Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭГ СЭТГҮҮЛ: ХАДААС

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 9 сарын 21
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл

“Гэрэг” сэтгүүл ikon.mn-тай хамтран онцлох нийтлэлүүдээсээ цувралаар хүргэж байна. “Гэрэг” сэтгүүл дата сэтгүүл зүй, барууны сэтгүүл зүйн өнгө аясыг дагасан даацтай нийтлэл, сурвалжлага, Монголд орхигдоод буй кино болон номын шүүмж, анализ тоймуудаар дагнасан долоо хоног тутмын сэтгүүл.

Мөн бид “Humans of Ulaanbaatar” гэрэл зургийн цуврал, хоёр хөршид болж буй үйл явдлын анализыг байнга нийтэлдэг “Хөрш” зэрэг онцгой булангуудтай. Одоо явагдаж буй хэвлэл захиалгын IV улиралд Та манай сэтгүүлийг захиалаарай. Бид энэ удаа 2013 оны Балдорж шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “Хадаас” нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэл 2015 оны Балдорж шагналын шилдэг аравт багтсан билээ.

“Сонин юу байна?”. Бид энэ асуулттай өдөрт хэдэн удаа таардаг юм, бүү мэд. Тэгэх бүртээ ёс юм шиг “Юмгүй дээ” л гээд толгой дохиод өнгөрөх нь олон. Харин энэ асуултыг өдөр тутмын сонинтой холбох юм бол хариу нь адал сониноор дүүрэн байх болно.

Шар байр

Засгийн газрын ордноос зүүн хойд зүг рүү км хүрэхгүй зайд гурван давхар шар байр бий. Дотроо арилжааны банкаас эхлээд дуу бичлэгийн студи, уран зураг цуглуулагчдын холбоо, гэрэл зургийн сургалтын төв,харуул хамгаалалтын алба, сонины бирж гээд юу эсийг багтаасан нь энэ шар байрны анхны зориулалт огт өөр байсан ч хувь тавилан тоосго бүрийнх нь зорилгыг өөр тийш чиглүүлэхийг хүссэн мэт бөгөөд өдөр тутмын сонин, тэр дундаа Төрийн төв хэвлэл“Ардын эрх”-ийн түүхтэй салшгүй холбогдсон билээ.

Энэ байшинг одоо ч “Ардын эрх”-ийн байр гэнэ. Гэхдээ үнэхээр ийн зориод очих юм бол мөнөөх сонинтой холбоотой юуг ч та олж харахгүй л болов уу. Харин энэ байшин дотор одоо хүртэл ажиллаж буй хэдэн хүн, тэдний түүхийг нээж чадвал та өөрийгөө гайхамшигт нэгэн олдвор оллоо гэж тооцоорой. 

“Хүн ер нь хөгшрөхөөрөө хүүхэд насаа давтдаг гэж үнэн байх аа. Тэтгэвэртээ гараад энэ муу шар байшиндаа эргээд хүрээд ирэх юм гэж хэн санах билээ” хэмээн Б.Пүрэвдаш хэлж байна. “Энэ муу шар байшин” гэдэг нь “Ардын эрх”-ийн байрыг хэлж буй хэрэг.

Тэр сэтгүүлчийнхээ гарааг “Ардын эрх”-ээс, бүр яг энэ шар байшинд эхэлж байж. Дараа нь “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулалцаад, МОНЦАМЭ-д нэг хэсэг ажиллаж, Монголын үндэсний олон нийтийн радиод цөөнгүй жил болоод тэтгэвэртээ гарсныхаа дараа “Үндэсний шуудан”-д иржээ. Энд тэр зөвлөхийн албатай. Энэ сонины байр “Ардын эрх”-ийн шар байрны гурван давхарт байдаг юм. Гэхдээ хүүхэд насаа давтсан тохиол нь зөвхөн энэ биш. Анх улсаас түүнд байр өгөхөд 19 тоотод орж байж. Бүр хожуу байраа жаахан томсгоё гээд шинэ байр авахад ахиад л 19 тоот таарсан аж. Хөгжилтэй түүх байгаа биз. 

Энэ байшиндаа эргээд ирсэндээ тэр туйлаас баярладаг. “Би төрхөмдөө ирлээ гэж амьдралынхаа туршид хоёрхон удаа л хэлсэн. Нэг нь радиод очихдоо, нөгөө нь тэтгэвэртээ гараад энд ирэхдээ. Хүмүүс ажлаа хоёр дахь гэр гэдэг дээ. “Ардын эрх”-ийн энэ байр миний хоёр дахь гэр яах аргагүй мөн. Хуучин энд ажиллаж байхдаа яалт ч үгүй хонодог байсан юм чинь” гээд учиргүй хөхөрч билээ. Б.Пүрэвдашийн суудаг өрөөнөөс хэдхэн алхмын зайд “Ардын эрх”-ийн бас нэг амин судас суудаг. 

Буурал үс, нүдний шил, монгол хэлийг гарамгай сурсан европ хүнийх шиг хоолой, цэгцтэй яриа, хөнгөн алхаатай энэ эрхэм өглөө бүр “Ардын эрх”-ийн байрны гурван давхар дахь ажлын өрөөндөө өдөр тутмын сонин уншиж шинэ өдрийг эхлүүлдэг нь тэртээгээс өдий хүртэл ер өөрчлөгдсөнгүй.

Харин бусдаас ялгаатай нь тэр өдөр тутмын нэг биш,хэд хэдэн сонин захиалдаг бөгөөд намайг түүнтэй уулзахаар өрөөнд нь ороход ширээн дээр нь “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” гэх Монголын өдөр тутмын сонины “их гурвал” лав харагдсан.

Одоо тэр сэтгүүлчээрээ ажилладаггүй ч мөнхүү сонинуудынхаа зарим дээр тэмдэглэгээ хийж, цохлон тэмдэглэсэн байлаа. 
Хувийн компанийн захирал Д.Цэдэн-Ишийн амьдрал энэ шар байшин, бас өдөр тутмын сонинтой салшгүй холбоотой.

Тэр энэ байрны тоосгыг анхлан өрөлцөж байсан хүмүүсийн нэг төдийгүй “Ардын эрх” сонины Улс төрийн мэдээллийн албаны даргаас Орлогч эрхлэгч хүртэл хариуцлагатай албыг хашиж байсан хүн.

Нэгэн үе захиалагчийн тоо нь 80 мянга хол давж байсан Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ийн бадрангуй түүхийн нэг томоохон хэсэг яг одоо миний өмнө сууж байгаа нь энэ. 

Тэртээх 1924 оноос эхтэй “Ардын эрх”-ийн түүх бол яах аргагүй Монголын түүх юм.

“Ардын эрх” бол зөвхөн сэтгүүл зүйд төдийгүй Монголын нийгэмд үзэгдэл болж гарч ирж байсан юм шүү” гэж Д.Цэдэн-Иш хэлээд хуруугаараа ширээ товшсон нь энэ ямар чухлыг тодотгож байх шиг. Тэртээх 1924 оноос эхтэй “Ардын эрх”-ийн түүх бол яах аргагүй Монголын түүх юм.

Гурван удаа нээгдэж, гурван удаа үүдээ барихдаа “Ардын эрх”хоёр зуун дамжиж, Монголын хоёр том хувьсгалын гэрч болж байж. МАХН-ын харьяанд байснаа намаас салж, Төрийн төв хэвлэл болохдоо ардын ч, төрийн ч эрхийг хамтад нь авч явж байсны баримт шарласан түүхийнх нь хуудас бүрт бий.

Өдгөө эргэн тойрон танигдахын аргагүй өөрчлөгдөж, өчигдөр шинэ байсан зүйл өнөөдөр хуучирч байхад Монголын өдөр тутмын аль ч мундаг сонин “Ардын эрх”-ийн 80 мянган хувь хэвлэгдэж байсан амжилтыг эвдэх байтугай, ойртож дөхөөгүй байна. “Одоо энэ амжилтыг аль ч сонин давтаж чадаагүйн шалтгааныг та юу гэж боддог вэ” гэж намайг асуухад Д.Цэдэн-Иш инээмсэглэв. Тэгснээ “Цаг үе нь өөр байсан шүү дээ”гээд “Үнэн” сонин оргил үедээ 120 мянган хувь хэвлэгдэж байсан тухай хэллээ. Тэр үеэс хойш өдөр тутмын сонины тоо гурав дахин өсчээ.

Хэвлэлийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар өдгөө 12 өдөр тутмын сонин үйл ажиллагаагаа явуулж байна гэх. Харин 1990 оны долоодугаар сарын 1-нд “Ардын эрх” анхны туршилтын дугаараа гаргаж байхад “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”-ээс өөр өдөр тутмын хэвлэл байсангүй. Эдгээр нь намын хийгээд“намын дайчин туслагч” эвлэл, үйлдвэрчний харьяаных. “Ардын эрх” ч эхэндээ бас л харьяалалтай байсан. Сонины редакц Төрийн ордонд байрладаг, улсаас санхүүжилт авдаг нь гэхдээ тийм ч удаан үргэлжлээгүй юм.

“Ардын эрх” нэг намынх бус, харин Төрийн төв хэвлэл гэгдэх боллоо. Тэр үеийн “Ардын эрх” оюуны их цугларал байсан гэж Д.Цэдэн-Иш онцлов. Үнэхээр ч тийм. Б.Лигдэн, Ц.Балдорж, Д.Цоодол, До.Нямаа, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Т.Ганди болон Ж.Мягмарсүрэн тэргүүтэй мундаг эрхмүүд нэг редакцид байсан бөгөөд зохиолч Г.Аюурзана, Ц.Хулан, Л.Өлзийтөгс нар л гэхэд залуу сурвалжлагч байсан гэхээр танд ойрхон буух болов уу.  

Цаг үе өөрчлөгдөж, бүхэл бүтэн тогтолцоо эргэсэн учраас сонины үйл хэрэг ч өөрчлөгдөв. Хаалттай нийгэмд удаан байсан хүмүүс гэнэт ирсэн эрх чөлөө гээчийг жинхэнэ утгаар эдэлж эхэлсэн гэж тэр хэлэв. “Ардын эрх” л гэхэд намынх бус, төрийн мэдлийн болж, шууд хараа хяналт багассан учраас шүүмжлэхээ шүүмжилж, сайшаахаа сайшааж эхэлжээ. Харин энэ нь ордонд байсан улстөрчдийн заримд таалагдаагүй. “Ордонд суучихаад, Төрийн төв хэвлэл гэчихээд төр, засгаа шүүмжиллээ гэж дээрээс бангадуулна”. 

1994 оны сүүлчээр “Ардын эрх” Төрийн ордноос гарч, өнөөгийн шар байшин руу иржээ. Энэ замын хөтөч нь Цэрэндоржийн Балдорж байв. Энэ бол зөвхөн уг сонины төдийгүй Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд хувьсгал явагдахын удиртгал, нэг томоохон эхлэл байв. Уг байр анх хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрийн зориулалтаар баригдаж байгаад дутуу зогссон байж.

Түүн дээр нь “Ардын эрх” ирж бууриа зассанаар “шар байр” төрхөө олжээ. Д.Цэдэн-Иш мундаг ой сайтай хүн юм. Алив үйл явдлыг дурсахдаа он, сарыг, тэр бүү хэл өдрийг алдалгүй хэлнэ. Бас хүний нэр дурдахдаа овгийг нь ер орхилгүй хэлдэг нь насаараа сэтгүүлч хийснийх нь “бэлэг” байх.

Бидний ярилцаж буй Д.Цэдэн-Ишийн энэ өрөөнд гэхэд “Ардын эрх”-ийн харьяа “Ням гариг”, “Таван цагариг” сонин байрлаж байсан бол одоогийн “Үндэсний шуудан” сонины газарт “Ардын эрх”-ийн төв редакц байж, Ц.Балдорж эрхлэгчийн өрөөнд одоо “Буман хишигтэн” хамгаалалтын алба байрлаж байгаа. Тэдний наана харин “Үндэсний шуудан” сонины эрхлэгчийн өрөө бий бөгөөд зүүн талын ханыг нь сайн ажиглавал сүүлд засвар хийж, дамжих хаалгыг битүүлсний ор мөр бий. Энэ хаалгаар “Ардын Эрх”-ийн Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж агсаны өрөө рүү ордог байсан аж.

Ц.Балдорж “Ардын эрх”-ийн эрхлэгчээр зургаан жил ажилласан. 1996 оны сонгуулиар Ардчилсан нам олонх болмогцоо Намрын чуулганаар хамгийн түрүүнд шахам “Ардын эрх”-ийн асуудлыг хэлэлцэж, тэгэхдээ түүнийг улс төрийн гэмээр шалтгаанаар Ерөнхий эрхлэгчийн албан тушаалаас буулгах шийдвэр гаргаж байж. Хэдийгээр энэ гэнэтийн цочирдом шийдвэр байсан ч Монголд өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” хэвлэгдэн гарах эхлэлийг тавьсан юм. 

1996 оны есдүгээр сарын 20. Энэ өдөр бол “Өнөөдөр”-ийн, бас Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэлийн баяр. Саяхныг хүртэл “Ардын эрх”-ийн шар байрны орой дээр “Өнөөдөр” гэсэн лого хадаатай хэвээр байж, эндээс өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл ургаж, соёолсныг илтгэж байсан нь яагаад ч юм алга болжээ. Харин “Өнөөдөр” өглөө бүр энд “мэндэлдэг” нь өөрчлөгдсөнгүй. 

“Өнөөдөр”

Өнөөдөр сонины хэвлэх үйлдвэр, Гэрэл зургийг Ц.Шувуу

“Ардын эрх”-ийн байрны баруун жигүүрийн нэгдүгээр давхарт байрлах “Өнөөдөр” сонины хэвлэх үйлдвэрийн хойд хананд Ц.Балдорж агсны инээмсэглэсэн хөрөг бий. Тэр тэнгэрийн оронд одсон ч сониныхоо шинэхэн дугаар бүрийг инээмсэглэн угтаж, нөмөр нөөлгөөрөө ивгээж байгаа шиг санагдав. 

Өнгө шүүлтийн өрөөнд Т.Наранбаяр Жуулчны гудамж дахь “Өнөөдөр” сонины төв байрнаас цахим файл ирэхийг хүлээнэ. Ирсэн нүүр болгоныг тэр хөнгөн цагаан ялтас дээр лазераар шарж буулгаад хэвлэх үйлдвэр лүү дамжуулах үүрэгтэй. Сонины суурь дөрвөн өнгө (улаан, цэнхэр, хар, шар) бүрт тусгайлан ялтас бэлтгэх бөгөөд нэг удаагийн сонин хэвлэхэд 20 гаруй ялтас хэрэглэдэг аж. Т.Наранбаяр өөрийгөө “Харанхуйн хүн” гэлээ. Түүний ажил нар жаргасны хойно эхэлдэг шиг ажилладаг өрөө нь ч тас харанхуй. Өчүүхэн төдий гэрэл ялтсыг гэмтээх аюултай бөгөөд энэ өрөөний дулаан, чийгшил ч тогтсон хэмээс зөрж болохгүйг тайлбарлахдаа тэр ямар нэгэн хөндөж болшгүй хориг, цээрийн тухай ярьж буй мэт сүртэй харагдсан. 

Хэвлэх үйлдвэрийн дарга Д.Цэрэндаштай уулзлаа.Тал ханцуйтай цамц, хул өнгийн өмд өмссөн тэрбээр бусдын ажил тарж, гэр рүүгээ буцах үеэр ажилдаа ирж таардаг. Орой бүр ажилладаг сонин холигч, хэвлэх үйлдвэрийн ажилчдынхаа дундуур шалмаг алхах бөгөөд хоорондоо барагтай үг ярихгүй, харцаараа ойлголцож сурсан улс ажээ. 

-Эхлэх үү? 

-Бүх юм хэвийн. Тэдний хооронд ердөө ийм харилцан яриа өрнөөд л сонин хэвлэх процесс эхлэв. Эргэлдэх цааснуудын нүргэлэх чимээ эндээс бага хэмжээний пуужин сансар руу хөөрөх нь үү гэлтэй сүртэй сонсогдох бөгөөд угаас олон юм яриад ч сонсохын эцэсгүй санагдсан. Энд децибелийн түвшин 87 хүрдэг нь урт хугацаанд бол дүлийрүүлэх магадлалтай аж.

Уншигчдын “өнөөдөр” хэмээн уншдаг мэдээ, нийтлэлүүд өчигдөр нь энд төрхөө олдог. 

Өнөө шөнө үйлдвэр бас л хэдэн мянган сонин хэвлэх бөгөөд даваа гарагийн дугаар хамгийн олон хэвлэгддэг учраас бүтэнсайны шөнө тэдний ажил их. “Бусдын ажил дуусч, гэр рүүгээ харьж байхад бидний ажил эхэлдэг. Заримдаа бид 00.00, зарим үед бүр түүнээс ч орой ажлаасаа гардаг” хэмээснээ “Бид бол шөнийн ангуучид шүү дээ” гэж хошигнов. Нэг цагт 11 мянган ширхэг сонин хэвлэх хүчин чадалтай машин тэнхээгээрээ эргэнэ. Уншигчдын “өнөөдөр” хэмээн уншдаг мэдээ, нийтлэлүүд өчигдөр нь энд төрхөө олдог. 

