Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Модиномикс & Энэтхэгийн бяр суулт

Г.Гомбо, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 15
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Глобал эдийн засгийн идэвхтэй нэг тоглогч гарч ирсэн нь Энэтхэг билээ. Энэ улсын эдийн засгийн “Модиномикс” загвар хоёр дахь жилийн ойтойгоо золгож, дэлхийн хамгийн том ардчилал-Энэтхэгийн эдийн засгийн реформ Ази төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Харин гарчигт өгүүлснээр тэрхүү “Модиномикс” нь Энэтхэгийн гадаад бодлогын тэлэлтэд ямар байдлаар нөлөөлж ирснийг дор авч үзье.

Энэтхэгийн хөгжил дэвшил, гадаад харилцааг ажваас өгсөж, уруудсан диаграмм харагддаг. Гэвч урт хугацаанд авч үзвэл бүс нутгийн энэ гүрэн Энэтхэгийн далайн зүүн, баруун эрэг болон Төв Ази, улмаар Зүүн өмнөд Азид нэр хүнд, нөлөөгөө бэхжүүлж, өргөжүүлэхийг хичээж ирсэн байна.

Энэтхэг гэж хэн бэ гэх нийтлэг асуулт бий. Манайхны ойлголтоор их л уян зөөлхөн, ноомой, даруу, урлаг уран сайхан бялхсан улсыг киногоор төсөөлдөг бол тэр буруу юм. Энэтхэг бол өдөр ирэхүйе бяр сууж, булчин шөрмөс ч чангарч буй бүс нутгийн, Азийн том гүрэн билээ.

Глобал эдийн засгийн идэвхтэй нэг тоглогч гарч ирсэн нь Энэтхэг билээ.

Энэтхэгийн хөгжил дэвшил, гадаад харилцааг ажваас өгсөж, уруудсан диаграмм харагддаг.

Том гүрэн байхын хэрээр гадаад бодлогоо бярдах, хөрш жижгүүдээ араасаа дагуулах, Пакистантай бол аархан үзэлцэх байр суурь олон жил баримталж иржээ.

Энэтхэгийн эдийн засаг, аюулгүй байдлын ашиг сонирхол өргөжиж, бяр суухын цагт тус улсын гадаад бодлого дахь уламжлалт эвсэлд үл нэгдэх, хүч үл хэрэглэх, намжаах, “зөөлөн хүч”-ний бодлого аажмаар өөрчлөгдөж нөлөөний хүрээ хуваах, ашиг сонирхлын бүс сонирхох хэмжээнд очиж байна.

Энэ улс газар зүйн байршлаараа маш өвөрмөц бөгөөд стратегийн нэн ашигтайд тооцогдоно.

Персийн булан, Африкийн зүүн эрэг, Арабын хойг, Зүүн өмнөд Ази, Зүүн Ази. Өмнөшөө Энэтхэгийн далайн аль ч арал хойг хүртэл зорчих, худалдаа эрхлэх тэр гарц боломж зөвхөн тэнд л буй. Умард этгээдэд нь Төв Азийн уулс, говь цөлийг туулдаг жингийн түүхэн замуудын нэг салаа урсгал Энэтхэгийг дайрч ирсэн.

Энэтхэг нь усан замаар дэлхийн аль ч тив бүс нутагт хүрч ажиллах хүчирхэг флотоо босголоо. Эдүгээ далайн тээврийн том тоглогч болохоор зэхэж байна. Персийн буланд Энэтхэг голлох үүрэгтэй болж ирлээ.

Өөрөө бол булангийн экспортын том зах зээл, тэр булангийн орнуудад зургаан сая иргэн нь ажиллаж амьдардаг хийгээд лалын экстремизм, фундаментализмын эрсдэлийн эсрэг ажиллах гол холбоотон нь Энэтхэг болох магадлал өндөр болж байгааг энд анхаарах хэрэгтэй.

Гадаад бодлогын өнөөгийн бяр суултын эхлэл суурийг маш зөв тавьж өгснөөс цаашдаа амжилт олох нөхцөл нь бүрджээ. Анх 1992 онд “Дорно зүг рүү тольд!” (Look East) бодлого дэвшүүлснээр тус улсын гадаад бодлогод Зүүн болон Зүүн өмнөд Азийн (Хятад, Монгол, Япон, БНСУ, АСЕАН, Тайвань, Австрали, Шинэ Зеланд) жин нөлөө өсөв.

Эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын салбарт харилцаа нь өргөжсөн. Өргөжсөөр байнгын механизм болж төлөвшсөн юм.

