Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Гэрэлт-Од: Монгол Улсад гадны банк орж ирж болно, гэхдээ тэдний эрхийг хязгаарлах хэрэгтэй

Монголын мэдээ
2015 оны 11 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаач Ө.Гэрэлт-Одыг урьж, ярилцлаа. 

-Банк өөрөө тогтвортой байхад төрийн мөнгөний бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Төрийн мөнгөний бодлогод жил бүр өөрчлөлт оруулдаг. Хамгийн сүүлчийн хувилбарыг та үзсэн байх.  Хэрхэн өөрчлөгдсөн байх юм. Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцүүлэн батлах үед Монгол Улсын эдийн  засгийн тогтвортой байдал харьцангуй гайгүй байсан. Давалгаа, хөөсрөл энэ бүх байдлаас гарах гарцыг хэрхэн тодорхойлсон байдаг вэ. Мөн энэ нь бодит байдал дээр яаж харагдаж байна вэ?

-Төрийн мөнгөний бодлогын чиглэл нь мөнгөний зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн зохицуулалттай байдаг. Нөгөө талаас банкны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах гэдэг мөнгөний бодлогын зохицуулалтын үндсэн чигт хандаж байдаг. Тэгэхээр мөнгөний бодлогын хэрэгслийн нөгөө талд энэхүү бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа бүх л арга хэрэгслүүд банкны бизнест шууд өөрийн нөлөөллийг бий болгодог.

Жишээлбэл, бодлогын хүүг болон төлбөр түргэн төлөх чадварын үзүүлэлтийг өсгөх, бууруулах гэдэг нь мөнгөний зохицуулалтын хүрээнд хийдэг арга хэрэгслүүд юм. Эдгээрийг өсгөж, бууруулах нь нэг талдаа банкны тогтвортой байдлыг хангах, хөрвөх чадварыг хадгалахын тулд хийгдэж буй үйлдэл. Нөгөө талаас банкны бизнест төрөөс шууд оролцож байгаа оролцооны хэлбэр байгаа юм. 

Учир нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор том банкуудын хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 25 хувь болгочихсон. Өөрөөр хэлбэл, төв банкны үнэт цаас болон бэлэн нөөцийн хэмжээ 25 хувь, заавал байлгах нөөцийн хэмжээг 12 хувиар тогтоосон нь зээлд байршуулах үнэт цаас, банкны активын тодорхой хэсгийг мөнгөн хөрөнгө, түргэн хүргэх активын хэлбэртэйгээр байршуул гэсэн үг.

Энэ нь нэг бол мөнгөн хөрөнгө байна эсвэл төв банк, Засгийн газрын үнэт цаас байна гэсэн санаа юм. Мөн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг өндрөөр тогтоож байгаа нь иргэдээс авсан хадгаламжид энэ хэмжээгээр нөөц байршуул гэсэн утгатай. Тэгэхээр 100 төгрөгийн хадгаламж аваад түүнээс 12 хувийн нөөц байршууллаа гэж бодоход бизнесийнхээ эргэлтэд 88 төгрөгийг оруулах хэрэгтэй болж байгаа юм. 

 Бизнесийн цар хүрээ нэмэгдвэл зээлд олгох хөрөнгийн хэмжээ ихсэж, багасна. 

Үүнээс оруулсан мөнгө болгон гардаггүй гэдгийг ойлгож болно. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд байршуулсан нөөцийн хэмжээгээр банкуудын бизнесийн хүрээ өсөх үү, буурах уу гэдэг асуудал яригддаг. Бизнесийн цар хүрээ нэмэгдвэл зээлд олгох хөрөнгийн хэмжээ ихсэж, багасна. Мөн энэ хэмжээгээр мөнгөн нийлүүлэмж зохицуулагдаж байдаг.

Өөрөөр хэлбэл, зээл аваад, авсан зээлээрээ бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа нь  тэр хэмжээний мөнгө гүйлгээнд гарч эдийн засагт нийлүүлэлт болох юм. Үүнийг ихэсгэж, багасгах нь банкны бизнест бодлогын хүрээнд шууд нөлөө үзүүлж байгаа хэлбэр гэж ойлго. Төв банк тогтвортой байдлын үзүүлэлтүүдээр дамжуулан банкуудыг зохицуулж байгаа нь бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг юм. 

