Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэчүүд төмс, хүнсний ногоогоо НЭГ ЦЭГЭЭС БОРЛУУЛНА

Ж.Отгон
2015 оны 11 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Ногоочдын бүтэн жилийн турш хөдөлмөрлөж байж ургуулсан ногоог нь ченжүүд хамгийн хямдхан үнээр худалдаж авчихаад цааш нь хэрэглэгчдэд хэд дахин үнэ хүргэж зардаг. 

Тэгвэл Монгол Улсын хүнсний ногооны 50 гаруй хувийг бүрдүүлдэг Сэлэнгэчүүдийн ногоог ченжгүй шууд ногоочдын гар дээрээс худалдан авах боломжийг Аж үйлдвэрийн яам, “Тайж” группийн хамт олон бүрдүүлсэн байна. 

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу Толгойтод төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний “Сэлэнгэ” хүнсний худалдааны төв үүд хаалгаа нээлээ. Энэхүү “Сэлэнгэ” хүнсний ногооны худалдааны төв нь төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр концессын гэрээгээр барьж ашиглалтад орж буй.

Өөрөөр хэлбэл, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын санаачилгаар “Тайж” группийн салбар “Сайхан Монгол” компани барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.

Нийслэлчүүдийг хамгийн хямд чанартай ногоогоор хангана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах энэхүү худалдааны төвд Сэлэнгэ аймагт тарьж, ургуулсан төмс хүнсний ногоо, нарийн ногоо, зөгийн бал зэрэг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн зарагдахаас гадна малчид ч махаа бөөний үнээр шууд хэрэглэгчдэд хүргэх боломжтой юм байна.

Худалдааны төв нь нийт 7,000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай. Камержилт, галын, хулгайн дохиолол суулгасан. Агааржуулалтыг сүүлийн үеийн технологиор шийдсэн. Ихэнхдээ төмс хүнсний ногоо худалдаалагдах учраас тоосжилтыг багасгах агааржуулалтыг төгс шийдэж өгсөн байна. 

Түүнчлэн орчин үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори зэрэг шаардагдах зүйлсийг цогцоороо шийдэж өгснөөрөө давуу талтай юм байна. Лангууны түрээсийн хувьд орон нутгийн жишиг үнэ байх төдийгүй ногоочид жилийн дөрвөн улирлын турш төмс, хүнсний ногоогоо зарж, борлуулах боломж бүрдэж байгаад ногоочид сэтгэл хангалуун байгаагаа дуулгаж байсан юм. 

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого хэлтсийн дарга холбогдолтой. Өмнө нь манай Сэлэнгэ аймгийн хүнсний ногоонууд намар Улаанбаатар хотод задгай талбай дээр хэсэг худалдаалагдаж байгаад хүйтрэхээр аймагтаа буцдаг байсан. Харин түүний оронд Хятадын хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг байлаа. Тэгвэл одоо Сэлэнгэ аймгийн хямдхан, чанартай хүнсний ногоонуудыг нийслэлчүүд жилийн дөрвөн улирал худалдан авч хэрэглэх боломж бүрдлээ” гэв.

АҮЯ-наас зоорины санхүүжилтийг шийдэж өгнө гэв

"Сэлэнгэ"  худалдааны төв ийнхүү ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл, органик төмс, хүнсний хогоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдлээ. 
Түүнчлэн ченжүүд ногоочдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, нийслэлийн иргэд өндөр үнэтэй төмс, хүнсний ногоо худалдан авдаг явдал үгүй болж байгаа зэрэг олон давуу талууд бий болж байгаа юм.

Одоогоор зоорины асуудал нь шийдэгдээгүй байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад орох юм байна. Энэ талаар Аж үйлдвэрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэ “Уг хүнсний худалдааны төвийг ашиглалтад оруулснаар нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдэд чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг олгосон сайхан үйл явдал болж байна. Бид дараагийн ээлжинд хүнсний ногоог муудахгүйгээр хадгалах, хамгаалах зоорины санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа” гэлээ.

Лабораторитой анхны хүнсний зах

Үүнээс гадна тус худалдааны төвд хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтын загвар лаборатори байрлаж байгаа бөгөөд тус лаборатори хүнсний бүх төрлийн шинжилгээг хийж, баталгаажуулснаар чанар, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй болох юм байна. “САМО” институтын Гүйцэтгэх захирал, доктор Г.Оюун “Энэхүү “Сэлэнгэ” захын дэргэд байгаа хүнсний чанар аюулгүй байдлыг хангах лаборатори шаталсан удирдлагатай байдлаар ажиллана. 

Өөрөөр хэлбэл, хүнсний шинжилгээний нэгдсэн лабораториос чанар, арга зүй, гээд зөвлөмж ирнэ. “Сэлэнгэ” зах дээр худалдаалагдах хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо гэсэн бүтээгдэхүүний урьдчилсан шинжилгээнүүдийг энэ лаборатори дээр хийгдээд явна. 

Харин шаардлагатай нарийвчилсан шинжилгээнүүдийг “САМО” институтын нэгдсэн лабораторид хийх юм. Цаашдаа хүнсний зах маань хажуудаа агуулахтай болоод ирэхээр хадгалж байгаа бүтээгдэхүүнд чанар аюулгүй байдлын ямар өөрчлөлт гарч байгаа эсэх талаар судалгаа, шинжилгээнүүд хийгдэнэ” гэв.

Зураг