Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж хуваарийн дагуу ажиллана

Ж.Отгон
2015 оны 2 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь болон зарим зүйлийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатаас тодрууллаа. 

-Жил бүр баяр ёслолоор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, хоол хүнсний хордлого гарах зэрэг асуудал үүсдэг. НЭМГ болон харьяа байгууллагууд нь ямар зохион байгуулалттай ажиллах гэж байна. Энэ талаар тодруулаач? 

-Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд сэрэмжлүүлэг болгон зөвлөмжүүдийг өгч байна. Мөн  Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай тушаал гарсан. 

Тухайлбал, НЭМГ-т энэ сарын 18-ны оройн 17.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллана. Хариуц­лагатай жижүүр харьяа бай­гууллагуудаас мэдээ авах болон эмнэлэг, эрүүл мэн­дийн байгууллагуудад хяналт хийх юм. 

Мөн харьяа бай­гууллагуудын удирд­лагуу­дад чиг үүрэг өгч, НЭМГ-ын хариуцлагатай жижүүрт эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар хоёр удаагийн давтамжтай мэдээ өгч байхыг даалгасан.

Шүд эрүү нүүрний төв гэхэд энэ сарын 21, 22-нд, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн  кабинетууд энэ сарын 18-23, өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллах хуваарь гараад байна. 

-Тушаалын биелэлтэд хэрхэн хяналт тавих вэ. Эмнэлгүүдийн материаллаг бааз, тоног төхөөрөмжийн хувьд ямар байгаа бол?

-Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбатад даалгасан байгаа. Мөн амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарч ажилласан хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу биеэр амраахыг харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт үүрэг болгосон. 

Ерөнхийдөө баярын амралтын өдрүүдэд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, дулаан, цахилгааны аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авч, ажиллагсдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллахыг сануулсан. 

Хордлого, халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандахыг мөн сануулж байна.

Үүнээс гадна Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, ор бүхий эмнэлгүүд орны нөөцтэй байж, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зэрэг бэлэн байдлын зохицуулалтуудыг хийсэн.

Мөн хоолны хордлого, халдварын үед авах сорьц шинжлэгдэхүүний бэлэн байдлыг ханган мэдээ, мэдээллийг зохих журмын дагуу шуурхай мэдээлж ажиллах ёстой. 

-Сар шинийн баяраар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Тэгэхээр нийт хүмүүст хандаж ямар зөвлөмж өгөх вэ? 

-Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд өвчилж, хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх, тэдэнтэй зөв боловсон золгохыг эрхэмлэх хэрэгтэй.

Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, уусан үед хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэж байхыг сануулж байна. 

Мөн болзошгүй осол гэмтлээс сэргийлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хоолоо тохируулан идэх хэрэгтэй.

Хоолны хордлого халдвараас сэргийлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх, хоол хүнсээ бэлтгэхийн өмнө гараа заавал угаах, хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга сав суулга халбага сэрээ хутга, усны сав бусад хэрэгслийг сайтар угааж цэвэрлэх, түргэн муудах бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв хадгалах, хэмжээг тохируулан авах, бага хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухгүй байх зэрэг энгийн зүйлийг мэдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Хордлого, халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандахыг мөн сануулж байна. Үүнээс гадна гудамж талбайд осгосон, ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх хэрэгтэй.

Ингээд Монголын уламжлалт Цагаан сарын баярыг зөв зохистой, эрүүл саруул, энх тунх тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

Зураг