-Банкны тогтвортой байдал гэж юу юм бэ, тайлбарлаж өгөхгүй юу?

-Банкны тогтвортой байдал гэдэг ойлголтын агуулгыг эхлээд тайлбарлах хэрэгтэй. Банк эдийн засгийн нөхцөл байдал таагүй үед өөрийнхөө бизнесийг тогтвортой авч үлдэхийг банкны тогтвортой байдал гэдэг. Монголын эдийн засгийн санхүүгийн харилцааны тулгуур нь банк байдаг. Тиймээс  үйл ажиллагаа нь  эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. Мөн  бизнесийн байгууллага, төвлөрсөн зуучлагч гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодруулбал,  эрх бүхий санхүүгийн төвлөрсөн зуучлагч нь хөрөнгө цуглуулж сан бүрдүүлэхийн зэрэгцээ  харилцагчдад зээл олгох  зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг. 

Эх үүсвэр талаасаа тогтвортой байх асуудлыг нэгдүгээрт ярих ёстой. Учир нь харилцагч нар хэдий чинээ итгэнэ төдий чинээ банканд хадгалуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ. Энэ нь хадгаламж өр төлбөрийн хэлбэрээр бүрдүүлсэн хөрөнгөө цуглуулан буцаан  зээл, үнэт цаасны хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулан санхүүжилтыг хэрэгжүүлдэг байгууллага.

Олон улсад банкны тогтвортой байдлыг санхүүгийн үзүүлэлтээр нь үнэлдэг. Санхүүгийн үзүүлэлтэд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, хөрөнгийн хүрэлцээ зэрэг үзүүлэлтүүд багтдаг.  Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үүсч байгаа хөрөнгийн харилцаанууд юм. Банк буюу харилцах хадгаламж харилцагчдын өмнө үүрэгтэй. Харилцагчдын төлбөр тооцоог бэлэн байршуулж байгаа нөөцийг дипозит хөрөнгө гэдэг. 

 

Бид энэ хөрөнгийг буцааж харилцагч нарт өгөх ёстой. Гэтэл харилцагчийн төлбөр тооцоог хийхийн тулд дипозит хөрөнгийг бэлэн байлгах нөхцлийг хангахын тулд олгосон зээл чанартай байх шаардлагатай байдаг. Зээл чанартай байна гэдэг нь банкнаас зээлийн санхүүжилтээр хөдөлж байгаа бизнес эрсдэлгүй болно гэсэн үг. Хүн зээлийг яах гэж авдаг юм, бизнес үйл ажиллагаагаа санхүүжүүлэх гэж л авдаг шүү дээ.  

Тэгэхээр бизнес үйл ажиллагааг санхүүжүүлж байна гэдэг нь бизнес өөрөө ашигтай, орлоготой байж банкаас авсан зээлээ буцаан төлж чадна гэсэн үг. Энэ нь банкны эдийн засгийн ардчиллын нэг хэсэг. Банкны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдана гэдэг нь  харилцагчдаас банканд үзүүлэх итгэл, нөгөө талаас зээлдэгч нар банканд эрсдэлгүйгээр түр ашиглаж байгаа хөрөнгө зээлээ буцаан төлөх асуудал юм.

-Та түрүүнд үзүүлэлт гэж хэллээ. Та бүхний судалгааны ажил дэлхийн банкны хөгжилтэй эн зэрэгцэж чадаж байна уу. Юун дээр алдаж, оносон байх юм?  

-Ер нь банкны тогтвортой байдлыг хангах гэдэг санхүүгийн үзүүлэлтийн харьцаан дээр тодорхойлогддог гэж өмнө нь хэлсэн. Базелийн хорооноос тогтоосон санхүүгийн үзүүлэлтүүд гэж байдаг. Үүнд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээлийн чанарын үзүүлэлтүүд багтдаг.

Өр төлбөр ба төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтээс бусад бүх үзүүлэлт өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтэд суурилдаг. Манай эдийн засгийн зах зээл дэх нийт актив хөрөнгийн 95 хувь нь банканд төвлөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд орж байгаа 100 хувь хөрөнгийн 95 хувь нь банкаар дамжиж ордог юм. 

