Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны сонгуультай холбоотой ОНЦЛОХ ТОО БАРИМТУУД

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn

Монголчууд шинэ УИХ-аа сонгоод долоо ч хоноогүй байна. УИХ-ын анхдугаар хуралдаан марагаш буюу долоодугаар сарын 5-ны өдөр болохоор төлөвлөгдсөн байгаа билээ.

Тэгвэл энэ сонгуультай сонирхолтой тоог танд хүргэе.

“13” Хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ
 

2012-2016 оны хооронд дөрвөн жил төр барьсан өмнөх их хурал 11 эмэгтэй гишүүнтэй гэдэг утгаараа хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэгддэг байв.

Тэгвэл энэ удаагийн парламентад Монголчууд эмэгтэй гишүүдийнхээ тоог хоёроор нэмжээ.

Шинээр сонгогдсон 13 эмэгтэй гишүүний нэг нь л сөрөг хүчин болох Ардчилсан намынх байгаа бол үлдсэн нь МАН-ынх юм.

“Under 30” Энэ парламентын хамгийн залуу гишүүн
 

МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Гантулга энэ парламентын хамгийн залуу гишүүн болж байна.

Тэрбээр 29 настай бөгөөд МАН-ын залуучуудын байгууллагын удирдах ажлыг чамгүй удаан хугацаанд хийжээ.

“22:00” Хамгийн шинэлэг технологи
 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ жил Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, технологийн төвөөс сонгуулийн дүнг шинэлэг технологи ашиглаж маш амжилттай, ил тод, шуурхай мэдээлсэн.

Тодруулбал сонгуулийн санал хураалт албан ёсоор 22:00-д дуусахад удалгүй урьдчилсан дүн гарч эхэлсэн юм.

Тэд танхимд том дэлгэц байрлуулж, хэсгийн хороодоос ирсэн саналын тоог “live” харуулсан нь хэвлэлийнхэнд мэдээллээ хүргэхэд амар хялбар байдлыг бий болгов.

Өмнө нь үүрээр гардаг байсан дүн мэдээ энэ жил шөнийн 02:00 цаг гэхэд бүрэн ирж дууссан бөгөөд хэн ялсан нь тодорхой болсон байлаа.

“39” Шинэ хүн
 
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ парламентын 37 гишүүн нь хоёр ба түүнээс дээш удаа сонгогдож байгаа бол 39 нь анх удаа УИХ-д орж байна.

Тооцоод үзвэл 51.31 хувь нь цоо шинэ гишүүд байгаа юм.

“7” Хамгийн олон удаа сонгогдсон гишүүд
 
www.mpa.mn

МАН-ын Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар УИХ-д долоо дахь удаагаа сонгогдлоо. Өөрөөр хэлбэл тэд 28 жил УИХ-ын танхимд суух гэж байгаа юм. 

“69” Хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жил нийт 69 хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшжээ. Энэ нь хамгийн олон бие даагчтай сонгууль болж буй тухай өмнө нь бид мэдээлж байсан. Гэсэн ч нэг л бие даагч ялалт байгуулсан юм.

Тэр нь Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт нэр дэвшигч, МУГЖ С.Жавхлан юм.

"18" Хамгийн цөөн хоногийн сурталчилгаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн тухай хуулиар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд 18 хоног өөрийгөө таниулах боломж олгосон. Энэ нь өмнөх сонгуулиудаас хамгийн цөөн сурталчилгааны хоногтой сонгууль болсон юм. 

 

Гэрэл зургийг MPA.mn