Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бороо айсуй, завиа бэлдээрэй

Г.Баярсайхан, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 23
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

-Өндөр зэрэглэлийн зочид төлөөлөгчдөө усан дундуур туучуулаад байх уу-

Манай улс энэ зун АСЕМ хэмээх дэлхийн хэмжээний том арга хэмжээ зохион байгуулна. Бэлтгэл ажлыг нь хангах гээд хэрэндээ л хичээж байна. Улаанбаатарыг муухай харагдуулдаг агаарын бохирдол зуны дэлгэр цагт арилж, хөх тэнгэр цэлмэж байдаг нь аз юм даа. Тийм бишсэн бол зочдын өмнө эвгүй байдалд орохгүй юу. Гэхдээ нийслэлийн тулгамдсан асуудал нэгээр дуусахгүй.

Хавар болж, цаг зөөлрөхтэй зэрэгцээд цас хайлж, шар усны үеэр захын хорооллын гэр хорооллын айлуудыг сандаргана. Тэгээд зун нь бороо орохоор хот тэр чигтээ усанд автаж, иргэдийг зутраадаг болсоор удаж байна. Монгол Улс далайд гарцтай боллоо хэмээн цахимаар шоглон бичиж, гутлаа усанд норгохгүйн тулд хашааны ирмэг түшин дэнжигнэж яваа бүсгүйн зураг фэйсбүүкт “од” болов.

АСЕМ-ийн үеэр тэнгэр хангай ямар ааштай байхыг тааж хэлэхэд бэрх. Үргэлжилсэн их бороо орж, хот усанд автчихвал яах вэ. Өндөр зэрэглэлийн зочид төлөөлөгчдөө усан дундуур туучуулаад байх уу. Тэдэнд зориулж бэлдсэн ганган машин нь ус үсчүүлэн давхиад байвал хэнд ч эвгүй сэтгэгдэл төрүүлэх болно.

Ер нь нийслэлийн иргэд бид хэдий болтол усан дундуур уртын харайлт хийж, гутал хувцсаа бохирдуулах вэ. Нийслэлийн удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж байна уу, шийдвэрлэх ямар арга зам эрэлхийлж байна вэ гэдгийг тодруулахаар бид холбогдох ажилтнуудтай уулзлаа.

Хотын борооны усны шугам сүлжээ 40-50 жилийн настай, нийслэл 700 мянган хүнтэй байх үеийн төлөвлөлтөөр явсаар өдийг хүрчээ. Хотын баруун хэсэгт, тодруулбал Хархорин захын хажууханд хөрсний ус доошлуулах насос станц гэж бий. Гадаргын бүх ус шугам дамжин урссаар энд төвлөрдөг юм байна.

Улмаар тэнд цугласан их усыг Туул гол руу цутгана. Гэвч хотын ногоон байгууламж багасч, борооны ус газарт шингэлгүй цааш урсах нь нэмэгдэхийн хэрээр өнөөх ганц насос ачааллаа дийлэхээ больжээ.

“Нийслэл хот борооны усны нэг том төв шугамтай. Бороо орохоор хотын бүх ус төв шугам руугаа цутгадаг. Энэ бүхнийг цааш шахаж гаргахад 30 минутаас нэг цаг болдог. Тиймээс төв коллектор шугам нэмж хийх шаардлагатай гэж үзээд зүүн, төв гэсэн хоёр том магистрал шугамын зураг төсөл хийгдэж байна.

Энэ хоёрыг хийчихвэл асуудал цэгцэрнэ. Одоогоор ажил зураг төслийн шатандаа явж байна. Хэрэв тодотголоос өмнө зургийн ажил дуусч, төсөв мөнгө нь тодорхой болчихвол энэ жилдээ эхлэх боломжтой. Нийтдээ 30-аад км шугам шинээр барих юм” Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Балдандорж ярив.

Түүний тайлбарласнаас үзвэл дээрх хоёр магистрал шугамыг барьчихвал борооны ус хаа сайгүй тогтдог байдал арилах нь. Гэхдээ зургийн ажил нь хэзээ дуусч, хэр их мөнгөөр хэдий хугацаанд барих нь тодорхойгүй хэвээр.

“Төв шугамын зураг төслийг “Усны эрчим” ХХК боловсруулахаар өнгөрсөн оны аравдугаар сард гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хоёрдугаар сарын 20-ны дотор хүлээлгэн өгөх ёстой.Гэвч одоогоор бэлэн болоогүй л байна. Техникийн нөхцөлийг гаргахад гол бэрхшээл учирч байгаа юм билээ. Зураг нь гараагүй болохоор барилгын ажлын төсөв тодорхойгүй байна. Хөрөнгө тавигдсаны дараа гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах ёстой. Энэ ажилд нийслэл нэлээд анхаарал тавьж, ач холбогдол өгч байгаа” хэмээн нийслэлийн Авто замын газрын Төлөвлөлт, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбагана тайлбарласан.

Харин зургийн ажил яагаад саатаад байгааг тодруулахаар тус компанийн ерөнхий инженер Д.Өлзийсайхантай холбогдоход “Ажил бага зэрэг удаашралтай байгаа. Олон газрын шугам сүлжээг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ёстой. Ямар ч байсан ойрын хоёр сардаа дуусчих байх аа. Харин магистрал шугамыг хэдэн төгрөгийн өртгөөр барихыг одоохондоо хэлэх боломжгүй” гэсэн юм.

Нийслэлд 2012 оноос хойш баригдсан зам бүр борооны ус зайлуулах шугамтай.