Учир нь хөрөнгийн зах зээл, бирж царцанги байдалд байна гэж дээд, доодгүй ярьцгааж байна шүү дээ. Биржээр дамжин орж ирж байгаа хөрөнгө оруулалт маш бага учраас эдийн засгийн эргэлтэд байгаа хөрөнгийн ихэнх хувь нь банкаар дамждаг. Манай улсын банкуудын бодлогын хүрээнд авч үзвэл төв банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн хөрөнгийн үзүүлэлтийг гол аргаа болгон ашиглаж байна уу гэх хандлага ажиглагддаг.

Банкны өөрийн хөрөнгийн хэмжээг тасралтгүй нэмж байна. Тухайлбал, ирэх оны зургаадугаар сараас өмнө банкны өөрийн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум байхаар зохицуулалт хийсэн нь  хэрэгжих гэж буй. Үүнийг тайлбарлавал,  банкуудын харилцагчдад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах зохицуулалттай гэсэн үг. 

Банк хэрвээ хямарвал эдийн засаг санхүүгийн хямралыг бий болгоно. Тэгэхээр эдийн засгийн хямрал санхүүгийн зах зээлд нөлөөлөх байдлыг бууруулахын тулд санхүүгийн зах зээлээ хамгаалах шаардлагатай болно. Санхүүгийн зах зээлээ хамгаална гэдэг нь банкны тогтвортой байдлаа хангана гэсэн үг.

Манай улсын банкууд энэ  зохицуулалтаар явдаг. Нэг талаас банкны өөрийн сангийн хэмжээг 50 тэрбум төгрөг болгож тогтоосон нь зохистой зохицуулалт гэж харагдаж байгаа юм. Нөгөө талаас Европын холбооны хувьд авч үзвэл өөрийн хөрөнгийн хэмжээ буюу дүрмийн сан нь таван сая евро буюу 10 гаруй тэрбум төгрөгтэй тэнцүү байдаг.

 Банкны үйл ажиллагааг ил тод болгохтой холбоотойгоор арилжааны банкуудын санхүүгийн үзүүлэлтүүдийг улирал дутам зарладаг.

Өнөөгийн зохицуулалтаар банкууд  25 орчим сая ам. долларын дүрмийн сантай болно гэдэг банкуудын дүрмийн сангийн хэмжээ гурав  дахин өсч байгаа нь Монголын арилжааны банкуудын аюулгүй байдлыг хангахад тогтвортой байдлыг хангахад нөлөөлүйц зохицуулалт болсон гэж үзэж байгаа.

Банкны үйл ажиллагааг ил тод болгохтой холбоотойгоор арилжааны банкуудын санхүүгийн үзүүлэлтүүдийг улирал дутам зарладаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй үйл ажиллагаагаа тайлагнадаг банкуудын хувьд төв банкнаас тавьсан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж ажиллаж байна. 

-Монгол Улсын зах зээлийн хүрээ бага. Гэтэл манай улсад 13 банк үйл ажиллагаа явуулдаг юм билээ.  Жирийн хэрэглэгчийн хувьд “ХААН” банк хөдөө орон нутагт олон салбартай, харилцагч олонтой юм шиг санагддаг. Харин “Төрийн банк”-наас байрны зээл авч байна. Бусад банкны хувьд үйлчлүүлэх шаардлагагүй учраас  хаягийг уншаад л өнгөрдөг. Олон банк байх нь хэр зүйтэй юм бэ. Он жилийг ухраах аваас  өглөө сэрэхэд л нэг банк дампуурч гэнэ, нийлж гэж дуулддаг. Энэ байдал нь өөрөө банкны салбар ямар тогтворгүй юм бэ гэх ойлголтыг төрүүлдэг.  

-Монголын банкны зах зээлд 34 хуулийн этгээд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Одоогийн байдлаар 21 банк нь үйл ажиллагаагаа зогсоосон эсвэл бусад банктай нийлсэн зэрэг хэлбэрээр банкны зах зээлээс гарсан. Ер нь банкны зах зээлийн тогтвортой байдал гэдгийг янз бүрийн шинжээр үнэлдэг. Үүнээс хамгийн гол үнэлгээний үзүүлэлт нь хэдий чинээ төгс өрсөлдөөн байна тэр хэмжээгээр банкны зах зээл тогтвортой байна гэдэг үзүүлэлт юм. 

