Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн хүүхдэд ээлгүй хотыг ЭЭЛТЭЙ болгохын төлөө

Б.Халиун, iKon.mn
2016 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэдтэй болсныхоо дараа л эх хүний нүдээр Улаанбаатарыг харж эхлэхэд ямар их асуудалтай гэдгийг ойлгож билээ. Хүүхдээ тэргэн дээр нь хэвтүүлээд гадаа гарч ирээд Улаанбаатарт явган хүний зам байдаггүй гэдгийг бас дүрэм зөрчиж сигналдах машинууд, барилгын дуу чимээнээс болж хүүхдүүд агаарт гадаа унтахад хэцүү гэдгийг ойлгож билээ. 

Явган хүний замаар хүүхдийн тэрэг, дугуй эсвэл тэргэнцэр түрээд явж болохуйц гөлгөр гадаргуутай (дөрвөлжин тоосго шиг брикээр биш) бол хүүхдээ тэрэгтэй нь түрээд парк, дэлгүүр, эсвэл найзындаа, аавындаа гээд хэрэгтэй газартаа чөлөөтэй явахсан.

Улаанбаатарын явган хүний зам янз янзын өргөнтэй, заримдаа огт замгүй шороо чулуу эсвэл дүүрэн нүх зэрэг танхай их саад бартаатай учраас ээжүүд такси барих, машинтай хүн дуудах, эсвэл хүүхэд харах хүн ирэхээр гарах хэрэгтэй болдог. Машинаар явахаар түгжрэл, бензиний шаталт мөнгө, бас бохирдол гэсэн үг.  

Монголын төр хүн амаа өсгөхийг тэргүүлэх зорилт болгосон (Монгол Улсын мянгын хөгжлийн зорилтод суурилсан цогц бодлого 2008 он), хэрнээ хүүхэд өсгөх эрүүл орчин, эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьдаггүй, Улаанбаатарт байхгүйгээс харахад цаагуураа хүүхэд гаргахыг боомилдог бололтой. 

Орон сууцнуудын гадаа байрлах хүнсний дэлгүүрүүдэд бараагаа хүргэх ачааны машинууд сигналдаж, тэргэндээ эсвэл гэртээ унтаж байгаа хүүхдийг айлгаж цочоодог. Эрүүл орчин гэдгийг бид зөвхөн цэвэр агаараар төсөөлдөг. Гэтэл дуу чимээний бохирдол хүний эрүүл мэнд, оюун ухаан, эрч хүчтэй байхад шууд нөлөөлдөг учраас дуут дохионоос айж цочихгүй амьдрах нь утаанаас ангид байхтай агаар нэг чухал. Автобусны сигналаас болж нярай хүүхдийн тархинд цус харвасан хэрэг 2014 онд гарсан. 

Дуу чимээний бохирдол хүний эрүүл мэнд, оюун ухаан, эрч хүчтэй байхад шууд нөлөөлдөг.

Машины дуут дохиог зөвхөн ослоос сэргийлэхийн тулд, суурин газрын гадна замд гүйцэж түрүүлэхэд анхааруулах зорилгоор хэрэглэнэ гэдгийг бүх жолооч мэднэ. Дүрэм зөрчихөд торгууль тавьдаггүй учраас жолооч нар бусдыг өрөвдөж, хайрлахгүй зүгээр л уураа гаргах гэж эсвэл урдах машинаа хурдан яв гэж хэлэхийн тулд сигналдаж байгааг хүн бүхэн харж байна.     

Хүүхдэд ээлтэй хот төлөвлөлтийн төлөө алхдаг “Тэрэгтэй Парад”-аа хийх гэж байгаа тухайгаа миний бие замын цагдаад өнгөрсөн бичгээр мэдэгдэл өгөхдөө дарга нарт нь сигналаа болиулаач ээ гэхэд сигналдсан машин бүрт цагдаа очиж торгож чадахгүй” гэж хариулж билээ. 
2015 оны есдүгээр сарын 1-нд замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж эхлэхээр сигналдсан  жолоочийг торгож, сигналдхаа болих нь гэж над шиг ээжүүд хүсэн хүлээсэн байх.  
Тэр бүү хэл замын цагдаагийн хажууд сигналдаж байхад тоохгүй, сонсоогүй юм шиг явж байгаатай бид өдөр бүр зам гарахдаа харж байна.  
Мөн өнөөдөр Улаанбаатарын боломжтой бүх зайд шинээр барилга барьж босгож байгаа энэ үед шинэ байшингийн сүүдэр тоглоомын талбай дахь нарыг халхалж эсвэл нарладаг байсан сургуулийн хашааг халхална. 

