Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Физикийн ОУ-ын олимпиадаас хос мөнгө, хүрэл медаль хүртжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг @Lodoisambuu -аас авав

Казакстан улсын Астана хотод энэ сарын 13-аас 22-ны өдрүүдэд Олон улсын физикийн 45-р олимпиад болж манай улсын таван сурагч оролцон, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. 

Олимпиадад 85 орны 400 гаруй сурагчид оролцож онол, туршлага гэсэн хоёр ангиллаар 10 цагийн турш өрсөлдсөн юм.  

Манай орноос Шинэ Монгол ахлах сургуулийн багш МУГБ Р. Бавуудорж профессор Д. Улам-Оргих, М.Ганбат нарын ахлагчтай, таван сурагч оролцож 1-р сургуулийн сурагч Б.Бат-Амгалан, Орчлон сургуулийн сурагч Д. Будмондэ нар мөнгөн медаль,  Сант сургуулийн сурагч М.Төгсбаясгалан, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн сурагч Ж. Өнөртүвшин нар хүрэл медаль, Сант сургуулийн сурагч Б. Бат-Оргил шагналт байр эзэлсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Б.Ургамалцэцэг өнөөдөр эх орноо төлөөлөн олон улсын олимпиадад амжилттай оролцож, авъяас чадвараараа онцгойрч медаль хүртсэн ба шагналт байрт шалгарсан сурагчид, тэдний багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. 

Дашрамд дуулгахад эл олимпиадаас мөнгөн медаль хүртсэн Д.Будмондэ нь дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэг MIT-д шалгалт өгч тэнцэн 2018 оноос эхлэн суралцах урилга авсан ажээ.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр энэ жилээс эхлэн дэлхийн шилдэг 100 их сургуульд шалгалт өгч тэнцсэн сурагчдын сургалтын зардлыг төр хариуцдаг болсон билээ.

 

Зураг
14 | 18 | 19 цаг