Манай банкны системийг өрсөлдөөн талаас авч үзвэл төвлөрөл бүхий олигополь зах зээл л дээ. Учир нь өнөөдөр банкны системийн нийт активын 70 орчим хувь нь “Худалдаа хөгжил”, “ХААН”, “Голомт” гэсэн гурван банканд  төвлөрч “Төрийн банк”  “Капитал”, “Хас”, “Улаанбаатар хотын банк ордог. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 13 банкны долоод нийт активын 90 хувь нь байна.

Үлдсэн зургаан нь хувь багатай жижиг банкууд гэсэн үг. Гурван банк зах зээл дээр хөрөнгийн том төвлөрлийг бий болгож байгаа нь тухайн банкуудаас хамааралтай болгож байгаа юм. Энэ гурван банкны аль нэгнийх нь үйл ажиллагаа алдагдах юм бол банкны систем доголдох магадлал өндөр. Тиймээс төр өөрөө төвлөрөл бүхий банкуудад тогтвортой байдлын зохицуулалтыг өөр өөр хийж өгч байгаа юм. 

Том банкуудаас эдийн засгийн нөхцөл байдлыг хамгаалахын тулд эрсдэлтэй байдал үүсэх үед тухайн банкны эрсдлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх зохицуулалтыг төрөөс хийж өгч байна л даа. Банкны бизнес нь итгэлцэл дээр тогтдог.  Жишээлбэл, таны хадгаламж дээр авч үзье. Та яагаад хадгаламжаа “ХААН”, “Худалдаа хөгжил”-ийн банканд байршуулсан юм бэ гэсэн асуулт гарч ирнэ.

Үнэндээ бид үйлчилгээний нөхцлийг харж байж сонгодог шүү дээ. Нөгөө талаас хамгийн дампуурах магадлалгүй нь аль вэ гэдгийг хэрэглэгч бодож сонгодог. Хамгийн гол сонголт нь дампуурах магадлалгүй, тогтвортой байх банканд хадгаламжаа байршуулах явдал  шүү дээ. Гэтэл харилцагчийн сонирхол дийлэнхдээ  хадгаламжийн хүүг харж сонгох нь бий. Тогтвортой байдлын нэг хэсэг нь өрсөлдөөний хүчин зүйл байх нь. 

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн хөрөнгө оруулалт бүхий этгээд хөрөнгө оруулж, давуу эрхтэй хувьцааг эзэмших юм бол тусгай зохицуулалт шаардана гэсэн байдаг. Энэ асуудал Хятадын банк манай улсад салбараа нээсэнтэй холбоотойгоор гарч ирсэн байх.Үүнд та ямар тайлбар өгөх бол?
 
-Хятадын банк Монгол Улсад салбараа нээнэ гэхэд манай банкны зах зээл яагаад энэ асуудалд болгоомжтой хандаж байна гэвэл Хятадын банкны активын 0.5 хувьд Монголын банкуудын системийн нийт актив хүрдэггүй юм. Хятадын банк нь дэлхийн шилдэг 10 банкны тоонд ордог. Нэг хувь гэвэл арай өөр. Гэтэл манай банкны хөрөнгө 0.5 хувьд ч хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, Монголын банкны зах зээл дээр байгаа 22 их наяд төгрөгийн активыг  ам.долларт шилжүүлээд Хятадын банктай харьцуулж үзэхэд нэг хувьд нь ч хүрдэггүй. Манай эдийн засагт эргэлддэг хөрөнгийн хэмжээ энэ л гэсэн үг. 

Тэгэхээр ийм том хөрөнгө оруулагч Монголын зах зээлд орж ирвэл банкны зах зээл болгоомжтой хандах нь зүй ёсны асуудал. Гэхдээ санхүүгийн зах зээл дээрх гол үйл ажиллагааг банкууд төлөөлөн хэрэгжүүлж байна. Банкны зах зээл дээр байгаа санхүүгийн актив өнөөдөр дэлхийн зах зээл дээрх бусад ижил төрлийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй үнэтэй.

