Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ганжуур, Данжуурыг хос бичигт хөрвүүлсэн цорын ганц үндэстэн манай улс болж байна

С.Уянга, Зууны мэдээ
2015 оны 2 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг

Ганжуур, Данжуур их хөлгөн судрууд нь бурхны шашны талаасаа хамгийн дээд номын буян, олон түмэн үйлс хэргээ даатгадаг шүтээн болохоос гадна орчин цагийн үүднээс авч үзвэл бүх төрлийн шинжлэх ухааны ухагдахуунуудыг бүрэн агуулсан цогц нэвтэрхий толь юм.

Энэ ч утгаар нь Ганжуур, Данжуурыг ЮНЕСКО-гоос дэлхийн баримтат өвөөр бүртгэсэн байдаг. Бурхан багшийн сургаал ном Ганжуурыг 1300 оны үед Хубилайн гуч хүү Буянт хааны зарлигаар төвд хэл дээр эмхэтгэж байжээ.

Харин арванзургадугаар зууны үед Лигдэн хааны зарлигаар төвд хэлнээс Монгол бичигт орчуулах ажлыг хийсэн байна. Харин тэрхүү Монгол бичигт буулгасан судар нь ганцхан хувь байдаг учраас улсын төв номын санд хадгалагдаж байдаг аж. Тиймээс ховор номын жагсаалтад орсон Ганжуур, Данжуурыг хүссэн хүн болгон үзэж судлах боломжгүй гэнэ.

Тэгвэл бурхан багшийн гайхамшигтай сургаалийг хойч үедээ өвлүүлэн үлдээхээр өдгөө 500 жилийн дараа Ганжуур, Данжуурыг крилл, Монгол бичигт хөрвүүлэх ажлыг “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийнхөн эхлүүлсэн.

Тус төвийнхөн Ганжуурын 113 боть, Данжуурын 226 боть бусад лам нарын тайлбартай нийлээд 400 ботийг хос бичигт буулгахаар таван жилийн өмнөөс ажлаа эхэлж одоо 90 ботийг нь хэвлүүлээд байгаа юм. Мөн 70 ботийг хэвлэлтэд өгөхөд бэлэн болсон байна.

Тэгвэл 2012 онд Говийн догшин хутагт Данзанравжаагийн ес дэхь дүрээр тодорсон гэгээн өчигдөр “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийнхөнтэй уулзаж, Ганжуур, Данжуурыг хос бичигт хөрвүүлж байгаа ажлын явцтай танилцсан юм. Тэрбээр энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа хэлээд “Монголчуудыг ямар хүмүүс байсан гэдгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхээр буян номын ажил хийж байгаа хүмүүсийг нутаг орны лам хуварга, хутагт хувилгаануудыг төлөөлж ирснийхээ хувьд дэмжин ажиллана.

Бурхан багшийн сургаалийг хөрвүүлснээр манай улс хос бичигт буулгаж байгаа цорын ганц улс үндэстэн болж байна. 

Бурхан багшийн сургаалийг лам хуваргуудаас авахуулаад сүсэгтэн олон хүлээж байгаа. Бид 2,000 жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн бурхан багшийн сургаалийн энэ үед амьдарч байгаа нь том завшаан.

Тиймээс нутаг орны удирдлага, сүсэгтэн олон Ганжуур, Данжуурыг бүтээхэд эд материал болон сэтгэлээрээ дэмжихийг уриалж байна. Энэ аугаа зүйлийг бүтээснээр бурхан багщийн үйлс дэлгэрч, маш их өв соёлыг үлдээж байгаа” гэсэн юм.

Ганжуур, Данжуурын нэвтэрхий толийг хөрвүүлэхэд Буддын гүн ухаан, Буддын судлал, Төвд хэл судлал, Хэл шинжлэл, Санскрит, Хятад хэл судлал зэрэг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой багийнхан ажилдаж байна. Бурхан багшийн сургаалийг хөрвүүлснээр манай улс хос бичигт буулгаж байгаа цорын ганц улс үндэстэн болж байна.

Харин “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийнхөн Ганжуур, Данжуурыг 2019 он гэхэд хөрвүүлж дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар тус төвийн захирал О.Цацралттөр “Ганжуур гэдэг бол бурхан багшийн зарлигийн орчуулга бөгөөд Данжуур бол бурхан багшаас хойш үе үеийн эрдэмтдийн ганжуурт хийсэн тайлбар толь юм.

Ганжуур, Данжуурыг зөвхөн лам нарын хэрэглэдэг эд хэрэглэгдэхүүн гэж ойлгож байсан нь өрөөсгөл байлаа. 400 боть номыг крилл, Монгол бичигт буулгаснаар өөрсдийн хэрэглэж байсан босоо Монгол бичиг крилл Монгол бичигтээ бурхан багшийн зарлиг сургаал буюу дорнын нэвтэрхий толийг хос бичигт буулгасан цорын ганц үндэстэн болж байгаа юм” гэсэн юм.

Ганжуур, Данжуурыг бүтээхэд нийт 12.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд одоогоор 3.2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Энэхүү 400 ботийг бүтээхэд 42 хүн ажиллаж байгаа гэнэ. Мөн төсөл хөтөлбөрийн хүрээнд санүүжээгүй зөвхөн ард түмний хандиваар бүтэж байгаа аж.

Зураг
Зураг
13 | 18 | 17 цаг