Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Наранхүү хаан" тууль хайлна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2015 оны хоёрдугаар сарын 18 буюу “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хамгийн сүүлийн өдөр буюу өвлийн адаг сарын битүүнд Богд хааны ордон музейн Хаан туульсийн өргөөнд “Наранхүү хаан” туулийг ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч Авирмэдийн Балдандорж бүрэн эхээр нь хайлна.

Туульч А.Балдандорж нь энэ удаад туулийг хайлах зан үйлийг баримтлах бөгөөд туулийн эхэнд “Алтайн магтаал”-ыг бүрэн хайлах бөгөөд туулийн завсарлагаар  ардын уламжлалт морин хуурын татлага, икэл, цуур, ятга хөгжимийн бэсрэг үзүүлбэр тоглолтууд явагдана.

Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа засалыг хийлгэдэг байсан бөгөөд “Наранхүү хаан” тууль нь туулиуд дундаа ихээхэн зөөлөн туульд тооцогддог.

“Наранхүү хаан” туулийг зуд турхан, ган гачиггүй, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байхыг бэлгэдэхээс гадна хүн, мал өсөж үржихийн ерөөлтэй бөгөөд үр хүүхэдгүй айлд үрийн заяа хайрлахын тухайтад хайлдаг уламжлалтай аж.

“Наранхүү хаан” туулийг “Наран хаан хүү”, “Наран хаан хөвүүн” гэхчлэн нэрлэдэг бөгөөд Урианхай ард түмний эрхэмлэн дээдэлдэг туулийн нэг юм. Алдарт туульч С.Чойсүрэн, Б.Авирмэд нар энэхүү туулийг хайлдаг байжээ.

Уг арга хэмжээний тасалбарыг та Богд Хааны Ордон музейгээс авах боломжтой юм.