Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

MMC 2017 онд төлөгдөх бондын бүтцээ шинэчлэхээр зөвлөх компани хөлсөллөө

ikon.mn
2016 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл, үнийн уналт болон Хятадын гангийн эрэлт буурснаас шалтгаалан зах зээл таагүй байгаа энэ үед Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation"-ий зүгээс 2017 онд эргэн төлөгдөх 600 сая ам.долларын бондын бүтцээ шинэчлэхээр болжээ. Тус корпораци бондын бүтэц шинэчлэх ажлын зөвлөхөөр “J.P. Morgan Securities”-ийн ази номхон далайн бүсийн салбар нэгж болон Хонгконгийн “S.C. Lowy Financial” байгууллагыг сонгосон байна.

Өнгөрсөн Мягмар гарагт MMC бондын ханш 17.5 центээр буурчээ. Мөн бонд эзэмшигчиддээ хандан "комисс гаргаж, хэлцэл хийхийг" уриалжээ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад улсын гангийн үйлдвэрлэл болон эрэлт аль аль нь буурч эдийн засгийн өсөлт саарсан үзүүлэлттэй байгаа юм.

Хятад улс энэ онд гангийн үйлдвэрлэлээ 150 сая тн-с 100 сая тн болгон бууруулахаар төлөвлөжээ. Далиан боомт дээрх коксжих нүүрсний фючьерс үнэ өнгөрсөн жил 23% унаснаар MMC компани 3 жил дараалсан алдагдалтай ажиллаж байгаа юм.

Компанийн мэдэгдэлд дурьдсанаар Хятадын гангийн үйлдвэрлэл, коксжих нүүрсний хэрэглээ буурсан нь тус шийдвэрт голлох нөлөөг үзүүлсэн байна.

 

Мongolian Mining 3-р сарын 29-нд бондын хүү 26.6 сая ам.доллар төлөх хуваарьтай байгаа бөгөөд хэрэв тус төлбөр төлөгдөхгүй бол энэ нь Азийн 4 дэхь нүүрсний компани зээлийн асуудлаас шалтгаалан дефольт болох болно хэмээн Bloomberg-т дурьджээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Winsway Enterprises Holding, Hidili Industry International Development Ltd болон PT Berau Coal Energy гэсэн 3 компани долларын бондын төлбөрийг төлж чадахгүйгээс дампуурлаа зарлаад байгаа аж.
 

“Mongolian Mining Corporation” өнгөрсөн онд, наадмын дараагаар сул зогсолт зарласан ч, оны сүүлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Мөн өнгөрсөн онд “Таван Толгой”-д хөрөнгө оруулахаар “Shenhua Energy” болон “Sumitomo” корпорацитай хамтран засгийн газартай хэлэлцээ хийж эхэлсэн байгаа. Хэдийгээр хэлцэл ерөнхийдөө зогсонги байдалд ороод байгаа ч, корпорацийн хувьд өрсөлдөх чадвараа сайжруулахад стратегийн ач холбогдолтой энэ хэлэлцээрийг орхих бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

​Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.