Энэтхэг нь усан замаар дэлхийн аль ч тив бүс нутагт хүрч ажиллах хүчирхэг флотоо босголоо.

Дээр нь Энэтхэгт мэдээллийн технологийн хувьсгал явагдаж, софтвеирээр дэлхийг хучаад эхэлмэгц, залгуулаад 1998 онд цөмийн зэвсгийн туршилтаа хийгээд дэлхийд том тоглогч болоод гараад ирсэн. Энэ нь тус улсын гадаад бодлого ямагт нэмэх оноо авчирчээ.

Зүүн Ази, Зүүн өмнөд Ази тэр чигтээ Энэтхэг рүү хөл алдан хуйларлаа. Энэтхэг хариуд нь хөрөнгө оруулж, Азийн энэ хоёр бүс нутгийн улсуудын хувьд худалдаа, эдийн засгийн боломжит түнш, тогтвортой байдлыг хангах нэг гол оролцогч болж үнэлэгдэх болов. АСЕАН-тай Чөлөөт худалдааны, Хятадтай Стратеги, хамтын ажиллагааны, Японтой Тусгай стратеги, дэлхий дахины, мөн Япон, БНСУ-тай Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоов.

Мөн Монголтой Стратегийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Австралитай Аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээр, АНУ-тай Ази-Номхон болон Энэтхэгийн далайн бүс нутгийн аюулгүй байдлын стратегийн хамтын алсын хараа гэгч баримт бичиг байгуулаад байна.

Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг хамтран зохион байгуулалцсан, АСЕАН-ы гишүүдээс гадна “Хятад-Япон-БНСУ-Австрали-Шинэ Зеланд-Энэтхэг”-ийн хүрээнд явагдаж буй “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн яриа хэлэлцээ”-ний томоохон механизмын үндэслэгчийн хэмжээнд тооцогдох болжээ.

Ажаад байвал эргэн тойрондоо бах бэх энх тайвныг найдвартай цогцлоож байх шиг. Хятадтай түүхэн маргаанаа нэгэнтээ өндөрлөсөн, БРИКС гэх эвслийг хоёул бүрдүүлж байна. Пакистантай дайны байдлаа цуцалсан, дайтах магадлал байхгүй болсон. Зүүн ба зүүн хойд этгээд, далайгаар АСЕАН-ы орнуудтай нэн найрсаг итгэмжилсэн харилцааг буй болгожээ. Эхлээд хэсэгчилсэн яриа хэлэлцээний түнш байснаа сүүлдээ бүрэн түнш, дээд хэмжээний уулзалтын түнш, улмаар 2012 оноос АСЕАН-ы стратегийн түнш болж бэхжээд байна.

Зүүн Ази дахь АСЕАН, Хятад, Япон, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын сүлжээ, Европ, АНУ-ын зах зээлтэй холбогдсон орчин үеийн дэд бүтэц, тээвэр, ялангуяа усан тээвэр, үйлдвэрлэл, худалдаа, ложистик, банк, санхүүгийн үйлчилгээнд хүртэл хамрагдаж байна. Харин Ази-Номхон далайн бүс нутгийн 13 улсыг худалдааны "Алтан жишиг” хэмээх бүлэглэлд нэгтгэх зорилго бүхий Номхон далайн түншлэлд Энэтхэгийг элсүүлэх, эсэх нь тодорхойгүй.

Энэтхэгийг үүндээ элсүүлэхгүй гэдэг дээр АСЕАН-ы зарим гишүүн, Япон, Австрали, Шинэ Зеланд хатуу байр суурь байхгүй. Гэхдээ Номхон далайн түншлэл гэдэгт нь Хятад ороогүй байхад Энэтхэг арай эртдэн гэх нийтлэг ойлголт байх шиг байна. Түүнээс бус эдийн засгийн хүчин чадал, тус бүлгийн улсуудтай тогтоосон хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нь үзэхэд Энэтхэгийн хувьд өөлөөд байх шалтаг олдохгүй.

Хэрэв Хятадтай харьцуулаад Энэтхэгт шалгуур тавьбал ард нь орох нь мэдээж. Одоогоор жилдээ АСЕАН-тай Энэтхэг 77 тэрбум ам.долларын худалдаа хийж байгаа. Тэгвэл Хятад 450 тэрбум ам.долларын худалдаа хийсэн дүнтэй.

АНУ-тай Энэтхэг 100 тэрбум ам.долларын худалдаа хийдэг бол Хятад 516 гаруй тэрбум, Японтой Энэтхэг 16 тэрбум, Хятад 300 гаруй тэрбум ам.долларын худалдаа хийдэг гэх махан тоонууд бол Энэтхэгийг унтраах баримт биш л дээ. Г эхдээ Хятадын урд орж гишгэтлээ үлэмж хугацаа хүч зарцуулна.

