Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Аминд халтай ЗОЛБИН НОХОД

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

-"Зомби" болсон золбин нохдыг унтуулах хэрэгтэй-

Тавхан настай бяцхан хүүгийн амийг хажуу айлынх нь зодоонч нохой авч одсон аймшигт хэрэг гарсны дараа олон жил бүгшсэн золбин нохойныхоо асуудалд хотын удирдлагууд сая нэг анхаарал хандуулав. Улаанбаатар хотын гудамжийг золбин муур, ноход “чимэх” болоод олон жилийн нүүр үзэж буй.

Тэр тусмаа сүүлийн үед гэр хороолол битгий хэл хотын төвд яваа иргэдийг айлгаж ичээх нь олонтоо сонстож, золбин нохдын “ааш аяг” хэрээс хэтрээд байсан билээ. Нэг хэсэг буудан хороох арга хэмжээ авсан ч мэргэжлийн бус хүмүүс ажилласнаас нохой бус, хүн хүртэл оносноос уг ажил тэгсхийгээд намжсан.

Харин эцэстээ золбин бус гэрийн тэжээвэр нохой хүүхдийн аминд хүрснээр энэ асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатай болсныг харууллаа.

Улаанбаатар хотын гудамжинд өнөөдрийн байдлаар эзэнгүй 70-80 орчим мянган золбин нохой байгааг албаныхан хэлж байна. Ийнхүү тоо толгой нь эрс олширч байгаа нь устгал дорвитой хийхгүй байгаагаас гадна нохойн үржлийн мөчлөгт өөрчлөлт орсонтой холбоотой аж. Тодруулбал, нохдын ороо жилд 1-2 удаа ордог байсан бол өдгөө замбараагаа алдаж, хэзээ, хэдэн удаа орж байгаа нь ч мэдэгдэхээ больжээ. Нэг гөлөглөхдөө 1-2-оор тогтчихгүй. Бүр 10-20 гөлөг гарган үржиж байгаа нь асуудлыг бүр ч даамжруулж буй юм.

Өнгөрсөн хугацаанд нохой, муур устгалын ажлыг тухайн дүүргийн Засаг дарга нар хариуцаж явуулдаг байсан бол одоо “Улаанбаатар нэгтгэл” энэ ажлыг гардан авчээ. Тус нэгтгэлд гэрээт 11 анчин ажилладаг. Өдөрт 26 нохой, муур устгадаг байна.

Гэсэн ч нийслэлийн хаа сайгүй тэнүүчлэн явах нохдыг устгаад ч барахгүй байгааг Лхагва гарагт болсон нийслэл болон дүүргүүдийн Засаг даргын уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал хэлсэн.

Золбин ноход нийслэлийн иргэдэд халтай болж буйг цагдаагийн байгууллагад ирэх дуудлага олширсноос харж болно.

Золбин ноход нийслэлийн иргэдэд халтай болж буйг цагдаагийн байгууллагад ирэх дуудлага олширсноос харж болно. Тухайлбал, 2015 онд 251, он гарсаар 23 иргэн нохойд хазуулсан хэмээн бүртгэгдсэн байна. “Өдрийн цагаар аль болох нохой багатай гудамжаар тойрч явдаг. Золбин гэхээсээ илүү хашааны банхрууд их омогтой.

Хүн явахыг андахгүй. Хашааныхаа завсраар хошуугаа гаргаж хуцаад, хазчих дөхнө. Юмыг яаж мэдэх вэ гээд гартаа чулуу сэлт барина. Харин шөнө бол үнэхээр хэцүү. Хүүхдүүдийн хичээл гурван ээлжээр орж байгаа болохоор өвөл бүрэнхийд тардаг. Хааяа биднийг ажилтай үед ганцаараа гүйгээд ирчихдэг юм. Саяхан нэг хүүхэд нохойд уруулж, амиа алдсан зүрх зүсэм хэрэг гарсныг дуулаад хүүхдээ тосдог болсон” хэмээн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Нямхорол ярьж байна.

Хуулиараа бол золбин нохойнд хүн хазуулж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд тухайн нохойн явж байсан дүүрэг, хорооны Засаг дарга хариуцлага хүлээх учиртай. Мөн Эрүүгийн хуулийн 201.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага алдсан этгээд буюу тухайн нохойны эзэнд тав хүртэлх жилийн ял оногдуулдаг. Тиймээс хүүхэд, хөгшид рүү дайрдаг, айлгадаг золбин болон тэжээвэр нохдыг яаралтай анхааралдаа авахыг иргэд хүсэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Дүүргүүд нохой устгалын ажлыг хариуцаж байгаа боловч мөнгө нь орж ирдэггүй учир ажил хийхэд хүндрэл гарсаар байна. Тухайлбал, 2015 он болон энэ он гарсаар нохой устгалын нэг ч төгрөг орж ирээгүй. Уг нь нэг нохой устгахад 7,500 төгрөг төсөвлөдөг. Гэвч зөвхөн бууны сум нь л 5,000 төгрөгийн үнэтэй тул ачиж тээвэрлэхээс өгсүүлээд зардал нь хүрдэггүй. Тиймээс хүмүүс ч ийм ажил хийх дургүй байдаг” гэлээ.

Харин Засаг дарга нарын уулзалтын үеэр энэ мөнгийг 12,000 төгрөг болгон нэмэхээр ярилцаж, ИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Хэдийгээр нэмж байгаа ч энэ мөнгө бас л хангалтгүй гэдгийг Засаг дарга нар хэлж байв. Энэ бол мэдээж зөвхөн манай улсад тулгардаг асуудал биш ч бусад улс орны шийдлээс санаа авах зүйл олон аж. АНУ-д л гэхэд золбин нохой барьдаг тусгай хүмүүс иргэдийн дуудлагаар ирж, торон дотор хоол, хүнс тавьж, уургалах зэргээр нохойг авч явдаг. Барьсан нохдоо эрүүл мэндийн үзлэгт хамруулж, вакцин хийгээд чип суулгаж бүртгүүлдэг байна.