Тухайлбал, зээлийн хүү Европын оронд хамгийн ихдээ зургаан  хувь байхад манай улсад 20 гаруй хувьтай байх жишээний.  Японд жилийн хүү хоёр хувьтай байдаг юм билээ. Гэтэл манай улсад өндөр байгаа учраас бизнесийн салбарт үлдэх өгөжийг бууруулдаг, өгөөж өртөг бүтээдэг салбартаа үлдэж байж тухайн бизнес урагшилна шүү дээ. Тэгэхээр бизнес эрхлэгч нарт илүү хямд эх үүсвэр хэрэгтэй байна. 

Банкны зах зээлийн төвлөрлийг бага зэрэг сааруулахын тулд гадны банк хэрэгтэй.

Мөн банкны зах зээлийн төвлөрлийг бага зэрэг сааруулахын тулд гадны банк хэрэгтэй. Үйлдвэрлэл, банкны төвлөрөл талдаа ашигтай. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалт бүхий банк нийтлэг банкны үйл ажиллагааг явуулбал буруу болно. Тиймээс банкны төлөөлөгчийн газрууд банкны салбаруудыг ажиллуулахдаа худалдааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа зэрэг тодорхой нэр төрлийн банкны үйлчилгээн дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

Нийтлэг үйлчилгээ үзүүлээд зах зээл дээр зээлийн үйлчилгээ авлаа гэхэд бүх арилжааны зээлүүд болон бусад бизнесийн санхүүжилтын зээл гадаадын хөрөнгө оруулалт бүхий банканд шилжих аюултай. Нийтлэг банкны үйл ажиллагааг гадны банкуудад хэрэгжүүлэвэл салбартаа эрсдэлтэй юм. Гадны банкуудыг оруулж болно гэхдээ тодорхой үйл ажиллагаагаар эрхийг нь хязгаарлах хэрэгтэй. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий гурван салбарын нэгэнд банкыг оруулж өгсөн байдаг.

-Хэдхэн хоногийн өмнө “Богд” гэдэг отгон банк  мэндэлсэн. Энэ отгон банк ямар орон зайг нөхнө гэсэн тооцоотойгоор  гарч ирэв. Та ч бас  ажиглаж байгаа байх?

-“Богд” банк нь сүүлийн 10 гаруй жилд оноосон шинэ нэртэйгээр байгуулагдсан гурав дахь нь юм. Энэ хугацаанд голд нь “Хас” банк нь банк бус санхүүгийн байгууллага байж байгаад банк болж өргөжсөн.

Өнгөрсөн 10 жилийн хугацааг харахад “Төрийн банк” хуучин “Анод” банк “Зоос” банк хоёрын актив дээрээс гарч ирсэн. Мөн “Хадгаламж” банк “Төрийн банк”-тай нийлсэн. “Шинэчлэл” банк “Капитал” банк болсон зэргээр нэрээ өөрчлөх, хоорондоо нийлж нэг банк болох хэлбэрээр л явж ирсэн түүхтэй. “Богд” банкны тухайд  шинээр үүсч байгаа банк юм. Анх “Хас” банкыг үүсгэн байгуулагдах үед эдийн засаг дахь активын 90 гаруй хувь нь бүх банкуудад төвлөрсөн байсан. 

Тэр үед судлаачид энэ банк ямар үйл ажиллагаа явуулах бол гэж харж байсан.  Гэтэл “Хас” банк бичил зээл гэдэг хэлбэрээр олонд танигдаж эхэлсэн. Санхүүгийн тусламж авч чадахгүй байгаа хэсэгт санхүүгийн үйлчилгээ танилцуулах, зээлийг маш жижгээр олгох, олгосон зээлээр банкны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж чадсан. “Богд” банкны хувьд нийтлэг үйлчилгээтэй Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулах боломж бий.

Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж байна. “Богд” банкны стратеги төлөвлөгөөг үзээгүй учраас яг зах зээлд ямар зарчмаар  ажиллахыг нь хэлж чадахгүй. Ер нь банкны харилцагчдыг бодит, боломжит, зорилтот гэж гурван хэсэгт хувааж авч үздэг. Гэтэл банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ерөөсөө авч хэрэглэдэггүй хүмүүс өнөөдрийн нийгэмд байдаг. Гэхдээ хүн амын олонхи нь ямар нэгэн санхүүгийн үйлчилгээг банкаар дамжуулж авдаг. “Богд банк” харилцах хадгаламжийн үйлчилгээн дээр ажиллахад болохгүй зүйл байхгүй. Мөн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа байж болно. 

