Шадар сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд говийн бүсэд ажиллаж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3-р сарын 26-нд ажилласан байна. Цогтцэций суманд орших Таван толгойн ордод Төрийн өмчит Эрдэнэс таван толгой, орон нутгийн өмчит Таван толгой болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Энержи ресурс компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа.
Дээрх компаниуд нүүрсээ авто машинаар тээвэрлэдэг. Зуун тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн эмзэг хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан. Энержи ресурс компани Таван толгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан.
Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлөөд энэ замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамж ижил биш тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг орон нутгийн өмчит Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж Шадар сайдад хэллээ.
Энержи ресурс компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Энэ хураамж өндөр байгаагаас болоод Орон нутгийн таван толгой болон Эрдэнэс таван толгой компанийн нүүрс ачсан машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон хэвээр байгаа. Харин буцахдаа хоосон машиныг 60 мянган төгрөгөөр хатуу хучилттай замаар явуулдаг байна. Таван толгой гашуун сухайт авто зам компанийн захирал энэ талаар тайлбарласан.
Замын хураамжтай холбоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал арилна. Говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоохын тулд Засгийн газар анхаарлаа хандуулна гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.