Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье

ikon.mn
2015 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Манай улсад хүйтний улиралын үед угаарын хийнд хордож амь насаа алдах, өвчлөх эрсдэл буурахгүй байна. Энэ нь хүмүүсийн мэдлэг, хандлага, дадлын том алдаа бөгөөд түүний эрсдлийг бууруулахын тулд НЭМ-ийн чиглэлийн сурталчилгаа, сургалт зайлшгүй хэрэгтэй. 

Бид дэлхий дээр нүүрс түлж дулаацдаг цөөн орны нэг бөгөөд, өмгөөлөгч Цэрэнжээгийн “Нүүрс хөтөлбөр”-ийн хэргийн шүүх хурлын үед дурдсанаар хар нүүрсний хараал өвлийн улиралд гарах эрсдэл ард түмний дунд буурахгүй байна.

2014 онд эм болон химийн бодисын цочмог хордлогоор нийт 856 хүн Хордлогын Яаралтай Тусламжийн төвд хандаснаас, 405 хүн эмчлүүлэн 451 хүн анхны тусламж зөвлөгөө авч буцсан байна. Эдгээр 405 хэвтэн эмчлүүлэгчдийн 47 нь буюу 11,6% нь нүүрсхүчлийн дутуу ислийн хийн цочмог хордлоготой иржээ.  

Угаарын хийн хордлогоор 251 хүн тус төвд ирж үйлчилгээ, тусламж авсаны 204 хүн нь  хөнгөн болон дунд зэргийн хордлоготой анхны тусламж авч буцсан, 47 хүн хүндэвтэр болон хүнд  хордлоготой байсан учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Нас барсан тохиолдол энэ онд энэ төвд бүртгэгдээгүй ч эмнэлэгт хүргэгдээгүй цагдаагийн газарт бүртгэлтэй нас баралтууд байх өндөр магадлалтай.

Угаар гэдэг нь углерод буюу нүүрс төрөгч гэсэн орос гаралтай үг. Бид нүүрс төрөгчийн дан исэл, дутуу исэл ч гэж хэлдэг энэ хийний хордлогын талаар зөвлөгөө хүргүүлэхээр зорив. 1857 онд Францын эрдэмтэн Claude Bernard нүүрс төрөгчийн дутуу ислийн хордлогыг анх тодорхойлсон.

Хүчилтөрөгчийн 1 атом нь нүүрстөрөгчийн 1 атомтой нэгдэж угаарын хий үүсгэдэг. Нэгдсэн хорт бодис юм. Үнэргүй, өнгөгүй, амтгүй, агаараас хөнгөн, тогтвортой, шатамхай хий. Иймд хүн болон амьтан хордсоноо мэддэггүй, унтаагаараа чимээгүй нөгөө ертөнцөд морилдог.

Хорт утааны баг өмссөн хүнд шүүгддэггүй. Нүүрстөрөгчийн исэл нь нүүрс кокс бусад нүүрстөрөгч агуулсан бодисын дутуу шаталтын улмаас үүсдэг бөгөөд үйлдвэрийн зориулалтай хийн найрлагад бас ордог.

Мөн ахуйн нөхцөлд дотоод шаталтын хөдөлгүүрийн хийн утаа, тэсрэлтийн улмаас үүссэн хийнд их байдаг. Ер нь л дутуу шаталтаас үүсдэг хий.

 Байр, гэр оронд хийн халаагч эвдэрсэнээс мөн хорт хий үүснэ.

Манай иргэдийн хувьд зуух, пийшэнгийн ам онгорхой байх, яндангүй, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, бөглөрсөн байх, хүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрдэж байна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ пийшэн, зуухандаа нүүрс ихээр хийж хяналтгүй орхих нь хордлогын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Мөн автомашинаа гараждаа байрлуулсаны дараа асаалттай дулаан байлгаж архидах, түүнээс үүдэн ухаан балартаж тэр чигтээ унтах тохиолдол гарсаар байна. Тэр байтугай машинаа битүү бүтээгээд асаалтай дотор нь сууж байгаад угаартсан тохиолдол 2014 онд хэд хэдээр бүртгэгдсэн нь өдрийн сонин, зарим телевизийн мэдээнд тодорхой байсан..

Аммиакацетон, метилын спирт, фосфоген зэрэг бодисыг химийн аргаар гараж авахад угаарын хий ялгардаг. Цемент, тоосго, талхны үйлдвэрүүдийн зууханд агаар, хүчилтөрөгч дутуу орсоноос хорт хий үүсдэг. Байр, гэр оронд хийн халаагч эвдэрсэнээс мөн хорт хий үүснэ.
Улаанбаатар хотод машины хөдөлгөөн түгжрэл ихтэй үед гадаад агаарт угаарын хий ихээр хуримтлагддаг.

