Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт: Монгол Улсын Санхүүгийн салбар Банкны зах зээлээс ХАМААРАЛТАЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 15
iKon.MN

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум яг одоо Төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж байна.

2016.01.15 Гэрэл зургийг/ mpa.mn

Энэ удаагийн форумд УИХ-ын дарга З.Энхболд, СЗХ-ны дарга З.Нарантуяа, УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Монгол Улсын санхүүгийн салбарын 1,200 байгууллагын 500 гаруй мэргэжилтнүүд оролцож байгаа юм.


Нэгдсэн хуралдааны сэдэв нь “Монгол Улсын урт хугацааны хөгжил ба Санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги” юм.
 

Хуралдааны даргалагчаар УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан, илтгэгчээр УИХ-ын дарга З.Энхболд, СЗХ-ны дарга З.Нарантуяа, Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Роберт Шулхаммер, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар оролцов.


Өнөөдрийн чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.

2016.01.15 Гэрэл зургийг open.parliament.mn

Тэрбээр “Монгол Улсын Их Хурлаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Санхүүгийн салбар ДНБ-ны 4.7 хувийг эзэлж байгаагаас банкны салбар 4 хувийг, үлдсэн нь 0.7 хувийг эзэлж байна.

Энэ нь олон улсын жишгээс бага юм.

Манай ДНБ-ны 20 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь эрсдэлтэйг харуулж байна.

Тиймээс Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн эрсдлээс хамгаалах асуудлыг мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх нь чухал юм” хэмээн онцлов.

2016.01.15 Гэрэл зургийг/ mpa.mn

СЗХ-ны дарга З.Нарантуяа “Дэлхийн санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд зах зээлээ мэдэрч удирдах, зохицуулалтын шинэ арга хэлбэр рүү шилжиж байна. 

Технологийн хөгжил манай санхүүгийн салбарт үсрэнгүй хөгжлийг бий болгож байгааг та бүхэн харж байна.

Дэлхийн банкны хийсэн судалгаагаар манай орны 15 наснаас дээш хүмүүсийн 70 хувь нь санхүүгийн байгууллагуудад данстай. Нэг хүнд ногдох АТМ машины тоогоор дэлхийн өндөр хөгжилтэй оронтой тэнцсэн.

Өнөөдөр манай санхүүгийн зах зээл дээр олон төрлийн үйлчилгээ бий болсон. Мэргэжлийн олон байгууллага, олон үйлчилгээ нэвтэрч байна.

Энэ бүхнийг мэдэрч зохицуулах нь зохицуулалтын байгууллагуудын нэн даруй хийх ажил юм.

Хэдийгээр бид тодорхой хурдтайгаар хөгжиж байгаа ч урт хугацааны хөрөнгө оруулалт, хадгаламж даатгалын хэмжээ бага байгаа нь харагддаг.

Санхүүгийн салбарын үүргийг гүйцэтгэдэг гол зүйл болох санхүүгийн зах зээлийн ДНБ-д эзлэх хувь бага байгааг сая дурдлаа.

Иймээс өрсөлдөх чадвараа сайжруулж, бүс нутагтаа ороход одооноос эхлэн бэлдэх хэрэгтэй гэж бид үзэж байна.

Санхүүгийн зах зээлийн ойлгодог мэргэшсэн хуульч, мэргэшсэн хүмүүсийн дэмжлэгийг авахгүйгээр бид салбарынхаа хөгжлийг төсөөлөхгүй байна” хэмээв.

2016.01.15 Гэрэл зургийг/ mpa.mn

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 хувь болж саарч байна.

Салбар тус бүрээр нь авч үзвэл банкны салбарын нийт активын хэмжээ 21.5 их наяд хүрч байна.

Үнэт цаасны зах зээлийн үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 6.6 хувь байна. Энэ нь Ази тивийн хөгжингүй, хөгжиж буй орнуудын үзүүлэлттэй харьцуулбал 2-5 дахин бага байгаа юм.

Хөрөнгийн бирж дээр нийт 546.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь түүхэн дэх хамгийн их тоо байлаа.

Манай улс санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварын хувьд 140 орноос 104 дүгээрт эрэмбэлэгдэж, өмнөх оныхоос зургаан байраар ухарсан үзүүлэлттэй байна.

Санхүүгийн зах зээл банкны салбараас хамааралтай, үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын өрсөлдөх чадвар сул байна” гэдгийг онцолж хэлэв.

2016.01.15 Гэрэл зургийг/ mpa.mn

Оролцогчид үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба санхүүгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг” хэмээх танилцуулгыг хийв.


Өнөөдрийн форумын салбар хуралдаанууд:

  • “Хөрөнгө оруулалтын шинэ орчин-Санхүүгийн зах зээл”
     
  • “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж, ядуурлыг бууруулах арга зам”
     
  • “Банк, даатгалын салбар-Хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель”
     
  • “Компанийн засаглал, аудит, тайлагнал” сэдвээр үргэлжлэх юм.