Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бүртгэгдээгүй 1,072 хувьцааны ногдол “ашгийг” цаашдаа компани байтугай төсөв дийлэхгүй

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

-Тоймчийн үг-

Default буюу Тавантолгой санхүүгийн тайлан юу өгүүлэв

Олон улсын зах зээлд IPO хийсэн үндэсний ганц компани нь default  зарлачихаад байхад баяртай нь аргагүй “Тавантолгойгоо бид аварсан” хэмээн өөрийгөө сурталчилж буй УИХ-ын даргыг хараад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй.

Улсынхаа хөгжлийг гацааж, эдийн засгаа хасах руу хөмрүүлж, ард түмнээ ямар хэцүү байдалд амьдралаа залгуулж байгааг энэ хүн мэдэхийг ч, ойлгохыг ч үл хүсэж буй бололтой. Дэлхийн нүүрсний зах зээлд Монголын нүүрийг тахалж буй үндэсний ганц компани нь ядарч явахад баярлан бахдах ямар учир З.Энхболд болон зарим нэгэн улстөрчдөд байна вэ?

Default-ыг дагаад төсөвт төлж байсан 760 тэрбумын татварын урсгал тасрахаас эхлээд зөвхөн компани биш улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх биш үү. Энэ компанид ажиллаж, өрх гэрээ тэжээж байсан 200 гаруй хүн ажилгүй боллоо. Энэ компанийн хүчээр өнөөдрийг хүртэл  өмнийн говьд хот байгуулж болохын бодит үлгэр дууриалал болсон Цогтцэций суманд бүтээн байгуулсан хот, тэнд ажиллаж, амьдарч, суурьшсан иргэдийн цаашдын хувь заяа хэрхэх вэ?

Энэ мэт улстөрчдийн хийж чадаагүй, шийдэж чадаагүй үндэсний олон бүтээн байгуулалтууд эзэнгүйдэн сүйрч болзошгүй нь бүрэн эрх нь  дуусч байгаа  УИХ-ын дарга, гишүүдэд хамаагүй юм гэж үү? Явах хүнд ачаа бүү татуул гэж үнэн үг ажээ. 

“Тавантолгой бол ард түмний өмч” хэмээн сүүлийн 10 жил ард түмнийг хөөргөж, хувь эзэмшилтэй болгосон. 

“Тавантолгой бол ард түмний өмч” хэмээн сүүлийн 10 жил ард түмнийг хөөргөж, хувь эзэмшилтэй болгосон. Гэтэл тэр 1,072 хувьцаанаас монголчууд юутай үлдэв?.

“Эрдэнэс тавантолгой” гэх улстөрчдийн саалийн үнээ болсон төрийн мэдлийн хувьцаат компанийг байгуулан, улс төр, бизнесийн бүлэглэлийнхний шуналыг хөдөлгөсөн мөнгөний “уурхайг” байгуулснаас өөрөөр юу хийв? “Төр бол муу менежер” гэдгийн яруу алдарт жишээ болсон энэ компани байгуулагдсанаасаа хойш мөнгө биш, өр л үйлдвэрлэснийг 2015 оны Санхүүгийн тайлангаас нь харж болохоор байна.

Татвар төлөгч бидний хумсаа хуйхлан байж төлсөн  татвараас төр 300 сая төгрөгийн хөрөнгө оруулж төрийн мэдлийн энэ компаниа байгуулсан. Нүүрс үнэтэй, эрэлттэй байх үед ард түмний, компанийн баялгийг барьцаалан 250 сая ам.долларын өр тавьж, үйл ажиллагаа нь ч эхлээгүй компанийн хувьцаанаас  “ногдол ашиг” тарааснаар  өрийн үүдийг нь нээсэн. Үүнээс хойш “Эрдэнэс Тавантолгой” компани өр, зээлийнхээ дарамтаас гарч чадахгүй байсаар эдүгээ 134 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. 

Хувьцаат компани байгуулсан атлаа төсвийн мөнгөөр, өр зээлээр “ногдол ашиг” урьдчилж тараадаг эрх зүйн үндэслэл, зах зээлийн зарчим гэж Монголоос өөр аль ч улсад байхгүй. Энэ бол жинхэнэ популизм, улс төрийн хийрхэл байсан. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн эрх мэдлийг ашигланшийдсэн “ногдол ашгийн” хууль  бус хуваарилалтын хариуцлагыг хүлээх эзэн алга. 

Монголдоо хамгийн сайн менежменттэй, олон улсын хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй компани бүсээ чангалж, гүрийж зүтгэсээр өнөөдөр өрийн default зарлалаа. Гэхдээ хөрөнгө оруулагчид, банкуудтайгаа яриа хэлцэл хийж тохиролцоонд хүрч буй гэсэн мэдээлэл байна.Гэтэл  хамгийн муу менежменттэй, улстөрийн асар их дарамт, ашиг сонирхол дунд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс тавантолгой” компанийн байдал ямар байна вэ? 

