Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Ozone-friendly” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүн эрчим хүч бага зарцуулдаг

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаа Др.Ч.Базар монологи ярилцагаа нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалах бамбай хэмээгддэг озоны давхаргын хамгааллын талаар хийжээ.

-Озоны үе давхарга гэж юу вэ?

-Дэлхий дээрх хүн болон амьд махбодийг нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй давхарга юм. Агаар мандлын дээд давхарга дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг.

Агаар мандлын 20-25 км-ийн өндөрт хамгийн их нягтралтай озоны давхарга орших бөгөөд давхаргыг цуглуулж нягтруулаад дэлхийг жигд хучвал ердөө гуравхан мм нимгэхэн давхарга үүснэ гэж эрдэмтэд тооцоолсон.

-Тэгэхээр озон хүн ба амьд организмыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байх нь. Түүнийг хамгаалах нь хүмүүс өөрсдийгөө хамгаалж буй хэрэг байх нь?

-Озоныг хүмүүсийн эрүүл мэнд болон амьд махбодийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай гэж үздэг. Хэрэв озоны давхарга цоорох юм бол нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусна.

Энэхүү тусгал нь хүний дархлалын системийг доройтуулж, нүдэнд цагаа унгах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсгэх зэргээр сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг эрдэмтэн судлаачид сануулдаг.

-Хөгжил, технологийн дэвшил нь эргээд озоны давхаргад сөрөг нөлөө үзүүлэх тал бий юу?

-Хүн төрөлхтний хөгжил, технологийн дэвшлийн үр дагавар озоны давхаргад сөргөөр нөлөөлж эхэлсэн гэдгийг дэлхийн эрдэмтэд 1970 оноос эхлэн сануулж эхэлжээ. 1980-аад онд хлортфторт нүүрстөрөгч, /манайхан худалдааны нэр болох фреон гэдгээр нь андахгүй/, галогений төрлийн химийн бодисууд озоны давхаргыг задлах нөлөөлөл үзүүлдгийг тогтоосон байдаг юм байна.

Зөвхөн сүүлийн хориод жилийн дотор дэлхийн давхраат мандал дахь озоны хэмжээ дунджаар дөрөв орчим хувиар багассан байна. Гэтэл энэхүү алдагдлыг нөхөхөд даруй 100 гаруй жилийн хугацаа шаардагдана гэж эрдэмтэд үзэж байна.

-Юунаас болж озоны давхарга задардаг вэ?

-Озоны давхаргыг гол устгагч нь хлорфторт нүүрстөрөгч (CFC), хлорфторт нүүрс ус төрөгч (HCFC) зэрэг химийн бодисууд юм байна. Эдгээрийг озон задалдаг бодис (ОЗБ) гэж нэрлэдэг.

-Озон задалдаг бодис (ОЗБ) буюу фреон нь бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хөргөгчинд байдаг биз дээ?

-Ахуйн хэрэглээнд хөргөгч болон хөргөх төхөөрөмжид фреон байдаг. Түүнчлэн автомашины агааржуулагч хий, үйлдвэрлэлийн нарийн цэвэрлэх үйл ажиллагаа, гал унтраах систем, тусгаарлах болон тээвэрлэх тоног төхөөрөмж зэрэгт хэрэглэдэг.

-Нэгэнт хүний эрүүл мэндэд хортой, байгаль орчинд сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон хойно энэхүү бодис агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, хэрэглээнээс татгалзаж болдоггүй юм уу?

-Хэрвээ хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, хөөсөнцөрийн үйлдвэрлэлийн шугам, хөргүүр зоорь, хөргөлттэй автомашин импортлох болон худалдан авахаар зэхэж байгаа бол “Ozone-friendly”, “non-CFC”, “non-HCFC” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад л болно. Ийм шошготой бүтээгдэхүүнүүд нь эх дэлхийд ээлтэй, эрчим хүч бага зарцуулдаг, озонд халгүй эд зүйлс юм.

Мөн R134a, R404A, R-290, R-600a, R-152a, R-32, R-1234yf,R-1234ze зэрэг орлуулах бодистой бүтээгдэхүүнийг сонгохыг мэргэжлийнхэн зөвлөдөг. Нэмж хэлэхэд, R600a хөргөгчийг хэрэглэвэл эрүүл мэндэд тустайн дээр эдийн засагт ч хэмнэлттэй гэдэг. Учир нь ийм бодистой хөргөгч нь дуу чимээ багатайн дээр цахилгаан маш бага зарцуулдаг.

-Озон задалдаг бодистой бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг хэн өгдөг юм бэ?

-Монгол Улсын Агаарын тухай хуулийн 25.2-т “Тухайн жилд импортлох озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, тэдгээр бодис, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоно” хэмээн заасны дагуу БОНХЯ-ны Озоны үндэсний албанаас тусгай зөвшөөрлийг олгож байна."

Зураг
Зураг
13 | 12 | 14 цаг