Ер нь хөрөнгийн биржийг дамжин арилжаалагддаг хувьцааны хэмжээ бага байна шүү дээ. Ийм үед банкууд хажуудаа хөрөнгө оруулалтын компаниудтай болон хөрөнгө босгох, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зах зээл байгаа. Илүү гадаад зах зээл рүү хандсан байвал сайн. Банкны хэрэглэгчдийг хуваах эсвэл шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж ирж ч болно.

Ийм байдлаар банкны зах зээл дээр ажиллах боломж бол байна. Шинэ банк байгуулагдаж байна гэдэг нь банкны салбарын төвлөрлийг сааруулна гэсэн үг. Нийт санхүүгийн 70 хувь нь гурван банканд байна гэдэг эрсдэлтэй. Тэгэхээр 90 хувийг л хуваан өөртөө авч байна гэдэг банкны зах зээлд дээрх тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэнэ. 

-Ер нь банк болгон эзэнтэй байдаг. Ихэнх банкны эзэд  улстөрчид байдаг нь нууц биш.  Банкны үйл ажиллагаа тогтвортой байхад эздийн нөлөө байдаг болов уу?   

-Хөрөнгийн төвлөрөл гэдэг бол ерөөсөө л эрх мэдлийн төвлөрөл байдаг. Манай эдийн засаг дахь хөрөнгө хоёр хэсэгт төвлөрсөн байдаг. Нэг хэсэг нь уул уурхай нөгөө хэсэг нь банк. Одоо уул уурхайн салбарын араас хөгжиж байгаа салбар бол барилга.

Хамгийн их мөнгө эргэлдэж байгаа салбар нь барилга, уул уурхай болон банк л байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давсан хамгийн их хөрөнгө эргэлдүүлж байгаа газар бол банк. Би хувьдаа улс төрийн нөлөөлөл банкны салбарт байгаа болов уу гэж хардаг.

-Манай улсад жирийн иргэд нь мэддэггүй, гэхдээ томоохон  хурал чуулган дээр нэр дурдагддаг “Хөгжлийн банк” гэж бий.  Ард түмэнд ойр биш, гаднаас орж байгаа хөрөнгө оруулалтыг дамжуулах үүрэг бүхий  банкны салбартай байх нь хэр зохистой вэ. Ер нь дэлхийд ард түмэн нь мэддэггүй, үйлчлүүлдэггүй  банк байдаг уу?

-Төрд хөгжлийн санхүүгийн бодлого гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ эдийн засаг бодлогын хөшүүрэг чинь өөрөө мөнгө санхүүгийн асуудал юм шүү дээ. Мөнгөтэй салбар нь хөгжинө. Мөнгөгүй салбар нь зогсчихдог. Тэгэхээр энэ салбаруудыг зэрэг хөгжүүлнэ гэдгийн цаад талд санхүүгийн хөгжлийн асуудал байдаг.

Санхүүжилтыг хөгжилд хөтлөх тэр салбарт хандуулах механизм хэрэгтэй. “Хөгжлийн банк” банкны тухай хуулиар зохицуулагддаггүй. Миний яриад байгаа банкууд банкны тухай хуулиар зохицуулагддаг, тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж буй 13 банкны тухай л асуудал. Гэхдээ “Хөгжлийн банк” шиг институт эдийн засагт байх ёстой. 

-Эдийн засаг хямраад ирэхээр чадалтай  нь л  банкаас зээл авч байх шиг байна. Одоогоос хоёр жилийн өмнө айл болгонд банкны хаалга  нээлттэй байлаа шүү дээ. Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай учраас уул уурхай зогсонгуут банканд  зээлтэй хүн хүнд байдалд орж эхэллээ. Орон сууцууд хураагдах боллоо. Ийм тохиолдолд банк ямар зарчмаар  ажиллах ёстой вэ?

-Би түрүүнд банк бол  итгэлцлийн бизнес гэж онцолсон. Банк  харилцагчдаасаа яагаад хөрөнгөө нэхэж байна вэ  гэхээр цаана нь нэг хүний хадгаламж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн хадгаламжийг  буцааж өгөхийн тулд зээлээ төл гэдэг шаардлагыг тавьдаг. 

-Найман хувийн зээлийн талаар  ярья л даа. Найман хувийн зээл эдийн засагт хэрэгтэй байсан уу?

