Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт сайд дэлхийн хоёр том гүрний Ерөнхий сайд болон Далай ламтай уулзаад иржээ

Б.Ану
2015 оны 10 сарын 8
iKon.MN

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэхэд холбогдох зарим арга хэмжээнд шаардагдах 331.435.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг өнгөрсөн сарын 7-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.

Харин энэ өдрийн маргааш нь буюу есдүгээр сарын 8-ны Мягмар гарагт  УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан тэмдэглэл байдаг. С.Баярцогт сайдыг гадаадад томилолтоор явж байхад нь түүнийг Үндсэн Хуулийн Цэцэд авлига өгөхөөр оролдсон зэрэг он сарын болон баримтын зөрүүтэй мэдээлэл олон нийтэд хүрээд буй. 

Чухам ямар ажлаар гадаадад томилолтоор ажилласан тухай болон тухайн үед яагаад тайлбар өгөөгүй талаар С.Баярцогт сайдаас товч тодруулга авлаа. 

Тэрбээр энэ хугацаанд олон улсын хоёр ч том хуралд оролцож дэлхийн хоёр том гүрний Ерөнхий сайд болон Далай ламтай уулзаад иржээ. 

- Та өнгөрсөн сарын 2-8-ны хооронд Энэтхэг, Хятад улсуудад ажиллаад ирсэн юм илээ. Ямар зорилгоор эдгээр улсад ажилласан тухайгаа танилцуулахгүй юу?

- Тийм ээ. Би өнгөрсөн сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсад "Самвад буюу - Мөргөлдөөнөөс зайлсхийх, байгаль хамгаалах үзлийн тухай даян дэлхийн хинди, буддист санаачилга" олон улсын бага хуралд оролцохоор ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэ хурлыг Энэтхэгийн эрх барьж байгаа намын тинк танк байгууллага болох Вивекананда Олон Улсын Сан, дэлхийн буддистуудын хамгийн том холбоо болох Олон Улсын Буддистуудын Холбоо, Токио Сан гэсэн гурван байгууллага санхүүжүүлж  Азийн олон орны төр засгийн сайд нар болон буддист шашны тэргүүнүүд оролцсон хурал болсон юм. 

 

Монголоос миний бие болон Д.Чойжамц хамба, Ч.Дамбажав хамба, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ахлах референт М.Батаа, Энхтайван Найрамдлын Нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн зөвлөх, Элчин сайд Л.Дашпүрэв, БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Гандантэгчинлэн хийдийн Гадаад харилцааны албаны дарга Б.Мөнхбаатар гэсэн хүмүүс энэ хуралд оролцсон. 

- Гадаадад айлчлалаар явж байхад Монголд таныг огцруулах тухай яригдаж эхэлсэн. Мөн Үндсэн Хуулийн Цэцэд авлига хүртэл өгөх гэж оролдсон гэх ташаа мэдээлэл тараад амжлаа. Яагаад тухайн үед нь тайлбар өгөөгүй юм бэ?

- Тухайн үед тайлбар өгөх ямар ч боломж байгаагүй. Тийм зав зай байгаагүй гэсэн үг. 

Дээрх олон улсын бага хуралд Энэтхэгийн тал маш өндөр ач холбогдол өгч Ерөнхий сайд Моди болон засгийн газрынх нь олон гишүүн оролцсон. 

Хурлын эхний хоёр өдрийн арга хэмжээ Шинэ Делид болж гурав дахь өдөр нь Бодгаяа гээд Бурхан багшийн гэгээрсэн газар луу явсан.

 

Энэ өдөр бурхан багшийн гэгээрсэн гэх бодь модны дор гадны бүх төлөөлөгч сууж бясалгал хийсэн.

Энэ хуралд Монголын тал ч их өндөр ач холбогдол өгч оролцсон. Би нээлтэнд нь, Д.Чойжамц хамба хаалтанд нь үг хэлсэн. М.Батаа маань эрдэмтэд, шашны лидерүүдийн хэлэлцүүлэгт оролцсон. Харин Ч.Дамбажав хамба хоёр ламын хамт бодь модны доорх бясалгалыг хөтөлж, уншлага хийсэн. Японы тал ч өндөр ач холбогдол өгч оролцсон. Тус хурлын хоёр дахь хурал нь Токио хотод 2016 оны нэгдүгээр сард болох юм. 

 

Энэ хуралд Японы Ерөнхий сайд видео мэндчилгээ илгээж, Гадаад Хэргийн Дэд сайд нь оролцсон.

 

Мөн айлчлалын дөрөв дэх өдөр Дарамсала орж Далай ламтай уулзсан. Тэрбээр Монголын ард түмэнд сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсч ерөөж байсныг дамжуулахад таатай байна. 

- Таныг Энэтхэгийн Ерөнхий сайд Модиг Монголд ирэхэд нь селфи хийсэн гэж байсан. Тэр зургаа үзүүлж болох уу?

- Бололгүй яахав. Өнгөрсөн сард ч Энэтхэгт очихдоо дахиад селфи хийсэн. Д.Чойжамц хамбын хамт.

 

Харин энэ зураг бол Улаанбаатарт авсан зураг.  "Хамт селфи хийсэн зургаа тухайн үед яагаад тавиагүй юм бэ" гэж Ерөнхий сайд Моди асууж байсан шүү. 

 

- Энэ айлчлалаасаа шууд Зуны Давосын уулзалтыг зорив уу?

- Тийм ээ. Энэ айлчлалаас шууд БНХАУ-ын Далянь хотод болж байсан Зуны Давосын уулзалтад очиж зарим хуралдаанд Ерөнхий сайдыг төлөөлж оролцсон. Мөн энэ үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж амжсан. Тэгэхээр надад тайлбар хийгээд явж байх зав огт байсангүй. 

 

- Энэтхэгт болсон олон улсын бага хурлын гол ач холбогдол юунд оршиж байсан бэ? 

- Мөргөлдөөнөөс зайлсхийх, байгаль хамгаалах чиглэлд улстөрчдийн оролцоо, буддистуудын үүрэг юу байх ёстой вэ гэдгийг тодорхойлсон өндөр ач холбогдолтой хурал байсан. 

Энэ олон улсын бага хуралд манай талаас Д.Дорлигжав сайд явах байсан ч түүнд өөр ажил гараад маш богино хугацаанд Засгийн газраар шийдээд би явах болсон юм. Айлчлалын хүрээнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах боломж гарах учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч энэ бага хуралд Монголын тал өндөр ач холбогдол өгч оролцох ёстой гэж үзэж энэ хуралд оролцсон.