Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тоохгүй өнгөрч болохгүй ЗИКА

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 20
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголчууд дахин тархсан улаанбурхныг хазаарлаж чадахгүй сандарч суух зуур дэлхий нийтийг цочроож буй Зика улам хүрээгээ тэлж, алгуурхнаар бидэнд дөхсөөр.

2007 оноос шумуулаар дамжин тархсан Зика вирус өдгөө дэлхийн 64 оронд бүртгэгдээд байна. 42 улсад л гэхэд анхны тохиолдлын жагсаалтад өнгөрсөн онд багтав. 2015 онд анх удаа тохиолдоод буй. 

Тэр дундаа Аргентин, Чили, Франц, Итали, Шинэ Зеланд, АНУ-д хүнээс хүнд халдварласан тохиолдол илэрсэн төдийгүй Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудад ч тархалт нэмэгдсээр байгааг ДЭМБ-аас анхааруулав.

Зика бэлгийн замаар дамжин халдварлаж буй нь аялал жуулчлал хөгжсөн орнуудыг түгшээж байна.

Сүүлийн үеийн мэдээллээр АНУ-ын 30 мужид шумуулаар дамжих халдвар илэрсэн тул цаг агаар хэт халахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлжээ.

Зика бэлгийн замаар дамжин халдварлаж буй нь аялал жуулчлал хөгжсөн орнуудыг түгшээж байна. Зарим улс аялал жуулчлалыг хязгаарлах болсноо ч дэлхий нийтэд мэдэгдэв.

Дөрөвдүгээр сарын эхээр Вьетнамд Зика вирусийн халдвар авсан анхны тохиолдол илэрсэн юм. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Нгуен Тхань Лонг хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна. Мексикт уг вирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 183, Испани 88, Кубад долоо болжээ. Зикагийн анхны голомтын бүс болоод буй Бразилд тархины гажигтай төрсөн хүүхдийн тоо 1,000 гаруй бүртгэгдээд байна.

ТАРХИНЫ ГАЖИГ ҮҮСГЭГЧ ЭРДЭМТДИЙГ СОРЬЖ БАЙНА

Зика вирус нь тархины дутуу хөгжилтэй хүүхэд төрөх нэг шалтгаан болж буйг АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах төвийнхөн албан ёсоор баталсан. Зикагийн учруулж буй хамгийн том аюул нь нярайн тархи жижгирэх эмгэг. “Уг вирус дэх микроцефали нь нярайн тархины гажиг үүсгэдэг болохыг бид нотоллоо” хэмээн АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах төвийн захирал Том Фреиден мэдэгдсэн.

Тус төвийнхний хийсэн судалгаа нь Зика вирусийн тархалтыг зогсоож, асуудлыг шийдвэрлэхэд эргэлт гаргана гэдэгт найдаж буйгаа мөн хэлсэн юм.

Уг вирус тархины гажиг үүсгэдэг гэдгийг баталсан ч дахин нарийн судлах зүйл их байгаа бөгөөд сэтгэцийн эмгэг үүсгэдэг, эсэхийг судалж эхэлж буйгаа дээрх төвийн эрдэмтэд “The New York Times’’-д ярьжээ.

Зикагийн учруулж буй хамгийн том аюул нь нярайн тархи жижгирэх эмгэг. 

Шумуулын хүн төрөлхтөнд учруулсан гамшгийг зайлуулахад ихээхэн цаг хугацаа орно гэж ДЭМБ үзэж буй аж. АНУ-ын эрдэмтдийн баталгаа, судалгаа нь тархалт өндөртэй орнуудын анхаарлыг татаад зогсохгүй эмчилгээний аргыг нээхэд тус болж магадгүй гэсэн горьдлого тээхэд хүргэсэн байна.

Ширэнгэн ойн өвчин мэтээр ойлгож байсан Зикагийн халдвар урд хөршид бүртгэгдсэн нь монголчуудын хувьд анхааруулах дохио болов. Гэвч манайхан өнөөдөр улаанбурхандаа дарлуулаад Зикаг анзаарах сөхөө алга. Эрүүл мэнд, спортын яамныхан “Юун Зика, улаанбурхнаа яадаг билээ гэж суухад” хэмээн ундууцав.

Дулааны улирал ойртож буй энэ үед Зикаг анхаарлын гадна үлдээж болохгүй. Нэг дэлхий, нэг ертөнц болчихоод байгаа даяаршлын энэ зуунд элдэв төрлийн халдварт өвчнөөс хол оршино гэдэг ойлголт бараг байхгүйг санах хэрэгтэй.

ХУМХАА, ДЕНГИЙН ЧИЧРЭГИЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДААГҮЙ ХИЛИЙНХЭНД ИТГЭХ АРГА АЛГА 

Өнгөрсөн сарын сүүлчээр Бүгд Найрамдах Конго улсад ажиллаад ирсэн монгол залуу хумхаагийн халдвараар нас барсан тохиолдол бий. Талийгаач Монголд гуравдугаар сарын 22-нд ирээд, 26-ны өдөр өндөр халуурч, толгой нь хүчтэй өвдөн, арьс, нүдний салст нь шарлаж, цэгэн хэлбэртэй цусархаг тууралт гарах, элэг дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрчээ.

Улмаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хумхаагаар өвчилсөн болох нь батлагдсан.

Шумуулаар дамжих денгийн чичрэгийн халдвар ч манайд бүртгэгдсэн тухай мэдээлэл байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудсанд мэдээлснээр АНУ-ын иргэн, 25 настай К нь Индонез улсад аялж яваад ирсэн аж. Тэрбээр халуурч,суулгаснаас гадна бие нь хөндүүрлэж, хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн ч шумуулд хазуулаагүй хэмээн ярьжээ.

