Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбат, зургаа дахь удаагийн Өршөөлийн хуулийг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын хүрээнд шүүх байгууллага хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой болохыг тэмдэглэв. Хууль батлагдсанаас хойш Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд өндөр зохион байгуулалттай, сайн ажилласан болохыг дурдаад талархал илэрхийллээ.
Мөн Татварын Ерөнхий газраас комиссын нэрээр ирүүлсэн албан бичгийг танилцуулсан юм. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар тодруулга хүсчээ.
Тус тодруулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын дээд шүүх, Улсын Прокурорын Ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, эдгээр хуулийг хэрэгжүүлэх явцад ялангуяа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Татварын байгууллага, цагдаагийн байгууллага тэргүүтэй холбогдох төрийн байгууллагууд эрх сануулах үйл ажиллагааг хэр явуулж байгааг тодруулж, энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар саналаа хэллээ.
Хэлэлцүүлгийн явцад Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан дээрх хуулиудын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл өгч, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгаа бөгөөд олон татвар төлөгч хамрагдах хүсэлтэй байгааг тоо баримтаас харж болно гэв.
Нийт татварын 98 хувийг бүрдүүлдэг гол компаниудын 50 хувь нь өнөөдрийн байдлаар татварын холбогдолтой зөрчилтэй байгаа. Энэ нь эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тэнцвэртэйгээр шийдэх боломж бий гэв.
Ийнхүү комисс өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарах бол татвар, төлбөр, хураамж зэрэг үндсэн төлбөр нь чөлөөлөгдөхгүй байхаар тогтлоо.
Түүнчлэн захиргааны зөрчлийг хууль хэрэглэх эрх бүхий субьектүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ тооцсон тохиолдолд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх санал гаргасныг комиссын гишүүд 100 хувь дэмжлээ.
Комиссын хуралдаанд комиссын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл болон комиссын бусад гишүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.