Үүний тулд дотооддоо эдийн засгийн реформыг тууштай үргэлжлүүлж байна. Энэ удаа Ерөнхий сайд Н.Модийн өнгөн дээр “Модиномикс”-оо хэрэгжүүлэх итгэл төгс байна. Үүнд тэрбум ардчилагч хүн ардтай, 800 сая хүн чөлөөтэй саналаа өгдөг, төрөө ард түмэн нь шударгаар сонгодог гэх имижээ нэмчихнэ.

Азийн, улмаар дэлхийн ардчилалд Энэтхэгийн оруулж ирсэн, оруулж байгаа хувь нэмрийг дутуу үнэлэх аргагүй юм. Ардчиллын үнэлэмжээрээ бол БРИКС эвсэлд хамт буй Орос, Хятадыг бодвол харин ч АНУ, Өрнөд Европ, Японтой ижилсэх, ойртох нөхцөл бий. Түүнийгээ Энэтхэг өөрийн давуу тал гэж үзэн, оновчтой ашиглаж иржээ.

Хятадын бяр суулт ба өсөлт бэхжилт, ялангуяа Өмнөд Хятадын тэнгист тэр хавийн улсуудтай сөргөлдөж буй үед Энэтхэгээр грант хийх хүсэл хаа нэгтэйгээс төржээ. Энэтхэгийн ардчилал нь АНУ-тай стратегийн чухал холбоотон болох нөхцөл хэмээн Зүүн өмнөд Азийнхан харж, тэр хоёрыг Хятадын эсрэг хандуулахыг тандаж судалж байх шиг. Хятадын цэргийн хүч чадавх огцом нэмэгдэж байгаад сэтгэл түгшдэг улсуудыг Энэтхэг нэгтгээсэй гэх хүсэл ч цухалздаг болов.

Энэтхэг нь ингэж итгэл даах бэлээхэн нөхцөлтэй аж. АНУ, Япон, БНСУ, Австрали, АСЕАН-ы гишүүн орнууд, ялангуяа АСЕАН-ы хамгийн том орон Индонезтэй батлан хамгаалахын салбарт харилцаагаа идэвхжүүлж ирсэн. Энэ нь “Хүйтэн дайн”-ы үеийн "Тогтоон барих” үзэл баримтлалтай адилгүй нь мэдээж. Гэхдээ Зүүн Ази, Энэтхэгийн далайн бүс нутагт Хятадын хүчний боломжийг хязгаарлахад чиглэж ирсэн. Мөн Хятадыг тойруулах Зүүн Азид аюулгүй байдлын олон талын механизм бий болгох нэг зорилготой.

Гэхдээ Энэтхэг нь Хятадыг шууд сөрөхийг илт хүсэхгүй. Аюулгүй байдлаа хангахын тулд улс орнууд дор бүртээ чармайж цэрэг-зэвсэг агсахын оронд аюулгүй байдлаа хамтран баталгаажуулах тэнцвэртэй, нийтийн оролцоонд түшиглэсэн нээлттэй тийм бүтэц бий болгохыг Энэтхэг чармайж байна. Бүс нутгийн улс түмний, түүний дотор Энэтхэгийн ч, Хятадын ч эдийн засгийн хөгжил, сайн сайхан аж байдал нь өөрөө аюулгүй байдлын баталгаа юм.

Хятадын эдийн засгийн өсөлтөөс үүдэн эдийн засгийн хүндийн төв Атлантын далайн хоёр эргээс шилжсээр Ази-Номхон далайн бүс нутагт шилжих, ялангуяа Азийн эх газрын хоёр гүрэн-Хятад, Энэтхэгт дэлхийн эдийн засгийн төв буй болох тохиолдолд цэргийн хүчний хүндийн төв мөн дагалдана, тэр бол хууль юм. Түүнийг бяр суулт гэж ойлгоно. Ингэснээр хүчний тэнцвэрт байдалд нөлөөлнө. Азиас АНУ-ыг шахаж гаргах эхлэл тэр болж болно.

Эдүгээ Хятадын стратеги ойр хавийнхаа тэнгис рүү чиглэж байна. Түүнийг нь Энэтхэгийн далайд нэвтрүүлэхгүй байхыг Энэтхэг хүснэ. Гэвч Хятад нь их гүрний эрэмбээ илтгэхийн тулд тэнд оролцоогоо нэмэгдүүлж таарна. Тэр үед мөргөлдөөнд бүү хүрээсэй билээ.

Зураг