Энэ мэтээр хүүхэд өсгөх орчин улам доройтсоор, нарнаас Д витамин авахуулах гэж гадаа унтуулж чадахгүй нартай газар луу нүүсээр гурван удаа байршлаа солих хэрэгтэй болдог гэдгийг тэнд байшин барьж болно гэж зөвшөөрөл өгсөн дүүрэг нийслэлийн газрын албаныхан мэддэг болов уу? 

Зарим байрнуудын гадаах тоглоомын талбай хоёр ээлжтэй гэдгийг та мэдэх үү? 

Нартай үед мэдээж хүүхдүүд тоглоно. Харанхуй болоход байрны гадаа байрлах дэлгүүрүүдийн худалдан авагчдын ээлж ирдэг юм. Дэлгүүрээс авсан архи пивоо тоглоомын талбайн сандал дээр сууж уугаад шил лааз, тамхиныхаа ишийг тэндээ хаяад явна эсвэл элс рүү шиднэ. Бүр бие засаад авна. Маргааш өглөө нь нар мандаж хүүхдүүдийн ээлж болоход тоглож байгаа элснээс нь архины шил, бөглөө, тамхины иш гарч ирж, учир мэдэхгүй үр маань амандаа хийх гэж ч үзнэ. 

Хүүхэд томрохоор цэцэрлэг олдохгүй, олдсон ч ханиад хүрнэ, эмнэлэгт ор байхгүй гэх мэтээр асуудал дуусахгүй. Угаас Улаанбаатарт эрүүл өсөх боломж алга.     

Монголчууд цөөн, хүн амаа өсгөх хэрэгтэй гэж үздэг учраас л ийм бохир, дэд бүтэцгүй газар амьдардаг байж яах гэж хүүхэд гаргасан юм гэж хэлэх хүн гарахгүй юм даа. 

Japan Town, River Garden, Marshall town гэх мэт тансаг зэрэглэлийн хотхонд амьдардаггүй л бол хүүхдүүдийн амьдралын нөхцөл өнөөдөр нэг иймэрхүү байна. Цэвэр тансаг орчинд амьдардаг баян хүн л хүүхэдтэй болж болно, ядуу хүмүүс хүүхэд гаргаад хэрэггүй гэж үү? 
Жирийн, дундаж орлоготой хүмүүс ногоон байгууламжтай, нартай цэвэр орчинд үр хүүхдээ эрүүл энх өсөж байгааг харж баясах эрхгүй гэж үү? 

Хүн амын өсөлттэй уялдуулж төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургуулиа барьж, хүүхэд эрүүл өсөж торних ядаж нар тусаж, салхи салхидаг, машины сигналаас болж цочиж сэрдэггүй тоглоомын талбайтай орчин бүрдүүлэх нь хүн амыг өсгөх бодит дэмжлэг юм.   

Миний бие, сэтгүүлч ажилтай, гурван настай хүүгийн ээж “Тэрэгтэй парад” тайван жагсаалыг Найрсаг хотын жаргалтай хүүхдүүд уриан дор гуравдагч жилдээ үзэл санаа үнэт зүйл нэгтэй залуу ээж нартай хамтран зохион байгуулж байна. Та бүхнийг зургаадугаар сарын 4-ний өдөр автомашингүй өдрөөр бидэнтэй нэгдэж үр хүүхдээ өсгөх эрүүл орчны төлөө дуу хоолойгоо нэгтгэн алхахыг уриалж байна. 

"Тэрэгтэй парад" зохион байгуулж буй залуу эцэг эхчүүд энэ Нийслэлийн засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газар болон улс төрийн намуудад, нэр дэвшигч эмэгтэйчүүдэд хандан хүүхдэд ээлтэйгээр хотоо төлөвлөхийг уриалан бичиг явуулж байна.   


 

Өгүүллийг Баярцогтын Халиун

 
 
 
Зураг
10 | 6 | 4 цаг