Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Агшиж буй хөдөлмөрийн зах зээл

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 4 сарын 12
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хөдөлмөрийн зах зээлийн байдал энхэл донхол ихтэй байна. Энэ зах зээлийн төлөв ойрын хугацаанд тийм ч таатай байхгүй нь бололтой.

Иргэдийн орлогын өсөлт саарч байгаа нь өрхийн хэрэглээгээр дамжиж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт илүү хурдтай агшиж байгаатай холбоотой аж.

Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт удааширч буй нь эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж байгааг Монголбанкны бэлтгэсэн “Хөдөлмөрийн зах зээл” судалгаанд хөнджээ.

Дээрх байдал нь нэрлэсэн болон бодит цалингийн өсөлт буурахад хүргэж буйг уг судалгаанд мөн тэмдэглэсэн байна. Манай улсын хувьд хөдөө аж ахуйгаас бусад салбарт ажил эрхлэлт буурч, нийт ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байгаа юм. 

Эдийн засгийн салбаруудын өсөлт саарахын хэрээр тухайн салбарт цалин хөлстэй ажиллагсад болон ажил олгогчдын хөдөлмөрийн эрэлт буурч байгааг уг судалгаанд тэмдэглэжээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 60 хувь нь нийслэлд төвлөрч байна. 

Энэ онд эдийн засгийн өсөлтийг тэтгэх үйлдвэрлэл төдийлөн сэргэхгүй тохиолдолд хөдөлмөрийн эрэлт үргэлжлэн буурах төлөвтэйг ч анхааруулсан байна.

Судалгаанд тэмдэглэснээр ажиллах хүч аж үйлдвэр, үйлчилгээний салбараас хөдөө аж ахуйн салбарт шилжих болжээ. Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд улсын хэмжээнд 8.3 хувьд хүрсэн. Энэ нь сүүлийн таван жилийн дундаж түвшнээс давсан үзүүлэлт болж байна.

Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь ажил эрхэлж байна. Харин 700 орчим мянган хүн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна” хэмээн “Монгол Айдия” компанийн захирал М.Халиунбат илтгэлдээ дурдсан юм.

Өнөөдрийн байдлаар ажилгүйдлийн түвшин Улаанбаатар хотод хоёр дахин нэмэгдэж, есөн хувьд хүрээд байгаа. Энэ нь ажил эрхлэлт буурсаар буй боловсруулах болон үйлчилгээний салбарууд  ихэвчлэн Улаанбаатарт төвлөрсөнтэй нэг талаар холбоотой аж.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 60 хувь нь нийслэлд төвлөрч байна. Эдгээр ажил олгогчдын дийлэнх нь жижиг аж ахуйн нэгж бөгөөд эдийн засгийн өнөөгийн хүндрэлд хамгийн ихээр өртөж буй хэсэг юм. 

Канадын тоон судалгааны CIREQ төвийн гишүүн, хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр гардаг АНУ-ын “Journal of Labor Research” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн Д.Лхагвасүрэн “Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ уначихаад байгаа өнөө үед ажил эрхлэлт бүр ч чухлаар тавигдах ёстой.

Харамсалтай нь, бид ажил эрхлэлт, ажилгүйдлийн асуудлыг тулгатайхан бодож, ярьж, шийдэл олж чадахгүй явсаар цаг их алдаж байна” хэмээн өгүүлсэн удаатай.

Бүтээн байгуулалт шинээр өрнөх, урьд нь хэрэгжиж байсан төслүүд эрчимжих урин дулаан цаг ирж байгаа нь дээрх байдалд онцгой нөлөө үзүүлдэг.

Энэ оны эхний сард хөдөлмөрийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлт гэвэл шинээр ажилд орсон хүмүүсийн тоо 2015 оны мөн үетэй харьцуулахад 68 хувиар өссөн байна. 

Ингэснээр ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 40 хувиар буурсан гэсэн тооцооллыг эдийн засагч Д.Лхагвасүрэн хийжээ. Хөдөлмөрийн зах зээл сайжирч буй энэ шинж тэмдэг хоёр сарын турш тогтвортой үргэлжилж байгаа юм. Энэ чигээрээ хадгалагдах, эсэх нь эдийн засгийн нөхцөл байдлаас шууд шалтгаалах бололтой.

Бүтээн байгуулалт шинээр өрнөх, урьд нь хэрэгжиж байсан төслүүд эрчимжих урин дулаан цаг ирж байгаа нь дээрх байдалд онцгой нөлөө үзүүлдэг тал бий. Энэ үед улирлын чанартай зарим ажлын байр идэвхжиж, царцанги байсан эдийн засаг “гэсэж” эхэлдэг онцлогтой. Эдгээр нь хөдөлмөрийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Үүнээс гадна “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил оны хоёрдугаар хагаст эхэлбэл эхний ээлжинд 1,000 гаруй ажлын байр шинээр бий болохоор байгаа.

Гэхдээ эерэг нөлөөлөл нь сөрөг нөлөөллийг давж гарсан тохиолдолд дээрх байдал илүү нааштай болох юм.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлснээр өнгөрсөн сард 1,845 иргэн орон тооны цомхотголд орж, 767 иргэн байгууллага нь татан буугдсаны улмаас ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ.

Эдгээр болон бусад шалтгааны сөрөг нөлөөгөөр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс зургаан хувиар нэмэгдэж, 35.4 мянгад хүрээд байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй иргэдээс 4,223 иргэн өнгөрсөн сард ажилд оржээ.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас улбаалж “Ажилд урьж байна”, “Ажилд сонгон шалгаруулж авна” гэсэн гарчигтай зар өдөр тутмын сонинуудад харагдах нь эрс цөөрсөн байгааг та ч бас анзаарсан байх.

Цаашид бүр ч нүдний гэм болж мэднэ. Учир нь зардлаа бууруулах, бүсээ чангалах, бүтцээ багасгах, төсвөө танах талаар төр, хувийн хэвшлийн бүхий л түвшинд ярьж, хэлэлцэх нь ихсэж буй билээ.

Зураг