Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Намсрай: Шар зурхай үргэлж үнэнийг хэлдэг

Х.Монголхатан
2015 оны 2 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч Мэргэд сонгоол  Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.

-Шинэ cap гарахад хоёрхон хоног үлдлээ. Галзууруулагч хэмээх хонин жилийн өнгө төрхийг тодорхойлооч?

-Галзууруулагч гэдэг нэрээс эхлэе. Энэ үг бол тангад төвдийн хараалын үг. Монгол хүн хэзээ ч Цагаан сараа, ирж буй жилээ ингэж билэгдэхгүй. Түүхэн талаасаа харах юм бол Манж-Хятадын улс төрийн дарлал, Төвдийн үзэл суртлын дарлалд байх үеэс хэрэгжиж эхэлсэн үг юм билээ.

Эртний Монголчуудын бахдам түүхийг бичсэн “Монголын нууц товчоо”-ны 141-д түүний хойно, тахиа жил (1201 дүгээр онд) гэх мэтчилэн жилийг элдэв нэр чимэггүйгээр бичсэн байдаг.

Галзууруулагч гэдэг нэрээс эхлэе. Энэ үг бол тангад төвдийн хараалын үг.

Тиймээс би энэ жилийнхээ цаг тооны бичгийг “Гурван хөх мэнгэтэй Согтоогч хөхөгчин хонин жил” гэж нэрлэсэн. Галзууруулагч гэдэг үг мөнхийн эмгэгийг заана. Согтоогч гэдэг үг түр зуурыг илэрхийлнэ. Аль нь энэ цаг үед зохимжтой байна. Аль нь Монгол хүний сэтгэлгээг бузарлаж байна гэдгийг Монголчууд тунгаана биз ээ.

Үгээр хөөцөлдөх дуртай болсон энэ үед Монгол үндэстний үе үеийн хэрэглээ болсон үгийг үнэ цэнэтэй, утга агуулгатайгаар нь язгуур шинжийг алдагдуулалгүй хэрэглэж сурах шаардлага энэ үеэс урган гарч байна. Ийм санааны үүднээс адаг cap гэхийг сүүл cap гэж жил бүр нэрлэсээр ирлээ. Адаг гэдэг чинь хараалын үг шиг сонсогдож байгаа биз дээ. Сүүл cap гэхэд яагаад болохгүй гэж. Бид чинь сүү ууж, сүүл хөхөж өссөн ард түмэн шүү дээ.

-Та ирж буй жилийн байгаль цаг уур, өнгө шинжийг шороон үхрийн шинжээрээ тодорхойлсон биз дээ?

-Согтоогч хөхөгчин хонин жилийн шороон үхрийн бие нь улаан, толгой нь хөх, эвэр сүүл, чих нь цагаан, шийр нь хар, ходоод ом pyy нь цагаан үхэр амаа ангайгаад сүүлээ баруун тийшээ шарвасан байдалтай харагдана.

Энэ нь хаврын тэргүүн сарын эхээр зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, үе үе цасан шуурга шуурахыг хэлж байна. Долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 2-ны хооронд Хэнтийн Биндэр, Чойр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Тамсагбулагийн чиглэлд гандуу байх магадлалтай. Бусад нутаг хэвийн зуншлагатай байх нь.

Есдүгээр сарын 7-н буюу Намрын тэргүүн сарын 25-наас цаг   эвгүйрхэж тариа ногоонд муугаар нөлөөлж болзошгүй нь. Нэг, хоёрдугаар сард ихэд хүйтэрдэг Увсын Тэс, Зүүнговь Малчин сум, Завханы Эрдэнэхайрхан, Ургамал, Тосонцэнгэл сумдаар -45 градус хүртэл хүйтэрч болзошгүй байна.

Үхэр хариулаач нь шар дээл өмссөн, хөх бүс бүсэлсэн, олсон шилбүүр бариад хоёр гутлаа өмссөн, үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур хийсэн, үхрийнхээ зүүн талд алхаж яваа цагаан өвгөн байна.

Энэ нь 2014 оны наймдугаар сарын 21-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч манай нутагт айлчлаад Миний нутаг шүлгийг сэтгэл хангалуун Монголоор уншиж айлчилсны үр, есдүгээр сарын 4-нд цагаасаа хоцрон, хоцрон ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн өглөг, есдүгээр сарын

11-ний Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэлэлцэж тохирсон олон улсын хэлэлцээрийн үр дүн хэрхэн гарах вэ гэдэг нь харагдах жил юм.

-Харин улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд ямар төлөв бууж байна?

-Монгол Улсын 28 дахь ерөнхий сайдыг 2014 оны арван нэгдүгээр сарын 21-ний 12 цаг 45 минут 20 секундэд УИХ-аар баталсан билээ. Хоёрдугаар сарын 17-ны хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн энэ хүү Богд сэтгэлт, Таван баян, Зургаан учрал тэнгэртэй ч Хүлэгч, Их зовлонт, Илүү одны хар тэнгэрийн аясын салхинд төрсөн.