Хэвлэлийн машины хэвлэсэн эхний 200-300 хувь шууд л хогийн сав руу орно. Эднээс Дашаа нэг, хоёрыг нь сугалан авч сонины өнгө байх ёстойгоороо гарсан эсэхийг шалгаад “За”, эсвэл “Үгүй” гэсэн хоёр үгийн аль нэгийг хэлнэ. Тэр энд удаан ажилласан болохоор барагтай бол үгүй гэх үг гарахгүй. Өнөөдөр ч тийм байлаа. Сонин хэвлэгдэж дуусмагц түгээгчийн ажил эхэлнэ. Тэр хэвлэсэн сонинуудыг ачаад шуудангийн компаниудыг зорих бөгөөд тэд цааш нь уншигчдын шуудангийн хайрцаг, сүлжээ дэлгүүр, аймаг, байгууллагуудаар хуваарилж, хүмүүст “Өнөөдөр”-ийг нь хүргэж өгдөг юм.  

Тэргүүн нүүр

Өнөөдөр сонин, хэвлэх үйлдвэр, Гэрэл зургийг Ц.Шувуу

“Өнөөдөр” сонины Улстөрийн мэдээллийн албаны дарга С.Туул ажилдаа ирмэгцээ и-мэйлээ шалгаж, твиттерийн онцлох жиргээнүүдийг харж, цахим хуудсуудаар өнөөдрийн халуун сэдэв байж болзошгүй мэдээллүүдийг нягтлаад “Mongolnews”-ийн барилгын таван давхрын “Эко танхим” руу яаран гүйлээ. Өглөө бүр 09.00 цагаас сонины өглөөний шуурхай энд болдог.

Маргаашийн дугаарын гол сэдэв юу болох, энэ өдрийн халуун сэдэв, хөөх мэдээг энд ярилцана. Энэ өглөөний шуурхайд 23 сэтгүүлч суув. Байгаль орчин бол “Өнөөдөр” сонин, Ц.Балдорж агсны байнгын сэдэв байсаар ирсэн бөгөөд “Эко танхим” тусад нь байгуулсан нь цаанаа учиртай. Өрөөний баруун хананд “Ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож байгаль дэлхийгээ хайрлая” хэмээсэн Ц.Балдорж агсны үгийг тодруулан хадсан харагдана. 

Сурвалжлагчид нэг нэгээрээ мэдээ хэлж, дугаарын удирдагч С.Туул тэр болгоныг нямбай гэгч нь бичиж авлаа. Тэд өөрсдийн бичдэг сэдэв, харьяалагдах хэлтсийнхээ дагуу мэдээг голцуу хэлнэ. Энэ дундаас хамгийн халуун сэдэв, гол мэдээнүүд тэргүүн нүүрт орно. Хэдийгээр үүрэгт ажил боловч сурвалжлагч бүр мэдээ, нийтлэлээ тэргүүн нүүрээс эхлүүлэхийг хүснэ. Эдийн засгийн мэдээллийн албаны сэтгүүлч Т.Энхбат банкууд орон сууцны зээлээ танаж байгааг хэлсэн бол Улс төрийн мэдээллийн албаны тоймч Б.Энхцэцэг шинэ сайд нарын нэрс эхнээсээ тодорч магадгүйг дуулгасан нь тэргүүн нүүрний гол мэдээ болж магадгүй нь. Энэ өдөр мөн оюутнууд жагсаал хийхээр болсныг тэргүүн нүүрний гол сурвалжлага болгохоор С.Туул төлөвлөв. 

Өглөөний шуурхайн бас нэг чухал хэсэг бол өнгөрсөн дугаарынхаа алдаа, оноог ярилцах. Үүнд зөвхөн албаны дарга, эрхлэгч нар төдийгүй сурвалжлагчид ч байр сууриа илэрхийлнэ. Өнөө өглөө ярьсан дугаараас Б.Энхцэцэгийн “АН-ыг гонсойлгох Н.Энхбаярын тусламж” тойм, юанийн ханшийн өсөлтийн талаар шинжээчдийн байр суурийг тодруулсан “Юань валютын дайн өдөөв үү” нийтлэл сайн үнэлгээ авлаа. Харин гэрэл зурагчин Э.Харцагын зураг шүүмжлэл хүртэв.

Паралимпод тэквондогийн төрлөөр оролцож, медаль хүртсэн тамирчны ярилцлагын зургийг дарахдаа сэтгэл гаргасангүй гэж Б.Энхцэцэг хэллээ. “Энэ хүн магадгүй амьдралдаа цорын ганц удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ байх. Тэр үүнийг насан туршдаа хадгалж явна гэдгийг бодолцож, сэтгэл гаргаж авах хэрэгтэй байсан юм” гэж шулуухан хэлэв. Өмнөх дугаараа ярьж, дугаарын удирдагч С.Туул мэдээнүүдийг хуваарилаад шуурхай дуусав. 10.00 цаг гэхэд редакцид тун цөөхөн хүн үлдсэн байлаа. 

Рэ ах

И.Ренчинханд, Гэрэл зургийг Ц.Шувуу

Монголын анхны парламентын сурвалжлагчдын нэг И.Рэнчинханд “Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Гэхдээ ажлаасаа ер холдоогүй, өнөө хэр ажилласаар байна. Үндсэн мэргэжил нь орос хэлний багш боловч тэр ухамсарт амьдралаа сонины гал тогоонд өнгөрүүлж буй. “Анх уншиж эхэлснээсээ тооцвол би сонинтой холбогдоод 60 жил болж байна. Энэ хугацаанд сонин уншилгүй нэг ч өдрийг өнгөрүүлж байсангүй” гэснээ тэр “Одоо энэ маань бүр дон, өвчин шиг болж. Өглөө босоод сонин уншихгүй л бол тэр өглөө болоогүй юм шиг санагддаг” гээд инээлээ. 

Түүнийг редакцынхан нь “Рэ ах” гэж авгайлна. Рэ ах одоо олон улсын мэдээллийн “Ертөнц” нүүрийг хариуцахаас гадна орос хэлнээс нийтлэл, ярилцлага орчуулдаг.Богино ханцуйтай сороочкон цамц, индүүлэгтэй өмд өмсөж, яриан зуураа нүдний шилээ дээш өргөх зуршилтай Рэ ах ширээний теннис тоглоогүй л бол дандаа албаны хувцастай явдаг. Харин зангиа зүүж байхыг нь нэг их олон хараагүй юм байна. 

“Рэ ах бол өөрөө бараг өдөр тутмын сонин шиг хүн шүү дээ” гэж Улс төрийн мэдээллийн албаны тоймч Б.Энхцэцэг надад хошигнон хэлэв. Гэхдээ энд үнэний хувь бий. Өглөө тэр редакцид хамгийн түрүүнд, хурал эхлэхээс цаг гаруйн өмнө хэдийнэ ирчихсэн шинэхэн сонин руу өнгийж, өөрөө бараг яваад орчих нь уу гэмээр ойроос уншиж суудгийг нь олон харж байлаа. “Зөвхөн сэтгүүлч гэлтгүй, хүн ер нь ажилдаа ямар байх ёстой вэ гэдгийг Рэ ахаас харж болно.

Насаа мартчихсан хүн. Ажлаас бултах, хойгуур сууж байхыг нь мэдэхгүй. Дээр нь ажилдаа хэзээ ч сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаггүй. Намайг загнадаггүй ч гэсэн яагаад ч юм Рэ ахыг харахаар айгаад байдаг юм. Түүнийг харахаар миний бүх дутагдал ил гараад ирэх шиг болдог болохоор тэр байх аа” гэж Б.Энхцэцэг дүгнэж хэлээд учиргүй хөхөрсөн. 

Ширээн дээр нь сонины хэвлэсэн дардсууд зөндөө харагдана. Эд бол Рэ ахын “компьютер”. Энэ насандаа компьютерийн кейбо ард дээр гараа хүргэж үзээгүй тэр өнөө хэр юу ч бичсэн байлаа заавал цаас, үзэг нийлүүлж, гараар бичдэг. Тэдгээрийгээ сонины дизайнеруудад өгөөд шивүүлчихдэг. “Та компьютер хэрэглэх талаар бүр бодож ч байгаагүй гэж үү” хэмээн асуухад эргэлзэлгүй “Үгүй” гэснээ “Үгэнд үнэр, амт байдаг гэдэг. Гараар бичихэд тэр үнэр нь үнэртэх шиг санагддаг. Харин компьютер гээч чинь өөрөө эвгүй үнэртэй эд байна лээ. Надад компьютер дээр бичих ер төсөөлөгддөггүй юм. Хөвөнтэй бээлий өмсөөд хар ажил хийхэд эвлэж өгөхгүй, эвгүй санагдаж таарна даа. Түүнтэй тун төстэй гэж боддог”. 

