Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бүсээ чангалж бүхнийг тэвчих төсөв батлагдав

Б.Өнөртогтох
2015 оны 11 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Засгийн газраас өнгөрөгч аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн төсөл болон Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг cap гаруйн хугацаанд хэлэлцэн УИХ өнгөрөгч Баасан гараг эцэслэн баталлаа.

Сонгуулийн жилийг угтсан бус шинэчлэлийг тууштай хийсэн гэсэн тодотголтой энэхүү төслийн талаар улстөрчид олон янзын байр суурь илэрхийлж буй. Гэсэн ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөл сайдынх нь тайлбарласанчлан шинэчлэл хийгдсэн төсөв болж чадсангүй. 

Шинэчлэлийг эхлүүлж чадаагүй ч харин сонгууль угтсан, бүсээ чангалж бүхнийг тэвчих зорилготой төсвийг хоёр сарын хэрүүлийн үр дүнд батлав. Шинэчлэлийн амин сүнсээ Сангийн сайд үргүй зардлыг хэмнэх, төрийн албаны данхайсан бүтцийг цөөлөх улмаар орлого зарлагаа алдагдалгүй болгох хэмээн тайлбарлаж байсан билээ. Харин сөрөг хүчний хүчтэй эсэргүүцлээс үүдэн оруулж ирсэн төсвөө 360 градус өөрчилсөн юм. 

Ингэснээр өмнөх жишгээ давтсан үргүй зардлаа танаж чадаагүй, зарлагыг анх оруулж ирснээсээ 130 тэрбумаар нэмэгдүүлсэн төсвийг УИХ баталж гаргалаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт opoxгүй , Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлсэн гэсэн тайлбарыг ажлын хэсгийн гишүүд өгсөн билээ.

Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулав. 

Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.

Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.

Түүнчлэн, Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэх, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторийн зориулалттай барилга болгох шийдвэр гарав. Концессоор хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн төсөл, арга хэмжээг ирэх оны улиралд багтаан хэрэгжүүлэхээр боллоо. 

Ирэх оны төсөвт орсон өөрчлөлт болон сайдууд хэдэн тэрбумыг зарж олох талаар тоймлон хүргэе. 

Есөн яамтай байхыг дэмжсэнгүй

Сарын хугацаанд улс төрийн олон янзын эсэргүүцэлтэй тулгаран батлагдсан 2016 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар боллоо. Харин нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм. Алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүлжээ.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж ирснийг уншигч та санаж буй. Тэгвэл УИХ-аас Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа.

Энэ хоёр агентлагийг нэгтгэснээр Орлого бүрдүүлэлтийн цоо шинэ агентлагийг бий болгож, Гааль, Татвар нэг дор төвлөрснөөр нэг агентлагийн байрыг хувьчлах мөн төрийн нүсэр бүтцийг цомхон болгох учиртай. Эндээс тодорхой хэмжээний мөнгийг олох учиртай. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн эрхлэх сайдын харьяанд аваачив.

Төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Үндэсний статистикийн хороог Засгийн газрын мэдэлд өгч болохгүй, УИХ-ын харьяанд байх ёстой гэсэн асуудал хөндөгдөж, гишүүдээр санал хураалгасан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй юм. Засгийн газрын мэдэлд аваачих нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих боломж нь алдагдана гэж үзсэн юм. 

Гэсэн ч хэлэлцүүлгийн шатанд асуудлыг засаагүй, улмаар гуравдугаар хэлэлцүүлэг рүү орж ирсэн учраас засч залруулж чадаагүй юм. Энэ хоёр том агентлаг нэгдсэнээр УИХ-ын хараанд бус. Хууль зүйн сайдын харьяанд ажиллах болж байна. Мөн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар есөн яамтай ажиллах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө төсөл санаачлагчид буцаан татсанаар эл асуудал Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэхээр болж байна.

Цалин хасахгүй гэхдээ цалингийн санг бууруулна

Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-ын гишүүдийн туслахуудыг цөөлөх мөн төрийн өндөр албан хаагчдын цалинг 30 хувиар, төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар оруулж ирсэн. Гэсэн ч сөрөг хүчин цалин хасах ёсгүй гэсэн байр суурийг хамгаалж байсан учраас бүх шатны албан хаагчдын цалинг хасахгүй болсон юм. Мөн ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй. Шинэ бүтээн байгуулалтаас татгалзаж харин 2015 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтыг векселээр болон концессоор үргэлжлүүлэх юм. 

Гэхдээ эрүүл мэнд, боловсрол цагдаа, онцгой байдлын салбарын байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагуудын цалингийн санг 10 хувиар бууруулсан нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулгарсан гэхэд болно.

Сөрөг хүчний гишүүн та бүхэн цалинг хасахгүй гэж хэлчихээд цалин хасахаар оруулж ирлээ хэмээн эсэргүүцсэн бол ажлын хэсэг урсгал зардлыг танах, илүү цагийн цалинг, нэмэлт урамшуулал, гэрээт ажилтан, байгууллагын өр авлагын асуудалд хасалт хийхээс нэг ч хүний цалинг хасахгүй гэж хатуу мэдэгдлээ.

ХЭН ХЭДИЙГ ЗАРЦУУЛАХ ВЭ

Төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй субъектуудын зарцуулах мөнгөн дүнг хүргэе.

1. Ерөнхийлөгчийн Тамгын  газрын дарга 4.7 тэрбум

2. УИХ-ын дарга 18.637 тэрбум

3. Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2    сая

4. Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум

5. Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум

6. Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая

7. Улсын ерөнхий прокурор 15 тэрбум

8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум

9. Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум

10. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум

11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум

12. Төрийн  албаны зөвлөл 558.2 сая

13. Сонгуулийн  ерөнхий хороо 25.2   тэрбум

14. Ерөнхий сайд 99.630 тэрбум

15. Шадар сайд 110.1 тэрбум 

16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум

17. Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум

18. Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум

19. Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум

20. Хууль зүйн сайд 391.8 тэрбум 

21. 3ам тээврийн сайд 242.6 тэрбум

22. Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум

23. Боловсрол, соёл шинжлэх ухааны санд 1 их наяд 218.3 тэрбум

24. Уул уурхайн сайд 17.945 тэрбум

25. Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум

26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум

27. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум 

28. Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум

29. Эрчим хүчний сайд 67.6 тэрбум

30. Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум

31. Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа. Мөн 2016 онд Төсвийн тогтворжуулалтын санд 8 тэрбум 904 сая төгрөг төвлөрүүлэхээр баталснаар төсвөө бид өлгийдөн авлаа.

 

Зураг