Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Air pollution challenge”-д хотын бүх иргэдийг нэр дэвшүүлж байна

ikon.mn
2014 оны 9 сарын 8
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

 

Дэлхий нийтээрээ зуны төгсгөлийг толгой дээрээ хувинтай мөс асгасаар барах шиг боллоо.

 

Бид ч дутсангүй. Харин энэ зуур зорилго нь сайхан, үйл нь зугаатай энэ наадгайн бидэнд хамгаас их хамаатай нэгэн хувилбар тун удахгүй болох гэж байгаа нь, “Air pollution challenge”. Айсуй өвөл нийслэлийн бүх иргэнийг нэр дэвшүүлэв. “Ice Bucket Challenge”-ийн дуудлагыг хүлээн авсан хүн 24 цагийн дотор гүйцэтгэж, түүнийгээ дүрсжүүлэх ёстой байдаг бол харамсалтай нь бид “Air pollution challenge”-ийг өвөл дуусаж, хавар дундартал гүйцэтгэх ёстой! 

Намрын сэрүүн хэдийнэ орсон учраас шөнө оройдоо айлуудын яндангаас утаа уугиад эхэлсэн байна. Одоохондоо асуудал үүсгэх юм алга. Гэвч анхны цас орсны дараа л нийслэл хот урьдын адил утаандаа дарагдана гэж бодохоор л бараг хоолой хорсох шахна. Сайн мэдээ гэвэл, хотын утааны хорт чанар 1.2 дахин буурсан гэнэ. Муу нь гэвэл, тэгсэн ч хүлцэх хэмжээнээс 2.8 дахин их хэвээр л байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун саяхан болсон уулзалтын үеэр ярилаа. Тэрбээр энэ үзүүлэлтийг “Чамлахаар чанга атга” гэж хүлээж авчээ. 

Засгийн газраас утаатай тэмцэх элдэв арга туршдаг нь энэ онд ч буухиалах янзтай. Жишээ нь, “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем” гээчийг нэвтрүүлэхээр зэхэж буй нь LED дэлгэцээр дамжуулан хотын хөдөлгөөн ихтэй арван цэгт агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх тухай. Өдөр бүр утаан дунд сүүмийн алхдаг нь багадаад одоо энэ зуураа “баримтат кино” үзэж зогсдог болох юм даг уу даа. Утаатай тэмцэх тэмцлийн бас нэг “хурц” хэлбэр нь сайжруулсан зуух түгээх.

Нийслэлийн гэр хороололд 190 мянган айл өрх утаа тарьж суудгаас С.Оюун сайдын хамгийн сүүлийн тооцоогоор 157 мянга нь сайжруулсан зуухтай болсон аж. Гэвч өнгөрсөн жил утаа хэрхэн “буурсныг” бид бэлхнээ санаж буй учраас зуух үр ашгаа өгөх эсэхэд эргэлзэх болоод байна. Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор сайжруулсан дөрвөн зуух тутмын нэг нь ямар нэг байдлаар ашиглагдаагүй байгаагаас утаа “буурахгүй” байгаа гэнэ. 

Шалтгааныг тодруулсан сайдын үгнээс эшлэвэл “Иргэд сайжруулсан зуухаа зарж байна, эвдэлж байна, ерөөсөө ашиглахгүй байгаа нь ч бас бий” бололтой. Энэ бүхний эцэст тэрбээр “Ер нь иргэдийн ухамсарт эргэлт гаргахгүйгээр Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах ажил хэзээ ч бүтэхгүй” гэсэн айхтар том дүгнэлтэд хүрчээ. Нийслэлд барилгын ид тэсрэлт явагдаж, шинэ орон сууцнууд хэдэн зуугаараа баригдаж, ашиглалтад орж байгаа ч энэ зуур гэр хорооллын айлуудын тоо огт буураагүйгээр үл барам харин ч өргөжин тэлсээр байгаа нь асуудлын гол нь байлтай.

Хот руу чиглэсэн энэ нүүдлийг нэг мөр болгохгүйгээр түлш, зуух, дээр нь тэгээд ухамсартай нь ноцолдоод хамаг хүч, мөнгө, цагаа дэмий гарздахаас цаашгүй биш үү. 

Гэр хорооллын газрыг орон сууцаар солих урагш муутайхан яваа ажил уг нь утааг бууруулах нэг даацтай арга мөн. Үүнээс гадна “Дэнжийн 1000” орчмын айлуудыг төвийн дулаанд холбох ажил эхэлсэн сураг байна. Энэ уг нь анхаарал хандуулах ёстой оновчтой шийдэл мөн. 

Хэсэгтээ л моод болсон “Ice Bucket Challenge” ингэсгээд замхрах янзандаа оржээ. Хэдэн жил бидний хувьд асуудал болоод байгаа “Air pollution challenge” хэдэн жил үргэлжлэхийг харин хэн ч мэдэхгүй байна. 

Ж.Тэгшжаргал 

Зураг