Рэ ах цаасан хэвлэл цахим ертөнцөд байраа тавьж өгнө гэдэгт итгэдэггүй хүн. “Сонин бол түүхийг бичиж байдаг, өөрөө гарт баригдаж, нүдэнд харагдах түүхийн үнэт баримт. Тиймээс ор мөргүй алга болчих эд биш. Би лав тэр цагийг үзэхгүй гэдэгтээ бат итгэдэг” гэв. 
Шинэ мянган гарч, мэдээллийн цахим хуудсууд хүчээ авч эхэлснээр цаасан хэвлэл ор мөргүй алга болно гэх яриа гарсан билээ. Тэр үед Монголд мэдээллийн цахим хуудас төгөлдөр утгаараа хөгжөөгүй байсан болохоор итгэх хүн гарахгүй байснаар үл барам асуудал болгож, авч хэлэлцээ ч үгүй юм.

Харин өдрөөр биш, цагаар өөрчлөгдөж байгаа технологийн хурдтай монголчууд хөл нийлүүлээд цөөнгүй жил болж, одоо л бид энэ тухай өөр зуураа ярьж эхлээд байна. Нээрэн цахим ертөнцийн давалгаа цаасан хэвлэлийг живүүлээд алга болгох юм биш биз? Дэлхийн хамгийн хүчирхэг хэвлэл, “New York Times” өдөр тутмын сонин цаасан хэвлэлээ бүрмөсөн зогсоож, цахим хувилбараар гарч эхэлсний дараа энэ асуулт бүр ч ноцтой болж ирсэн билээ. 

Гэхдээ сонин үгүй болно гэсэн цуу одоо л гарч эхлээд буй юм биш ээ. Анх радио бий болоход хүн төрөлхтөн анх удаа сонины ирээдүйд эргэлзэж эхэлсэн бол дараа нь телевиз гарсны дараа энэ бүр ч хүчтэй яригдаж байлаа. Гэвч өдөр тутмын цаасан хэвлэл өнөөдөр ч гарсан хэвээр байна. Одоо цахим ертөнц хүчтэй болсны дараа улигт асуулт ахиад л ээрэх боллоо. Гэвч үнэндээ өдөр тутмын сонин түүхэндээ ийм хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулж байгаагүй юм.

Дүрс, дуу, бичлэг, зураг бүгдийг багтаасан, шуурхай байдлаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл дундаа гэрлийн хурдтай дүйхүйц энэ хэрэгсэл хөгжиж томрох тусам цаасаар хэвлэгдэх сонины тоо цөөрч байгаа. Анх сайт гэдгийг бид сонин, хэвлэлийн материал хулгайгаар тавьж байдаг эд гэж боддог байтал хэдхэн жилийн дотор энэ байдал урвуу эргэжээ. “Одоо сайтууд сонины материалыг бэлдэж өгч байгаа” гэж ikon.mn-ий сэтгүүлч, Ерөнхий редактор Ч.Болортуяа хэлсэн юм. 

Үзэгдээгүй юм

Ч.Болортуяа Монголд хамгийн анх удаа сайтын ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар бакалаврын диплом хамгаалсан хүн гэж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, мэдиа технологийн тэнхимийн залуу багш Ж.Хулан хэлж билээ. “Тэгэхэд би дипломдоо өдөр тутмын сонин 2036 он гэхэд бүрмөсөн үгүй болно гэсэн судалгааг хавсаргасан байсан. Тэгсэн хамгаалалтанд сууж байсан настай багш нар бараг цус харвахаа дөхөж, улмаар энэ жишээнээс болж дүнг минь дарсанд одоо гомдолтой явдаг. Уг нь тэр миний үг биш, харин судалгааны баримт байсан юм шүү дээ” гэж Ч.Болортуяа хэлэв. Гэхдээ тэр сонины ирээдүйг Рэ ахаас өөрөөр хардаг. “Одоо настай голцуу хүмүүс сонин захиалж харагддаг. Тэд залуугаасаа сонин уншиж эхэлсэн болохоор аргагүй. Гэтэл бүхий л мэдээллээ цахим ертөнцөөс олж авах болсон бидний үеийнхэн хожим сонин захиалахыг хүснэ гэж үү” гэж тэр надаас асуув. 

Ч.Болортуяа сургуулиа төгсөөд “Өнөөдөр” сонинд жил хэртэй ажиллаад Gogo.mn цахим хуудас руу явжээ. Тухай үед өдөр тутмын сониноос гараад мэдээллийн сайт руу ороход хүн бүр л түүний шийдвэрийг гайхан хүлээж авчээ. “Тэгэхэд хүмүүс сайтыг бусдын материалыг хулгайлахаас өөр юм хийдэггүй гэж хардаг байсан бөгөөд сайтын сэтгүүлч бол чадваргүй амьтад гэж үздэг байсан” гэв.

News.mnсайтын ахлах редактор Л.Нарантөгс ч бас үүнтэй төстэйг ярьсан бөгөөд “Мэргэжил нэгтнүүд маань сайтын сэтгүүлч гэж шоолдог байж билээ” хэмээн дурсав. 2007 онд News.mn сайт нээгдэх үед хүмүүс мэдээллийн цахим хуудастай харилцаж сураагүй байлаа.

Тухайн үед ажиллаж байсан хэдэн сайт сонины мэдээ, нийтлэлийг зөвшөөрөлгүй хуулж тавьдаг байв. Өдөр тутмын сонин үйл явдлыг хоног өнгөрсний дараа мэдээлдэг бол тухайн үеийн сайтууд түүнийг нь хуулж тавьснаар бүтэн хоёр өдөр алдаж байсан гэсэн үг. Харин News.mn хоёр минут тутамд мэдээ шинэчлэгдэнэ гэсэн уриа дэвшүүлж, төгөлдөр утгаараа Монголын хамгийн анхны мэдээллийн цахим хуудас болох замаа эхлүүлжээ. “Бид сонины “өчигдөр”, телевизийн “өдөр” ийм үйл явдал боллоо гэдэг үгийг “одоо”-гоор сольж чадсан” хэмээн Л.Нарантөгс хэлэв. Улмаар тун удалгүй сайт сониноос хуулдаг байснаа болж, эсрэгээрээ сонинууд сайтаас мэдээ хардаг болж өөрчлөгдсөнийг тэр ажиглажээ. 

2008 оны долоодугаар сарын 1. Монголын улс төрийн хувьд, бас News.mn сайтын хувьд эргэлтийн цэг байлаа. Тэр үед сайтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцдоггүй байв(Одоо ч тэр нь хэвээр бөгөөд тусдаа хууль байхгүй, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан журмаар зохицуулагдаж явдаг).Тэр өдөр сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал нийтийг хамарсан эсэргүүцэл болж, одоо хэр учиг нь тайлагдаагүй буун дуу таван хүний аминд хүрч, Монгол Улс шинэ цагийн түүхэндээ анх удаа онц байдал зарлаж, энэ сацуу МҮОНТ-ээс бусад хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийн үйл ажиллагааг хэд хоног зогсоосон юм.

Гадаадад байгаа монголчууд ямар ч мэдээлэлгүй, дам сургаар Монголд иргэний дайн гарлаа гэж бодоцгоосон гэдэг. Харин тэгэхэд сайтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцоогүй учраас news.mn ажиллаж, тэрхүү үйл явдлын талаарх мэдээгээ хоёр минутын давтамжтайгаар шинэчилж байлаа. “Тэр орой маш олон хүн гадаадаас холбогдож, үнэн бодит мэдээллийг дотоодод байсан хүмүүсээс ч илүү мэдсэн болов уу. Ямартай ч, манай сайтын хандалт оргилдоо хүрч, улмаар ачааллаа даахгүй техник маань гацаж байсныг санаж байна” хэмээн Л.Нарантөгс дурслаа. Энэ үйл явдал сайтууд мэдээний хурд, шуурхай байдлаар сонин, телевизийн өмнө гишгэснийг зарлан тунхагласан нэг томоохон баримт мөн байх.

