Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадаас авах 1 тэрбум долларын зээлийн хэлэлцээрийг батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

ikon.mn
2015 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2015.11.19 -

Хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8 дугаар сард манай улсад Төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон юм.

Зээлийн нөхцлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт  олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Б.Чимэдийн нэрэмжит болголоо

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит болгохоор шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх заалт болон  МУИС-ийн саналыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Б.Чимэд нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад мэргэжил, арга зүйн талаар зохицуулан оролцож, парламентаар хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм.

Хуульч боловсон хүчин бэлтгэх ажилд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулан, Эрх зүйн үндэс,  Монголын төр, эрх зүйн түүх, Үндсэн хуулийн болон захиргаа, санхүү, иргэний эрх зүй, хүний эрх, захиргааны шүүхийн асуудал зэрэг мэргэжлийн олон хичээл зааж, олон мянган хуульч бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба