Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг өсгөснөөр ямар үр дүн гарах вэ?

ikon.mn
2015 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шинжээчид аравдугаар сард АНУ-д 187 мянган шинэ ажлын байр нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч 281 мянгаар нэмэгдсэн, ажилгүйдлийн түвшин 5 хувьд хүрсэн, эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгаа зэрэгтэй холбогдуулан Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг өсгөхөөр төлөвлөж байна.

Бодлогын хүү одоо 0.25 хувь байгаа бөгөөд шинжээчид 0.5 хувь хүртэл өсгөнө гэж таамаглаж байна.

Харин АНУ-н эрх баригчдын зүгээс урт хугацаанд 3.5 хувь хүргэх төлөвтэй байна. Тус бодлогын хүү нь 1971-2015 онд дунджаар 5.6 хувь байсан бөгөөд 1980 онд хамгийн өндөр түвшинд буюу 20 хувь хүрч байжээ. Харин 2008 онд түүхэн дэх хамгийн доод түвшин болон 0.25 хувь болсноос хойш одоог хүртэл өөрчлөгдөөгүй байгаа юм.

2008 оны санхүүгийн хямралын дараа бодлогын хүүг доод түвшинд бууруулж, зээлийн хүүг тэг лүү ойртуулж шат дараатай QE бодлого буюу уламжлалт бус мөнгөний бодлогоор ЗГ-н бонд худалдан авч эдийн засгийг тэлж, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн юм.

Одоогоор тус улсын инфляцийн түвшин 0.2 хувь байгаа бөгөөд Төвбанкны зүгээс 2 хувь хүргэх зорилт дэвшүүлээд байгаа юм.

Бодлогын нөлөөлөл 

Бодлогын хүү өсөх нь долларын нийлүүлэлтийг бууруулах бөгөөд долларыг бусад валютуудын эсрэг чангарах нөхцлийн бүрдүүлнэ. Хөгжиж буй орнуудын засгийн газрын өр нь ДНБ-ныхээ дундажаар 280 орчим хувьтай тэнцэж байна. Бодлогын хүү өсч, долларын ханш чангарснаар тэдгээр улсуудын өрийн түвшин нэмэгдэж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим шинжээчид шүүмжилж байна.

Мөн дэлхийн банкны судлаачид АНУ-н бодлогын хүү 1 нэгжээр өсөх нь хөгжиж буй орнуудын хөрөнгийн гадагшлах урсгал 45 хувиар нэмэгдэх, мөн бондын өгөөж 1.06-1.44 нэгжээр өсөх хандлагатай гэжээ. Үүнээс гадна түүхийн эдийн үнэ, ялангуяа алтны үнэ унах нөлөөлөл үзүүлэх юм.

Европын холбоо эсрэгээр бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна. Одоогоор АНУ зах зээлдээ бонд зарах замаар долларыг татаж байгаа бол Евро бүсэд бонд худалдан авах замаар зах зээлд евро нийлүүлэх үзэгдэл гарч байна.

Монгол дахь нөлөөлөл 

АНУ-ын бодлогын хүү өсөхөд улс орнуудад үндэсний валютын ханш ихээр сулрах, бондын хүү огцом өсөх болон эх үүсвэрийн олдоц багасах эрсдэл бий болох төлөвтэй байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай улс гадаад зах зээлээс өр үүсгэн санхүүжилтийг ихээр авч ашигласан бөгөөд 2017 оноос хойш ихээхэн хэмжээний өрийг дахин санхүүжүүлэх шаардлагатай болно. Санхүүгийн гадаад эх үүсвэрийн нөхцөлүүд чангарвал өрийн дахин санхүүжилт болон урсгал тэнцлийн алдагдалд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг босгоход хүндрэлтэй, зардал ихтэй байж болзошгүй.

 

2012 онд Чингис бондын хүү 5 орчим байсан бол одоогоор 8 хувь болж өссөн байгаа нь бусад хөгжиж буй улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт болж байна. Тус бодлогын хүү нь шууд бусаар Хятадын эдийн засгийн хөрөнгийн гадагшлах урсгалтай холбоотой экспортын орлогод нөлөөлөх ба мөн түүхий эдийн үнийн уналт нь манай улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм.


Мэдээллийг Эгүлэ Капитал судалгааны команийн шинжээчид бэлтгэв. Бидэнтэй research@egulecapital.mn хаягаар холбогдох боломжтой.