Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун: Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна

ikon.mn
2016 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд өчигдөр “Орон сууц, ипотекийн зээл болон малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн төлөөр зарим асуудал” сэдвээр хэлэлцүүлэг боллоо. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангийн санаачилж, зохион байгуулсан хэлэлцүүлэгт арилжааны банк төдийгүй оролцогч талуудын төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун “Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” гэсэн нэгэн том асуудлыг хөндсөн юм. Иймд “Ярилцах танхим”-даа урьж, дээрх сэдвээр ярилцлаа.

-Таны “Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” гэдэг мэдэгдэл олон нийтийг цочирдуулмаар асуудал байсан гэдэг маргах аргагүй юм. Та энэ талаар судалгаа хийж, тогтоосон тухай ч дуулгалаа. Үүнийгээ дэлгэрүүлж ярихгүй юу?

-Ер нь тэтгэврийн ахмад настнууд гэр орноо тэжээж байна. Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг юм байна. Ингэхээр өндөр настнууд маань жинхэнэ ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат болж байна.

Энэ талаар зөвхөн бид гэлтгүй банкны салбарынхан маань ч ярих хэрэгтэй. Энэ зээлийг олгох хэрэг байгаа юм уу, үгүй юм уу.

Зорилго нь ахмадуудын хэрэгцээг хангах байтал ард нь байгаа, хажууд нь суугаа залуучуудын хэрэгцээг хангаж байна. Иймд ахмадуудыг мөнгөтэй, хэрэглээтэй байлгахын тулд зээлийг зогсоосон ч болно. Ядаж сар болгон хэдэн төгрөг авч өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах эрхтэй байх ёстой шүү дээ. Тэгэхгүй болохоор хөөрхийс яаж амьдрах юм.

“Ард нь хүчирхийлэл байна” гэдэг судалгааны дүн ч гарсан байгаа. Үүнийг төр засаг анхааралдаа авах цаг болсон. Эсвэл тэтгэврийн зээл үнэхээр олгох нь зөв гэж үзэж байгаа бол ядаж цаана нь сар болгон авах бага хэмжээний ч болов мөнгөн орлого үлдээдэг баймаар байна.

-Хэдэн хувийг нь гэж?

-20 хувийг нь зээлээр, үлдсэн 80 хувийг нь сар болгон олгодог байя. Энэ саналыг зүгээр нэг хэлж байгаа хэрэг биш шүү.

-Та судалгааны дүн бий гэж хэлсэн. Энэ хаанахын судалгаа юм бэ?

-Манай профессорын баг “Тэтгэврийн зээлийг хэн авч байна. Юунд зарцуулж байна. Ямар зорилготой авав” гэдэг сэдвээр судалгаа явуулсан. Тэгээд үзэхэд зориулалт нь хэрэглээ байсан. Гэхдээ ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа дүн гарсан. Олонх нь тэтгэврээ бараг сардаа авч үзээгүй.

Гол нь Улаанбаатар хотын ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Мөнгөгүй хүмүүс яахав хотоор өдөржин дэмий тэнэдэг юм байна. Азаар автобус нь үнэгүй. Хоол идэж, цай уусан ч юм байхгүй. Тэгээд орой үр хүүхдээ, нөгөө хүчирхийлдэг хүмүүсээ гэртээ ирэхээс нь өмнө очиж, унд хоолыг нь бэлтгэдэг байх жишээний. Ийм жишээ олон гарсан. Энэ бол үнэхээр аюултай үзэгдэл байхгүй юу.

-Гэхдээ шууд тэтгэврийн зээлийг битгий олго гэж ярих нь хэр зохистой вэ гэдэг асуулт эндээс гарна байх?

-Миний хувьд “Шууд боль” гэдэг байр суурьтай байгаа. Тэгвэл ахмадууд маань жинхэнээсээ мөнгөтэй байж чадна.

-Банкууд таны саналыг дэмжих үү. Энэ чинь хамгийн эрсдэлгүй бизнесийнх нь нэг шүү дээ?

-Уг нь эрсдэлгүй зээл гэж байдаггүй юм. Бүх зээл эрсдэлтэй. Яахав “Цалин барьцаалсан, тэтгэвэр барьцаалсан зээлийг харьцангуй эрсдэлгүй” гэж үздэг. Гэтэл цаана нь ахмадуудын авч байгаа зээлийн зориулалт нь өөрөө өөрийгөө дэмжиж чадахгүй байна. Иймд бид хүнээ бодох ёстой.

Банкууд бол яахав өөрсдийн зүгээс эрсдэлгүй гэж харж байгаа учраас үргэлжлүүлэн олгох байх. Гэхдээ зээл нь нийгэм, эдийн засгийн тогтолцоонд үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бодож үзэх ёстой. Маш том бүтээгдэхүүн. Тиймээс хэрэв төр ахмадуудын нийгмийн асуудлыг шийдье гэж бодож байгаа бол зогсоох л ёстой. Банкууд ч татгалзчихвал их сайн байна.

