Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өрөвдөлтэй МАХН

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Тоймчийн үг

90 жилийн түүхтэй   МАХН  “хувьсгалт” гэх нэрээсээ салах үед энэ намын олон мянган жирийн гишүүд эсэргүүцэж байлаа. Дарга нарын түвшинд шийдэгдсэн гэж болох энэ шийдвэр Монголын хамгийн ууган намыг хоёр хувааж, МАХН ба МАН хэмээгдэн нэг голын хоёр эрэг дээр гаргасан.

Тэр үед яг өнөөдрийнх шиг нэг намаас нөгөөд шилжих процесс үргэлжиж байлаа. Ч. Улаан, Д.Тэрбишдавга, С.Удвал,  Ц.Оюунбаатар  гээд тухайн үедээ нам дотроо улстөрч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн гишүүд нь “хувьсгалт” нэрээ хадгалан авсан шинэ намд ар араасаа цувран орсноороо итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч хэмээн үнэлэгдэж байсан билээ. Тэдний энэ сонголтод ард түмэн ч хүндэтгэлтэй хандсан. Зөвхөн удирдлагын түвшинд төдийгүй хөдөө орон нутаг, намын анхан шатанд ч шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж “хувьсгалт” нэрээ хадгалан авч үлдсэнээрээ МАХН шинэ нам хэдий ч хуучин намын зангарагтай өнөөдрийг хүрсэн нь үнэн билээ.  

Энэ зиндаад хүрэхэд намын нэрнээс гадна Н.Энхбаяр гэх хүний хувийн нэр хүнд, байр суурь, хандлага гол нөлөө үзүүлсэн. Түүнээс өөр хэн нэгнийг  МАХН-ын даргаар сонгосон бол өнөөдөр бусад жижиг намуудаас ялгарах зүйл байхгүй л байсан болов уу. МАХН гэх намыг Н.Энхбаяр гэдэг хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Н.Энхбаяр л намаасаа гарахгүй бол бусад нь гарсан ч МАХН МАХН хэвээрээ л үлдэнэ. Тэртусмаа улс төрийн намууд, улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгох их шүүлтүүртэй нүүр тулж буй энэ үед МАХН-ын гишүүдийг дотор нь хагалан бутаргаж, урвуулж шарвуулж, Н.Энхбаярыг хичнээн ганцаардуулаад ч “том” гэх намууд өөрсдийгөө  л муухай харагдуулж байгаа. Харин ч ядарсан нэгнээ түшдэг монгол зангаараа МАХН өрөвдөлтэй  байдалд орох тусмаа энэ намд, Н.Энхбаярт  итгэх итгэл нэмэгдэж жирийн гишүүд нь намаа, даргыгаа тойрч нэгдэн, хамгаалж буйг өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн үйл явцаас харж болохоор байна.

МАХН-аас урвасан урвалт бүрийнх нь төлөөсөнд МАН-ынхан нэг саналаа алдаж байж ч магадгүй. Тэртусмаа АН-ынхан үзэл баримтлал нэгтэй ардчиллаас эхтэй бусад жижиг намуудаа залгихыг нь залгиж, хуурахыг нь хуурч өөрсдөдөө нэгтгэж буй шиг МАН-ынхан гишүүдийг нь хичнээн урвуулаад ч МАХН гэх нам энэ удаагийн сонгуульд МАН, АН-ын хувьд аль алиных нь хувьд хүчтэй өрсөлдөгч хэвээр байх нь нэгэнт тодорхой болоод байна. 

Улс төрийн намуудын эцсийн зорилго бол сонгуульд оролцож ялах. Үүнийхээ тулд үзэл баримтлал нэгтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалт дор улс төрийн зорилгодоо хүрдэг. Үүний тулд л нам байгуулдаг гэж ойлгодог. Харамсалтай нь Монголд улс төрийн намуудын жишиг байх учиртай энэ зарчим хэн нэг лидер, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаар хэмжигдэн жижгэрснээр өнөөдөр дэмжигч гишүүдгүй атлаа цаасан дээр бүртгэлтэй, томдсон  малгайнаас өөр юу ч үгүй намууд олширсоор байгаа нь үнэн. Өнөөдөр УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэтэл тэдний дунд муу, сайн хэлэгдсэн ч МАХН шиг итгэл үнэмшилдээ үнэнч, намынхаа даргадаа үнэнч жирийн олон мянган гишүүн, дэмжигчтэй нь хэд байгаа билээ. Үүгээр нь үнэлбэл МАХН бол ганц Н.Энхбаяр гэдэг хүний биш олон түмний нам гэдгийг улс төрийн бусад хүчнүүд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

“Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг өнөөдрийг хүртэл Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрийн тавцангаас арчиж хаяхын төлөө эрх баригчид бүхий л арга чадлаараа зүтгэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хүнийг “булшилж” чадаагүй нь Н.Энхбаярыг хэр хүчирхэг улстөрч  болохыг  гишүүн дэмжигчдэд нь улам баталсаар буй. Эрх мэдлийг төвлөрүүлж байх үедээ “мангас” байсан мэтээр л ярьдаг. Ял хүртэл оноож, хорьж цагдсан. Гэвч улстөрчид удалгүй өөрсдөө л өршөөж уучилсан. Энэ нь улс орны төлөө биш улс төрийн  эрх ашигтай л холбоотой байсан нь үнэн билээ. 
Өнөөдөр Н.Энхбаяр ганцаардсан, МАХН өрөвдөлтэй мэт харагдавч цаад агуулгаараа АН, МАН-ын ганц айдас хэвээр байна. Тийм ч учраас АН, МАН өөрсдөө улс төрийн хүчний хувьд хэр сул дорой, өрөвдөлтэйгөө харуулсаар байгаа. 

Эрх мэдэл хэнд байна тэр хүн хэн нэгэн эсвэл хэсэг бүлгийнхний эрх ашиг, сонирхлоос ангид байдаггүйг одоогийн эрх баригчдын үг, үйлдлээс харж болно. Тавантолгойгоос эхлээд,  сонгуулийн тойргийн хуваалт, бонд зээлийн замбараагүй хуваарилалт, оффшор данс гээд  эрх баригчдыг тойрсон улстөрийн наймаа, тохиролцоо ил цагаандаа гарсан.

Цаашид энэ бүхэн  Н.Энхбаярын хэргээс ч илүү улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулсан асуудлыг ч дагуулж мэднэ. Тэр үед улс төрийн дараагийн үеийнхэн одоогийн эрх баригчдад хариуцлага тооцох нь тодорхой. Тиймээс цаашид Монголын улс төрийн тогтолцоог бүхэлд нь  өөрчлөхгүй бол эрх мэдэлдээ дулдуйдсан, бярдсан одоогийн улстөржилт Монголын улс төрд дуусашгүй өшөө авалтаас өөр зүйлийг авчирахгүй нь ээ.   Үндсэн хуульд төдийгүй Улс төрийн намуудын хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж буй.

Энэхүү өөрчлөлтөөр намаас нам дамжин эрх мэдэлд хүрдэг, УИХ-д сонгогдсон намаасаа өөр намд шилжсэн тохиолдолд УИХ-аас эгүүлэн татах, өөр намаас дахин нэр дэвших эрхийг нь хазаарлах зэрэг зарчмын хариуцлагатай болох цаг ирсэн. Монголын улс төрд, улс төрийн намуудад үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн, бодлого гэж байхгүй болсон. Хүчээр, эрх мэдлээр хүссэнээ хийж, санасандаа хүрэхийн төлөө л өөр хоорондоо төр засгийн эрх мэдлээр өрсөлдөж байна.

Одоогийн УИХ, эрх баригч намд зөвхөн хэн нэгний, хэсэг бүлгийнхний л эрх ашиг, эрх мэдэл үйлчилдэг болсоор удлаа. Хамгийн эмгэнэлтэй нь улс төрийн намын гол цөмийг бүрдүүлдэг жирийн гишүүдийн эрх ашиг, ард түмний эрх ашгийг намын даргын эрх ашгаар хэмжсээр, тодорхойлсоор байгаа нь зөвхөн МАХН-ыг биш, Монголын улс төрийг өрөвдөлтэй бас хямдхан харагдуулж байна.