Лам олдохгүй бол таныг залахаас даа гэж эгэл ардчилагчдынхаа арайхийн бүтээсэн “Их алсын холч бодлого”-ыг үрэн таран хийн “Манантах” нь ээ. Энэ мананг “Нордик” ч гэнэ үү, яаж ч гоёсон ард бидэнд өчүүхэн ч ашиггүй, улигт албан тушаал, завших ашиг сонирхлын зуурдын нийллэг төдий юм.

"Оюу толгой", "Таван толгой" гэх үхширмэл дуулиан дээр нийтийн санаа төвлөрч байх хооронд Өрийн таазыг нэмснээр ирэх сонгуулийн хэрэгсэл болгох Чингис бондын үлдэгдэл, дэлхийн тунгалаг уст “Хөвсгөлийн фосфорид”, Монгол нутгийн ой хөвчийн амин судас Гацууртын алтны орд, Их Эвслийн Засгийн газрын хувь заяаны эмзэг цэг нь аж.

-Таны цаг тооны бичигтээ оруулсан энэ бүхэн өнөөдөр ид хүчээ авч байх шиг?

-Хэн ч энэ тухай бодоогүй, яриагүй байхад 2014 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдөр хэвлэлтэд өгсөн цаг тооныхоо бичигт ингээд бичээд хэвлүүлж байлаа. Шар зурхай үргэлж үнэнийг хэлдэг.

Монголын ард түмэн ийм л төр, ийм л засагтай. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн, газар нутаг уул усаа хамгаалсан хүн, 25 жилийн турш үнэнийг хэлсэн хүн үнэ цэнэгүй болдог ийм л цаг үед бид амьдарч байна. Чиний, миний хойч үе ирээдүйдээ юу үлдээж байгаа маань их л эмгэнэлт дүр зурагтай.

-Та их өөдрөг үзэл санаатай хүнсэн. Жаахан урамгүй байна уу даа?

-“Бурмаар тэжээхээс урмаар тэжээ” гэдэг юмаа. Миний хувьд хийдэг юмаа хийчихдэг, хэлдэг юмаа хэлчихдэг ийм цаг үед амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Ардчилал гэдэг хүний хувь заяанд ихээхэн боломж олгосон энэ нийгмийн чиглүүлэгч хүч, өөрийнхөө өнгө төрхийг олж чадахгүй ихээхэн мунгинаж байгаагаас ард түмэн сонголтоо зөв хийж, төр засгаа зөв байгуулж чадахгүй байна.

Өнөө маргаашийн өнгө мөнгөнд хууртаж, өнөөдрийн уушгинаас маргаашийн өөх илүү гэдгийг мэдэхгүй, өөр өөрсдийн итгэл үнэмшилдээ үнэнч байж чадахгүйгээс нийт даяараа ийм байдалд хүрчхээд байна.

-Ер нь УИХ, газрын хувь заяаг та хэрхэн үнэлж байна?

-Унагаж чадах их л хэврэг үедээ ирчхээд байна. Энэ удаа зөгнөөд яах вэ.

-Эдийн засгийн хэр удаан үргэлжлэх бол?

-Монгол эдийн засаг хямарна гэж түүхэнд байдаггүй юм. Ийм их баялагтай, газар нутагтай, 50-60 сая малтай, цөөхөн хүн амтай улс яахаараа эдийн засаг нь хямардаг юм. МАН-ын 100 шахам жил ард түмнээ авч явж байгаа царай нь ардчилагч нэртэй коммунистуудын үр сад залгамжлан авч, хэн нь хэн бэ гэдэг нь танигдахаа больсон.

“Чоно борооноор” гэдэг шиг гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын өглөгч дүртэй идэгчдийн үр шимийг өөрийн эрхгүй бид хүртэж буй энэ гамшигт цаг үеийн дүр зураг эдийн засгийн хямрал нэрээр хэрэгжиж байна.

-Цагаан сараар Монголчууд юуг эрхэмлэж, яаж шинэлэх ёстой юм бэ?

-Цагаан cap цагаан идээний баяр биш “Цаг жам”-ын баяр. Ирж байгаа цагийг урьж байгаа баяр. Ид хав нь бүрдсэн их Монголчуудын “төр-гэр”-ээ төвшитгөсөн сүлд хийморийн баяр юм. Дэлхий дахинд Монголын Цагаан cap гэж нэрлэгдсэн баяр Хүннүгийн үеэс хаврын тэргүүн сарын шинийн 1-нд алдалгүй хийсээр ирсэн нь түүхэн баримтуудаар нотлогдож байна.

Цагаан сарыг заавал энэ өдөр хийдгийн учир нь бусад сарын шинийн нэгнээ бодвол жилийн хугацаанд дахин давтагдахгүй, сарны ялгарах өнгөө алдан цагаарч харагддаг. Байгалийн гэгээн тунгалаг далд утгын нэгээхэн цэг, эрчим хүчний их тэсрэлтийн алтан огтлол болдог.

Цаг улирлын алдаж болохгүй амин шимийн амьсгал нээгдэх тэр ховорхон агшин зуур хаана, хэзээ таарахыг урьдаас тооцон бодож олоод өдрөө сонгож байгаа юм. Тиймээс бүх Монголчуудаараа эв эеийг хичээж, сэтгэл санаагаа тэгшитгэн, сайхан шинэлэх учиртай.

 

Зураг