Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Е.Нарышкин ШУ-ны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины айлчлалын хүрээнд Оросын Түүхийн Хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв, ОХУ-ын Элчин сайдын яам хамтарсан “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол” уулзалт, дугуй ширээний ярилцлага боллоо. 

Энэхүү уулзалтаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон Монгол Улсын ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар Шинжлэх Ухааны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Дугуй ширээний ярилцлагын үеэр хоёр улсын шинжлэх ухааны салбарын зүтгэлтнүүд Түүх, Уран зохиол, Орос хэлний асуудлаар санал бодлоо солилцсон юм. 

 

Оросын ШУА-ын Сибирь дэх салбарын Археологи, Этнографийн Хүрээлэнгийн захирал, академич А.П. Деревянко Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын булшны  20-21 метрийн гүнээс олдсон Хүннүгийн үеийн олдворуудын талаар тавьсан илтгэлдээ энэхүү олдворууд нь археологийн үнэт, ховор, гайхалтай олдворууд гэдгийг онцолж хэлсэн юм. 

Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн олдворууд Санкт Петербург, Эрмитаж дахь музейнүүдэд хадгалагддаг бөгөөд ОХУ-ын эрдэмтэд сэргээн засварласан байна.

Мөн ОХУ-ын Холбооны архивын агентлагийн дарга А.Н.Артизов хоёр улс архивын тал дээр хамтран ажилласны үндсэн дээр Монголын талд цэрэг, улс төр, дипломат харилцаатай холбоотой олон мянган баримт бичиг хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр баримт бичгийн эмхтгэл номуудыг гаргасан гэв. Цаашид Монгол, Оросын архивын байгууллагууд эдийн засгийн тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулах болно гэдгийг онцоллоо. 


 

 

Түүхийн ухааны доктор О.Батсайхан

-Та сая Монгол Улсын тусгаар тогтнолд Оросын үзүүлсэн нөлөөний талаар ярилаа. Илтгэлийнхээ гол агуулгыг манай уншигчдад танилцуулна уу?

-1850-иад онд Монгол Улс Манжийн эрхшээлд байхад Дорнод Сибирийн генерал Муравьев Амурский Хүрээнд байсан Монгол Амбантай уулзуулахаар хүн явуулсан. Тэд нууц яриа хийсэн. Тэр яриандаа Манж гүрэн нурж унана. Тэгэхээр та нар тусдаа гарах хэрэгтэй. Түүхээс үзвэл Манж, Монгол, Хятад тус тусдаа бие даасан улс байсан юм. Монголын тусдаа гарахад бид тусална гэдгийг Муравьев Амурский хэлж байжээ.

Улмаар 1861 онд Хүрээнд Оросын Консул байгуулагдсанаар асар олон Оросууд манай улсад орж ирсэн. Монголын тусгаар тогтнох ашиг сонирхол, Монгол дахь ашиг сонирхлоо хамгаалах Оросын нөхцөл байдал давхацсанаар манай улс тусгаар болж чадсан гэсэн өнцгөөс нь ярьсан. Мөн Монголын тусгаар тогтнолд түүхэн нөлөө үзүүлсэн Орос хүмүүсийн талаар энэхүү илтгэлдээ онцолсон юм.