Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний харсан 1930-аад оны Да хүрээ"

Өглөөний сонин
2015 оны 2 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Өдгөө 95 насыг зооглож буй азай буурал Жамсрангийн Аяахүү манай сонины уншигчдад хандан өөрийн хүүхэд насны дурсамж болон 1930-иад оны “Да хүрээ” буюу одоогийн Улаанбаатар хотын өнгө төрх ямархуу байсан, мөн тухайн үеийн хүмүүсийн аж амьдралын талаар сонирхолтой нандин дурсамжаа хуваалцаж доорх түүхийг хүүрнэн өгүүлсэн юм.

“85 жилийн өмнөх Улаанбаатар хот” 

Одоогийн төв талбайд Сүхбаатар жанжны илтгэлийн дэр хэмээх модон хайстай тавцан байсан юм. Түүний ойролцоо “Да хүрээний өндөр хог” хэмээх шороо байх. Тэрхүү хогийн цэгийн ёроолоор орон гэргүй, сохор доголон, ядарсан цөөн хэсэг хүмүүс амьдардаг байв. Би тэдний хажууд хоноглож, өдөржингөө хотыг тойрон хориод хоног Улаанбаатар хотоор тэнүүчилж билээ.

Тэнд байгаа хүмүүсийн хөлтэй хэд нь гуйлга гуйхаар уут хүүдийгээ үүрээд “Юм хайрла, юм хайрла” хэмээн үргэлжлүүлэн үглэж, айлын хашааны хаалганы үүдэн дээр хүн гарч ирж идэх юм өгөхийг горьдон өгсөн юмыг нь савлаж аваад орой болмогц хогийн цэг дээр үлдсэн хүмүүстээ аваачин өгч хооллож биеэ халамжилдаг байв. Хүмүүсийн дунд apxичин хулгайч зэрэг муу хүмүүс огт байгаагүй. Харин би тэдний олж ирсэн гуйлгын юмнаас амсдаггүй байлаа.

Би Хятадын гуанзаар орж хоолны үлдэгдэл идэж гэдэс цатгалан байдаг байв. Сонирхуулахад гуанз гэвэл цөм Хятадын гуанзууд байсан бөгөөд ганц ч Монгол хоолны газар байгаагүй юм.

Гуанз нь одоогийн Түц маягтай модон лангуунууд байсан юм. Хятадын гуанзанд байх хоолны цэс гэвэл Хуйван, цуйван, хуйцай, байцаа, луйван, суйман, тоймий/Бууз/ зэрэг багтдаг байв.

Миний явсан газрууд:

Баруун тал нь Төмөрчингийн гүүр өнгөрөөд Буриадын хороо, Дарьгангын хороо хүртэл явган явж үзсэн юм. Хойд тал нь Гэсэр сүм, Хятадын нэгээс долоодугаар гудамж, Хятадын нэгээс есдүгээр гудамж , Зүүн хүрээ, Ёнзон хамбын хашаа, Зүүн Сэлбэ хүртэл явсан билээ. Сонирхуулахад Сэлбэ голын ус Улаанбаатар хотын бүх хэсгээр урсдаг байсан.

1950-1960-иад он хүртэл Төв номын сангийн араар ус урсдаг байсан юм. Зах зээлийн гудамжаар яваа хүмүүс зуны халуунд хөл нүцгэн ус туулж явдаг байлаа. Харин урд тал нь Дунд гол, Дүнжингаравын хүрд хүрсэн юм. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам 10-20 мянгаас хэтрэхгүй байсан болов уу. Зах зээлийн газруудыг эс тооцвол хүн цөөхөн.

Ялангуяа над шиг бага насны хүүхдүүд ер үзэгдэхгүй. Хүүхдийг хашаанаасаа гаргадаггүй байсан бололтой. Харин Зүүн хүрээний сүм дуганы ойролцоо лам хүүхдүүд хааяа, хааяа тааралддаг байсан.

Улаанбаатарт харсан хамгийн сонирхолтой зүйл гэвэл Ёнзон хамбын том хашааны завсраар харахад янз бүрийн олон гоё шувуунууд хонь, хурга мэт бэлчиж байсан юм.

1950-1960-иад он хүртэл Төв номын сангийн араар ус урсдаг байсан юм. 

Сонирхуулахад 1935 онд наймдугаар Богдын багш хэмээгдэж байсан Ёнзон хамба Лувсанхаймчигийн өргөөнд эмэг эхийн даалгавраар арц, утлага залж очих үед, тэрээр түвд хүн байсан бөгөөд хашаандаа олон тэжээвэр шувуутай, гэрт нь байх тоть шувуу нь" Сайн байна уу” хэмээн шулганан байх нь их сонин санагдаж байлаа.

Мөн Хятадын нэгээс долоодугаар гудамжны хашааны үүдний сандал дээр их гоё ганган хүүхнүүд янжуур тамхи зууж, бохь зажлан, самар цөмөх зэргээр ямбалан суухыг хараад бяцхан би дотроо хэзээ эд нар шиг ингэж суух болоо хэмээн боддог байлаа.

Хятадын долоогоос нэгдүгээр гудамжинд Монгол хүмүүс огт үзэгдэхгүй хятад хүмүүс нааш цааш хөлхөж бас хааяа шувуун хөлтэй хүүхнүүд дэвүүр барин үүдэндээ суух нь харагддаг байлаа. Тэр хавьд золбин муур нохой элбэг учир дахин түүгээр явмааргүй санагдсан билээ.

  • Сонирхуулахад зах зээлийн газар төрөлжсөн байсан юм.
     
  • Сайваны зах-Оёдолчингууд байх бөгөөд бэлэн хувцас зардаг зах байсан.
     
  • Инжааны зах-Дарханууд байх бөгөөд алт мөнгө хийдэг газар байв.
     
  • Мужааны зах- Модон эдлэлийн зах юм.
     
  • Төмөрчин зах-Төмөр эдлэл хийдэг газар байв. Хусуур, галын хайч, илүүр/ индүү/, эмээл, хазаар, төмөр тах зэргийг хаддаг байв.

Миний мэдэх албан газрууд:

Хамгийн анх хөдөөнөөс ирээд Эвлэлийн Төв Хороон дээр очсон юм. Буцахын үеэр Багшийн Сургуульд очиж үзсэн. Би бээр 1930 оны зуны нэг халуун өдөр Ховдод байх гэрээсээ оргож Аюушийн Дэндэв хэмээх том хүүхдийг дагаад хөл нүцгэн хэдэн зуун километр газар эрдэм сурахаар Улаанбаатарыг зорьсон юм. Гэтэл нөгөөх Дэндэв Орос руу Рафак хэмээх сургуульд сурахаар явж, би 10-хан настай юм чинь дэндүү бага хэмээн тэнцэхгүй гудамжаар тэнүүчлэх болсон юм.

Тэгж тэнүүчилж явахад 15 настай багш болсон Зулаагийн Цагаанхичиг хэмээх хүн Ховдоос Улаанбаатарт семинарт суухаар ирээд гудамжнаас намайг олж аав ээж, орон нутагт минь хүргэж өгсөн билээ. Жич: Тэр үеийн Эвлэлийн Төв Хорооны байр 1950-иад он хүртэл хэвээрээ байсан ба түүний суурин дээр Улаанбаатар зочид буудал баригдсан юм.

Сүүлд 1935-1936 онд Улаанбаатарт эргэн ирэхэд бүх юм үндсээрээ шинэчлэгдэн өөрчлөгдөж, танигдахааргүй болсон байсан.

Дуурь бүжгийн театрын суурин дээр хэвлэх үйлдвэр байсан юм. 

Хувь хүн би ч 1930-иад онд хотод ирэхдээ тэнэмэл охин байсан бол мөн л өөрчлөгдөж Орос морз мэддэг, уйгаржин Монгол бичигт нилээдгүй сайн, цахилгаан мэдээний хороонд морзын бичээч болчихсон хожмын эрдэмтэн хөдөөгийн Пэрлээ, зохиолч Ойдов нартай нэг ээлжийн жижүүрт гарч гуулин аппарат тачигнуулан суудаг байлaa.

Сонирхуулахад одоогийн Дуурь Бүжгийн Театрын суурин дээр хэвлэх үйлдвэр байсан юм. Тэрнээс өмнө Багшийн Сургуулийн цагаан байшин байсныг сайн санаж байна.

Гэснээр эдүгээ 95 насыг зооглож байгаа буянтай буурлын энэ удаагийн яриа өндөрлөсөн юм. Тун удахгүй билгийн улирлын Цагаан сарын шинийн нэгнээс өмнө энэ буянтай бууралтай уншигч таныг уулзуулах болно.

Зураг
Зураг
13 | 18 | 17 цаг