ММС яах вэ хувийн компани,бүх эрсдэлээ өөрсдөө үүрнэ, төрөөс хол юмгэж бодьё. Харин ард түмний хувьцаат, төрийн 100 хувийн мэдлийн “Эрдэнэс тавантолгой” ХК –ийн байдал хүндэрвэл, тавлаад байгаа ММС-ийн араас орвол хэн хохирох вэ?ММС-ийн менежментийн баг шиг ажиллаж чадах чадвар эзэмшсэн үү?

“Эрдэнэс тавантолгой”-н Санхүүгийн тайлангаас харвал Монголын гурван сая иргэнд эзэмшүүлсэн гэх гурван тэрбум ширхэг хувьцаа буюу гурван их наяд төгрөгийн бүртгэл санхүүгийн бүртгэлд нь огт тусгагдаагүй аж. Харин хуримтлалын ашиг хэмээн – 134 тэрбум төгрөг бичигдсэн нь та бидний эзэмшдэг гэх 1,072 хувьцаа буюу нэг сая төгрөг хасах нэг сая төгрөг болсныг энэхүү тайлангаас харж болохоор байна.

Санхүү бүртгэлийн олон улсын стандартаар хувьцаат компанийн хувьцааны талаарх мэдээлэл  ашигтай, алдагдалтай ажилласнаас үл хамааран санхүүгийн тайланд бүртгэгдэж энгийн хувьцаа эзэмшигчдийн авах ногдол ашиг, алдагдал  нь тооцоотой, тодорхой байх  учиртай. Энгийн хувьцаа эзэмшигчид тухайн компанийг ашигтай ажилласан тохиолдолд л ногдол ашиг хүртдэг.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гаргасан тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлыг Няглан бодох бүртгэлийн тухай” хуулийн 17.1 дэх заалтын дагуу  үнэн зөв, бүрэн тусгасныг баталсан дарга, нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий уг тайланд хуримтлалын ашиг нь хасах үзүүлэлтэй гарчээ.

 
 

Өөрөөр хэлбэл огт ашиггүй бизнесийн үйл ажиллагаа явуулжээ. Цаашид ч сайжрах төлөв зах зэлийн байдлыг нь харсан ч, үйл ажиллагааны түүхийг мэдэхийн хувьд огт ажиглагдахгүй, итгэл төрөхөөргүй байна. Энэ хэвээр үйл ажиллагаа явуулбал ард түмэн 1,072 байтугай нэг сая хувьцаа эзэмшээд ч сохор зоосны ашиг авахгүйг харж болохоор байна.

Бизнесийн үйл ажиллагааны явцад олсон ашгийг хуримтлал ашиг хэмээн тооцдог. Гэтэл төрийн мэдэлд 100 хувь байгаа энэ компани бизнесийн үйл ажиллагаабиш , дампууруулах үйл ажиллагаа явуулж байна бус уу. 

“Эрдэнэс тавантолгой” компанийг ашиггүй ажиллаж байгааг иргэн бүр гадарлаж байсан. 200 гаруйхан хүнийхээ цалинг тавьж чадахгүйд хүрснээс ажилтан нь  өөрийгөө шатааснаас эхлээд манай улстөрчдийн хувийн ашиг сонирхол, улстөрийн зорилгоор тавьсан өр зээл нь өдрөөс өдөрт нэмэгдэж, өндийж сэхэж чадахгүй байгаа зэрэг олон шалтгаан нөхцөл бий. Үүнд ард түмэн  хүлээцтэй тэвчээртэй хандсаар ирсэн. Гэхдээ арай ч өнөөдрийнх шиг   хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр алдагдалтай  ажиллаж буй гэж төсөөлөө ч үгүй билээ. 

“Чалько”-д төлөх 110 сая ам.долларын өр тус компанийн санхүүг хүндрүүлж байгаа талаар үе үеийн захирлууд нь ярьж, улстөрчид нь өлгөж аван улстөржсөөр олон жилийн нүүр үзлээ. Өнгөрсөн оны байдлаар энэ өрийн үлдэгдэл хүүтэйгээ нийлээд 150 сая ам.доллар гэсэн мэдээлэл байсан. Гэтэл тайлангаас харахад урт хугацаат зээл, урт, богино  хугацааны өр төлбөрийн дүн, бусад урт хугацаат зээлийн дүн буурах нь байтугай нэмэгдсээр өр төлбөрийн нийт дүн 898 тэрбум 326 сая төгрөгт хүрсэннь  төрийн мэдлийн компанийн хувьд хэрээс хэтэрчээ. 

