд анхаарах болсон Б.Пүрэвдорж Ховд аймгаас иргэдийн дэмжлэгийг хүлээн энэ удаагийн парламентад анх удаагаа Их хурлын гишүүнээр ажиллах болоод байна.

Я.Санжмятав 

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. АН-ын хуучны зүтгэлтнүүдийн нэг боловч бие даагчаар парламентад сонгогдож байсан Я.Санжмятавын хувьд өөрийн намтартаа гурав дахь удаагаа, АН-ын нэр дээрээс хоёр дахиа УИХ-ын гишүүнээр ажиллах болжээ.

Завханы гэгдэх Я.Санжмятав нь З.Нарантуяатай хамт ялалт байгуулснаар энэ аймгийг цэнхэртүүлж чадсан ба ингэснээр Завхан нь Дундговийн хамт Монгол Улсын хэмжээнд АН-ыг сонгосон хоёр дахь аймаг болжээ.

Д.Эрдэнэбат 

 

Сэлэнгийн унаган иргэн Д.Эрдэнэбат нь Багануурын уурхайд инженерээс эхлээд хариуцлагатай албан тушаал хашиж байсан, МҮДН угшилтай АН-ын хуучны гишүүдийн нэг. Тэрбээр 1999-2000 онд Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн хамарсан том тойрогт 2012 онд намаасаа Лу.Болдтой хамт нэр дэвшсэн ч санал дутан ялагдаж байлаа.

Улмаар 2008-2012 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж энэ хугацаандаа УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд гурван ч сонгуульд ерөнхий менежерээр ажиллан ялалт авчирсан шилдэг зохион байгуулагч. Улмаар 2012 онд жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, намын бүлгийн даргаар ажиллаж байгаад Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тэр тасралтгүй урагшилж, өгсөж яваа улстөрчдийн нэг. 

С.Эрдэнэ

 

1996-2000 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж олонд танигдаж байсан С.Эрдэнэ нь 2000 оноос дүүргийнхээ Ардчилсан намын даргаар одоог хүртэл ажиллаж байгаа. Ингэснээр “Баянголын Эрдэнэ” гэх нэр авсан.

Түүнийг 2004-2008 онд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсных нь хувьд мөн холбож бичдэг Тэрбээр 2008 оноос УИХ-ын гишүүнээр гурав дахиа сонгогдсон. Мөн 2012-оноос Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан.

Зураг