-Шууд хариулъя, хэрэгтэй байсан. Гэхдээ энэ зээлийг их хэмжээгээр хавтгайруулан олгох нь зөв үү, буруу юу гэдэг нь харин  эргэлзээтэй. Мөн урьдчилгаа төлбөрийг 30 хувь байсныг 10 хувь болгож бууруулах Засгийн газрын тогтоол гарч үүнийг банкууд хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Жишээлбэл, авсан байрныхаа 60 хувийг төлчихөөд үлдэгдлийг нь төлж чадахгүй санхүүгийн хүндрэлд иргэд орж эхэлсэн.  

“Хөгжлийн банк” банкны тухай хуулиар зохицуулагддаггүй.

Гэтэл авсан байрныхаа үнийн 90 хувийг өрөөр авчихаад эрсдэлгүй төлөөд байх нөхцөл үүсэх үү, үгүй юу. Одоо урьдчилгаа төлбөрийг буурууллаа гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ нь нэг талаасаа зээлдэж хөрөнгө авч байгаа хүнд ч эрсдэлтэй, зээлийг санхүүжүүлж байгаа банканд ч эрсдэлтэй л дээ. Мөн орон сууцны зах зээлтэй холбож ярихад Улаанбаатарт ашиглалтад орчихоод борлогдоогүй, ашиглалтад орохоор хүлээгдэж буй10 гаруй мянган айлын орон сууц байна. Энэ асуудлыг Улаанбаатар хотын зах зээл дээр бодож үзье л дээ. Манай нийслэл тогтмол оршин суудаг, орж гардаг хүнтэйгээ нийлээд нэг сая 200 мянган оршин суугчтай. 

Монголын дундаж өрх дөрвөн хүнтэй гэж үзвэл Улаанбаатар хотын өрх болгоныг орон сууцжуулъя гэвэл 300 мянган орон сууц байхад  л хангалттай. Өнөөдрийн хувьд 100 орчим мянган өрх орон сууцтай байна гэж үздэг. Хэрвээ энэ эрчээрээ орон сууц баригдаад байвал 8-10 жилийн дотор орон сууцны зах зээл уналтад орно. Энэ үзэгдэл бол орон сууцны салбарт хэт их хөрөнгө төвлөрүүлж байгаагийн илрэл.

Энэ зах зээлд хөрөнгө их төвлөрч байгаа учраас улс төрийн шийдлээр зах зээл нь явж байгаа юм. Уг нь зах зээлд хэрэглэгч, нийлүүлэгч хоёр байна. Гэтэл энэ хоёр салбарт асар их хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, барилгын үйлдвэрлэлийн үнийг тогтворжуулна гэдэг нэрийдлээр маш их мөнгийг барилгын үйлдвэрлэлийн салбарт өгчихсөн. Үйлдвэрлэгчид нь өөрсдөө өртэй. Мөн үйлдвэрлэсэн барилгыг нь худалдаж авсан зах зээл нь өртэй байна л даа. Энэ их мөнгөөр хоёр талыг цоожилчихож байгаа юм. 

Жишээлбэл, бодит хэрэглэгч зах зээл маань төлбөрийн чадваргүй, орон сууцны эргэн төлөлт муудаад байна гэдгийн цаад утга нь иргэд ажилгүй, орлогогүй болоод байна гэсэн үг. Тэгэхээр ийм их хэмжээний улстөрийн шийдлээр энэ их мөнгийг барилгын салбарт өгөөд байгаа нь банкны үйл ажиллагаа, иргэдийн амьдралд эрсдэлтэй.

Тодруулбал, иргэдийн өрийн хараат байдлын төвшинг нэмэгдүүлээд байгаа юм. Өрхийн орлогын 50 хувиас хэтрэхгүй орон сууцны зээлийн төлбөр хэтрэхгүй байна гэдэг. Нэг сая төгрөгийн орлоготой айл 500 мянган төгрөгөөрөө зээлийн төсвөө төлөхөд үлдсэн мөнгө нь өрхийн хэрэглээний зардлыг төлж дийлэх үү. Нэг хүнд ногдох гэж яриагүй. Өрхийн гэж ярьж байгаа шүү. Гэтэл дөрөв, таван хүүхэдтэй айл байна. Өрхийн орлогыг нэг хүнд ногдох орлоготой харьцуулж үзэхгүй бол тухайн өрхийн амьжиргаанд асар их дарамт үзүүлж байгаа юм. 

