Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Орос дахь Буддын шашны түүх: 10 асуулт/хариулт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Орос орон дахь Буддын шашны түүх тун ээдрээтэй. Тэд нэг хэсэг эмчлэх анагаах чадлаараа Оросын хаад, язгууртнуудын сайшаалыг хүртэж явсан ч дараа нь коммунистуудын хэлмэгдүүлэлтэнд өртөж өв соёлоо устгуулсан түүхтэй.

     1.   Орост Буддын шашны аль урсгал дэлгэрсэн бэ?

Төвдийн Буддизм дангаар дэлгэрсэн гэдэг. Үндсэн гурван бүсэд хуваагддаг: Буриад, Халимаг, Тува. Анх XVII зуунд Монголын Ойрад аймгууд буюу Халимагууд Ижил мөрний доод биеэр суурьшихад, дараа нь XVII зууны дундуур Байгаль нуур хавийн нутгийг эзлэхэд тэнд оршиж байсан Монголын Буриадуудаар дамжин Буддизм нэвтэрсэн гэж үздэг.

1616 оны үед Ойрадууд Ижил мөрнийг зорьж явахдаа одоогийн Казахстаны Семипалатинск орчим “Дархан Доржийн хийд” нэртэй анхны хийдийг байгуулжээ.

     2.   Хэзээ Буддизмийг хүлээн зөвшөөрсөн бэ?

Хоёр зуун тавин жилийн өмнө Хатан Хаан Хоёрдугаар Екатерина Буддистуудыг өөрийн тэргүүн Бандид Хамба Ламыг тодруулахыг зөвшөөрчээ. Түүнээс өмнө Оросын бүх Буддистууд Монгол эсвэл Төвдийн шашны тэргүүнүүдийг дагадаг байв. Үүний хариуд талархсан Буддын шашинтнууд Екатеринаг Цагаан Дарь эхийн бүрэлбаагаар 1766 онд тодруулсан түүхтэй.

Зөвхөн Екатеринагийн үед ч бус Оросын бүх хаадын үед Буддистууд амар тайван амьдарч ирсэн юм. Одоогийн Оросын Буддистуудын тэргүүн Бандид Хамба Ламын 24 дэхь дүр юм.

     3.   Хоёрдугаар Николайн Буддист оточ хэн байв?

Хаант Орост хамгийн их нөлөөтэй байсан Буддын шашинтнаар II Николайг эмчилж байсан Буриад гаралтай Петр Бадмаевыг нэрлэдэг. Бадмаев нь өөрөө Буддист байгаагүй ч Буддист гэр бүлээс гаралтай байсан ба төрсөн ах Александр Бадмаевынх нь Төвд анагаах ухааны ур чадвар II Александр хааныг бишрүүлж Санкт Петрбургт уригдаж байжээ. Ахынхаа мөрөөр Санкт Петрбургт очсон Петр Бадмаевыг III Александр өөрөө загалмайлж Үнэн Алдартны шашинд оруулсан ба Дорно Дахиныг судлаач, оточ болж боловсорчээ.

Тэр Гадаад Хэргийн Яамны Азийн хэлтэст олон жил ажилласан. Түүний дараа 1875 оноос амьдралынхаа төгсгөл хүртэл оточоор ажиллажээ. Дээдсийн гэр бүлийн гишүүд түүгээр эмчлүүлдэг байсан юм.

    4.   Буддистууд Оросын газар нутгийг бүрдүүлэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Петр Бадмаев дипломат албанд ажиллаж байхдаа Оросын хааныг Төвд, Монгол, Хятадыг Орост нэгтгэхийг ятгаж байлаа. Николай II түүний санааг мөрөөдөл гэж үзэж байсан ч тэд зарим хэсгийг нь хэрэгжүүлсэн юм.

Манж Чин Улсын төр 1911 онд унасны дараа Оросууд Буриад, Халимагийн дараах гурав дахь Буддист бүс нутаг болох Туваг өөртөө нэгтгэсэн. Энэ явц хүчирхийллийн замаар бус орон нутгийн санваартнуудын дэмжлэгтэй болсон гэдэг. Сонирхолтой нь өнөөдөр Чин Улсын залгамжлагч гэж өөрийгөө үздэг Тайвань улс Туваг өөрийн хэсэг гэж үзсээр байгаа гэнэ.