Гэр хорооллын өвлийн байшин Монгол гэрт эцэг, эх, гаднаас ирсэн зочин нийлээд 3-5 хүн зэрэг тамхи татахад хичнээн их угаарын хий ялгаран хуримтлагдаж тэнд өсч торниж байгаа хүүхдүүд дам хордож суурь өвчтэй болж өсдгийг бас мэддэгүй, мэддэг хирнээ тоодоггүй. Улаанбаатараас Берлины чиглэлээр өдөртөө нисээд очсон иргэдийн гадуур хувцаснаас угаарын хийн өмхий үнэртдэг, тэр нь хэд хоногтоо салдаггүй гэдгийг тэнд амьдардаг Монголчууд байнга ярьдаг.

Угаарын хийн хоронд хамгийн их өртөмтгий эрсдэл ихтэй бүлэгт эхийн хэвлий дэх ураг, нярай, зүрх судасны архаг өвчтөй, цус багадалттай, амьсгалын замын архаг өөрчлөлттөй хүмүүс, хөгшид  багтдаг.

Хордлого хэрхэн үүсдэг вэ?

Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчил төрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх маань цохилж эрүүл явдаг.

Гэтэл тэр угарын хий гэгч хороор амьсгалахаар цусанд орж нөгөө сайхан хүчитөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеээр эргэлдэнэ.

Нэгэнт биеээр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд зэрэгт хордоно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд, дунд, хөнгөн зэргийн хордлого өгдөг.

Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.Үүнийг зарим хүмүүс ханиад хүрсэн юм шиг гэж ярьдаг.

Дунд зэргийн хордлоготой үед: дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвц дайван тэнцвэр алдагдана.

Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж, дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.

Угаарын хийтэй газар удаан хугацаанд байх, ажиллаж амьдрахад архаг хордлого үүснэ. Жирэмсэн байхдаа нүүрсний утаанд ихээр өртсөн эмэгтэйчүүдийн дийлэнх хувьд нь төрсөн хүүхдүүд нь бүтэлт тархины даралттай байдаг. Жирэмсний эхний 5 сард утаагүй орчинд амьдрах нь хамгийн чухал.

Мөн угартаж ухаан алдаж удаан хэвтсэнээс удаан дарагдлын хам шинж гэгч илэрч, нэг мөчөө нөгөө мөчөөр даран удаан хэвтсэнээс цус, тунгалагийн эргэлт саарч, бөөрний хямрал, дутагдалд орон нэг мөчгүй болох тохиолдлууд байна. Орон байранд гарсан галын үед мөн угаарын хийнд хордохоос гадна, амьсгалын дээд замын түлэгдэл үүсч асуудлыг хүндрүүлж болдог.

Авах арга хэмжээ

Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цусавна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг. Өвлийн байшин гэрт угарын хордлого үүсэхэд газраар ор засаж унтсан хүмүүс бага хордсон тохиолдолууд гарч байсан. Хордсон хүнд болж өгвөл ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгана. Сайн шээлгэх хэрэгтэй.

Эмч, эмнэлгийн тусламж ирэх боломжгүй үед ойр эмийн сангаас төмөр болон кобальт агуулсан эмийн бэлдмэл / цитохрома С 10-30 мг булчинд, Ферумлека 5 мл судсанд, цианокобаламин буюу витамин Б 12-ийг  300-500 мкг булчинд тарих, натрийн 0,9 хувийн уусмалыг дуслаар хийхийн өмнө 50-100 мл цус авч асгах, дусал дуусах алдад лазекс, цуросемид зэрэг шээс хөөх бэлдмэлийг 1,0 дусалдаа хийж хүчээр шээлгэж шээс хөөж хорыг гадагшлуулж  болно.

Хүнд ухаан балартсан хүнийг маш хурдан тээвэрлэж эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Замд нь маскаар хүчилтөрөгч өгөх шаардлагатай. Хүнд дунд хордсон хүмүүс барокамер гэгчид хэдэн удаа орох шаардлагтай. Үүнийг эмнэлэгт очсон хойноо эмчтэйгээ шийдэх асуудал. Мөн аскорбины хүчил, рибофлавин, тиамин, пиридоксин, токоферол, актовегин өндөр тунгаар тарих дусаах, бусад шинж тэмдгийн эмчилгээ шаардлагатай.

Жич: Эмч нар энэхүү хордлогыг оросоор “Oтравление окись углерода”,  Англиар “Carbon monoxide poisoning” гэж хэлж бичдэгийг анхаарахад илүүдэхгүй болов уу.

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд хор судлалын төвийн эмнэл зүйн хор судлаач Р.Даваадорж