Энэ талаар Чикаго хотын Иллинойс мужийн “Paws” нохой хоргодох байранд сайн дурын ажилтан байсан Б.Тэмүүлэн “Хүмүүс тоохгүй, эсвэл зан араншин муутай нохойг унтуулах тариа хийж устгадаг. АНУ-д байдаг нохой хоргодох байрны ихэнх санхүүжилтийг хандиваар бүрдүүлдэг. Амьтанд хайртай хүмүүс эдгээр нохдыг хооллох, асрах зардлыг гаргадаг гэсэн үг” хэмээн ярьсан юм.

Ямартай ч энэ асуудалд хотын удирдлагууд анхаарал хандуулж эхэлсэн болохоор гудамж талбайдаа нохойноос айж ичих зовлонгүй алхах цаг удахгүй ирнэ гэдэгт найдахаас яах билээ. Иргэд ч үүнийг хамгийн ихээр хүсэж байгаагаа ярьсан юм. 

Нохой муур устгах зардлыг нэмэхээр боллоо

Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадралаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нохой устгалын зардал хүрдэггүйгээс ажил урагшлахгүй байна гэж дүүргийн Засаг дарга нар хэлж байна. Нэг нохой устгах зардал хэдэн төгрөг байдаг вэ?

-Хоёр жилийн өмнө нохой устгалын жишиг үнийг нийслэлийн ИТХ-аас 7,500 төгрөг байхаар тогтоосон. Харин өнөөгийн нөхцөлд энэ мөнгө золбин нохой, муур устгахад хүрэлцэхгүй байгаа тул үнэ нэмэх шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга нар хэлж байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээтэй 11 анчин байдаг. Тэд өдөрт 26 нохой, муур устгадаг. Устгалын ажлыг эрчимтэй явуулах үүднээс зардлыг 12,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр боллоо.

-2013 онд нохой буудах гэж байгаад айлын хаалга буудсан ноцтой хэрэг гарч байсан. Нохой устгах арга техник ямар болсон бэ?

-Гудамжинд шууд нохойг буудаж устгадаг үйл ажиллагаа нь тийм ч оновчтой биш. Тиймээс иргэдээс золбин нохой, муурыг худалдаж авдаг болсон. Мөн Улаанбаатар нэгтгэлээс баг гарч, нохойг уургалж бариад портерт ачин Баянзүрх дүүрэгт байрлах тусгай зориулалтын хашаанд аваачиж байгаа. Гэхдээ энэ хашаандаа нохдыг буудахгүй. Орчин үеийн унтуулах арга барилд шилжсэн.

Нэг асуулт

-Танай гэрийн ойролцоо золбин нохой, муур хэр их байна вэ. Өглөө, орой явахдаа биеэ хэрхэн хамгаалдаг вэ?

Г.Оюунжаргал

(Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн)

-Манай гэр 32 -ын тойргийн орчимд байдаг. Тэр хавиар золбин нохой ихтэй. Шөнө ажлаа тараад гэртээ харих замд урд, хойноос ноход дайрдаг.

Энэ тохиолдолд гартаа чулуу, мод гээд аль тааралдсанаа атгаад явдаг. Аль болох хашаа дагахгүй явахыг хичээдэг. Тэгэхгүй бол хашааны завсраар айлын нохой гэнэт гарч ирээд хуцаж, айлгадаг.

О.Өлзийсүрэн

(Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн)

-Манайх Дарь-Эхийн дунд буудалд байдаг. Золбин ноход маш их. Бага насны хүүхэдтэй болохоор тэднийгээ нохойд хазуулчих вий гэж айх юм. Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байгаа тул оройтож тардаг.

Нохойнууд сэмхэн араас явж байснаа л гэнэт дайрдаг. 

Нохойнууд сэмхэн араас явж байснаа л гэнэт дайрдаг. Тийм болохоор гэрээсээ орж, гарахдаа гартаа саваа мод, чулуу барьж явна. Саяхан таван настай хүү нохойнд бариулаад амиа алдсан гэж дуулсан. Тиймээс золбин нохдыг устгах арга хэмжээ авах шаардлагатай байна. Тэр дундаа ороо нь орсон үеэр сүргээрээ явж харагддаг. Ийм үедээ хүн рүү дайрдаг шүү дээ. Жил ирэх бүр л манай гэрийн ойролцоох золбин нохой өсөх боллоо.

Б.Ганзориг

(Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн)

-Манай гэр 1 дүгээр хороололд байдаг. Нохой гэхээсээ илүүтэй муурууд манай хороололд маш их байх боллоо. Тэр хавьд золбин нохой үзэгдэх нь харьцангуй бага. Харин орцны хонгилд золбин муурууд үүрлэж байна. Муур шар өвчин тараахаас өгсүүлээд сөрөг тал ихтэй. Тиймээс нохойноос гадна муур устгах ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Нохой бол идэж, ууж болох буюу аль хог ихтэй газар ихэвчлэн явж харагддаг. Тэр газар нь мэдээж захын гэр хорооллууд. Харин муурын тухайд ихэвчлэн орон сууцны хонгилд хоргодож байгаа юм. Үүнийг устгалынхан тэр бүр анзаардаггүй болоод тэр үү сүүлийн үед золбин муур ихсэх боллоо.

Зураг