Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ассассинуудын түүх

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Орчин үед “ассассин” гэдэг үг нь сүүдэрт нуугдсан нууцлаг, зөвхөн улс төрийн шалтгаанаар хүн алдаг этгээдийг хэлнэ.

Персийн ассассинчууд бүс нутгийнхаа улс төр, шашны тэргүүнүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан XIII зуунаас эхлээд XIX, XX зуун хүртэл энэ үг утгаа алдаагүй гэхэд болно.

Ингэхэд Ассассинууд гэж хэн байсан бэ? Тэд Перс, Сири, Туркын төдийгүй бүх Ойрхи Дорнодын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

 

Ассассинуудын гарал

 

Ассассины ном судрууд хэрмийг нь нураах үед үрэгдсэн тул тэдний өөрийнх нь зүгээс бичсэн түүх огт үлдээгүй. Ихэнх сурвалжууд тэдний дайснуудаас, эсвэл Европын хоёрдогч, гуравдагч этгээдүүдийн уран хэтрүүлэгтэй бичвэрүүд л үлджээ.

Гэхдээ нэг зүйл тодорхой, Ассассинууд бол Шиа Исламын Исмайли урсгалын нэг салбар байсан. Ассассины үндэслэгч нь Хасан-и Саббах гэгддэг Низари Исмайлийн номлогч байсан ба тэр 1090 онд дагагчдынхаа хамтаар Дайламын хааныг Аламут дахь хэрэмнээс нь цус гаргалгүйгээр хөөж эзэн суусан гэдэг.

Уулын оройд байрлах олон хэрэмнүүдэд түшиглэн Саббах болон түүний дагалдагчид тэмцлийн сүлжээ үүсгэсэн нь тухайн үед Персийг захирч байсан Селжук Туркууд болон Сунни Муслимуудад том дарамт болж байв.

 

Ассассин нэрийн учир

 

Ассассин нэр хаанаас гаралтай болохыг хэн ч баттай мэдэхгүй. Хамгийн их түгсэн ойлголт бол Араб хэлний “хашиши” буюу “хашиш хэрэглэгч” гэсэн үгнээс гаралтай тухай. Марко Пологийн тэмдэглэл болон өөр бусад бичгүүдэд Саббахын дагалдагчид улс төрийн аллага гүйцэтгэхдээ мансууруулах бодис хэрэглэдэг байсан тухай дурддаг. Гэвч энэ тайлбар нэрнийх нь араас сүүлд гарсан тул ердийн нэг төсөөлөл, таамаглал байх өндөр магадлалтай. Ямар ч байсан Хасан-и Саббах нь Кораны мансуурах донгийн эсрэг номлолыг хатуу дагагч байсан гэдэг. Үүнээс илүү үнэмшилтэй тайлбар бол Араб хэлний “хашашин” буюу “аюултай хүмүүс” гэсэн үгнээс гаралтай тухай үндэслэл юм.

 

Ассассины тактик

 

Низари номлолынх нь эсрэг үзэлтэй улс төрчид, хуврагууд, албаны хүмүүсийг алахдаа Ассассинууд тэдний хэл соёлыг эхлээд маш сайн судалдаг байж. Дараа нь дайсныхаа ордон болон дотоод хүрээлэлд нэвтрэн хэдэн жилээр зөвлөх, туслах зэргээр ажилладаг байв. Харин боломжтой цаг ирэхэд Ассассинууд чинжаал хутгаар эзэн рүүгээ гэнэтийн халдлага хийдэг байжээ. Ингэснийхээ хариуд амсах зовлон, үхлийн төлөөсөнд Ассассинууд диваажинд төрүүлэх амлалтыг номлогчоосоо авдаг байсан гэнэ.

Ийм гэнэтийн халдлагаас болгоомжилсон Ойрхи Дорнодын тэргүүнүүд хувцсан дотуураа хуяг өмсөх зэргээр хамгаалалтын арга хэмжээ авдаг байжээ.

 

Ассассины хохирогчид

 

Ихэнхдээ Ассассинуудын хохирогчид нь Селжук Туркууд болон тэдний холбоотнууд байдаг байв. Тэдний анхны, хамгийн алдартай хохирогч нь Селжукуудын ордонд дээд алба хашиж байсан Перс язгууртан Низам аль-Мулк байв. Түүнийг 1092 оны аравдугаар сард Суфи тарничийн дүрд хувилсан Ассассин алсан гэдэг.

Сунни халиф Мустаршид 1131 онд хаан ширээний төлөө тэмцлийн үеэрээ Ассассинд алагджээ.