Төр бизнесийн зарчмаар нь энэ компанийг удирдаж бие даасан үйл ажиллагааг нь хангах ёстой. Ийм боломж бололцоог нь эрх зүйн хүрээнд шийдэх ёстой. Гэтэл хувьцаанаас эхлээд бараг бүх үйл ажиллагаанд нь улс төрийн оролцоо хэтэрснээс “Эрдэнэс тавантолгой” компани зах зээлийн өрсөлдөөнд хүссэн ч үл хүссэн ч цагаан тугаа өргөхөөс аргагүй байдалд хүрсэн бололтой.

Гурван сая иргэнийэзэмшиж буй хувьцааг сая төгрөгөөр нь тооцвол нийт  гурван их наяд төгрөгөөр  үнэлэгдэж буй. Гэтэл энэ үнэлгээний бодит байдал  хаана байна?

Төр бизнесийн зарчмаар нь энэ компанийг удирдаж бие даасан үйл ажиллагааг нь хангах ёстой.

Санхүүгийнх нь тайлангаас харвал Өр төлбөр болон Эздийн өмчийн дүн нь өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 764 тэрбум 190 сая төгрөг гэжээ. Ийм хөрөнгөтэй компанид иргэд гурван их наяд төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэвэл монголчууд биднээс өөр итгэх хүн байхгүй л болов уу?

Зах зээл тэртусмаа нүүрсний зах зээл сүүлийн хоёр жилд эрсхүндэрч, хумигдсаар байгаа. Ийм үед Монголын  ММС, “Эрдэнэс Тавантолгой” байтугай дэлхийн нүүрсний гигант Пибодигаас эхлээд олон олон компани дампуурлын ирмэгт тулсныг гадаадын хэвлэлүүд зарлаж буй. Ийм хэцүү байхад  цаашид ард түмний хувьцаат ганц компаниааварч үлдэхийн тулд эрх баригчид төдийгүй ард түмэн нэг зорилго дор  нэгдэн нийлж,  дэмжиж тулах цаг ирлээ. 

Гадаадын хэвлэлүүд болон олон улсын хөрөнгийн биржийн мэдээллүүдээс харахад хувьцаат компаниудын ханш чөлөөт уналтаар унаж байна. Ийм үед эрх баригчид 1,072 хувьцааны үлгэрээ ярьсаар, сайхан амлалтуудаа үргэлжлүүлсээр байх нь үнэнд нийцэхгүй байна. Энэ хувьцаанаас ногдол ашиг хүртэх нь байтугай дахиад өр зээл тавьж, өрнөөс өрний хооронд ажиллах нь бараг тодорхой болчихоод байна. Ийм компанийг төр цаашид хүчээр мөлхүүлж, алдагдлыг нь нэмэгдүүлсээр байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу?!

“Эрдэнэс тавантолгой” компани ийм болчихоод байгаад төр барьж байгаа эрхмүүд тэр тусмаа УИХ-ын дарга болон зарим улстөрчид бас баярлаж байгаа ч юм бил үү. 

Одоо бодит байдлыг үнэлж, ард түмний 1,072 хувьцаа байхгүй болсон бодит үнэнийг зарлах цаг болжээ, эрх баригчид аа. Энэ жилийн УИХ-ын сонгуульд Тавантолгойтой холбоотой эдийн засгийн бус дахин ийм бодлого, амлалт гаргаж ирж эдийн засгаа, иргэдээ бүү тамлаарай даа. Сонгуулийн циклээр ард түмнээ хуурч, улс төрийн зорилгоор бизнесийн салбараа золиосолсоор байтал улс орон дампуурах нь.

Ганц нэг компанийг эс тооцвол Монголын нийт экспортын 40 хувийг бүрдүүлж байсан нүүрсний экспорт бүрэн зогслоо. Ийм байхад ард түмэн “Эрдэнэс тавантолгой” компанид хэдэн мянга, сая хувьцаа эзэмшээд ч ажил, амьдралд нь нэмэр болох нь байтугай хэдэн тэрбум төгрөгийн алдагдал нь ард түмний нуруун дээр дааж давшгүй ачаа болон бууж жилээс жилд хүндэрсээр байна. Тавантолгойн IPO –г олон улсад гаргах үлгэрээ ойрын хэдэн жилдээ яриад ч хэрэггүй. Итгэх ч хүнгүй болсон. Тэгээд ч ард түмэнд хуваарилсан гэх “1,072 хувьцаа”-г өнөөдөр компани байтугай , төсөв ч тэсэж, дийлэхгүй болсныг зах зээл, цаг хугацаа баталсаар байна.