-“Зуднаар нохой таргалж, зовлонгоор лам баяждаг” гэдэгтэй адил эдийн засгийн хямралын үед ломбард банк бус хоёр л  үнэхээр баяжиж байна гэхэд буруудахгүй байх. Ер нь банк бус санхүүгийн байгууллагын ирээдүйн зорилго нь банк болох байдаг юм уу. Эсвэл эгзэгтэй цаг мөчид хөрөнгийн хэмжээгээ нэмж авах гэсэн хувь хүмүүсийн бизнесийн нэгдэл юм уу?

-Банк бус санхүүгийн бай­гуул­лага гэдэг банкны нийтлэг үйлчилгээг бүгдийг нь үзүүл­дэггүй тодорхой нэр төрлийн үйлчилгээг төрөлжүүлж үзүүлдэг байгууллага л даа. Банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх үү, банкаар үйлчлүүлэх үү гэдэг иргэдийн сонголтын асуудал. Гэхдээ сүүлийн үед банк бус санхүүгийн байгууллагууд боловсон ломбардууд болчихлоо гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Өөрөөр хэлбэл, биет хөрөнгө барьцаалдаг. Зээлээ төлөөгүй тохиолдолд эргэлтэд оруулдаг хэлбэртэй болсон. 

Банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт, зуучлал, төлбөр тооцоо зэрэг олон үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн үйл ажиллагаан дээр л төвлөрсөн байдаг. Үндсэн үйл ажиллагаагаа явуулж орлого олох эх үүсвэр нь зээл болсон.

Боловсон хэлбэрээр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү маш өндөр байна гэдэгт нэг жишээ хэлье. Би хүүхэддээ 5,000 нэгж явуулахад үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг болж шилждэг. Үнэндээ бол  би өөрийнхөө мөнгөнөөс л явуулж байгаа шүү дээ. Миний мөнгийг дамжуулж өгснийхөө төлөө 10 хувийн шимтгэл авч буй хэрэг.  Ер нь хүмүүс тухайн үйлчилгээг авахдаа сонголтдоо анхаарах хэрэгтэй. 

Банк бус санхүүгийн байгууллагуудад санхүүгийн зах зээлийн хоёр хүрэхгүй хувь нь л ногддог. Тэгэхээр иргэд банкны олон шаардлагыг биелүүлж чадахгүй учраас л банк бус санхүүгийн байгууллага руу ханддаг. Гэхдээ нөхцөл нь бага байхын хэрээр хүү нь өндөр байдаг. Энэ асуудалд дээд, доод зохицуулалт хийж чадахгүй. Ер нь банкуудтай өрсөлдөж байгаа нэг зах зээл л дээ.

Өөрийнхөө оршин тогтнох нөхцлөө хангахын тулд банкуудыг бодвол эрсдлээ 100 хувь өөрөө даадаг байгууллага. Банк бол харилцагчдын мөнгөн дээр  оршин тогтнодог.  Арван  төгрөг байлаа гэхэд нэг төгрөг нь л банкны мөнгө шүү дээ. Банк бус санхүүгийн байгууллагууд 100 хувь өөрийнхөө  хөрөнгөөр санхүүждэг. Тэгэхээр ямар нэг байдлаар тэдгээрийн үйл ажиллагаанд банк шиг шууд орлоцон зохицуулах боломж хязгаарлагдмал байдаг. 

-Сүүлийн үед Кредит, Тээвэр хөгжлийн банк хоёр Шилэн дансны хуульд захирагдахгүй байна гэх мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа.  Ийм тохиолдол нь  тухайн банкны эрх мэдлийн асуудал уу эсвэл? 

-“Тээвэр хөгжлийн” банкны хувьд эрх эзэмшлийн маргаантай байгаа учраас үйл ажиллагаагаа  зогсоосон байх. Бусад банкуудын хувьд санхүүгийнхаа үзүүлэлтүүдээ вэб хуудсаараа дамжуулан  олон нийтэд зарладаг. Гэхдээ хугацааны хувьд хоцрох асуудал  банкуудад байдаг л юм. 

Зураг