Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүннүчүүд сэнжтэй аяга хэрэглэдэг байжээ

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 10
Зууны мэдээ

- Энэхүү нийтлэл нь www.polit.mn сайтын оюуны өмч тул хуулбарлахыг хатуу хориглоно.-

Гэнэт л амьдарч байгаа байшингийн тань доор, хаалганы чинь хажууд өдгөөгөөс 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан эцэг өвгөдийн маань булш бунхан гараад ирнэ гэдэг санаанд багтамгүй явдал. Гэвч ийм явдал яг жилийн өмнө Толгойтын Зүүн салааны Одонтын 23, 24 дүгээр гудамжны айлуудад тохиолдсон юм.

Өдөр бүр дээгүүр нь машинтай машингүй дайран өнгөрдөг үл мэдэгдэм цухуйсан чулуунууд Хүннүчүүдийн нэгнээ оршуулан өрж тавьсан булшны чулуу гэж яахин санах билээ.

ШУТИС-ийн профессор Ю.Болдбаатар цагаан сараар тэр хавьд хүн хүргэж өгөхөөр явж байхдаа гудамжнуудын голд орших булшнуудыг анх анзаарсан гэдэг. Ингээд түүний мэдээллийн дагуу хайгуул, судалгаа хийж 2200 жилийн өмнөх Хүннүгийн жирийн иргэдийн булш энэ орчимд олон тоогоор байгааг тогтоосон байдаг.

Улмаар ШУТИС-ийн археологийн судалгааны багийн залуус яаралтай хамгаалах шаардлага тулгарсан эртний нэн ховор олдворуудыг авран хамгаалах ажлыг эхлүүлж байсан билээ.

Тэд хоёр жил дараалан авран хамгаалах ажлыг хийж энэ сарын эхээр машин байнга явдаг хэсгийн 21 дурсгалыг малтаж дуусчээ. Тус хоёр гудамжинд нийтдээ 29 булш байгааг илрүүлсэн байна. Харин одоо айлын хашаанд, байшин дор нь байгаа 9 булшийг малтаж, олдворуудыг авран хамгаалах ажил үлджээ.

Гэвч энэ олдворуудыг гаргахад айлуудын байшинг буулгах, нөхөн олговор олгохоос эхлээд ССАЖЯ-ны дангаар шийдэж чадахгүй асуудал олон байгаа тул энэ жилдээ амжихааргүй болсон гэдгийг ШУТИС-ийн багш, археологич Д.Хатанбаатар хэлж байлаа. Ямартаа ч устаж үгүй болоход ойрхон байсан 21 дурсгалыг авран хамгаалж чадсан нь багийн залуусын томоохон амжилт юм.

Насанд хүрэгсдийн булшны хөл хэсэгт хүүхдийн булшийг дагалдуулдаг байжээ.

Авран хамгаалж дууссан 21 дурсгалын 15-нь булш болохыг баттай тогтоосон гэнэ. Энэ жил малтсан 11 дурсгалын тав нь булш байсан бөгөөд бүгд тодорхой хэмжээгээр тухайн цаг үедээ тоногдсон, сүйтгэгдсэн байдалтай байжээ. Харин бүрэн сүйтгэгдэж, ул мөр үлдээгүй 2 дурсгалд Геофизикийн судалгаа хийлгэж шинжлүүлэхэд үүний 1 нь хүүхдийн булш байсныг тогтоосон байна. Бусдаас нь ямар нэг ул мөр илрүүлж чадсангүй гэж Д.Хатанбаатар багш ярьж байлаа.

Хүннүчүүд нас барагсдаа оршуулахдаа 2-3 метрийн гүнд нүх ухаж бүдүүн модоор авс хийн, давхар модон хашлага хийдэг байжээ. Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын дурсгал харьцангуй цөөн байдаг. Харин Зүүнсалаанд олдсон энэхүү жирийн иргэдийн оршуулга нь Улаанбаатарт, тэр тусмаа ийм олноороо гарч ирсэн нь анхны тохиолдол юм.

