Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпиний айлчлал Хятадын хөршүүдэд дохио боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN

БНХАУ-ын Дарга Си Зиньпиний айлчлалын талаар олон улсын мэдээллийн агентлагууд янз бүрээр мэдээлж байгаа юм. 

Энэ удаад уншигч та бүхэнд гадаад харилцаа, геополитикийн асуудал хөндөн бичдэг The Diplomat сайтад Си Зиньпиний Монголд хийсэн Төрийн айлчлалын талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 


"Бэсрэг наадам" - "Чингисийн хүрээ" амралтын газар, Гэрэл зургийг Б.Бямба-Очир, 2014 он

Хятадын тэргүүн Си Зиньпиний Монголд хийсэн айлчлалд томоохон гэрээ байгуулна гэсэн хүлээлттэй байлаа. Хоёр талд хоёуланд нь тодорхой хэрэгцээ байгаа. 

Монголд уул уурхайн салбарт нь хөрөнгө оруулалт, мөн бүтээгдэхүүнээ гаргахад нь Хятадын төмөр зам хэрэгтэй. Си дарга зөвхөн Монголыг зорьж очсон нь ч энэ айлчлал Бээжинд хэр чухал болохыг харуулж байна. 

Магадгүй энэ нь арван нэгдүгээр сард гүйцээхээр төлөвлөж буй зорилгынх нь чухал хэсэг байж болох.

Монголын хувьд Бээжингийн хэт хамаарлаас үргэлж болгоомжилж байдаг ч экспортынх нь 90 хувь (голдуу зэс, нүүрс) болон бусад зах зээлд гарахад Хятадын транзит тээврээс маш их хамааралтай.

Хоёр орны гадаад худалдааны хэмжээ 2002 онд 324 сая доллар байснаа 2013 онд зургаан тэрбумд хүрээд байгаа бол Си Зиньпин энэ тоог 2020 он гэхэд 10 тэрбумд хүргэх санал тавив.

Хэдийгээр South Gobi Resources мэтийн компаний томоохон хувийг авах гэсэн оролдлогыг хааж байсан ч Монголын эдийн засгийн өсөлт 2013 онд 11.7 хувь байснаа 2014 оны эхний хагасын байдлаар 5.3 хувь хүртэл буурсан нь магадгүй тэднийг Хятадуудад хөрөнгө оруулалт хийх боломж олгохоос өөр аргагүйд хүргэсэн байх.

Мөн Монголд дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэн хэрэгтэй байгаа. Үүнийгээ тэд Хятад, Оросын болон “гуравдагч хөршийн” эрх ашгийг тэнцүүлэх замаар гүйцэлдүүлэх бодлого барьж байна.

HIS Country Risk-ын шинжээч Нэйл Эшдауны үзэж байгаагаар Си Зиньпиний айлчлалын гол үр дүн транзит тээврийн асуудал байх ба ингэснээр Монголчууд дэд бүтцээ Хятадын зах зээлд цаашид нийцүүлэн хөгжүүлэхэд нь түлхэц болох аж.

Эдийн засгийн үр ашгаас гадна Си Зиньпиний айлчлал нь Хятадтай бизнес хийхдээ хэрхэн “хөрш орнууд тогтвортой харилцаа бий болгон Хятадын нөлөөг ашиглаж болохыг” харуулсан үйл явдал боллоо гэж Nikkei Asian Review онцолжээ.

Хэдийгээр өнгөрсөн намар бодлогоо албан ёсоор зарласан ч Дорнод болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан нь бүс нутагт Хятадын эсрэг үзлийг дэврүүлээд байгаа билээ.

Гэвч Си дарга ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах APEC-ын уулзалтаас өмнө энэ харилцааны асуудлуудаа засахыг оролдож байна.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ ч саяхнаас харилцаагаа сайжруулахын тулд Си Зиньпинтэй уулзах хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлээд байгаа. 

Хятад бас нөхцөл байдалд уян хатан хандаж саяхан болсон ASEAN-ий чуулга уулзалтаар гадаад хэргийн сайдаа Японы ижил түвшний сайдтай уулзуулсан бол Си Зиньпин өнгөрсөн сард Японы ерөнхий сайд асан Ясуко Фукудатай чимээгүйхэн уулзахдаа харилцаагаа сайжруулах сонирхлоо илэрхийлсэн гэцгээж байна.

Вьетнам, Филиппин зэрэг улсууд ч харилцаагаа сэргээхийн өмнө Хятадаас хамтын ажиллагааны ашигтай санал хүлээж байгаа нь тодорхой.

Үүнээс дүгнэхэд Хятадууд хөршүүдтэйгээ зөрчлөө шийдэхийн тулд ямар дипломат бодлого явуулахыг харах үлдлээ.