Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засагт СОЛОНГО хэзээ татах вэ?

П.Баянбат, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ асуултад хариулахад бэрх. Эдийн засгаа орлогын олон сувагтай болгох буюу солонгоруулах шаардлага тулгарсан гэвэл чухам үнэн. Бишгүйдээ олон жил эдийн засгаа солонгоруулах тухай ярилаа. Гэвч манай төр засгаас дорвитой алхам хийж чадалгүй өдий хүрсэн.

Эдийн засгаа солонгоруулахад хамгийн чухал нь чин хүсэл эрмэлзэл, түүндээ хүрэх тууштай зан чанар, тогтвортой нэгдсэн бодлого хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ л манайд дутагдаж байв.

Монгол Улс өнгөрсөн онд 5.8 тэрбум ам.долларын экспорт хийснийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн. Энэ нь өмнөх жилийнхээсээ 1.5 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт юмсанж. “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын экспорт 1.6 тэрбум “ногоон”-д хүрснээр орлого ийнхүү нэмэгдсэн хэрэг. Нийт экспортын 44.6 хувийг зэсийн баяжмал, 14.7-г нь нүүрс, 11-ийг нь газрын тос, 7.7-г нь төмрийн хүдэр, долоог нь алт эзэлжээ. Эндээс экспортын 85 хувийг уул уурхайн эрдэс түүхий эд эзэлж буйг харж болно. Манай гадаад худалдаа уул уурхай гэх ганц хөл дээр зогсч буй нь энэ.

Түүнчлэн “Оюутолгой” компани гадаад худалдаанд асар том нөлөөтэйг анзаарсан байх. Монгол руу орж ирж буй дөрвөн ам.долларын нэг нь “Оюутолгой”-д хамаарч байна. 

Монгол руу орж ирж буй дөрвөн ам.долларын нэг нь “Оюутолгой”-д хамаарч байна

Ганц хөл дээрээ дэгдэж байгаа хүн амархан унана. Харин хоёр хөлтэй бол нэг нь шархдаж, эсвэл өвдөж хавдсан ч эрүүл нь биеэ тулаад урагшилна. Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ унахаар Монголын эдийн засаг дагаад нурдаг. 2011 онд дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ “гаарахад” Монголын эдийн засаг 17.3 хувиар өсч, шагшигдаж байлаа. Тэгвэл 2012 оноос эрдэс түүхий эдийн үнэ буурахад эдийн засаг дагаад “гулссан”.

Манай эдийн засгийг өнөө жил гурван хувиар өснө гэж Азийн Хөгжлийн Банкнаас таамаглалаа. Монгол банк 4.8 хувиар өснө гэж арай өөдрөгөөр тооцож байгаа. Түүхий эдийн ханш буурахтай зэрэгцэн Монгол Улс хямрал руу дөхсөөр байна. 

УИХ оны эхэнд төсвийн орлогыг нэг их наяд төгрөгөөр танасан. Ингэхдээ тонн зэс 6354, төмрийн хүдэр 52-60, нүүрс 30-60, унци алт 1248 “ногоон”-оос буурахгүй гэж тооцов. Тэгвэл дэлхийн зах зээлд зэсийн ханш 6145, алтных 1195 ам.доллар болж “бууж”, төлөвлөснөөс доошиллоо. Дахиад ч буурах магадлалтай байгааг олон улсын шинжээчид сануулж байна.

Газрын тосны үнэ хямдарсан учир олборлох зардал нь буурч бүх төрлийн эрдэс түүхий эдийн ханш унана гэж тэд таамаглаж буй. Уул уурхайн олборлолтын зардлын 60 хувийг шатахуун эзэлдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Уул уурхай Монголын төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлдэг. Түүхий эдийн үнэ төлөвлөснөөс буурах тусам төсвийн орлого тасарна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Энэ жилийн төсвийг дахин тодотгож, нэг их наяд төгрөгөөр танаж магадгүй” гэж ярьжээ. Төсөв эдийн засгийг өсгөх нэг хөдөлгүүр юм. Тэгэхээр эдийн засгийн нэг хөдөлгүүр доголдох тодорхой болж байх шиг байна.

Ганц хөлтэй байх ийм хэцүү. Уул уурхайн салбараас өөр эдийн засгаа тэтгэх эх үүсвэрүүдтэй байсан бол юунд ингэх вэ. Дан ганц уул уурхайн давамгайллыг бууруулахын тулд бусад салбараа хөгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа олон тулгууртай болгох шаардлагатай юм. Эдийн засгаа олон тулгууртай болгож, орлогынхоо сувгийг нэмэхийг солонгоруулах гэж энгийнээр нэрлэж байгаа билээ.                   
АН-аас “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал илтгэлийг 2012 оны сонгуулийн өмнө зохион байгуулсан удаатай. Тухайн үед одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа солонгоруулах илтгэлийг тавьж байсан. Үүнээс өмнө ч, хойш нь энэ тухай удаа дараа байр сууриа илэрхийлж байв.

Тэр Ерөнхий сайдын суудалд залармагцаа Аж Үйлдвэрийн Яамыг байгуулсан. Энэ үйлдлийг нь хүсэл зорилгоо хэрэгжүүлэхээр урагш алхлаа гэж дүгнэх үндэстэй. Эдийн засгийг солонгоруулах нь зөвхөн Ч.Сайханбилэг, бас Д.Эрдэнэбат сайдын ажил биш. Нийт монголчуудын тэмүүлэл байх ёстой. Монголчууд хэдий чинээ хүсч тэмүүлнэ, төдий чинээгээр солонго хурдан татна.