1213 онд Мекка ариун хотын шариф үеэлээ Ассассинд алуулжээ. Ойр дотно байсан үеэлийг нь алсанд тэр ихэд уурлаж байв. Өөрийг нь алах санаатайг мэдсэн шариф хотод нь ирсэн Перс, Сири мөргөлчдийг барьцаалж өөрийгөө хамгаалж байсан байна. Сүүлд Аламутын нэгэн баян хатагтай мөнгө төлж тэднийг суллуулж байжээ.

 

Ассассинууд ба Селжукууд

 

Яагаад Ассассинууд Селжукуудын эсрэг довтолж байв? Халифат улсыг хэдэн зууны турш захирсан Сунни Арабуудад Шийт шүтлэгийнхээ улмаас Персүүд үргэлж хавчигдан гадуурхагдаж байлаа.

Гэвч 10-11 дүгээр зууны үед тэдний хүч суларч, Газар дундын тэнгисийн зүүн эргээс Загалмайтнууд шахаж эхэлсэн нь Персүүдэд боломж болон харагдаж байлаа.

Гэвч шинэ аюул дорноос бий болж Сунни шашинд орсон Туркууд гарч иржээ. Шашин шүтлэгтээ үнэнч, дайтах хүч ихтэй Сунни Селжукууд Персийг оролцуулан ихээхэн газар нутгийг хянах болов. Тэдэнтэй нээлттэй тулаанд ороод Низари Шиа нар дийлэхгүй байлаа. Тиймээс Перс, Сири дэхь уулын хэрэмнүүдээс тэд Селжукуудын тэргүүнүүдийг намнан, Селжукын хамсаатнуудад айдас төрүүлж байлаа.

 

Монголчуудын довтолгоо

 

1219 онд одоогийн Узбекистанд оршиж байсан Хорезмын хаан том алдаа хийжээ. Тэр Монголын хэсэг худалдаачдыг цаазлав. Үүнд хилэгнэсэн Чингис хаан цэргээ аван Хорезмыг шийтгэхээр хөдөлжээ. Харин энэ үед Ассассины тэргүүн Монголчуудыг дэмжихээ илэрхийлсэн гэдэг.

1237 он гэхэд Монголчууд бүх Төв Азийг эзлэв. Перс орон бүхэлдээ тэдний мэдэлд орсон ч Ассассинуудын 100 орчим уулын хэрэмнүүд хяналтаас гадуур байлаа.

Монголчууд Хорезмыг эзэлсэн 1219 оноос 1250 оны хооронд Ассассинууд харьцангуй чөлөөтэй байжээ. Монголчууд өөр зүйлд анхаарал тавин хяналтыг сул орхисон байлаа. Гэвч Чингис хааны ач хүү Мөнх хаан Халифатын нийслэл Багдадыг эзлэн Исламын газар шороог бүхэлд нь мэдэлдээ авчээ.

Энэ бүс нутаг дахь шинэ аюулыг дарахаар Ассассины тэргүүн Мөнх хааныг хөнөөх баг илгээв.

Мөнх хааны хамгаалагчид тэднийг илрүүлж устгаснаар бүх хэрэг эхэлжээ. Мөнх хаан тэднийг нэг мөсөн дуусгахаар шийдсэн байна.

 

Ассассинуудын мөхөл

 

Мөнх хааны дүү Хүлэг Ассассинуудын гол хэрэм Аламутыг бүслэн довтлохоор төлөвлөжээ. Энэ үед Мөнх хааныг алах тушаал өгсөн Ассассины тэргүүн согтуурч байгаад дагалдагч нарынхаа гарт амиа алдаж түүний сул дорой хүү эрх мэдлийг аваад байв.

Монголчууд бүх хүчээ Аламут дээр төвлөрүүлж Ассассины тэргүүнийг бууж өгвөл өршөөхөө амлажээ. Ингээд 1256 оны 11 дүгээр сарын 19-нд тэр бууж өгөв. Хүлэг түүнийг бусад уулын хэрмүүдэд аваачин үзүүлж нэг нэгээр нь буулган авч байлаа. Монголчууд Аламут болон бусад газрууд дахь хэрэм бэхлэлтүүдийг нь эвдэн сүйтгэв. Ингэснээр Ассассинууд орогнох газаргүй болж дахин цугларч чадсангүй.

Дараа жил нь Ассассины хуучин тэргүүн Монголын нийслэл Хархорумд хүрч Мөнх хаанд биеэр бараалхан хүчин зүтгэх хүсэлт гаргажээ. Хүнд бэрх аялалын дараа Хархоринд очсон ч түүнийг хаан хүлээж авсангүй. Харин дагалдагчдынх нь хамт ууланд аваачин цаазалжээ.

Ийнхүү Ассассинуудын түүх нэг мөр өндөрлөсөн байна.

 

 

Эх сурвалж: asianhistory.about.com