“Сонин нийтлэлийн бодлогодоо хувьсгал хийх цаг болсон шүү” гэж Ч.Болортуяа шулуухан хэллээ. Өдөр тутмын сонин, сайт идэвхтэй уншиж, хослуулдаг хүмүүс анзаарсан байдаг. Сонин дээр гарсан мэдээнүүдийн зарим нь урд өдөр сайтаар гарсан, эсвэл фэйсбүүк, твиттерээр дамжиж дэлхийн өнцөг булан бүрт тарсан мэдээллүүд байх нь цөөнгүй. Гэхдээ тодорхой төрлүүд дээр, тэр дундаа тойм нийтлэл, анализ, ярилцлага, сурвалжлагын төрөл дээр байр сууриа тавьж өгөх болоогүй байгаа. Миний уулзсан ярилцагчдаас “МонголТВ”-ийн Мэдээний албаны Ерөнхий продюсер Э.Лхагва сониноос exclusive ярилцлага л хайж уншдаг бол, “BPS” пи-ар агентлагийн уран бүтээл хариуцсан захирал Д.Батбаяр дурсамж ярилцлага болон тогтсон авторуудынхаа тойм нийтлэлийг уншдагаа хэлсэн. “Би мөн дата мэдээллүүд хардаг. Өөрөөр бол сониноос унших зүйл цөөн.

Ингэж хэлэхээр хүмүүс уурлах л байх, гэхдээ сонин миний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа” гэж Э.Лхагва хэлэв. Харин Д.Батбаяр өдөр тутмын сонины нийтлэл нэг бол том далайцтай, нөгөө бол дата хэлбэрийн жижигхэн байх хэрэгтэй гэж үздэг бөгөөд бусдын мэдээгүйг олоогүй л бол мэдээний талбарт нэгэнт гүйцэгдсэн гэж боддогоо нуусангүй. Тэр “Сонин хэвлэл мэдээллийн зах зээлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, дасан зохицож чадахгүй байгаа шиг харагддаг. Сонин өөрийгөө ариун нандин, язгууртан, аристократ мэтээр харагдуулахыг хичээдэг хэвээр л байна” гээд бичлэгийн хэв маяг өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг дээр Ч.Болортуяатай санал нэг байсан юм. 
Хийж буй ажилтай нь нягт холбоотой байдаг болохоор Д.Батбаяр нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдгийг өдөрт оруулсан пост, жиргээнийх нь тооноос харж болно. Сонинд эхлээд мэдээллийн сайт гэх хүчирхэг өрсөлдөгч гарч ирсэн бол нийгмийн сүлжээний сайтууд залгамжийг нь авахаар зэхэж буй. Гэхдээ сонин нийгмийн сүлжээнд хараахан дасан зохицоогүй байх шиг харагддагийг Д.Батбаяр анзаарчээ. Жишээ нь сониныхон фэйсбүүк, твиттерээр зөвхөн мэдээ, нийтлэлийнхээ гарчгийг жиргэдэг нь төдийлэн амжилттай байдаггүй. 140 тэмдэгтэд багтаан хүний сонирхол татсан хэсэг, гол өгүүлбэрийг жиргэдэг мэдээллийн сайтууд нийгмийн сүлжээг чадварлаг ашиглаж буйг тэр онцлов.

Түүний ажилладаг “BPS” компани 311.mn нэртэй сайт ажиллуулаад хэдэн сар болж байгаа бөгөөд удахгүй нээлтийг нь хийхээр зэхэж буйгаа дуулгав. Тэд сайтдаа “Товч бичих нь авьяасын дүү” гэсэн Чеховын үгээр уриа хийжээ. “Хүн өдөр тутамдаа амьдралтай хутгалдаж явдаг бөгөөд тэр тухайгаа бичих бололцоог олгоё гэж бодсон” гэж Д.Батбаяр хэлсэн бөгөөд 311.mn мэдээллийн сайтаас ялгаатай нь энд албан ёсны сэтгүүлч, тэр байтугай freelancer(чөлөөт бичигч)байхгүй. Нийгмийн сүлжээнээс ялгаатай нь энгийн уншигчдад 311 үгэнд багтааж мэдээ, нийтлэл бичих боломж олгосон. Түүний энэ үг надад Ц.Балдорж агсны нэгэн ярилцлагадаа хэлсэн үгийг эргэн сануулсан юм.

Тэрбээр “Би заримдаа өглөөний шуурхайд очдог, заримдаа очдоггүй л дээ. Өглөөний ярианд очих болгондоо сэтгүүлчдээс “За өнөөдөр ямар сонин байна?” гэхэд “Тэнд хэвлэлийн хурал болно, энд Ерөнхийлөгч очно” гэдэг. Найз нар аа, Монголын амьдрал ингээд л дуусчихаж байгаа юм уу? Амьдрал өрнөж, хүмүүс дурлаж, зовж, жаргаж байна. Яагаад үүнийг хардаггүй юм бэ. Та нар яваач, сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг юм” гэж загнадаг” гэсэн байж билээ. 311.mn сайт үүнийг бодитоор хэрэгжүүлж байгаа нь сайхан санагдсан. Энэ сайтын бичээчид бүгд freelancer (чөлөөт бичигч)л гэсэн үг. 

Чөлөөт бичигч

Д.Батбаяр “Үндэстний тойм” сэтгүүлийн ерөнхий редактор байхдаа үндсэн ажилтнуудаасаа олон чөлөөт бичигчтэй байснаа хэлэв. “Freelancer-ууд бол хообийгоороо бичдэг хүмүүс. Тэд өөрсдийн гэсэн ажилтай, тодорхой нэг сэдвээр мэргэшсэн, ер нь бол дурандаа бичдэг хүмүүс. Тийм ч болохоор барагтай бол мөнгө төгрөг нэхдэггүй. Гэхдээ редакцаас үндсэн цалин авдаггүй шигээ, тэдэнд редакцын ёс журмыг тулган хүлээлгэх аргагүй. “Материалыг нь тогтсон цагт авах, тогтмол бичүүлэх гэдэг жаахан түвэгтэй байдаг байсан”. Гэсэн ч тэр олон freelancer-ийнхаа арга, эвийг олон жил олоод л явсныг нь мэдэх юм. Энэ туршлагыг, чөлөөт бичигчдийн хүчийг өдөр тутмын сонин ашиглах боломжтойг тэр санал болгож байсан.

Үүн дээр бас блоггерууд бий. “Блогчдын хүчийг ашиглах санааг анх Баабар олж харсан. Baabar.mn-ийг нээхдээ Артгаа, Гамп нарын блогчдыг оруулсан нь сонирхолтой сонголт байсан.Тэднийг хүмүүс монгол хэлийг эвдэж байна гэж шүүмжилдэг ч тэд өгөхөө бас өгсөн юм шүү” гэж Д.Батбаяр хэллээ.

Жишээ нь, блоггеруудаар дамжуулж үгэнд сэтгэл хөдлөл орж ирсэн. Яах гээд байгаа юм гэхийг яахгаадайгаан эсвэл, яажгайн гэж бичихээр хэлэгдэж буй сэтгэл хөдлөл нь хүний санаанд шууд бууна. Мөн хошигнол, сарказм, хар юморууд орж ирсэн. “Блогоор дамжиж трэнд болсон үгнүүд үүссэн”-ийг ч онцолж байлаа. 

“Засгийн газрын мэдээ” сонины А.Амармэнд Монголын блогийн түүхийг сайн мэднэ. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэр ажлынхаа хажуугаар бичих дуртай байв. Ингээд 2000 оны эхээр asuult.net-ийн гишүүн болжээ. “Асуулт форум” бол блог хөгжихөөс өмнө залуусын үзэл бодлоо солилцох маш том цахим индэр байлаа.

“Монголд сайтууд хөгжөөгүй, залуус мэдээлэл багатай, гэхдээ мэдэхийн төлөө их эрмэлздэг үед азаар “Асуулт форум” гарч ирсэн. Залуус тэнд ямар л шинэ мэдээ олно, түүнийгээ бие биедээ хуваалцаж, санал бодлоо солилцдог байсан. Би жишээ нь, “Асуулт форум”-ын “Спортын цонх”-ын идэвхтэй гишүүн байсан. Гадаадад болж буй тэмцээн уралдааныг үзэж, мэдэх боломж ховор байх үед эндээс л гол мэдээллээ солилцож, олон залуус спортод дуртай болсон доо.

