Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар Далай ламын эсрэг Дорж Шүгдэнг ашиглах болжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхээр Их Британид Алдершот Хөлбөмбөгийн Цэнгэлдэх хүрээлэнд Далай лам ном айлдсан юм. Гэвч энэ үеэр Далай ламыг ам нээх бүрт түүний үгс өөр хэсэг хүмүүсийн зориуд гаргасан шуугианд дарагдаж байжээ.

Энэ хүмүүс бол Дорж Шүгдэн сахиустай Төвдийн Буддын шашны өөр урсгалынхан байв.

Сүүлийн үед Ройтерсын мэдээлснээр уг урсгалынхныг Бээжингийн эрх баригчид Далай ламын эсрэг ашиглах болжээ.

Хэдийгээр гадна талаасаа энэ нь Далай лам болон энэ урсгалын хоорондох удаан хугацааны маргаан, тэмцэл мэт харагдаж байгаа ч цаанаа улс төрийн санаа агуулах болсон байна.

Дорж Шүгдэнг дагагчид түүнийг өөрийн аврагчаа гэж үздэг бол Далай лам үүнийг буруу номлол гэж үздэг.

Өмнө нь энэ зөрчил зөвхөн сүм хийдийн ханаар тусгаарлагддаг байсан бол одоо илүү олон нийтийн чанартай хөдөлгөөн хэлбэртэй болж Дорж Шүгдэнг шүтэгчид Далай ламын хаа явсан газар бүрт дагаж явдаг болжээ.

Саяхан Хятадын засгийн газраас гаргасан албан бичиг алдагдаж, түүнд Дорж Шүгдэнг дагагчдыг Далай ламын аяллыг дагаж явахад зардлыг нь гаргах тухай дурдсан байсан гэнэ.

Энэ урсгалын зарим лам нар ч замын зардлыг нь нийгэмлэгээс нь даасан болохыг мэдүүлжээ. Гэвч Дорж Шүгдэнгийн нийгэмлэгийн хүмүүс үүнийг няцаасаар байна.

Цэта лам Шүгдэнгийн хөдөлгөөний нэгэн удирдагч байсан бөгөөд тэр ХКН өөрийнх нь үйл ажиллагаанд мөнгө төлж байсныг баталжээ.

2007 оноос Америкт амьдрах болсон Цэта лам “Хятадууд Далай ламыг хуурамч гэж харагдуулахын тулд Шүгдэнгийн урсгалыг ашиглаж байна. Тэдний зорилго бол Төвдийн Буддизм, Төвдийн нийгмийг хагалган бутаргах” гэж ярьсан байна.

Энэтхэгийн Дотоод хэргийн яамны хүмүүс ч Шүгдэн урсгалынхан Хятадаас санхүүжилт авдаг болохыг баталжээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй албаны хүн “Тэд Балбаар дамжуулан Хятадаас мөнгө авдаг болсон тул бид анхааралдаа аваад байгаа” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Далай ламын Америк дахь аюулгүй байдлыг хангагчид хүчээ зузаатгах болсон байна.

Олон улсын Шүгдэн урсгалын нийгэмлэг хэмээх байгууллага энэ бүх эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулах болжээ. АНУ, Австрали, Европ гээд хаана ч Далай ламыг зочлоход ийм эсэргүүцлийн хөдөлгөөн байнга явагддаг болсон нь энэ байгууллагын зохион байгуулж байгаа ажил гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 7 | 6 цаг