Монголчууд хэдий чинээ хүсч тэмүүлнэ, төдий чинээгээр солонго хурдан татна

Монголын эдийн засгийг солонгоруулах бас л адармаатай ажил бололтой. Манайх ноос ноолуур, арьс ширээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нэг тэрбум ам.долларын экспорт хийх бололцоотой гэнэ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үүнээс өөрөөр экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж тун хомс байна” гэж ярьсан. Тэгэхээр бид уул уурхайгаас хаашаа ч зайлж чадахгүй гэж үү.

Манай улс жилд 7,500 тонн ноолуур, 10 сая ширхэг арьс шир бэлтгэдэг. Үүнийгээ бүрэн боловсруулаад дэлхийн зах зээлд өрсөлдөх “брэнд” бүтээж чадвал чамгүй орлого олох нь дамжиггүй. Ноос ноолуур, арьс ширнээс гадна мах, улаан буудай, гурил гэх зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ экспортод гарахыг хичээх нь зүй

Солонгос улс манайхаас ядуу байхдаа 10 тэрбум ам.долларын экспорт хийх зорилт тавьж байсан. 10 жилийн хугацаатай зорилт тавьсан ч товлосноосоо өмнө зорилтдоо хүрсэн. Тэднийд хямд ажиллах хүч хангалттай олон байжээ. Газрын хэвлийдээ ямар ч баялаггүй мөртлөө том экспортлогч орон болж чадсан нууц нь хүн амын тоондоо байж.

1.3 тэрбум хүн амтай Хятад улсад хямд ажиллах хүч үй түмээр бий. Тиймээс л тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн аль ч орны зах зээлд өрсөлдөж чадаж байна. АНУ-д ажлын хөлс цагт дунджаар 30 ам.доллар бол Хятадад өдрийн 10 “ногоон”-ы төлөө борви бохисхийлгүй ажиллах хүн олддог аж.

Манай улс гурван сая хүн амтай. Тэднээс сая гаруй нь хөдөлмөрийн насных. Иймээс  Монголд хүн хүч олныг шаардах үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Цөөн ажилтан шаардах өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл хөгжүүлэх нь эдийн засгаа солонгоруулах гарц юм. Хямд үнэтэй хувцас хунар үйлдвэрлээд тусыг олохгүй. Харин дэлхийн зах зээлд өндөр үнэд хүрдэг ноолууран бүтээгдэхүүн бол өөр хэрэг.

Цөөн ажилтан шаардах өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл хөгжүүлэх нь эдийн засгаа солонгоруулах гарц юм

Ноос ноолуур, арьс ширнээс гадна эдийн засгаа солонгоруулах боломж мэдээллийн технологи байхыг үгүйсгэж болохгүй. Өнөөдөр тэнгисийг сэлүүрдэж гатална гэж ярихтай адил муйхар сонстож магадгүй. Гэхдээ хүрэхгүй газаргүй. Одооноос уул уурхайгаас орж ирэх мөнгийг мэдээллийн технологийн парк хөгжүүлэхэд зарцуулж яагаад болохгүй гэж. Бидэнд ашигт малтмал, хөдөө аж ахуйн түүхий эд бий.

Гэвч түүнийгээ баялаг болгох ажиллах хүчин хомс байна. Тиймээс өндөр үр ашигтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар руу цөөн ажиллах хүчнээ чиглүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай. Ер нь экспортыг өсгөж эдийн засгаа солонгоруулахад ихээхэн ээдрээтэй, урт замыг туулах бололтой. 

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ч цөөн хүн ам тээг болдог. Цөөн хүн ам жижиг зах зээл гэсэнтэй утга нэг юм. Жижиг зах зээлтэй учраас үйлдвэр байгуулах боломжгүй. Маш өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулж байж, нэгж бүтээгдэхүүнийх нь үнэ буурдаг жамтай. Тухайлбал, дор хаяж хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулсан тохиолдолд зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй бүтээгдэхүүн гаргах боломжтойг судлаачид ярьдаг. Гэтэл манайх улсын шатахууны жилийн хэрэглээ одоо л хоёр сая тонн руу дөхөж байна.

Үүнтэй зэрэгцээд газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриа газар авч эхэлснийг анзаарай. Аж Үйлдвэрийн Яамнаас 2020 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор төлөвлөснөө дуулгасан. Тэр үед манай  улс хоёр сая тонн газрын тос олборлодог болно. Түүнийгээ нэрж шатахуунаа гаргах юм гэсэн. Шатахуун манай нийт импортын 30 хувийг эзэлдэг. Шатахуунаа өөрсдөө хийвэл нэлээд хэмжээний ам.доллар гадагш урсахыг зогсооно.

Аж Үйлдвэрийн Яам газрын тос боловсруулах, төмөр, зэс хайлуулах үйлдвэр байгуулахыг эн тэргүүний зорилтоо болгосон. Эдгээрийг баривал манай оронд химийн болоод хүнд үйлдвэрийн суурь тавигдах юм.

Манайхан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг санхүүжүүлнэ гэж хоосон лоозон хашгирч давхисан. Үйлдвэрийг дэмжих санхүүжилт нь үнэн хэрэгтээ мөнгө хүлээгчдийн гарт орж, импортыг дэмжиж гай тарьсан. Аж үйлдвэрийн сайд үйлдвэрийн дэмжих санхүүжилтийг дахин буруу гараар оруулахгүй гэж амлаж байгаа. Юутай ч үйлдвэржих итгэл үнэмшил, хүсэл зориг хаана хаанаа бүрэлдсэн нь сайн хэрэг.

Өгүүллийг 

П.Баянбат