-Сая Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан “Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруул гэсэн хүсэлт байнга тавьдаг. Ахмадуудаа харж үзээч” гэж хэлж байсан. Энэ нь ахмадууд тэтгэврийн зээлийг хэвээр үлдээхийг хүсч байгаа болохоос бус шууд болиулах саналыг дэмжихгүй гэдгийн илэрхийлэл биш үү?

-Би энэ тухай хөндөхгүй. Миний барьж байгаа бодлогоос огт өөр болохоор ярихгүй гэсэн үг. Хүү, хүүгийн хэмжээний тухай хариулахгүй гэсэн үг л дээ. Олон улсын жишгийг харахад ахмадууд хадгаламж, даатгалтай байдаг. Тэр хэрээр тэтгэвэрт гарангуутаа хэзээ ч ядуугийн эгнээнд ордоггүй. Харин ч гавьяаныхаа амралтыг эдлээд үзэж харах улс орноо үзээд, зугаалаад авчихдаг. Манай улсад гэхэд ирж байгаа жуулчдын олонх нь ахмадууд байдаг биз дээ.

Гэтэл манайхан яаж байна. Хамгийн ядуу иргэн болж хувирдаг. Ийм юм байж болохгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах гэхээс илүүтэй тэтгэврийн хадгаламж, даатгалын тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг иргэддээ хэлж, ойлгуулж, сурталчлах хэрэгтэй. Яахав одоогийн ахмадууд залуу насандаа нийгмийн өөрчлөлтийг ингэж эргэнэ гэж бодоогүй учраас хадгаламж хуримтлуулж, өөрсдийн ирээдүйд баталгаатай хөрөнгө оруулалт хийх талаар бодоогүй байх. Иймд тэднийхээ алдааг ирээдүйн ахмадуудад гаргуулж болохгүй л дээ.

-Зээлийн хүү эдийн засгийн харилцаа гэхээс илүүтэй улс төрийн бодлого болж хувирах гээд байна л даа. Одоогийн намуудын тавьж байгаа шаардлага, төрийн хэрэгжүүлж байгаа бодлогоос харахад. Та үүнийг оновчтой зохицуулалт гэж хэлж чадах уу?

-Орлого бүтээж байгаа хүний зээлийн хүүг бууруулья. Хэрэглэж байгаа хүний зээлийн хүүг хэвээр үлдээе гэж товчоор хэлж болж байна. Мэдээж зээлийн хүү буурах нь сайн. Тэр дундаа баялаг бүтээдэг аж ахуйн нэгжийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй.

Үнэхээр юм хийж бүтээе гэж байгаа бол төр бодлого гаргах нь зөв. Харин импортын бараа худалдан авч, хэрэглээгээ дэмжиж байгаа лизингийн, хэрэглээний зээлийг бодлогоор бууруулж болохгүй.

-Энэ нь нөгөө л цалин барьцаалсан, тэтгэврийн зээлийн тухай дүгнэлт байх. Тийм үү?

-Тэгж хэлж болно.

-Хэлэлцүүлгийн үеэр Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон хэлж байсан. “Төр бизнесийн үйл ажиллагаатай хутгалдах нь буруу” гэж ярьсан. Мэдээж түүний удирдаж буй бизнес нь банк учраас эрх ашгийг нь хүндэтгэх ёстой байж мэднэ. Харин таны хувьд хөндлөнгийн эдийн засагчийн нүдээр ямар тайлбар өгөх вэ?

-Миний ойлголтоор банк харилцагчаа дэмжих замаар хамтдаа хөгжиж явдаг бизнесийн байгууллага. Манайд ч ийм л байдаг. Гол нь зээлийн хүү нь өөрөө эрсдэлийн хэмжүүр байдаг гэдгийг бид аль аль талдаа зөв ойлгомоор байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Инфляци арав гаруй хувьтай, мөнгөний өртөг байх үед хэрэгжиж байсан зээлийн хүү өнөөдөр инфляци 1.9 хувьтай болж уначихаад байхад зээлийн хүү яагаад хэвээр мөрдөгдөөд байгаа юм бэ” гэж байсан?

-Зээлийн хүүний гол суурь нь хадгаламжийн хүү. Хадгаламжийн хүү өөрөө буурдаггүй. Инфляцийг хадгаламжийн хүүтэй холбож ярьдаг. Хадгаламжийн нэрлэсэн хүүнээс инфляцийг хасаад үлдэж байгаа нь бодит хүү. Өнөөдөр Монголд бодит хүү өндөр байгаа явдал нь хадгаламжаа авч бизнесийн салбар руу орох сонирхлыг хадгаламж эзэмшигчдэд төрүүлэхгүй байна. Тэгэхээр эхлээд хадгаламжийн хүүгээ яах вэ гэдгийг ярьж байж дараа нь зээлийн хүүг ярина гэсэн үг юм.