Харин Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ийлдэс судлалын лабораторид хийсэн шинжилгээгээр денгийн чичрэгийн халдвар болох нь тогтоогдсон байна.

Гэвч эцсийн байдлаар баталгаажуулаагүй байгаа аж. Энэ сарын 25-нд давтан шинжилгээ хийж баталгаажуулна гэдгийг цахим хуудсан дахь мэдээлэлдээ дурджээ.

БНХАУ-д Зика бүртгэгдэнэ гэдэг Монголд орж ирсэнтэй ижил.

Энэ мэтээр халуун бүсийн хумхаа, денгийн чичрэгийн халдвар хүртэл бүртгэгдчихээд байхад шумуулаар дамжих халдвар гарахгүй гэсэн баталгаа байхгүй.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн Зика вирус тээгч шумуул манай оронд нутагшдаггүй хэмээн мэдэгдэж байгаа. Гэвч дамжуулагч нь ганц шумуул биш хүн гэдгийг санах хэрэгтэй. Хүнээс хүнд бэлгийн замаар тархаж байгаа нь цөөн хүн амтай манай орны хувьд том эрсдэл учруулах хангалттай шалтгаан биш гэж үү.

Сүүлийн жилүүдэд манай улсад бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол нэмэгдэж буй. Тэмбүү, ДОХ/ ХДХВ, трихомониаз, заг хүйтэн гээд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт эрүүл мэндийн салбарын жил бүрийн тайланд тогтмол өндөр үзүүлэлттэй бичигдэх болов. Одоо ч хэвээр. Эндээс бэлгийн замаар дамжих эрсдэл өндөр буй нь харагдаж байна.

БНХАУ-д Зика бүртгэгдэнэ гэдэг Монголд орж ирсэнтэй ижил. Учир нь урд хөрш рүү байнга зорчдог хөдөлгөөнт хүн ам гэж бий. Тэднээс гадна хилийн боомтуудаар биеэ үнэлдэг 500 эмэгтэй байдаг гэх судалгааг холбогдох байгууллагаас гаргасан нь бий. Тэднийг Зикад өртөх эрсдэлт бүлэгт тооцохоос аргагүй.

ЗИКАГААС СЭРГИЙЛЭХ НИЙГМИЙН СУРТАЛЧИЛГАА ДУТАГДАВ

Уг нь улс үндэстэн дамнасан халдварт өвчнөөс сэргийлэхэд тухайн орны Хил, хорио цээрийн хяналтын алба хамгийн сонор сэрэмжтэй ажиллах үүрэгтэй.

Гэвч тус байгууллагынхан хумхаа, денгийн чичрэгийн халдвартай иргэдийг нэвтрүүлчихсэн байхад Зика илрүүлж чадна гэсэн найдлага алга.

Ойрын үед АСЕМ хэмээх нүсэр чуулган болж, Монгол дэлхийн анхаарлын төвд байна. АСЕМ-ийн үеэр 23 орны 100 гаруй төлөөлөгч ирнэ. Тэдний хэн нэг нь Зика чирээд ирэхийг үгүйсгэхгүй. Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд “Зикагаас айх хэрэггүй” хэмээн хэнэг ч үгүй хэлж сууна.

Агаар дусал, амьсгалын замаар дамждаг халдвар л айдас болохоос Зика тийм ч сонин зүйл биш юм байх. Учир нь шумуулаар дамжих халдвар учраас эрсдэл багатай гэж үзсэн гэнэ. Зика бол Эбола шиг хүний бүх шингэн ялгадсаар халдварладаггүй болохоор бас ч гэж аюул багатай гэж тодотгосон.

Зарим иргэнд аюул багатай байж болох ч ээж болох хүмүүст хамгийн халтай гэдгийг мэдмээрсэн. Дэлхий нийтээр нярайн тархины гажиг үүсгэж байгааг анхааруулж, сэрэмжлүүлж, ДЭМБ хүртэл ноцтой гэж үзэж байхад манай холбогдох салбарынхан тоомжиргүй хандаж буй нь эмгэнэлтэй.

Халдварт өвчинд хил хязгаар байхгүй гэдгийг Эрүүл мэнд, спортын яамныханд сануулмаар байна. Уг нь Зикагийн халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөгөө явуулж байгаа гэх боловч өнөөдөр хүмүүст хүрч буй нь ховор. Ядаж л төмөр зам, нийтийн тээвэр, онгоц гээд хөдөлгөөнт хүн ам төвлөрдөг газруудад зурагт хуудас, чанга яригчаар дамжуулан олон нийтэд сэрэмжлүүлэх хэрэгтэй бус уу.

Онгоцонд бүх орны хэл дээр бичсэн анхааруулга тарааж болох юм. Мөн хөөрөх буух үед нь чанга яригчаар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөхөд илүүдэхгүй. Галт тэрэг, нийтийн тээвэрт ч ийм байдлаар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өдөрт 2-3 удаа явуулж байвал иргэдийн чихэнд хоногшиж, сонор сэрэмжтэй ханддаг болно.

Эрүүл мэндийн байгууллагын хэдхэн цахим хуудсанд тавьсан сэрэмжлүүлгийг тэр бүр анзаарч харна гэж үү. Олон дахин анхааруулж байж сая урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Эрүүл мэнд, спортын яамныхан бидэнд мөнгө байхгүй болохоор нийгмийн сурталчилгаа хийх боломжгүй гэж гомдоллодог.

Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг санах хэрэгтэй. Нийгмийн сурталчилгаанд зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Улсаас мөнгө зарцуулж чадахгүй бол төсөл хөтөлбөрөөс болтугай санхүүжүүлээд нийгэмд хандсан зөвлөгөө, сэрэмжлүүлэг, анхааруулгыг цаг алдалгүй хүргэх хэрэгтэй 

Зураг