Булшны дээд талд байрлуулсан чулуунууд нь цагираг хэлбэртэй байсан бөгөөд Хүннүчүүд насанд хүрэгсдийн булшны хөл хэсэгт буюу зүүн урд талд хүүхдийн оршуулгыг дагалдуулж хийдэг нь ажиглагджээ. Бие барагсдыг модон авсанд хийгээд зүүн хойд зүгт харуулан оршуулаад толгойн талд нь заавал хөмөг байрлуулж малын толгой, шийр бусад идээ шүүсийг байршуулдаг байж.

Хүннүчүүд сэнжтэй аяга хэрэглэдэг байжээ

Зүүнсалаагаас олдсон эдгээр эртний маш үнэ цэнэтэй дурсгалуудаас одоогоос 2200 жилийн тэртээх эцэг өвгөдийн зан үйл, амьдралын хэв маягийн талаар маш сонирхолтой мэдээллүүдийг авч чадсан байна.

Тухайлбал, эртний булшнуудаас маш ховор олдвор болох хүрэл аяга гарсан байна. Энэ нь орчин цагт бидний хэрэглэдэг цайны сэнжтэй аягатай яг адилхан хэмжээтэй бөгөөд хүрлийг гагнаж, сэнж хийсэн нь тун сонирхол татаж байгаа юм. Аяганы дотор талд үр тариа байснаас гадна шувууны сарвууг зоосон байдалтай байжээ. Энэ нь ямар нэг зан үйлийн илэрхийлэл болов уу гэж таамаглаж байгаа гэнэ. Нөгөө талаас шувууны сарвууны ясан дотор бэх хийж үзэг болгон ашигладаг байсан байх магадлалтай гэсэн таамгийг ШУТИС-ийн археологийн багийнхан дэвшүүлжээ.

Ингэхдээ шувууны сарвууны нарийн, бүдүүн хэсгүүдийг ашиглаж тод, нарийн гэх мэт зураас гаргадаг байж магадгүй аж. Гэхдээ энэ нь зөвхөн таамаг төдий бөгөөд эдгээр олдворыг Соёлын өвийг нөхөн сэргээх лаборатори руу явуулах гэж байна. Үнэхээр Хүннүчүүдийн бичиг соёлын маш ховор дурсгал мөн эсэх нь хойшид тодорхой болох ажээ.  

Сэнжтэй хүрэл аяга
Оюу хүзүүний зүүлт
Малгайны ясан чимэглэл
Нумын бариулын гичир
Бүсний ясан арал


Тухайн үеийн соёл болон нас барагсдын амьдралыг тодорхойлох хүрэл толь, зүүлт, соёо, вааран эдлэл, урд зүгээс гаралтай модон аяга, уутанд хийсэн тариа зэрэг гарсан байдаг. Харин энэ онд малтан судалсан дурсгалуудаас Хүннү хийцийн нумны наалт, ясан бүсний арал, чимэглэлүүд, хүрэл аяга, төмөр болон ясан зэв зэрэг шинжлэх ухааны хувьд сонирхол татахуйц эд өлгийн зүйлсээс гадна хэмжилт, судалгаа хийх бололцоотой хүн болон малын яс арвин олныг илрүүлж чаджээ.

Зүүнсалаа орчимд илрүүлсэн 29 булшнаас гадна дахиад өөр дурсгалууд байгааг археологийн багийнхан тогтоосон байна. Тухайлбал, олдвор олдсон хоёр гудамжнаас дээшээ 7-8 гудамжны хойно айлын хашаанд орох шахсан том хиргисүүр байгаа юм байна. Тэнд тийм дурсгал хэдэн арваараа байх магадлалтай ба ирэх жилээс авран хамгаалах ажлыг эхлүүлэх талаар төлөвлөж байгаа гэнэ.

Эдгээр дурсгал нь Хүннүгийн үеэс даруй 1000 жилийн өмнө, одоогоос 3000 гаруй жилийн өмнөхөд холбогдох дурсгал юм байна. Одоогоор эвдрээгүй байгаа ч эвдрэх магадлалтай тул оршин суугчдад эвдэж сүйтгэж болохгүй болохыг анхааруулж хэлжээ.

Зураг