-Одоогийн нөхцөлд зээлийн хүүг бууруулах тухай ярих боломжгүй гэсэн үг үү?

-Тийм боломж байхгүй. Банкуудыг энэ утгаар нь өмөөрч болно.

-Гэхдээ инфляцийн бууралттай холбоотойгоор орон сууцны зээлийн хүүг таван хувьд хүргэж бууруулах боломжтой тухай яриа эрчимжиж байгаа шүү дээ?

-Одоо барилгын салбар өөрөө хүлээлтийн байдалд орчихсон байна. Энд борлогдоогүй байгаа байруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөхийн тулд тодорхой нэг хөшүүрэг, арга хэрэгсэл ашиглах нь зөв. Ипотекийн зээлийн таван хувийг энэ зорилгод үндэслэж зарласан болов уу.

 Улаанбаатар хотын гэр хорооллын бэрхшээл байна. 

Дээр нь утааны асуудал байна. Улаанбаатар хотын гэр хорооллын бэрхшээл байна. Нэг ёсны ипотекийн зээлийн ард иргэдийн амьжиргаа, амьдрах орчин, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чадавх гээд олон хүчин зүйлтэй уялдаж байгаа тул хэрэгжүүлж буй бодлогыг буруутгах аргагүй.

-Энд мөн өндөр хүүтэй мөнгө авч “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн нь буруу тухай шүүмжлэл их өрнөх юм. Та ч олон удаа энэ талаар байр сууриа илэрхийлж байгаа харагддаг. Яг ирэх оноос төлж эхлэх Монгол Улсын нийт зээлийн талаар ямар бодолтой байна вэ?

-Би “Гудамж” төсөл болон бусад дэд бүтцийн чиглэлд хөрөнгө оруулсныг бизнесийн бэрхшээлийг багасгах, иргэдийн амьдрах орчныг хөнгөвчилсөн гэдгээр нь дэмжиж байгаа. Энэ бол урт хугацааны дараа үр өгөөжөө өгөх зээл.

Гол нь 2017 оноос зээл төлнө гэдэгт гол шүүмжлэл яваад байх шиг. Гэхдээ тэр зээлийг авсан аж ахуйн нэгжийн хүүнд төлөх мөнгөнөөс зээлийг эргүүлэн төлнө гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй л дээ. Мэдээж зуун хувь Засгийн газрын нуруун дээр буух байсан бол хэцүү. Тийм зүйл болохгүй гэж харж байгаа.

-Та ер нь Монголын эдийн засгийг хэр эрүүлжиж байна гэж харж байгаа вэ. Нэг хэсэг нь сөхөрлөө гэхэд зарим хэсэг нь эрүүлжиж байна гэх. Гол нь мэргэжлийн дүгнэлтийг хэн ч бодитоор нь хэлэхгүй байна шүү дээ?

-Мэдээж хийх юм их бий. Гол нь гаднаас босгож байгаа мөнгөнийхөө зориулалтыг анхаарах хэрэгтэй. Энд санхүүч их чухал.

-Таныг “Тэтгэврийн зээлийг боль. Ард нь хүчирхийлэл байна” гэж хэлэхээр олон нийт бас их хэрд хийж мэдэх юм?

-Ахмад настнууд маань харин ч алгаа ташиж хүлээж авна. Харин ард нь байгаа хүчирхийлэгчид л дэмжихгүй болов уу. Дэмжихийг ч үгүйсгэхгүй. Тиймээс айх юм алга. Ахмадууд өөрөө өөрийнхөө төлөө зарцуулах санхүүгийн эх үүсвэртэй байх хэрэгтэй гэсэн энэ үгийг хэлж байгаа болохоор иргэд ойлгох байх аа.

…Олон улсын жишгийг харахад ахмадууд хадгаламж, даатгалтай байдаг. Тэр хэрээр тэтгэвэрт гарангуутаа хэзээ ч ядуугийн эгнээнд ордоггүй. Харин ч гавьяаныхаа амралтыг эдлээд үзэж харах улс орноо үзээд, зугаалаад авчихдаг. Манай улсад гэхэд ирж байгаа жуулчдын олонх нь ахмадууд байдаг биз дээ. Гэтэл манайхан яаж байна. Хамгийн ядуу иргэн болж хувирдаг. Ийм юм байж болохгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах гэхээс илүүтэй тэтгэврийн хадгаламж, даатгалын тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг одооноос иргэддээ хэлж, ойлгуулж, сурталчлах хэрэгтэй. Яахав одоогийн ахмадууд залуу насандаа нийгмийн өөрчлөлтийг ингэж эргэнэ гэж бодоогүй учраас хадгаламж хуримтлуулж, өөрсдийн ирээдүйд баталгаатай хөрөнгө оруулалт хийх талаар бодоогүй байх. Иймд эднийхээ алдааг ирээдүйн ахмадуудад гаргуулж болохгүй л дээ.

Улс төрийн тойм: Л.Нинжсэмжид