Нийслэлд 2012 оноос хойш баригдсан зам бүр борооны ус зайлуулах шугамтай. Харин үүнээс өмнө төсөв мөнгөний хүрэлцээ муу гэсэн шалтгааны улмаас шугам хоолойн ажлыг хасах нь түгээмэл байв.

Мөн байшин барихад дээврийн ус нь заавал үндсэн системтэй холбогдох байдлаар хийх ёстой гэсэн дүрэм бий. Гэвч түүнийг нь баримталдаг газар бараг л байхгүй. Энэ мэт байдал хотыг усан далайд автуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа. АСЕМ-ийн үеэр зочид явах маршрутын 13 гудамж бий. 

Эдгээр гудамжинд мэргэжлийн хүмүүс судалгаа хийж, борооны ус яаж шингэж байна, зам талбайг засаж шинэчлэх ёстой юу, юун дээр анхаарах вэ гэдгийг тодорхойлох юм байна. Үүний үндсэн дээр ямар ажлыг хэдий хэр хөрөнгөөр хийхээ шийднэ. Товчхондоо, дээрх 13 “азтай” гудамж АСЕМ-ийн ачаар асуудлаа шийдвэрлүүлж, өнгө засах нь.

Харин бусад нь ойрын хоёр жилдээ бахь байдгаараа арзайж, усан зам татуулсаар байх бололтой. Төв шугамын зураг төслөө боловсруулж, ИТХ-аар хөрөнгө мөнгөө батлуулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж, барилгын ажлаа хийсээр байтал дор хаяж хоёр жил шаардагдана гэж үзсэний үндсэн дээр ийн бичлээ. Тиймээс нийслэлчүүд энэ жил болоод хойтон зун урьдын адил усан дундуур туучсан хэвээр байх нь.

Хотын захын алслагдсан дүүргүүдэд үерийн далангийн хүрэлцээ муу байдаг нь зам усанд автах өөр нэг шалтгаан болдог. Гэвч одоо байгаа далангуудаа сайжруулах, шинийг барих ажил тун ч хангалтгүй байна. Хот энэ ажилд жилд бүр 7-8 тэрбум төгрөг төсөвлөдөг ч тэр нь хүрэлцдэггүй болохыг мэргэжилтнүүд хэлж байв.

Судалгаанаас харахад хотын үерийн далан, сувгийн насжилт 78.3 хувьтай гарсан байна. Ерөнхийдөө ашиглалтын хугацаа дуусч байна гэсэн үг. Одоогоор 15 байршилд далангийн засвар, шинэчлэлийн ажил хийх ерөнхий зураг гараад буй. Ер нь 2020 он хүртэл үерийн далан, хамгаалалт барьж, шинэчлэхэд 380 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог холбогдох албаныхан гаргасан байна.

Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд далан, хамгаалалт барихад 150 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл энэ жил дээрх ажилд нэг тэрбумыг төсөвлөжээ. Энэ эрчээрээ бол 150 жилийн дараа үерийн далангийн ажил дуусах нь.

Нөгөө талаар иргэд нүүрсний үнс болон бусад хогоо далан руу шууд хаяж, бөглөөд хаячихдаг нь ажилд түвэг учруулдаг. Үүний улмаас үерийн ус далангаасаа хальж, айлуудын хашаа руу орон усанд автуулах нь бий. Тэгээд нөгөө айл нь онцгой байдлынхныг дуудна. Ийм нэг утгагүй гинжин холбоо хэдэн жилийн өмнө байсан, одоо ч хэвээрээ.

Цаг дулаарахтай зэрэгцээд онцгой байдлынхан шар усны үерээс сэрэмжлүүлсээр байгаа. Гэвч айлууд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарсаар байна. Тэдэнд жил бүр нүүх шаардлага хүргүүлдэг ч тоодог нь үгүй. Уг нь дүүргээс газрын асуудал шийдэж өгдөг юм билээ. Гэвч тэнд нь тог цахилгаан, зам гээд дэд бүтэц хөгжөөгүй болохоор очих дургүй.

Очсон ч буцаад л ирнэ. Одоогоор үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айлуудын 70 хувь нь зөвшөөрөлгүй гэдгийг газрын албаныхан хэлсэн юм.

Одоогоор үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айлуудын 70 хувь нь зөвшөөрөлгүй.

Их усны улмаас хотод хэдий хэр хохирол учирдаг талаар багцаалдаад хэлчих тоо, баримт алга. Ямар ч байсан үер, борооны ус авто замын үндсэн хийцэд хамгийн их нөлөөлдөг нь тодорхой. Тиймдээ ч олон тэрбум төгрөг зарцуулан байж барьсан зам богино настай байх нь элбэг.

Харин энгийн иргэдийн тухайд хажуугаар өнгөрсөн машины усанд цацуулаад үлдэх нь энгийн үзэгдэл. Цаашлаад бороонд норсон гутал нь хэд хоноод салж, шинийг авахаас аргагүйд хүрсэн хүн ч цөөнгүй.

Бид сониныхоо твиттер хаягаар дамжуулан “Борооны ус зайлуулах шугам хүрэлцээгүйн улмаас хот усанд автдаг. Энэ байдал танд бодит хохирол учруулж байсан уу” гэсэн санал асуулга явуулахад оролцогчдын 94 хувь нь их, бага хэмжээгээр хохирол амссан хэмээн хариулжээ.

Хотын удирдлагууд их ажил хийж буйг бид мэднэ. Хийсэн бүхнийг нь шүүмжлэх хүсэл ч алга. Харин завьтай аялал хийх хэмжээнд хүргэдэг их усны асуудлаа даруйхан шийдэж өгөхийг дарга нараас хүсье.

Зураг