Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпиний айлчлалаас ХЭН, ЮУГ ОНЦЛОВ

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ mpa.mn

Хятадын даргын айлчлалын талаар мэдээлэл хөвөрсөөр байна.

Харин энэ айлчлалаас яг юу нь хамгийн чухал шийдвэр болов гэдэгт ажиглагчдын байр суурийг товч байдлаар хүргэж байна. 


АСУУЛТ: БНХАУ-ын Дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үр дүнгээс ямар шийдвэрийг онцлох вэ? 


Нийтлэлч Б.Баабар: Монголд үйлдвэрлэсэн болгоныг худалдаж авна гэсэн хятадын баталгаа байхад хөрөнгө оруулалт орж ирэх сонирхол асар ихээр нэмэгдэнэ

  • Нэгт,  Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, төр нийгмийн байгууламжийг БНХАУ үеийн үед хүндэтгэн үзнэ гэж Си Зиньпин дарга мэдэгдлээ. Хятад улс Монголын тусгаар тогтнолыг 1946 онд, газар нутгийн халдашгүй байдлыг 1962 онд хүлээн зөвшөөрч үргэлж хүндэтгэхээ илэрхийлсэн. Харин энэ удаа Монголын ард түмний сонгосон төр нийгмийн ямар ч тогтолцоог үеийн үед хүндэтгэн үзэх болно гэсэн нь шинэ зүйл байлаа.
     
  • Хоёрт,  Монголд үйлдвэрлэсэн ямар ч бараа бүтээгдэхүүнийг Хятад улс худалдан авахад бэлэн гэж Си Зиньпин дарга мэдэгдсэн нь Монголын цаашдын ирээдүйд асар том бололцоо олгож байна. 

    Гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх гол шалтгаан нь асар их багтаамжтай Хятадын зах зээлийг сонирхож буй цаад учир шалтгаантай. Нэгэнт Монголд үйлдвэрлэсэн болгоныг худалдаж авна гэсэн хятадын баталгаа байхад хөрөнгө оруулалт орж ирэх сонирхол асар ихээр нэмэгдэнэ. Харин энэ бололцоог Монголын тал ашиглаж чадах эсэх нь тусдаа асуудал юм.

Ө.Ганзориг: Хятадтай олон аргаар Монголчууд хамтарч ажиллаж болох юм байна гэдэг том дохиог өглөө

  • Нэгт, Эдийн засгийн хувьд урт хугацаанд үр ашгаа өгөх төсөл нь нүүрснээс хий гаргах төсөл гэх мэт бий. Харин богино хугацаанд манай эдийн засаг дахь эерэг өөрчлөлт нь олон улсын хандлагыг өөрчилсөн дохио өглөө. Өмнө нь Рио Тинто гэж нэг л компанитай  "Оюу Толгой" гэсэн ганцхан төсөлтэй орон шиг байсан. Рио Тинто  Монгол Улсын Засгийн газартай хэл амаа олж чадахгүй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь нэг талаар үнэн. Харин энэ удаагийн айлчлалаар Хятадтай олон аргаар Монголчууд хамтарч ажиллаж болох юм байна гэдэг том дохиог өглөө. 

    Хятад Монгол улсыг том түншээ гэж үздэг юм байна гэсэн мессежийг өгсөн нь маш чухал үйл явдал юм. 

    Түүнчлэн Транзит тээврийн асуудлыг шийдсэн зэрэг олон ач холбогдолтой шийдвэрт хүрлээ. Хятадаар дамжуулж транзит тээврээр Монголын бүтээгдэхүүн гуравдагч улсад хүрэхэд өртөг өндөр байх ч энд нарийн тооцоо судалгаа хийж чадвал бидэнд боломж их байна. 

    Мөн ОХУ-ын Төрийн тэргүүний айлчлалаас ч иймэрхүү үр дүн хүлээж байна.  
     
  • Хоёрт, Энэ удаагийн айлчлалаас мөн бас нэгэн чухал шийдвэр нь Хятадын төв банктай Монголбанк СВОП хэлцлийн хэмжээг таван тэрбум юаниар нэмлээ. СВОП хэлцлийн тухайд юань нь Монгол улсын зах зээлд доллартай адилтгах валют. Гадаад худалдааны 60-70 орчим хувь нь юань дээр суурилж хийгддэг. Тиймээс үүнийг доллар олоод ирсэн мэт баяртайгаар хүлээж авч байгаа. Таван тэрбум юань гэдэг бол бараг тэрбум ам.доллар орчим юм. Тэгэхээр энэ нь Төв банкны нөөцийг зузаатгаж өгч байна гэсэн үг. Үүнийг дагаад эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл буурч байна. 

УНШИГЧ та бүхэн БНХАУ-ын Даргын айлчлалын талаар нэгдсэн мэдээллийг ЭНД дарж үзээрэй.