Тэгэхэд мэдээлэл хомс, тэр хэрээр үнэ цэнэтэй байсан” хэмээн А.Амармэнд ярив. Үүний дараа блогийн давалгаа орж ирж, “Асуулт форум”-ын ихэнх гишүүд хувь хувьдаа блог нээж эхэлжээ. Тэднээс цөөн хэд нь бичих дураа хөглөж, цөөн хэдэн хүн огт өөр мэргэжилтэй байгаад сэтгүүл зүйд урвасны нэг төлөөлөгч нь тэр. Миний уулзсан өөр нэг залуу Ж.Чинбат бас “Асуулт форум”-ын идэвхтэй гишүүний нэг байсан бөгөөд “Залуучуудад сониноос унших зүйл ховор. Тиймээс “Асуулт форум”, блогоор дамжуулж бие биедээ мэдээлэл бэлдэж, түүнийгээ хуваалцдаг энэ хэлбэр гарсан нь маш том аз шүү” гэж тэр хэллээ. Тэр одоо buro247.mn орос сайтын Монгол дахь салбарын орлогч эрхлэгч хийдэг. 

Өөрөө блог, фэйсбүүк, твиттерээр дамжуулан мэдлэг, мэдээлэл түгээгч болж, мөн цахим хуудасны сэтгэгдлээр редакцтай шууд харилцаж эхэлснээр УНШИГЧ урьд хэзээ ч байгаагүй их эрх мэдэлтэй болж байгаа нь сэтгүүл зүйд хамаатай хамгийн том өөрчлөлтийн нэг. Олон сувгаар мэдээлэл авдаг болсон гярхай уншигчдын хэрэгцээг хангахын тулд редакцын бэлтгэж буй материал тэр хэрээр чанартай болохоос аргагүйд хүрснээс гадна ойртож буй хоорондын харилцааг зөв мэдрэх нь нэг том шалгуур болоод байна. “Уншигч, үзэгчид тэртээгээс л хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ямар нэг байдлаар харилцахыг хүсэж ирсэн.

Жишээ нь, сонин, сэтгүүлийн редакц руу уйгагүй захиа бичиж, телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох гэж хэдэн цагаар залгадаг байсан нь үүний нэг илрэл. Үнэндээ тэгэхэд редакцууд тэднийг нэг их тоодоггүй байлаа. Харин мэдээллийн цахим хуудас, нийгмийн сүлжээний сайтууд тэдний энэ хүсэл дээр тулгуурлаж хөгжсөн учраас магадгүй сонин, телевизээс илүү их хүнийг татаж байж мэдэх юм” хэмээн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй медиа технологийн сургуулийн багш Ж.Хулан хэллээ. 

Олон гартай “мангас”

Буржгар үс, жинсэн яак, конверс кет өмссөн 25 настай Ж.Хуланг хараад багш гэж хэн ч бодохгүй. Оюутнууд нь хүртэл андуурдаг тухай надад хэлээд инээж билээ. Сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульдаа багшаар үлдсэн тэрбээр өнгөрсөн жил Их Британийн Бирбекийн их сургуульд магистр хамгаалаад иржээ. Тэр идэвхтэй оюутан байжээ. Хичээлийнхээ хажуугаар “Өнөөдөр” сонины Чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийн албанд ажиллаж байсан бөгөөд 2012 оны зун Монголын сонгуулийг мэдээлэхээр ирсэн “Ройтерс”-ийн багийнханд орчуулагч хийх боломж олдсоныг ч бас тэр алдсангүй. Тэрхүү хэдэн өдөр түүнд нэгэн цоо шинэ “гайхамшиг”-ийг нээжээ. 
Сэтгүүлчээр сурч байсан оюутан Ж.Хулан гадаадын том мэдээлийн агентлаг яаж ажилладгийг өөрийн биеэр харна гэхээс догдолж байлаа.

Ингээд болзолт өдөр болж,“Ройтерс”-ийн баг ирлээ гэтэл үүргэвч үүрсэн ганцхан хүн түүнтэй уулзсанд маш гайхсанаа нуусангүй. “Ганц сэтгүүлч ирээд л сурвалжлагынхаа хажуугаар өөрөө дүрс, аудиогоо авч, текстээ бэлдээд дараачийн зогсоол руу явах замдаа машин дотор дүрсээ монтажилж, аудиогоо шилжүүлж, сурвалжлагаа бичээд явуулчихыг хараад нэгэн зэрэг гайхаж, бас баярлаж билээ” гэв.

Мултимедиа сэтгүүл зүй гэж номноос уншиж байснаа тэгэхэд анх биеэр харсан Ж.Хулан өдгөө энэ чиглэлээр хичээл зааж, судалгаа явуулдаг. “Энэ бол дэлхийн сэтгүүл зүйн шинэ чиг хандлага, ирээдүй” гэж тэр итгэлтэй хэлэв. Олон талын чадвартай сэтгүүлчид олширч, редакцид суудаг цаг өнгөрч, хаа байгаа газраасаа, боломжит бүхий л хурдаар мэдээгээ явуулахгүй л бол орчин цагийн хөгжлийн, бас мэдээллийн эрэлтийг гүйцэхгүй болсон учраас энэ аргагүй байх. 

“Монгол ТВ”-ийн мэдээний албаны Ерөнхий продюсер Э.Лхагва үүнийг эрт анзаарчээ. “Бид маш олон гартай “мангас” л байхгүй бол мэдээллийн энэ давалгаанд тэсэж үлдэх бэрх” гэж тэрбээр хэллээ. Тэр маш олон гарынхаа тоонд телевизийнхээ цахим хуудас болон твиттер, фэйсбүүкээ ч хамтатган багтааж хэлэхдээ тэр “Фэйсбүүк, твиттер дэх хуудсуудаа бид нэг сувгаа гэж үздэг” гэсэн юм. “Монгол телевиз” бол фэйсбүүк, твиттерт хамгийн олон дагагчтай Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг. Үүгээрээ тэд телевизийн нэвтрүүлгүүдээ сурталчилж, үзэгчдийн санал, сэтгэгдлийг шууд хүлээн авч, зарим үед ямар нэвтрүүлэг, кино гаргах санал асуулга ч явуулж байгаа харагддаг. Учир нь уншигч, үзэгч урьд хэзээ ч байгаагүй эрх мэдэлтэй болж, редакцын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна шүү дээ. 

“Уншигчид маш их мэдээлэлтэй болсон. Өглөө болсон үйл явдал тэр даруй фэйсбүүк, твиттерээр тарж, дараа нь сайтууд тодруулж, орой нь телевиз гаргаж, маргааш нь сонин нийтэлнэ. Энэ болгон өөр хоорондоо өөр, цаг хоцрох тусмаа мэдээллийг баяжуулж, олон талаас нь харж мэдээлэхгүй л бол болохгүй” хэмээн Э.Лхагва хэлэв. Харин уншигч дан ганц төрлийн мэдиа хүлээж авах дургүй болсон тухай Ж.Хулан надад ярьсан юм. Зөвхөн текст, эсвэл дан ганц дүрснээс тэд уйдаж. Телевизийн мэдээ л гэхэд дүрс, текст, дата, график, зураг оруулбал үзэгч татагдана гэж тэр үзэж байна.

Сайт, нийгмийн сүлжээний сайтад энэ бүгд багтдаг учраас хүмүүсийг татаад байгаа гэж Ж.Хулан “сэрддэг” аж. “Монгол телевиз” л гэхэд “Нүүдэл, шийдэл” нэвтрүүлгийнхээ тухайн өдөр ярилцах сэдвээр ikon.mn сайттай хамтарч санал асуулга явуулж, “Өнөө өглөө” нэвтрүүлгээрээ өдөр тутмын голлох сонинуудын гол нийтлэлийг танилцуулж эхлээд удаагүй байна. 

Богино хугацаанд гарч буй энэ өөрчлөлтүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өрсөлдөх биш хамтрахыг санал болгож, үүний сацуу тодорхой төрлүүдээр давхар мэргэшиж, түүнийгээ брэнд болгож ялгарахыг тулгах болоо. Цаасан хэвлэлийн редакцид хамгийн сайн материалыг “хадаас” хэмээдэг. Жижиг мэдээнээс эхлээд даацтай том материал бүгд хадаас байхгүй бол “их зантай”, их мэдээлэлтэй уншигч тоохгүй болж ирэх нь. Монголд жишээ нь “Open door” долоо хоног тутмын сонин “хадаас” ярилцлагаар өөрийн брэнд үүсгэж буй. Үүний цаана ярилцлагын “хатан хаан” Б.Ганчимэг бий. 

Хадаас

Б.Ганчимэг, Гэрэл зургийг Ц.Шувуу

Ажлын өрөөндөө сэтгүүлч Б.Ганчимэг долоо хоног тутмын “Open door” сониноо хэвлэлтэд явуулах гээд завгүй сууж байна. Сэтгүүлч Б.Ганчимэг жил гаруйнөмнө “Үндэсний шуудан” сониноосоо гарч, Оросын долоо хоног тутмын “Аргументы и факты” шиг нөлөө бүхий сонин хийхээр зүтгэж буй. “Open door”-ын “VIPerson” буланд томоохон ярилцлагууд нийтэлдэг нь түүний гол ажил. “Би сүүлийн нэг жил бараг дан ярилцлага л хийж байна. Энэ бол сонинд маань тогтож байгаа имижтэй холбоотой, мөн миний өөрийн мэргэшсэн чиглэл учраас тэр” гэж Б.Ганчимэг хэлэв. Түүнийг сэтгүүл зүйн хүрээнд ярилцлагын хатан хаан гэнэ. Харин тэр өөрөө ярилцлагын болон сурвалжлагын туг миний ширээн дээр бий гэж бардам хэлж байсан удаатай. 

Хэдийгээр “Open door” түүний мөрөөдлийн нэг хэсэг байсан, өдгөө долоо хоног тутмын хамгийн олон уншигчтай сонин болж амжсан ч гэлээ түүнд нэг юм дутуу санагдаж байгааг нуусангүй. “Одоо миний өдөр тутмын сониноос үгүйлж байгаа хамгийн гол юм бол өглөөний яриа. Летучик. Тэр бол миний амьдралын нэг хэсэг байсан. Тэндээс би хамаг дүнгээ авдаг байсан. Өглөөний шуурхайгаас нисэж гараад л, маргааш дахиад галзуу юм бичнэ дээ гэж өөрийгөө шахдаг. Нэг бол далавчаа хугалуулж гараад уйлна. Би хамгийн уйланхай нь байсан” гээд хөхрөв. 

“Ардын эрх”-ийн өглөөний шуурхай бол тэр чигтээ бүхэл бүтэн дэг сургууль байсан гэж тэр үеийн сэтгүүлчид ярихыг цөөнгүй удаа сонсож байлаа. “Бид өглөөний ярианд үхтэлээ дэвсэлцдэг байлаа. Ерөнхий эрхлэгч нийтлэл магтана гэдэг бол ховор мөртлөө гайхам зүйл. Манай Ж.Мягмарсүрэн эрхлэгч сонины материалыг амьдруулж, амьсгалуулж ярьдаг хүн. Хадаас хийсэн сэтгүүлчийг бол есөн ялаас мултална шүү дээ” гэлээ. 

“Хадаас” гэснээс сонины редакцид баргийн хүн ойлгохооргүй яриа хэллэгүүд олон. Нүүр тавиулах, хар макет ярих, шүлс мэдээ, хөмсөг, колонк, хадаас материал гээд л. Энэ дундаас хамгийн онцгой, мэргэжлийн өндөр түвшний, сайн материалыг ХАДААС гэнэ. Энэ нэршил Барууны сэтгүүл зүйгээс эхтэй бөгөөд оросоос манайд орж ирсэн болов уу гэж таадаг юм билээ. “Сайн нийтлэл, сурвалжлага хадаас шиг хүний тархинд, зүрхэнд шууд зоогдох үгийн шидтэй, амины шидтэй байдаг учраас аль нэг гайхалтай редактор энэ нэрийг гаргаа байлгүй” гэж Б.Ганчимэг ярилаа. Өөрийнх нь хэлснээр хадаас хийж, хоймор суух өдрүүд түүнд цөөнгүй байсаан. 

Сэтгүүлч Б.Ганчимэгийн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёюүро Д.Дагвадоржтой хийсэн “Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь эгшиж л байдаг юм шүү дээ” ярилцлага Монголын энэ цагийн сэтгүүл зүйд хамгийн том “хадаас”-уудын нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Энэ ярилцлагаар бид их аварга Д.Дагвадоржтой цоо шинээр танилцаад зогсохгүй Монголын сэтгүүл зүйд домог болон дуурсагдах нэг гайхалтай бүтээл түүх болж үлдсэн.

Б.Ганболд эрхлэгч (“Үндэсний шуудан” сонин) барагтай бол хүн магтдаггүй. Энэ 20 жилийн турш тэр надад магтаалын үг их цөөхөн хэлсэн. Харин Асашёюүро Д.Дагвадоржтой хийсэн ярилцлагыг уншаад Эрхлэгч маань надад чин сэтгэлээсээ баяр хүргэж, ховорхон хэлдэг магтаалын үгээ хайрласан” гэж хэлэхдээ Б.Ганчимэг сэтгүүлч тэр өдөр рүүгээ буцаад очсон шиг нүд нь баяр, хөөрөөр гэрэлтэж билээ. 

Тэр онцгой өдөр байлаа. “Үндэсний шуудан”-гийн егзөр эрхлэгч Б.Ганболд дардас унших гээд өөрийн биеэр ирж. Өдөр тутмын сонины эрхлэгч хэдийгээр ахуй амины бүхий л асуудлыг нуруундаа үүрдэг боловч сонины материал болгоныг уншаад байдаггүй.

Гэхдээ тэд сурвалжлагчийнхаа бичсэн хадаас материалд өөрөө бичсэн лугаа баярлаж чаддаг хүмүүс гэдгийг Б.Ганчимэг дурдаад “Эрхлэгч маань шөнө ирчихсэн, миний ярилцлагыг тэмдэглэж зуу татаад л, дардас болгоныг уншсан. Би барагтай бол материалаа хэвлэгдэхээс өмнө ярилцагчдаа уншуулдаггүй. Тэгэхэд Асашёорюү Д.Дагвадорж хараахан буцаагүй байсан учраас редакцдаа урьж, дардас харах уу гэж дуудсан. Яагаад гэвэл энэ түүний Монголын хэвлэлд өгсөн анхны томоохон хэмжээний ярилцлага учраас тэр. Тэр редакцид ирээд, эрхлэгчийн өрөөнд суусан.

Эрхлэгчийн өрөө гэж ганц том ширээ, ганц том сандал л байна шүү дээ. Б.Ганболд эрхлэгч ширээгээ суллаад “Та алив, ийшээ суугаад уншчих” гэхэд Д.Дагвадорж “Ганболд эрхлэгчээ, би таны ширээнд сууж болох юм уу?” гэж асуусан. Тэр өдөр тутмын сонины эрхлэгч гэж хаан шиг хүн байдаг гэдгийг мэддэг хүн байгаа байхгүй юу. Тэр том ёкозүна эрхлэгчээс маань зөвшөөрөл авахыг би харсан. Энэ бол тэр ярилцлагыг тохиолдуулж эргэн тойронд нь болсон нэг том гайхалтай үзэгдэл. За тэгээд, ярилцлага дээр Д.Дагвадорж хүмүүсийн тэр бүр хэрэглээд байдаггүй дөрөв, таван зүйр цэцэн үг хэлсэн байсан. Тэрнийхээ нэг, хоёрыг үлдээгээд “Би чинь одоо сургаалч өвгөн аятай юун их зүйр цэцэг үг хэлчихсэн юм бэ” гээд хөхөрч билээ. Үүнээс өөрөөр бол эх текстээс юу ч өөрчлөөгүй, бидэнд юу ч тулгаагүй”.

“Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь эгшиж л байдаг юм шүү дээ” гэсэн гарчгийг Б.Ганболд эрхлэгч өөрөө өгсөн гэдэг. Тэрхүү “ер бусын” өдөр “Үндэсний шуудан”-д анх удаагаа сонины долоон нүүр ярилцлага хэвлэгдлээ. Ийм тохиолдол урьд өмнө лав тохиож байгаагүй байх. Маргааш боллоо. Хадаас хийсэн сэтгүүлч ханагар сууна. Тэр өдрийн өглөөний шуурхай эрхлэгчээсээ хавьд магтаалын үг сонсоогүй Б.Ганчимэг сэтгүүлчийн хувьд “ялалтын баяр”-ын дөнгөж удиртгал байжээ. 

“Өглөөний шуурхайгаас гараад л би нисчихсэн. Тэр өдөр би хязгааргүй их баярлаж, утас маань чөлөө зайгүй дуугарч байлаа. Миний хадаас хийчихсэний дараах баяр хөөр эргээд надад ирсэн. Манай “Өдрийн сонин”-ыхон багаараа орж ирээд л... Өдөр тутмын сонины редакцын нэг гоё халуун нь нэг нь хадаас хийчихвэл өөрөө хийсэн шиг баярладаг. Нөгөөдөхдөө нэг ил захидал өгөх юм уу, ядаж кофе, хэрэв тэр өдөр цалин буусан байж таарвал ажил тараад зуу татах жишээний.

Энэ уламжлал эргээд сэргэсэн. Бид “Мэри” гэдэг нэртэй даруухан кафед Асашёорюүгийн ярилцлагыг үг, үгээр нь яриад л шөнөжин сууж билээ. Энэ бол сэтгүүлчийнхээ хувьд сайхан юм бичээд хүртсэн хамгийн том баяруудын маань нэг” гэж хэлээд хүүхэд шиг хөөрсөн билээ.Энэ нийтлэл түүнд Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж шагнал”-ын хамгийн анхныхыг авчирсан юм. 

Гэнэт тэр миний өмнө уйлж орхилоо. Энэ дурсамж нь түүний өдөр тутмын сониноо одоо ч гэсэн санадаг сэтгэлийг нь хөндчихөв бололтой. “Өдөр тутмын сониноос гарахаар хүн ямар ч бие халаалтгүй болчихдог юм байна” гэснээ нүдэндээ нулимстай чигээр“Намайг тэд маань долоо хоног тутмын сонин байгуулаад аягүй их баяр хөөртэй яваа л гэж бодож байгаа. Яг үнэндээ энд би маш их тэлчилж байна. Миний бойжсон орчин, миний амьдарсан дэг журам, миний алхаж байсан эгнээ, тэр жагсаал, тэр туг... би бүгдийг нь үгүйлж байна.

Өдөр тутмын сонины гал тогоогоо голоо гогдтол санаж байгаа ч эргээд гүйе гэхээр миний байр суурь, миний нэр хүнд, энд байгуулаад бүрдүүлсэн хамт олон, бидэнд итгээд захиалсан захиалагч нар барьцаа шиг барьчихсан байна. Би өдөр тутмын сонин захиалахаа болиод хоёр сар болж байна... Сонин эргүүлэх тоолонд хамаг дурсамж сэдрээд... Би бол тэнд л байх ёстой хүн... Тэр гуравдугаар нүүр, тэргүүн нүүр бол миний нүүр байсан...”гэснээ өөр юу ч хэлэлгүй чимээгүй уйлж суув. 

Тэгээд хэсэг тайвширсныхаа дараа  “Би өдөр тутмын сониноо маш их санаж байгаа чхүчтэй байх болно. Ямар нэг улстөрийн намын захилгагүйгээр редакц амьдарч болдог юм гэдгийг харуулахаар зорьчихсон байгаа. Түүндээ хүрнэ. “Open door”-оо “Аргументы и факты” шиг сонин болгоно” гэж итгэлтэйгээр хэлсэн юм. 

“Хэн сэтгэж байна, түүнд зориулав”

Б.Номинтүшиг, Гэрэл зургийг Ц.Шувуу

Mongolnews.mn сайтын ерөнхий эрхлэгч, Ц.Балдорж агсны бага охин Б.Номинтүшиг өглөө болгоны шуурхайд хамт суудаг. Тэр энд, энэ редакц дотор хүн болсон хэмээгээд инээмсэглэв. Одоо харин аавынхаа эхлүүлсэн үйл хэргийг залгамжлах үүрэг түүнд ногджээ. “Сонины редакцид багаасаа л байсан болохоор энэ миний хоёр дахь гэр шиг, сонины ах эгч нар миний гэр бүл шиг санагддаг”гэж Б.Номинтүшиг хэлэв. “Mongolnews”-ийн барилгын гурав, тавдугаар давхрын хооронд гүйсээр түүний нэг өдөр өнгөрнө. “Өнөөдөр” сониныдэргэдэх Mongolnews.mn сайтыг Монголын топ таван цахим хуудасны нэг болгоно хэмээн тэр зорьж байгаа. “Сонин, сайт хоёр бол өрсөлдөгч биш. Харин ч бие биенийхээ дутууг нөхсөн хэрэгслүүд”  гэж тэр онцлоод шуурхай мэдээллүүдийг сайтаараа дамжуулан хүргээд, үйл явдлыг сурвалжилсан, анализ хийсэн нийтлэлийг маргаашийн сониндоо гаргах аргыг туршиж байгаа аж. Энэ тал дээр Ж.Хулан санал нэг байсан бөгөөд  “Хүлээн авагчийг булаацалдах хэрэггүй. Жишээ нь өдөр тутмын сонин дэргэдээ сайт нээлээ гэдэг нь уншигчаа алдахгүйн төлөө хийж буй алхам биш, харин ч шинэ уншигчдыг бий болгох эрмэлзэл. Яг үнэндээ хүмүүс ямар хэрэгсэлтэй харилцаж байгаа харилцаандаа анхаарал хандуулдаг болохоос биш мэдээллээс болж сонин, эсвэл сайт уншихаа шийддэггүй. Гарт нь гар утас, ширээн дээр компьютер ойрхон байгаа нь цахим орчинд тэд идэвхтэй байдгийн шалтгаан” гэж тэр хэлж байна. 

18.00 цаг гэхэд “Өнөөдөр” сонины редакцын ширээнүүд дүүрч, энд тэндгүй компьютерийн кейбоард товших чимээ дуулдана. Сонины ахлах дизайнер Н.Уламбаярын хамгийн завгүй үе эхэллээ. Макет дэглэх үеэр бүгд л дизайнерууд дээр шавчихна. Тэр энэ өдөр “Өнөөдөр”-ийн тэргүүн нүүрийг хийж буй. Тэргүүн нүүрийн мэдээллүүд тавигдаж эхлээгүй байлаа. Гагцхүү “Өнөөдөр” гэсэн лого, түүний дээрх “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэсэн уриа л байна. 

Энэ өдрийн дугаарын удирдагч С.Туул Ардчилсан намаас сайдад нэр дэвшигчид тодорч эхэлсэн талаарх мэдээллийг тэргүүн нүүрэндээ тавихаар сонгож, тоймч Б.Энхцэцэгийн “Н.Энхбаярын хөдөлгөөн бүр мэх болжээ”, Т.Энхбатын “Тавантолгой гунигтай байна” нийтлэлүүдийг мөн эхлүүлэхээр болжээ. Хятадын Тяньжинд болсон дэлбэрэлтэд монгол хүн өртсөн эсэх талаарх тодруулга, Завхан аймагт халуун зунаар цас орсон мэдээллүүдийг С.Туул уншиж үзээд, тэргүүн нүүрэнд оруулах эсэхийг шийдэхээр хүлээнэ. 
Энэ зуур редакцаар жаал алхав. Эдийн засгийн мэдээллийн албаны суудаг хэсэгт Монголын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн сүүлийн хэдэн жилийн тоонуудыг нямбайлан хаджээ.

Өнөөдрийг бичихийн тулд өчигдрийг сайн мэдэж байх ёстой. Редакцын гол самбарт сайн ажилласан хүмүүсийн нэрс бас байна. Ажвал энд залуус голдуу бий. “Өнөөдөр” хэзээд залуу, хэзээд шинэ байсан, тэр л хэвээрээ. “Редакцид залуу сэтгүүлчид олон байгаа нь сайхан санагддаг. Үе үеийнхэнд л дээд үе нь мундаг, агуу санагддаг юм шиг байгаа юм. “Ардын эрх”-д мундгууд бичдэг байсныг одоо ч хүмүүс дурсдаг даа. Дараачийн мундгууд энд бүрэлдэж байна” гэж Б.Энхцэцэг хэллээ.  
Рэ ах энэ дугаарт “Хүмүүс, аж амьдрал” буланд нохойн махыг хүнсэндээ хэрэглэдэг хүмүүсийн талаар “Шороон дээр байсан юм ширээн дээр гарчээ” нийтлэл бичсэнийхээ гараар бичсэн эхийг барьчихсан, ахлах дизайнер Н.Уламбаярын хажууд сууж байна. Энэ хооронд залуу сэтгүүлчид түүнээс зөв бичих дүрмээс эхлээд үе үеийн парламент, түүхэн үйл явдлууд гээд юу эсийг асууна. Компьютер хэрэглэх дургүй энэ хүн редакц дотроо мэдээллийн архив, “Wikipedia” л гэсэн үг гэж С.Туул хошигносон. 

20.10 цаг гэхэд “Өнөөдөр” сонины наймдугаар сарын 18-ны дугаар хэвлэлтэд шилжихэд бэлэн болж, уншигчдын “Өнөөдөр”-ийг өмнөх өдөр нь  бүтээчихсэн сурвалжлагч нар гэр гэрийн зүг цувж эхэллээ. Энэ дугаар шөнөдөө хэвлэгдэж, үүрээр түгээд, өглөө гэхэд уншигчид шинэ “Өнөөдөр”-тэй учирна. Би ч бас ажлаа дуусч, редакцаас гарахад  хаалганы хажуу талд “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэсэн бичиг цагаан шигтгээн дээр тодоос тод харагдаж байлаа.

Ж.Тэгшжаргал 

 

Зураг