    5.   XIII Далай Лам Оросын хаана нуугдахыг зорьж байв?

Нэгэн хувилбар таамаглалаар XIII Далай лам Санкт Петрбург хотод баригдсан сүмийг (1915 онд дууссан) аравнайлсан ба хэрвээ Төвдийг Британичууд эзэлвэл тэнд дүрвэж суурьшихаар төлөвлөж байсан гэдэг.

Гэвч Орост хувьсгал гарч, залгуулаад иргэний дайн дэгджээ. Коммунистууд эхэндээ Далай ламтай харилцаатай байсан нь хувьсгалыг дорно зүгт тэлэхэд туслуулах санаатай байжээ. Гэвч энэ санаархал нь удалгүй бүтэлгүйтсэн юм.

     6.   Санкт Петрбургийн сүм XX дугаар зууны турш хэрхэн ашиглагдаж байв?

Энэ сүм нь одоо Буддистуудын мэдэлд очсон ч өнгөрсөн зууны турш олон янзын хэлбэрээр ашиглагдаж байв. Хүйтэн дайны үед энд Барууны радио нэвтрүүлгүүдийг хаах төхөөрөмж суурилагдсан байжээ. 1962 онд сүмийг Оросын ШУА-ын Зоологийн хүрээлэнд шилжүүлж лаборатори, музейн зорилгоор ашиглуулж байв. Харин 1970 оноос л сүм төрийн хамгаалалтанд орсон байна. 1987 оны есдүгээр сард XIII Далай лам биш, түүнийг хойд дүр XIV Далай лам уг сүмд зочилсон түүхтэй. Гэрчүүдийн дурссанаар яг тэр өдөр Далай Ламын буусан Ленинград зочид буудлын дээр гэнэт солонго татсан гэдэг.

     7.   Буддист засгийн газар хэр удаан тэссэн бэ?

Хувьсгалын үед Буддистууд боломжийг ашиглан өөрийн засгийн газрыг байгуулжээ. 1919 оны хоёрдугаар сарын 25-нд Дорнод Сибирийн Чита хотод “пан Монголын” чуулган хуралдаж Гадаад, Дотоод Монгол, Буриад, Тува, Манжуурын зарим хэсгийг нэгтгэсэн Их Монголын Буддист засгийн газрыг байгуулах санаачлага гаргав. Гэвч коммунистууд илүү зохион байгуулалттай байсан тул Буддистуудын засаглал жил гаруй хугацаанд л оршин тогтножээ.

     8.   Буддистууд ямар татвар төлдөг байв?

1920-1930 онуудад коммунистууд Буддын бүх сүм хийдүүдийг устган, тэргүүнүүдийг нь цаазалж, цөлөх арга хэмжээ авсан гэдэг.

Шашинтай тэмцэх өөр нэг арга бол татвар байлаа. Жишээ нь Халимагт сүсэгтнүүд хөдөө аж ахуйн, нийгмийн анги давхаргын, орлогын, хөрөнгийн татварууд, хүүхэдгүйн татвар, цэргийн албаны татвар зэрэг маш олон татвар төлдөг байв.

     9.   Буддизмын соёлын өвийг Большевикууд хэрхэн устгасан бэ?

Зөвхөн Агийн дацанд 100,000 гаруй барлаж хэвлэсэн судар номнууд байсныг бүгдийг хайр найргүй устгасан. Эдгээр судрууд дотор олон тооны шашны бус бүтээлүүд болох толь бичиг, хэл зүйн дүрэм, яруу найраг, түүхийн бичлэг, анагаах ухаан, одон орон, гүн ухааны бүтээлүүд байсан юм. Эх гар бичмэлүүд, зарим нь бүр Төвдөд ч байхгүй үнэ цэнэтэй бүтээлүүд, танка дүрслэх урлагийн бүтээлүүд байсан гэдэг.

    10.   Оросын Буддизмын хавчлага хэзээ төгсгөл болсон бэ?

1960-аад он буюу Хрушевын дулаарлын үеэс Москва, Ленинград зэрэг Зөвлөлтийн томоохон хотуудад Буддистууд үзэгдэж эхэлжээ. Тэдгээр нь ихэнхдээ сүсэг бишрэлээсээ болж ажилгүй болох, бүр эрх чөлөөгөө ч алдах эрсдэлтэй тул нууцалж явсан сэхээтнүүд байв. 1980-аад оны сүүлээс л КГБ Буддистуудыг мөрдөж мөшгөхөө зогсоосон гэдэг.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines